Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04138

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04138

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Б тоотод оршин суух хаягтай, рд:, нэхэмжлэлтэй,

хариуцагч: Б хаягтай, рд:, -д холбогдох,

6 ш орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг даалгах, гэрээний хариуцлага нийт 193 232 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч г

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 

гэрчээр  нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 6 ш орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг даалгах, гэрээний хариуцлага нийт 193 232 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: Би  ХХК-тай 2022 оны 9 сард орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 6 байрыг авахаар гэрээ байгуулсан. Захиалагчдын групп дээрээс 2024 оны 03 сард 6 байрнаас 3 дээр нь давхардал гарсныг мэдсэн. Давхардаж захиалсан 3 хүнтэй биеэр очиж уулзсан. Хариуцагч байгууллага давхардал байхгүй гэдэг боловч хариугаа бичгээр өг гэхэд өгөөгүй учраас 2024 оны 4 сард харьяаллын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд 3 давхардсан гэрээнээс 2 хүнийг нь гэрчээр гаргасан боловч 1 нь ирээгүй байна. Хариуцагчтай Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч биет байдлын болон эрхийн доголдолгүй орон сууцыг 2023 оны 12 сард шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй 9 сар өнгөрсөн байна. Би гэрээнд заасны дагуу 2023 оны 12 сард 6 орон сууцыг эрхийн болон биет байдлын доголдолгүй хүлээж авах ёстой байсан учраас уг орон сууцыг эрхийн болон биет байдлын доголдолгүй 6 орон сууцыг шилжүүлж авах шаардлага болон давхардсан 3 байр дээр өөрийн өмчлөгч гэдгийг баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч тал бичгээр хариу өгөөгүй, шүүхэд хариу тайлбар өгөхгүй цаг хугацаа алдаж намайг хохироож байна. Гуравдугаарт нэхэмжлэлийн шаардлага нь 6 орон сууц нь 2023 оны 12 сар ашиглалтад орсон байх ёстой. Одоо 2024 оны 9 сар болсон байна. Иймд өнөөдрийг хүртэл алданги нэмж нэхэмжилж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...нэгдүгээрт давхардсан байр байна гэж байна. Давхардсан гэдэг асуудлаар нэхэмжлэгч  нь шаардах эрхтэй юу гэдэг асуудал мэтгэлцээний явцад тодорхой болох байх. Хоёрдугаарт 6 байр давхардсан, захиалагчдын группт байсан гэж байна. Тэгэхээр 6 байр давхардсан зүйл байхгүй. Манайд энэ талаар ямар нэгэн гомдол санал ирээгүй.  гэдэг хүнд манай компанийн дотоод асуудал ямар ч хамаагүй, өмгөөлөгч нарт ч мөн адил ямар ч хамаагүй. Өөрт хамаатай юм шиг, шаардах эрхтэй юм шиг ярьж байгаа нь өөрөө хууль бус юм. Хоёрдугаарт 3 байр давхардсан гэж байна. Өөрөө 6 байраа баталгаажаад 6 байрныхаа эрхийг үүсгэсэн, шаардах эрхтэй гэж ойлгоод байгаа юм болов уу, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж бодож байна. Өмгөөлөгч нар болон нэхэмжлэгч нар гомдол гаргасан үүнд -аас хариу өгдөггүй гэж байна. Хэн гэж өмгөөлөгч ямар шаардлага тавьсан, бид үүнд хариу тайлбар өгөх албагүй. Бусдын мэдээллийг бусдад өгөх шаардлагагүй, бидэнд гэрээ контакт, нэхэмжлэх явуулаагүй, бид хэн гэж тайлбар өгөх вэ? Тэгэхээр энэ бол боломжгүй, хууль бус зүйл яригдаж байна гэж үзэж байна. Гэрээний талаар огт дурдаагүй гэж байна. Нэгэнт хийгдсэн гэрээн дээр үндэслээд маргаан гардаг. Манайхаас хариу тайлбар өгөөгүй биш өгдөг. 2024 оны 04 сарын 01-ний өдөр ... захирлын уг 6 байр зөрчилтэй байгаа учраас гэрээг бүхэлд нь хүчингүй тооцуулахаар хариу өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар манай компани дээр захиалагч нар давхардсан гэдэг гомдол ирээгүй байгаа. Ямар группээс яаж хараад ингэж яриад байгааг би сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нийт 6 байрны түлхүүр гардаж авах гэж байгаа. Хоёрдугаарт орон сууцыг өмчлөх эрхийг бүрдүүлэх болон урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхэд шаардлагатай материалыг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах гэж байна. Гуравдугаарт гэрээний үүргийн хугацаанд алданги болох 185,232,000 төгрөг гаргуулах. Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох өмгөөлөгчийн зардал 8,000,000 төгрөг, нийт 193,232,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн 3 шаардлага байна. Өмгөөлөгчийн 8,000,000 төгрөг гэдэг нь  өөрийнх нь сонгож авсан эрхээ хамгаалуулах гэж байгаа өмгөөлөгч нэхэмжлэгч хоорондын эрх зүйн харилцаа учраас үүнд би ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх боломжгүй. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.3.3-т төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авах эрхтэй байсан. Гэрээний 5.4.1-т гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх гэж заасныг зөрчсөн. Гэрээний 5.1.5-т захиалагч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөх хугацааг хоёр ба түүнээс дээш удаа хэтрүүлсэн болон цаашид төлбөр төлөх чадваргүй нь тогтоогдвол гүйцэтгэгч тал дангаараа гэрээг цуцалж болно гэж заасан. Гэрээний 5.1.6-т захиалагч гэрээнд заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөр төлөх хуваарийг өөрчлөх талаар санал болгох ба уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гэрээг цуцалж тухайн орон сууцыг өөр байгууллага, хувь хүнд худалдаж гэрээг шинээр байгуулах эрхтэй. Тэгэхээр нэхэмжлэгч 6 байр захиалсан баримт нь хавтаст хэрэгт байдаггүй. Өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй, барилга баригдаж байгаа гэдгийг өөрсдөө хэлж байна. Тэгэхээр нэхэмжлэгч гэрээний 5.1.6 дахь заалтыг зөрчиж хууль бус шаардлага тавьж байна. Захиалагчийн хүсэлтээр болон уг гэрээний 5.1.5 болон 5.1.6 дах хэсэгт зааснаар гэрээ цуцлах тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрөөс нийт гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх төлбөрийг үйлчилгээний зардал болон борлуулалт хойшлуулсны төлбөрт суутган гэрээний анхны үнийн дүнгээр үлдэх төлбөрийг буцаан олгоно гэсэн заалттай учраас 2024 оны 04 сарын 01-ний өдөр бид гэрээг цуцлах тухай албан бичиг өгсөн. Үүний улмаас нэхэмжлэгч уурлаж бухимдаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 5.2.3-т захиалагчийн захиалсан байрыг уг гэрээний 5.1.6-т зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй байх үүрэгтэй бөгөөд барилга ашиглалтад орж орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх тухай бичиг баримтыг бүх талаараа тусална гэж заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч  нь уг 6 байрныхаа төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй, шаардах эрх үүсээгүй. Гэрээний 3.1 дэх хэсэгт гэрээний төлбөрийн нөхцөлийг заасан байгаа. Жишээ нь 69.71 м.кв талбайтай байр гэхэд 348,550,000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч 906,500,000 төгрөгийг манай байгууллагад шилжүүлсэн. Тэгэхээр хоёр байрны төлбөрийг гүйцэт төлсөн гэж бодоход үлдэгдэл 200 орчим сая төгрөгтөө 4 байр шаардаж байгаа нь өөрөө хууль бус шаардлага. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө шаардлага тавих эрхгүй гэдэг нь үүгээр нотлогдож байна. Гэрээний 9.5-т захиалагч нь графикийн дагуу төлбөрөө 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд албан мэдэгдэл хүргүүлнэ. Мөн 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хөрөнгө оруулагчийн давуу эрхээр гэрээг цуцална гэж заасан. Уг заалтын хүрээнд гэрээг цуцлах шаардлага тавьсан. Гэрээний 5.1.7-т зааснаар төлбөрийг буцаан олгоно. Гэрээний 1.9-т талуудын гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, худалдан авагч төлбөрийг бүрэн төлснөөр орон сууц ашиглалтад орсны дараа баталгаат хугацаа дууссаны дараа талуудын эрх үүрэг дуусгавар болно гэж заасан байна. Мөн адил төлбөрийн нөхцөл яригдана. Гэрээнд тусгагдсанаар м.кв нь 5,000,000 төгрөгөөр тооцож бодсон. Захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл уг байр гүйцэтгэгчийн эзэмшилд байна. Тэгэхээр уг байр байр биш, Э*******-ийн эзэмшлийн байр. Өөрийн юм шиг загнаж байгаа нь хууль бус. Иргэний хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. 112.2-т Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. Уг гэрээнд ямар нэгэн зөрчил дутагдал байхгүй, талууд харилцан тохиролцож тухайн гэрээг байгуулсан, хүчээр хийсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 238.1-т Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 243.1-т гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Тэгэхээр Э******* нь 2023 оны 12 сард уг барилгыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэж өгнө гэсэн. Энэ хугацаа нь тодорхой шалтгааны улмаас алдагдаж байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс төлбөр тооцооны асуудлаар үүргээ гүйцэтгээгүй. Тэгэхээр талууд харилцан үүргийн зөрчилтэй байна. Иргэний хуулийн 249.1-т гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 252.1-т худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Нэхэмжлэгч .... нь эдгээрийг шаардах эрхгүй. .....нь Э*******-тай ямар замаар эрх зүйн харилцаанд орсон бэ гэхээр Ремакс зуучлалын компаниар дамжуулсан. Уг зуучлалын компани нь манайхтай харилцан тохиролцож гэрээ байгуулж ажиллаж байх явцдаа....г санал тавиад оруулж ирсэн. Албан бус мэдээгээр ... эхнэр нь тухайн компанийн захирал нь байж таардаг. Тэгэхээр .... төлсөн 906,500,000 төгрөгөөс Ремакс мөн ялгаа байхгүй ашиг сонирхлын зөрчилтэй этгээд манайхаас хувь хэмжээгээр нь тооцож мөнгө гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл нөхөр нь төлсөн мөнгөнөөс эхнэр нь авч байна. Мөн дээрээс нь үлдэгдэл байруудаа бүгдийг нь авна гээд өөртөө давуу эрх олгож байна гэж компанийн зүгээс үзэж байна ...гэв.

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-5 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6 дугаар тал/

.... иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 7,8 дугаар тал/

Орон сууц захиалан бариулах гэрээнүүд /хэргийн 9-55 дугаар тал/

2022.09.20-ны өдрийн банкны дотоод шилжүүлгийн баримт 2ш /хэргийн 56 дугаар тал/

....-ны өдрийн ....тоот Захиалагч Ч.....ирүүлсэн . ХХК-ийн бичгийн баримт /хэргийн 57 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ хавсаргасан баримтууд /хэргийн 58-70 дугаар /

.....-д гаргасан гомдол хэргийн 71-72 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 73-80 дугаар тал/

Өмгөөлөгчийн мэдэгдэл баримт /хэргийн 81-82 дугаар тал /

Итгэмжлэл /хэргийн 85 дугаар тал/ баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хүсэлт / хэргийн 94 дүгээр тал /

Хариу тайлбар /хэргийн 95 дугаар тал

Итгэмжлэл /хэргийн 96 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм / 97-101 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2.Нэхэмжлэгч ... 6 ш орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг даалгах, гэрээний хариуцлага нийт 193 232 000 төгрөгийг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэл гаргах шаардах эрхгүй, орон сууцыг бусад давхардуулан шилжүүлсэн зүйл байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргав.

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч талтай 2022 оны 09 сарын 15-ны өдөр

1. №22/35 Орон сууц захиалгаар барих гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэр баригдах Твин даймонд орон сууцны барилгын А блокийн 12 давхрын А тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 348 550 000 төгрөгөөр худалдан авахаар,

2. №22/36 Орон сууц захиалгаар барих гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэр баригдах Твин даймонд орон сууцны барилгын А блокийн 11 давхрын F тоот . талбайтай 2 өрөө орон сууцыг 348 550 000 төгрөгөөр худалдан авахаар,

3. №22/37 Орон сууц захиалгаар барих гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэр баригдах Т.орон сууцыг 438 650 000 төгрөгөөр худалдан авахаар,..

4. №. Орон сууц захиалгаар барих гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэр баригдах Твин даймонд орон сууцны барилгын А блокийн 9 давхрын В тоот 87.73мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 438 650 000 төгрөгөөр худалдан авахаар,

5. 2022 оны 09 сарын 20-ны өдөр .. Орон сууц захиалгаар барих гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэр баригдах ...өрөө орон сууцыг 348 550 000 төгрөгөөр худалдан авахаар,

6. 2022 оны 09 сарын 20-ны өдөр . Орон сууц захиалгаар барих гэрээ бичгээр байгуулж, Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэр баригдах Твин даймонд орон сууцны барилгын А блокийн 9 давхрын F тоот 69.71квм талбайтай 2 өрөө орон сууцыг 348 550 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон нь Орон сууц захиалгаар барих гэрээ, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 9-35 дугаар тал/

Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ зохигч талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

4. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

5. Гэрээ болон хуулийн дагуу хариуцагч 2023 оны 04 дүгээр улиралд багтаан орон сууц барилгыг барьж дуусган ашиглалтад оруулж биет байдлын болон эрхийн зөрчилгүй 6 ш орон сууц хөрөнгийг баримт бичгийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч 6 ш орон сууц хөрөнгийн үнийг төлж хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

6. Орон сууц захиалгаар барих гэрээнүүдийн 3.1, 3.2, 4.1-т зааснаар орон сууц хөрөнгийн 1мкв талбайн үнэ 5000 000 төгрөг байхаар харилцан тохирч үнийг бэлнээр хариуцагчид төлөхөөр тохиролцжээ.

Хэдийгээр гэрээнд орон сууцны 1мкв талбайг 5000 000 төгрөг гэж бичсэн ч бодит байдалд хариуцагчийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дугаар 9/25 тоот захиалагч .... бичгээр ирүүлсэн 1мкв талбайг 2000 000 төгрөгөөр нийт 454.3 мкв талбайг 908 600 000 төгрөгөөр тооцож хариуцагчийн Хаан банкны ...тоот дансанд шилжүүлэх гэрээний нөхцөл саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч ...6ш орон сууцны үнэ 908 600 000 төгрөгийг төлж орон сууц ашиглалтад орж хүлээн авсны дараа орон сууцны 1мкв талбайг 5000 000 төгрөгөөр худалдан борлуулж ашиг олох зорилгоор тухайн хэлцлийг байгуулсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар 2022 оны 09 сарын 15-ны өдрийн дугаар 9/25 тоот захиалагч ... ирүүлсэн бичгийн баримт, нэхэмжлэгч 2022 оны 09 сарын 20-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн Хаан банкны тухайн дансанд 418 260 000 төгрөг, 490 340 000 төгрөг нийт 908 600 000 төгрөгийг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт, талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн 4.2-т нэхэмжлэгч хөрөнгүүдийн үнийг 100 хувь төлсөн болохыг харилцан зөвшөөрч баталсан баримтуудаар тогтоогдож байна.

7. Хариуцагч дээрх баримтуудыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгч хөрөнгийн үнийг бүрэн төлж гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж үзнэ.

8. Орон сууц захиалгаар барих гэрээнүүдийн 2.2, 3.5, 5.2.2-д заасны дагуу хариуцагч 6 ш орон сууц хөрөнгийг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж нэхэмжлэгчид шаардлагатай баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх үүрэгтэй.

9. Хариуцагч дээрх үүргийг хугацаа хэтрүүлсэн, өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууц хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй, барилгыг ашиглалтад оруулаагүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийн 5.2.3, 5.2.10-т зааснаар нэхэмжлэгч төлбөрийг төлөөгүйгээс гэрээ цуцлагдаж гуравдагч этгээдтэй шинэ гэрээ байгуулснаас бусад тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гартал хувь хүн буюу хуулийн этгээдэд барьцаалахгүй, худалдахгүй байх үүргээ хариуцагч зөрчиж, гуравдагч этгээдэд нэхэмжлэгчийн худалдан авахаар тохиролцож үнийг бүрэн төлсөн орон сууцны барилгын А блокийн 10 давхрын А тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдахаар гэрээ байгуулсан нь гэрч Б.Доржхүрэлийн шүүх хуралдаанд өгсөн ...А блокийн 10 давхрын А тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

10. Хариуцагч ...нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй, шаардах эрхгүй, төлбөрөө бүрэн төлөөгүй, 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 9/25 тоот бичгийн баримтыг хэн үйлдснийг мэдэхгүй, гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн захиалсан орон сууцнуудыг өөр этгээдэд давхардуулан зарсан зүйл байхгүй... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дээрх баримтуудыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй.

11.Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн 5.2.2-т хариуцагч барилгыг ашиглалтад оруулж орон сууцыг нэхэмжлэгч талд орон сууц хүлээлцэх акт үйлдэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч гэрээний 5.3.2-т барилгын ажил дуусаж барилга байгууламжийг ашиглалтад оруулсан захиалсан байр буюу орон сууцны төлбөрийг 100хувь төлсний дараа байрыг хүлээн авах, 5.3.3-т гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар байрны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах, 5.3.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас шаардах эрхтэй байна.

12. Хэдийгээр тухайн барилга баригдаж дуусаагүй 85 хувийн гүйцэтгэлтэй хэдий ч гэрээний хугацаа дуусгавар болсон, хариуцагч гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэнд буруугүй болохоо нотлоогүй, гэрээний хугацаа дуусгавар болсон сунгагдаагүй, хариуцагч гэрээний үүргээ зөрчиж нэхэмжлэгч орон сууцны үнэ мөнгөн төлбөрийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн атал хариуцагч нэг орон сууцыг бусдад худалдахаар тохиролцож гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалах, эрх зүйн байдлаа дордуулахгүй байх шаардлагын үүднээс гэрээний үүргийг шаардах эрхтэй.

13. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2.9, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасны дагуу алданги 185 232 000 төгрөг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

14. Нэхэмжлэгч өөрийн худалдан авч байгаа орон сууцнуудын 1мкв талбайг 5000 000 төгрөгөөр худалдан борлуулж ашиг олох зорилгоор хариуцагчийн 1мкв талбайг 2000 000 төгрөгөөр худалдах бичгээр гаргасан саналыг хүлээн зөвшөөрч орон сууцыг өөрийн өмчлөлд хүлээн авахаас өмнө мөнгөн төлбөрийг бүрэн төлж гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн энэхүү хүсэл сонирхлыг хариуцагч мэдэж байсан, гэрээ талуудын харилцан итгэлцлийн үндсэн дээр хийгдэж хэн аль нь сайн дураар хүлээн зөвшөөрч байгуулсан байх тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

15. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэлд заасан 6 ш орон сууц хөрөнгийг баримт бичгийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, хариуцагчаас гэрээний хариуцлага алданги нийт 185 232 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэрээнээс учирсан хохирол 8000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

16. Хариуцагч нэхэмжлэгчийн алданги тооцсон хэмжээ хугацааны талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

17. Өмгөөлөгчийн хөлс 8000 000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцохгүй тул хангахгүй орхив.

18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 264 510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 224 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

19. 2024 оны 05 сарын 08-ны өдрийн нэхэмжлэгчээс Б.Ууганбаатарт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 102 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэр баригдах Твин даймонд орон сууцны барилгын А блокийн 12 давхрын А тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 11 давхрын F тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын Е тоот 87.73м кв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын В тоот 87.73мкв талбайтай 3 өрөө орон сууц, А блокийн 10 давхрын А тоот 69.71мкв талбайтай 2 өрөө орон сууц, А блокийн 9 давхрын F тоот 69.71квм талбайтай 2 өрөө орон сууц хөрөнгүүдийг, тэдгээрийг өмчлөх эрхийг бүртгүүлэх урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай баримт бичгийн хамт нэхэмжлэгч ....олгохыг хариуцагч Э*******-д тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 264 510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1 224 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ