Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/865

 

 

 

 

 

  2022             08            31                                         2022/ДШМ/865                                                                                                                                                                                    Т  M 546                    

Х.Б-, Т.М-О, Ш.Ө-э,                                                                     О.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярчимэг,

шүүгдэгч Ш.Ө-э, түүний өмгөөлөгч Г.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 2022/ШЦТ/509 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Ө-ийн өмгөөлөгч Г.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Б-, Т.М-О, Ш.Ө-э, О.А- нарт холбогдох 2211000000521 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б-,

2017 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

2020 онд урьд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 1 жил 4 сар хорих ялаар тогтоож, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан; 

2. Ө-э,

3. М-О,

4. А-,

Х.Б-, О.А-, Ш.Ө-э нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор “Toyota prius” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээслэн авч ашиглан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-432 тоотод Г.Ууганбаярын өвлийн сууцны цонхыг хадаасаар хөшиж онгойлгон нууцаар, хууль бусаар нэвтэрч, шарах шүүгээ, халуун сав, үхрийн мах, орны бүтээлэг, ор хөнжлийн даавуу зэрэг эд хөрөнгийг авч 2,201,132 төгрөгийн хохирол учруулсан,

Х.Б-, Ш.Ө-э, Т.М-О нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр учрах саадыг арилгах зорилгоор “Toyota prius” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, ****тоотод Д.Э-ийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч зураг, мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг авч 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Б-ын үйдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, Ш.Ө-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, О.А-, Т.М-О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х.Б-, Ш.Ө-э нарыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг автомашин ашиглаж үйлдсэн, Т.М-О, О.А- нарыг хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг автомашин ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Ш.Ө-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Т.М-Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А-г 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнсэж, хянан хүмүүжүүлэх хугацаанд тус тус хүлээлгэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А-г тэнсэгдсэн хугацаанд хянан хүмүүжүүлэхийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст болон Өнөр бүл хүүхдийн төвд тус тус даалгаж, өсвөр насны шүүгдэгч О.А-гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлд зааснаар 225,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгохдоо иргэний нэхэмжлэгч А.М-т 200,296.74 төгрөг, Д.Ү-д 16,691.39 төгрөг, Х.Э-д 8,011.87 төгрөг тус тус олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 100900005406 тоот дансанд шүүгдэгч Х.Б-, Ш.Ө-э, Т.М-О нараас байршуулсан 448,000 төгрөгөөс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч А.М-т 398,813.06 төгрөг, Д.Ү-д 33,234.42 төгрөг, Х.Э-д 15,952.52 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц олгож, шүүгдэгч Х.Б-, Ш.Ө-э, Т.М-О нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч О.А-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өрийн 2022/ШЗ/963 тоот захирамжаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, нийт 7 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот тогтоолоор битүүмжилсэн ***** улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай хадаас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Ө-ий өмгөөлөгч Г.Ичинхорлоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Ш.Ө-э үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, ... шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа дээрх хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Шүүх дээрх зохицуулалтаар заавал оногдуулах ялаас доогуур ял өгөх албагүй, уг зүйл, хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа  гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харгалзан үзвэл зохих нөхцөл байдлуудыг хангасан байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсье. Иймд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, оногдуулж болох ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ш.Ө-э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Ө-э нь гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохирч, санаатай нэгдэн 2 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдээгүй болохыг харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжийг шүүхэд олгосон боловч заавал хэрэглэх үүрэггүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэгт гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг дүгнэж анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ш.Ө-э, Т.М-О, Х.Б-, О.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Х.Б-, О.А-, Ш.Ө-э нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 24-432 тоотод байрлах Г.Ууганбаярын өвлийн сууцны цонхыг хадаасаар хөшиж онгойлон нууцаар, хууль бусаар нэвтэрч шарах шүүгээ, халуун сав, үхрийн мах, орны бүтээлэг, ор хөнжлийн даавуу зэрэг эд хөрөнгийг авч 2,201,132 төгрөгийн хохирол учруулсан,

Х.Б-, Ш.Ө-э, Т.М-О нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, ****тоотод байрлах Д.Э-ийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч зураг, мөнгөн аяга, бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг авч 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Ууганбаярын “... 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхнэр хашаагаа эргэж очтол байшингийн цонхоор хулгай орсон байсан... гэрээс 1 хүний цагаан хэрэглэл 21 ширхэг, 2 хүний цагаан хэрэглэл 9 ширхэг, орны бүтээлэг 5 ширхэг, аяны дэр 8 ширхэг, ... халуун сав, махны мод, хутга, заазуур гэх мэт зүйл алдагдсан.” /1-р хх 35/,

хохирогч Д.Э-ийн “... 2022 оны 02 дугаар сарын 02-ны өглөө хөрш айлын хүн “Танай байшингийн цонх онгорхой, зурагт чинь харагдахгүй байна” гэж утсаар хэлсэн. Гэртээ ирэхэд зурагт, мөнгөн аяга, шар өнгийн цаг, жижиг зургийн аппарат зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” /2-р хх 19/,  

гэрч П.Дариймаагийн “... хашааны хаалга хаалттай, таамбарын цонх онгорхой байхаар нь цагдаа дуудсан... манай хажуугийн лангууны Э- над руу залгаад “Танай бараатай төстэй бараа энд хүн хямдхан зараад явж байна” гэсэн...” /1-р хх 40/,

гэрч Х.Энтуяагийн “... нэг залуу орж ирээд дэр болон орны бүтээлэг зарна гэсэн. Би бараануудыг нь үзэж байгаад 4 ширхэг хүзүүний дэрийг нэгийг нь 6,000 төгрөгөөр худалдан авсан...” /1-р хх 43/,

гэрч А.М-ийн “... залуу даавууны үнэ асуугаад, буцаж орж ирээд “Манай ахад ор, хөнжлийн даавуу байна. Та нэг хүний орны даавууг 18,000 төгрөгөөр, 2 хүний даавууг 25,000 төгрөгөөр авчих” гээд гуйгаад байхаар нь 1 хүний орны даавуу 21 ширхэг, хоёр хүний орны даавуу 9 ширхэгийг нийт 600,000 төгрөгөөр авсан. Тэр залуугаас миний таньдаг Э- эгч хүзүүний дэр, Үүрээ эгч бүтээлэг авсан. Э- эгч тэр өдрөө бүтээлэг нь Дариймаа эгчийн гэртээ оёдог бүтээлэг байна гээд түүнд хэлсэн...” /1-р хх 49/,

гэрч Т.М-Оын “...10 цагийн үед Зурагтын хуучин эцэст байр түрээслэн амьдардаг Бөхөө ахын нийтийн байранд очиход Бөхөө, Өсөхөө хоёр унтаж байсан. Хоол хийж идчихээд унтаж байтал гаднаас Амараа орж ирсэн. Тэр гурав Бөхөөгийн автомашинаар гарч яваад орой ирэхдээ ягаан өнгийн даавуун ууттай зүйлс оруулж ирсэн...” /1-р хх 75/,

гэрч С.Г-рийн “... манай хөрш хөдөө явахдаа нохойд хоол өгөөд гэрийг маань анзаарч байгаарай гэсэн тул орж гарч байсан юм. Өмнөх өдөр нь хаалга үүд нь зүгээр байсан. Маргааш өглөө 08 цагийн үед хүргэн хашааных нь хаалга онгорхой байна гэхээр нь очиж үзтэл байшингийн цонх онгорхой байсан тул Энэбиш рүү залгасан...” /2-р хх 24/,

иргэний нэхэмжлэгч Д.Ү-гийн “... 02 дугаар сарын 15-ны өдөр ажил дээр 20 орчим насны залуу орны бүтээлэг зараад явж байхаар нь 1 ширхэгийг нь 10,000 төгрөгөөр нийт 5 ширхэгийг авсан. Тэгтэл хулгайн бараа байсан...” /1-р хх 87/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “... Б- гэгчийг танихгүй. Надтай тэр зарын дагуу холбогдож 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7 хоногийн хугацаагаар автомашин түрээслээд, утсаар хугацаагаа сунгаад явж байсан боловч сүүлдээ түрээсээ өгөхгүй алга болсон. 3 сарын эхээр би автомашинаа олж авсан... 2 дугаар сарын 15-ны өдөр 250,000 төгрөг машины түрээсийн мөнгө гэж хийсэн...” /1-р хх 81/,

иргэний нэхэмжлэгч Ж.Э-ын “... 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х.БТ гэх нэртэй фэйсбүүк хаягнаас 55 инчийн зурагтыг 700,000 төгрөгөөр зарна гэсэн чат над руу бичсэн байсан байхаар нь авах санал тавихад 80165186 гэсэн дугаар өгсөн. Цагийн дараа 20 орчим насны 2 залуу гэрт авчирч өгсөн...” /2-р хх 21/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 18-23/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 141-143/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 100-102, 2-р хх 50-52/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч  Т.Ө-э, Т.М-О, Х.Б-, О.А- нарын бусдын орон байр, агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулсан талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн боловч тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан гэм буруутай гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан бол зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болохоор хуульчилсан. Хууль тогтоогч “... учрах саадыг арилгах зорилгоор ...” гэж тодорхойлсноос үзэхэд тухайн автомашин нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах үед тохиолдох саад бэрхшээлийг даван туулах, гэмт үйлдлээ богино хугацаанд үйлдэх зорилгоор ашигласан байхыг ойлгоно. Харин хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд заавал автомашин ашиглах шаардлагагүй /овор хэмжээ багатай, хүний хүчээр үйлдэх боломжтой/, эсхүл гэмт хэрэг үйлдсэний дараа олсон хөрөнгө, орлогоо зөөж тээвэрлэхэд хэрэглэсэн бол учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан гэж үзэхгүй байна. Иймээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Нөгөө талаар, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байдлаар шударга ёсны зарчим хангагддаг.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Х.Б-ад 2 жил хорих ял, шүүгдэгч Т.М-Од 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь шударга ёсны зарчмыг хангасан шийдвэр байна.

Шүүгдэгч Ш.Ө-э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж хөнгөн ял шийтгэж өгнө үү ...” гэсэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сар хорих оногдуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хувийн байдалтай холбогдуулан амьдралын нөхцөл, хүмүүжил, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд уруу татсан этгээд байгаа эсэх зэрэг зайлшгүй шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгалгүй орхигдуулсан болохыг дурьдах нь зүйтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу өсвөр насны яллагдагчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг иргэний хариуцагчаар тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа хүүхдэд төлбөр хариуцуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийтгэх тогтоолоос өсвөр насны шүүгдэгч О.А-гаас гэм хорын хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч нар тухайн хохирлыг иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Ө-э, Т.М-О, Х.Б-, өсвөр насны шүүгдэгч О.А- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 2022/ШЦТ/509 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон шүүгдэгч Х.Б-, Ш.Ө-э, Т.М-О, өсвөр насны шүүгдэгч О.А- нарт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Х.Б-, Ш.Ө-э, Т.М-О, өсвөр насны шүүгдэгч О.А- нарыг бүлэглэн орон байр, агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Ш.Ө-эд холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ө-эд 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй...” гэж, 3 дахь заалтын “... Ш.Ө-эд ... 2 жилийн...” гэснийг “... Ш.Ө-эд ... 1 жил 6 сарын ...” гэж, тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 7 дахь заалтаас өсвөр насны шүүгдэгч О.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний нэхэмжлэгч А.М-, Д.Ү-, Х.Э- нар өөрт учирсан хохирлоо өсвөр насны шүүгдэгч О.А-д холбогдох гэм хорын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ө-э, Т.М-О, Х.Б-, өсвөр насны шүүгдэгч О.А- нарын 2022 оны 06 дугаар сарын 07ы өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоногийг тус бүрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН