Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/867

 

 

 

 

 

  2022             08            31                                         2022/ДШМ/867                                                                                                                                                                                    Т  M 546                    

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10ы өдрийн 2022/ШЦТ/494 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Г-т холбогдох 2109000000395 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г-,

Г.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сачи Байчи” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа Л.О-гийн өлгүүрт байсан хувцасны халааснаас Худалдаа хөгжлийн банкны ***** дугаартай виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5 удаагийн гүйлгээгээр 1,181,950 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.Г-ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 14 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч, 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тайлбарлаж, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу шүүгдэгч Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхээс Г.Г-ийг хохирогч гэх Л.О-гийн банкны картыг авч явсан нь харилцах данснаас мөнгө авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч н.Тулга нь мэдүүлэг авахдаа “Чи авсан гээд хэлчих, тэгвэл энэ хэрэг хаагдах гээд байна” гэсэн тул хэлснийх дагуу мөнгө авсан хэмээн мэдүүлснээр гэм буруутайд тооцсон. Мөрдөгч н.Тулгын хэлсний дагуу шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч гэх Л.О-гийн харилцах дансны хуулгаас илт зөрүүтэй байгааг шүүх анхаараагүй. Учир нь, Г.Г-ийн мэдүүлгээр 2 удаагийн үйлдлээр Оргил худалдааны төвийн АТМ-с нийт 970,000 төгрөг авсан гэж мэдүүлсэн атал Л.О-гийн харилцах дансны хуулга дээрх 2 удаагийн гүйлгээний нэг нь 13 дугаар хороололд байрлах АТМ, нөгөө нь 1 дүгээр эмнэлгийн дэргэдэх АТМ-аас тус тус зарлага гарсан байдаг. Шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ АТМ-ын камерын бичлэгийг шалгахыг даалгасан ба энэхүү ажиллагаа огт хийгдээгүй.

Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэх талаар дүгнэлт өгөөгүй. Миний хувьд Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай тогтоогдсон тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байна. Иймд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хувьд гомдол саналгүй байгаа зэргийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг үнэлэн Г.Г-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Иймд  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сачи Байчи” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа Л.О-гийн өлгүүрт байсан хувцасны халааснаас Худалдаа хөгжлийн банкны ***** дугаартай виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5 удаагийн гүйлгээгээр 1,181,950 төгрөгийг авсан болох нь:

хохирогч Л.О-гийн “... 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр найз Бат-Амгалантай Кудам ресторанд үйлчлүүлж байхдаа хоёр эмэгтэйтэй танилцсан. Тэд “Карт байхгүй, мөнгө шилжүүлье, чи картаа уншуулчих” гэхээр нь картаа уншуулсан. Хажууд нь уншуулсан болохоор картны нууц үгийг мэдсэн. 22 цаг өнгөрч байхад тэндээс гараад “Сайчи Байчи” караокед орсон. Тухайн үед куртикны халаасанд картаа хийгээд өлгүүрт өлгөсөн. ... маргааш орой нь таксины тооцоо хийхдээ карт алга болсныг мэдсэн. Миний картнаас 02 дугаар сарын 06-ны 22:00 цагт 58,900 төгрөг, 23:30 цагт 27,200 төгрөг, 07-ны 03:10 цагт 181,400 төгрөг, 04:32 цагт 800,000 төгрөг, 13:08 цагт 170,000 төгрөг, 13:44 цагт 3,350 төгрөг уншуулсан байсан ...” /хх 47/,

гэрч Б.Г-ийн “... танилцаад удаагүй, Г-тэй 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Кудам” ресторанд орж хоол идэж, пиво уусан. Сууж байхдаа хажуу ширээнд байсан 2 залуутай танилцсан. Тэндээс гараад караоке ороход Г- “Энэ 2 залууг явуулах хэрэгтэй, удахгүй манай найзууд ирнэ, тэр дунд манай найз залуу байгаа, буруугаар ойлгоно” гэж хэлээд тэр хоёрыг явуулсан. Караокенаас 03 цагийн үед гараад би гэртээ харьсан...” /хх 17/,

гэрч З.Б-ийн “... тэр хоёр эмэгтэй тооцоогоо хийгээгүй байсан тул найз О- надад картаа өгөөд тооцоо хийлгэхээр явуулсан. Би хоёр эмэгтэйн нэгтэй нь очиж тооцоо хийсэн... Г.Г- нь буйдан дээр гадуур хувцас тайлж тавьсны хажууд сууж байсан. Удалгүй Г.Г- “Манай найз залуучууд ирж байгаа, зодоон болно, та хоёр одоо яв” гэж хэлсэн... О- надад нууц үгээ хэлээд картаа өгсөн. Би тооцоо хийхдээ Г.Г-ийн хамт очиж, нууц үгээ хийж тооцоогоо хийсэн. Нууц үгийг мэдэх боломжтой...” /хх 116/ гэсэн мэдүүлгүүд,

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5/2335 дугаартай албан бичиг /хх 124/, хохирогч Л.О-гийн Худалдаа хөгжлийн банкны ***** дугаартай дансны хуулга /хх 114, 120/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г-ийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийн шинжийг хангасан талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г-т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо “... Г.Г-ийн мэдүүлгээр 2 удаагийн үйлдлээр Оргил худалдааны төвийн АТМ-аас нийт 970,000 төгрөг авсан гэж мэдүүлсэн атал Л.О-гийн харилцах дансны хуулга дээрх 2 удаагийн гүйлгээний нэг нь 13 дугаар хороололд байрлах АТМ, нөгөө нь 1 дүгээр эмнэлгийн дэргэдэх АТМ-аас тус тус зарлага гарсан нь Г.Г-ийн мэдүүлгийг үгүйсгэх үйл баримт ...” гэсний дагуу хэргийг хянаж үзэхэд, шүүгдэгч Г.Г- нь хохирогчийн картыг уншуулж бэлэн мөнгө авснаа гэрч, яллагдагчаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байх ба мэдүүлэг авах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулжээ. Нөгөө талаар Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5/2335 дугаар албан бичэгт өөр банкны ПОС болон АТМ төхөөрөмжүүд ашиглан мөнгө гаргаж авсан болохыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн төхөөрөмжүүдээс карт ашиглаж мөнгө гаргаж, бэлэн бус гүйлгээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй ба уг карт тухайн цаг хугацаанд шүүгдэгч Г.Г-ийн мэдэлд байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар батлагдсан тул хулгайлах гэмт хэрэг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. гэжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл, журмыг хуульд тусгайлан зохицуулсан. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэсэн шаардлагыг тавьсан.

Хэргээс үзэхэд хохирогч Л.О-д учирсан хохирол төлбөр барагдаагүй, хохирогч гомдол саналгүй гэж давж заалдсан гомдолд дурьдсан боловч энэхүү санал, хүсэлтийг илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Г.Г- гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах талаар байр сууриа илэрхийлээгүй байх тул өршөөлд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/494 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН          

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН