Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0254

 

 

2024          03           20                                     128/ШШ2024/0254

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г******* ХХК/РД:*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Г******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны А/470 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалыг үндэслэн Г******* ХХК-д Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын ******* ам нэртэй 2,091 м.кв талбайг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож,

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай №2021/231 дүгээр гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталж, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.

2.2. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/470 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г******* ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүчингүй болгож, ингэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл бүрдсэн гэж үзжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: “...Г******* ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, ******* ам гэх газар байрлах 2,091 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/470 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэсэн. Газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлсөн. Энэ талаар баримтыг хэрэгт нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байгаа. Мөн шүүхээс хийсэн ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулах алба болон Татварын албанаас тооцоо нийлсэн акт болон газрын төлбөрийн үлдэгдэлгүй талаар баримт ирүүлсэн. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдээгүй. Мөн Г******* ХХК 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гуравласан гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсантай холбоотой талууд маргахгүй байгаа. Уг тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг заалтыг үндэслэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байсан. Г******* ХХК 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр газрын төлөв байдлын хянан баталгаажих дүгнэлтийг гаргуулсан. 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг зэргийг гаргуулсан. Мөн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүргүүлэх тухай албан бичгээр газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой хууль тогтоомжид заасан баримт бичгийг бүрдүүлж ажиллаж байсан гэдэг тогтоогдох болно. Мөн Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол байдаг. Тус тогтоолын 1.10-т зориулалтын дагуу ашиглаагүй 2 жил гэх хугацааг гэрээ байгуулснаас хойш 2 жил гэж хугацаа зааж өгсөн. Гэтэл хариуцагч талын зүгээс хуанлин 2 жил өнгөрөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн тогтоол болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан шаардлага хангаагүй учир уг тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс хариу тайлбар дээрээ газрын төлбөр тооцоотой холбоотой баримтыг ирүүлээгүй гэдэг асуудал яригдсан. Гэтэл энэ тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хариуцагч талын зүгээс сонсох ажиллагаа хийгээгүй. Сонсох ажиллагаа хийсэн тохиолдолд нэхэмжлэгч байгууллагын зүгээс газрын төлбөр тооцоо дуусаагүй, мөн зориулалтын дагуу ашигласан эсэх талаар баримтыг гаргаж өгөөд явах боломжтой байсан. Гэтэл сонсох ажиллагаа хийгдээгүй тул эдгээр үйл баримт тогтоогдоогүй. Иймд уг тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул тушаалыг хүчингүй болгож газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү...” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/470 дугаар “ Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаал нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Г*******” ХХК-д олгосон газрын хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон ч 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч компаниас газрын төлбөр төлсөн баримт болон газраа зориулалтын дагуу ашигласан талаарх тайлбараа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй.

Тус тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 922 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн “ Г*******” ХХК-д олгосон 2,091 м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/523 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул “Г*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 Сонсох ажиллагааны талаар хуулийн зохицуулалт нэмж тайлбарлах хэрэгтэй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т цахим хэлбэрээр санал авах болон бусад гэдэг талаар зааж өгсөн байгаа. Үүгээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол төлөөлөгчид нь шууд хүргүүлэх эсвэл орон нутагт хүргэл боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт мэдэгдэх бусад арга хэрэгслийг хүргүүлэхийг зааж өгсөн байдаг. Үүгээр захиргааны байгууллага өөрийн сонгох боломжийг эдэлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон хамгаалалтын захиргааны албан ёсны веб хуудсанд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байршуулж сонсох ажиллагаа явуулсан. Тус сонсох ажиллагааны хариу тайлбарыг нэхэмжлэгч Г******* ХХК-иас ирүүлээгүй учир өөрт байгаа баримтыг үндэслэж маргаан бүхий тушаалыг гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай холбоотой манай талаас бичиглэлийн алдаа хийсэн байж болно. Маргах зүйл байхгүй. Харин газрыг зориулалтын дагуу ашиглаагүйтэй холбоотой маргаан бүхий акт гарсан”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны А/470 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/470 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г******* ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүчингүй болгосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл бүрдсэн гэжээ.

4. Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:

4.1. Шүүхээс Хан-Уул дүүргийн татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус тус маргаан бүхий газарт Г******* ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаар тодруулахад Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/219, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулах албанаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-17/71 дугаар албан бичгээр тус тус Г******* ХХК газрын төлбөрийн үлдэгдэлгүй гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар газрын төлбөрийг бүрэн төлж мөн оны 03 дугаар сарын 24-ний өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн байна.   

4.2. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор Корона вирус буюу цар тахлын нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд нэхэмжлэгчээс газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх хууль заасан нөхцлийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

5.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

5.2. Хэрэгт цугласан баримтаас үзэхэд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон боловч газар ашиглах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр баталгаажуулжээ.

5.3. Тус газар ашиглах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл байгуулсан атлаа газар ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Г******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.

5.4. Түүнчлэн  нэхэмжлэгчээс маргаан бүхий газартаа:

-“Т*******” ХХК-аар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр №Г-ХБ30/20 дугаар Байгаль орчны төлөв байдлын тайлан болон газрын төлөв байдал ажил гүйцэтгэх тайлан боловсруулах гэрээг байгуулж, газрын байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг гаргаж,

 - Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга бөгөөд Улсын ерөнхий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн солбицол бүхий газартаа газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг гаргуулж,

-мөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай байгуулахаар барилгын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг О******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулж,

-улмаар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн МЗХ2022/33-028 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байгаа газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

6. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заажээ.

7. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд хуулийн дээрх заалтад заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, газар ашиглагч нэг этгээдэд сонсох ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бол түүний цахим хаягаар мэдэгдэл хүргүүлсэн байхыг ойлгох энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан 21 буюу түүнээс дээш этгээдийг сонсох нөхцөл байдал үүсээгүй, хариуцагчаас мэдэгдэх сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий актын талаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй, тайлбар санал аваагүй нь хууль бус гэж маргах нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

8. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газрын төлбөрийн үлдэгдэлтэй болон газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй акт гаргасан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрсөн гэж үзэхээр байна.

9. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

10. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж байсан, газраа зориулалтын дагуу ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байсан, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан Г******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/470 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХХК-д олгосугай.

             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ОДМАА