Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/866

 

 

 

 

 

  2022             08            31                                         2022/ДШМ/866                                                                                                                                                                                    Т  M 546                    

Б.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15ы өдрийн 2022/ШЗ/1796 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.А-т холбогдох 2206000001150 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А-,

Б.А- нь 2022 оны 03 дугаар сарын 18-19 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “*****” 103 дугаар байрны В1 давхарын гражид байсан Ц.Л-ын эзэмшлийн *****улсын дугаартай автомашинаас ноолууран пальто, цамц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,555,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... шүүгдэгч Б.А-ын автомашины зогсоолд байсан автомашинаас эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шинжийг агуулж байна. Хохирогч автомашинаа цоожлоогүй орхисон эсэхээс шалтгаалахгүйгээр бусдын өмчлөх эрхэнд халдаж байгаа үйлдэл нь заавал хаалга, түгжээг эвдлэх, багаж хэрэгсэл ашиглах, түлхүүр тааруулах шинжийг агуулахгүй. Улсын дээд шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад “агуулах сав гэдэгт ... түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, ... зэргийг хамруулан ойлгоно” гэжээ. Хэдийгээр 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа хэдий ч орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт ямар обьектийг ойлгох талаар тайлбарлаж өгсөн байна. Иймд шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх ...” гэсэн дүгнэлт хийн хэргийг прокурорт буцааж, яллагдагч Б.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.  

Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нар давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн орсон гэж дүгнэн хүндрүүлэн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Орон байр гэдэг нь “хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувилалын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд тайлбарлан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байна. Энэ хуульд зааснаар автомашинд нэвтэрсэн гэх заалт, тайлбар байхгүй байх тул шүүгчийн захирамж үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 166 дугаар тогтоолд “орон сууцны В1 буюу автомашины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, уг байрны В1 давхарт нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсэхгүй тул тухайн байрны автомашины зогсоолын зориулалттай давхрыг нийтийн орчин гэж үзнэ” гэжээ. Харин нийтийн үйлчилгээ болон автомашины зогсоол орон сууцны В1 давхарт нэвтэрсний дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нэвтэрсэн гэж үзэхгүй. Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, автомухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамруулахаар заасан хэдий ч бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож бэхэлгээ хийгээгүй бол агуулах сав гэдэгт хамааруулахгүй гэж зааж тайлбарласан байдаг. Хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга түгжээг эвдэх, цуурга сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж ... хүндрүүлэн зүйлчлэхээр заасан. Б.А-ын хувьд дээрх үйлдлийг огт хийгээгүй ба автомашины хаалга угаасаа дэлгээтэй нээлттэй, кабины гэрэл асуулттай байсан бөгөөд цоож цуурга эвдсэн, гэмтээсэн, түлхүүр тааруулсан асуудал байхгүй болно.

Шүүгч захирамж гаргахдаа хэрэглэсэн Улсын дээд шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.10-д агуулах сав гэдэгт “... хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан  болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж ... зэргийг хамруулан ойлгоно” гэжээ. Гэтэл 2015 онд батладсан Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг зүйлчлэх талаар 2017, 2018, 2019 онуудад орон байр, тусгай хамгаалсан байр, агуулах гэдэгт ямар обьектийг ойлгох талаар тайлбар, хуульд нэмэлт өөрчлөлтүүд тус тус орсон байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны товыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй буюу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой гэнэт утасдан “маргааш өглөө 8:30-8:45 цагийн хооронд шүүх дээр бэлэн байгаарай, шүүх хуралтай” гэж шүүгдэгч Б.А- руу шүүгчийн туслах хэлсэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өглөө “шууд хуралд ор, өмгөөлөгчөө дууд” гэсэн байдаг. “Өмгөөлөгчийн утас холбогдохгүй байна” гэхэд “өмгөөлөгчгүй ор, хурал хойшлох боломжгүй, чинийх хялбаршуулсан юм чинь гайгүй биз” гэж хэлж хуралд оруулсан байдаг. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1796 дугаартай захирамжийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулж өгөхөөр заасан байтал захирамжийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид огт гардуулж өгөөгүй атлаа хэргийг прокурорын газарт шилжүүлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд зүйлчлэлтэй холбоотой асуудлыг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэн орсон гэдэг нь тогтоогдсон. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Б.А- нь 2022 оны 03 дугаар сарын 18-19 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “*****” 103 дугаар байрны В1 давхарын гражид байсан Ц.Л-ын эзэмшлийн *****улсын дугаартай автомашинаас ноолууран пальто, цамц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,555,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байдаг онцлогтой. Харин орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд өмчлөх эрхээс гадна орон байрны халдашгүй эрх давхар хөнддөг. Ийм учраас орон байр, агуулах савны хаалт, цоожийг эвдэх, эсхүл эзэмшигч, өмчлөгчийн зохих ёсны зөвшөөрөлгүй нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна. Нөгөө талаар хэргээс үзэхэд автомашины зогсоол нь тусгайлсан харуул, хамгаалалтай талаар гэрч Б.Ган-Очир мэдүүлсэн байна.

Иймд Б.А-ын үйлдлийг зүйлчлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15ы өдрийн 2022/ШЗ/1796 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН