Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/03243

 

 

 

 

2024 оны 08 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2024/03243 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, *** тоотод байрлах, Т ХХК /РД: ***** /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **** дугаар хороо, стадион оргил махатма ганди, романа резиденс **** байр, **** тоотод байрлах, Н ХХК /РД: *********/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** дугаар хороо, стадион оргил махатма ганди, романа резиденс ****** байр, ***** тоотод оршин суух, Б.С нарт холбогдох

 

Тээвэрлэлийн гэрээний төлбөрт 39.603.920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь төмөр замын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Н ХХК болон түүний гүйцэтгэх захирал Б.С нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд Бүгд найрамдах Солонгос улсаас 30 тн барилгын хавтан тээвэрлүүлэхээр Т ХХК-тай харилцан тохиролцсон. Дээрх тээвэрлэлтийг Монгол улсын хилээр орж ирсний дараа талууд хороондын тооцооны үлдэгдлийг гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байдаг. Хариуцагч нар нь тээвэрлэлтийн гэрээний төлбөрт 39.603.920 төгрөгийг Т ХХК-д төлөх үүрэгтэй байсан боловч тохирсон хугацаандаа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл тээвэрлэлтийн гэрээний төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа нь манай байгууллагыг хохироож байна. Т  ХХК нь дээрх тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 380.1 дэх хэсэгт зааснаар Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй юм. Иймд Н ХХК-ийн гүйцэтгэгч захирал Б.С нь тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39.603.920 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

.

2. Хариуцагч Н ХХК, Б.Снар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.24-ний өдрийн итгэмжлэл, 2022.01.01-2022.12.31-ний хүртэлх Тооцооны үлдэгдлийн баталгааны баримт, 2020.10.11-2023.10.10 Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: 2023.11.30-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 2024.01.15-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т ХХК тээвэрлэлийн гэрээний төлбөрт 39.603.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Н ХХК, Б.С нарт холбогдуулан шаарджээ.

 

Хариуцагч Н ХХК, Б.С нар нэхэмжлэлийн хувийг шүүх 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Н ХХК нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд Бүгд найрамдах Солонгос улсаас 30 тн барилгын хавтан тээвэрлүүлэхээр Т ХХК-тай харилцан тохиролцсон бөгөөд 2022.01.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийг дуустал хугацаанд Н   ХХК 39.603.920 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Н ХХК, Б.С нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар холбогдох нотлох баримтаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Н ХХК, Б.С нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Н ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажээ.

 

Иймд хариуцагч Н ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39.603.920 төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Тээвэрлэлтийн гэрээний харилцаа Т  ХХК, Н ХХК нарын хооронд хийгдсэн тул хариуцагч Б.С д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 355.980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 39.603.920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, хариуцагч Б.С д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 355.980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО