Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/03443

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2024/03443

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Хоршооллын хотхон, */* байр, *** тоотод оршин суух, Б  овогт Т ын Ц  /РД:ХВ****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, ** байр, ** тоотод оршин суух, Боржигон овогт Б ы О  /РД:УП******/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 14 053 324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Т.Ц ,

хариуцагчийн төлөөлөгч А.Н 

гэрч А.Б 

нарийн бичгийн дарга Э.Т  оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Ц  хариуцагч Б.О холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 15 016 706 төгрөг гаргуулахаар шаардсныг, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 14 053 324 төгрөг гаргуулахаар багасгаж шаардсан.

а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие Төмөрбаатар овопгой Ц  нь Сүхбаатар дүүргийн **-р хороо, Бэлхийн **-ийн ** тоот хаягт нөхөр болон 0-10 насны 3-н хүүхдийн хамт амьдардаг байсан. Нөхөр Н  маань хөдөө орон нутагт барилгын ажил хийдэг. Би Сүхбаатар дүүргийн **-р хороонд байрлах өөрийн амьдардаг объектоо 1-р давхрыг нь түрээслүүлж өрхийн амьжиргаагаа болгодог. Манай объект 2 давхар, нийт *** м.кв талбайтай. Энэ объектоо 2023 оны 8-р сараас бүхэлд нь түрээслүүлэхээр болоод зарын грүппүүдэд зар тавьж эхэлсэн. 2023 оны 09-р сарын 10-нд Б  овоггой О  зараар надтай холбогдож ирж үзээд хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар түрээслэхээр ярилцаж манай зарыг зогсоож өөрсдөө орохоор тохирсон. Ингээд манай зүгээс төвийн цэвэр усны холболтыг хийж өгнө, халаалтыг манай зүгээс холбож өгөх боломжгүй байсан учир түрээслэгчтэй түрээсийн гэрээн дээр харилцан тохиролцож түрээслэгч хийхээр болсон. Ингэхэд түрээслэгч түрээсийн бүтэн төлбөрийг манайд өгөлгүйгээр халаалтаа шийдэж өгнө гэхэд манайх өөрсдөө түрээсийн байранд орж байгаа учир боломжгүй, харин түрээсийн 4,400,000 төгрөгийн төлөлтийн тал нь болох 2,200,000 төгрөгийг манайд өгөөд, үлдсэн 2,200,000 төгрөгийг түрээслэгч халаалтанд зарцуулахаар тохирсон. Гэвч түрээсийн үлдэгдэл болох 2,200,000 төгрөг нь түрээслэгчийн хэлж байсан шиг халаалтанд зарцуулагдаагүй, манайд ч төлөгдөөгүй явсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд түрээслэгч болох Б.О ийн ээж болох Б  нь 09-р сарын 13- нд өөрийн фейсбүүк хаягнаасаа өөрийнхөө үл хөдлөх хөрөнгөний зураг хөргийг үзүүлж "Т "-гийн бэсрэг наадамд тендер аваад, энэ групптай хамтарч ажиллахазр болсон, учир нь объектоо томруулах хэрэгтэй байна, манайх ширхэгийн хоол хүнс гаргадаг гэж танилцуулсан. Б.О  нь манай объектыг эхний 6-н сараар түрээсэлж байгаад худалдаж авна, хаус зарж байгаа учир боломжтой гэсэн болохоор би ч итгэсэн. 09-р сарын 13-наас хойш орно гэж хэлсэн боловч оролгүй байсаар 09-р сарын 20-доор тоног төхөөрөмжүүдийг эхний ээлжинд, дараагийн удаад аав ээж нь гэрээ нүүлгэж, 2 нохойгоо авчирсан. Ингээд 10-р сар гарахад би гэрээгээ хийе гэхэд дахиад 14 хоногийн хугацаа өгөөч, зээл хөөцөлдөж байна гэсэн, энэ хугацаанд би төвийн цэвэр үсны шугамыг татаж холбосон. Гэрээгээ хийх тухай дахиад хэлэхэд 6-н сар түрээсэлчихвэл мөнгөтэй болох гэж байна, мөн манайх аваад ийм, тийм байдлаар тохижуулна гээд яриад байсан учир би бас бушуухан ажил нь бүтээсэй гэж бодоод нөхөртөө бас загнуулаад хүлээгээд л байсан. Энэ хугацаанд би 10-р сарын 10-нд түрээсийн байр хайж олсон ба мөн би төрөөд удаагүй учир нялх охин маань хатгаа аваад эмнэлэгт 8 хоног хэвтэж таарсан. Эмнэлгээс гарч ирээд нүүх бэлтгэлээ хийгээд миний түрээсээр орсон байрны маань эзэд гэрээ хийхийг шаардаж, мөнгөө нэхэж эхэлсэн, би ч мөн адил Ойдовдоржоос түрээсийн мөнгөө шаардаж эхэлсэн. 2023 оны 10-р сарын 20-нд миний орох байрны эзэн болох ээжтэй нь түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд 10-р сарын 21-ний өдөр миний бие 0-9 насны 3-н жаахан хүүхдүүдийн хамт түрээсийн байрандаа нүүж орсон. Ингэхдээ өөрийн байрныхаа өөрт байсан илүү түлхүүрээ О ийн ээжид хүлээлгэж өгсөн. 2023 оны 11-р сарын 01-нд О той үулзаж бичгээр гэрээ хийсэн бөгөөд О  нь манайх халаалт хийхээр болж байгаа учир барьцаа мөнгө өгөхгүй, түрээсийн гэрээгээр төлөх мөнгөн дун 4,400,000 төгрөгийг 2,200,000 төгрөгөөр бичээд, халаалтаа тусад нь оруулж өгье гээд гэрээн дээрээ 4,400,000 төгрөгийн тал болох халаалтны зардалд орох 2,200,000 төгрөгийг нийтэд нь базаад 20,000,000 төгрөгөнд халаалтын зардлыг багтаахаар ярилцаж гэрээлсэн болно. Маргааш, нөгөөдрөөс халаалтын ажил маань эхэлнэ гээд би ч итгэж гэрээндээ гарын үсэг зурсан юмаа. Түүнээс хойш 2023 оны 12-р сарын 12-нд нөхөр маань хөдөөнөөс ирж гэрээтэй танилцаж, үндсэн төлбөр болох 4,400,000 төгрөгөө оруулаад гэрээгээ дахиж хийх хэрэгтэй, халаалт ерөөсөө хийгдэж барьсан юм алга гэсэн тул нөхөр бид 2 О той объектон дээрээ уулзаж гэрээгээ дахин шинээр хийх тухай ярилцсан ба О мөн зөвшөөрч өөрийн мессенжэрийн хаягнаас гэрээг файлаар явуулсан. Нөхөр маань удалгүй хөдөөх ажил руугаа явсан бөгөөд би Ойдовдоржийн явуулсан гэрээг хэвлэн авч, О той уулзаж гарын үсэг зуруулж авах гэсэн боловч утсаа авахгүй, энд тэндэхийн элдэв арга хэмжээн дээр байна гээд уулзаж өгөхгүй яваад байсан, түрээсийн төлбөрөө ч төлөхгүй байсан учир нөхөр бид 2-ын харилцаанд муугаар нөлөөлж байнга муудалцаж байсан. Дээр нь бид түрээсийн байранд байгаа учир байрныхаа мөнгийг өгч чадахгүйд хүрч байрнаасаа хөөгдөж эхэлсэн. Бид хугацаанд объектоо түрээслүүлэх зар тавьж олон хүмүүс холбогдсон О  нь түрээсийн мөнгөө өгөхгүйн дээр байрыг суллаж өгөхгүй байсан учир өөр хүн оруулж чадахгүй байсан. Мөн 2023 оны 09-р сарын 10-аас гэрээ хийх хүртэлх 2 сар шахуу хугацааны мөнгөн дүн болон түрээс төлөөгүйн алдангийг огт тооцоогүй болно. Надад нийтдээ 5 удаагийн гүйлгээгээр 5 600 000 төгрөгийг төлсөн өөр мөнгө төлөөгүй. Ийм учраас байрыг суллаж өгсөн 2024 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 14 053 324 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б.О 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т.Ц тай СБД-ийн **-р хорооны Бэлхийн ***-р гудам *** тоот хаягт байрлах 405 м.кв үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж эхэлсэн. Би энэхүү үл хөдлөх хөрөнгийг түрээслэж өөрийн ээж аавынхаа хүнсний жижиг цехийн үйл ажиллагаанд тус дэм болох зорилготой байсан. Манай ээж аав хоёр жижиг дунд үйлдвэрлэгч тул өөрсдийн гэсэн ажлын байр цехийн үйл ажиллагаагаа явуулах үүднээс сарын түрээсийг 2,200 000 төгрөгөөр тохиролцож анх гэрээ байгуулсан. Түрээслэх газраа очоод үзтэл цэвэр усны халуун хүйтэн усгүй, мөн төвийн дулаан байхгүй байсэн. Тэр үед үйлдвэрлэл явуулахад жаахан асуудалтай юм байна. Одоо сэрүү орж байна дулаанаа яаж шийдэх билээ гэхэд цахилгаан халаагуур хэрэглэж болно, эсхүл дулаан холбох ажлыг та нар хийчих, угаасаа чи боломжийн байвал худалдаж авах юм чинь чамд ч бас хэрэгтэй, худалдаж авхааргүй болчихвол гэрээ цуцлагдах үед би буцаагаад өгчий гэх зэргээр тохирч гэрээгээ байгуулсан. Гэрээгээ байгуулаад удаагүй байхад нөхөр хөдөөнөөс ирээд гэх зэргээр ярьж байсан ба хойно байшинд хүн байхгүй байгаа юм уу. Гэх зэргээр асууж байсан. Миний бие өөрийн гэсэн ажил төрөлтэй өглөө гараал орой ирдэг болохоор юу болж байгааг мэдээгүй. Гэтэл манай ээж энэ түрээслэж байгаа газарт хүнсний үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй болохгүй юм байна. Халуун хүйтэн ус ч байхгүй маш хүйтэн байна гээд байсан. За ээж хүмүүстэй тохироод гэрээ хүртэл байгуулчихаад байхад одоо болилоо бүтэхгүй юм байнаа гэхээр бас хэцүү, муухай гэх зэргээр хэлээд. Хүү нь удахгүй хүмүүсээр дулааныг нь татуулаад ажлууд хийчихвэл болно та түрдээ үеэлийн байрны доор ажлуудаа явуулчих би яриад хэлчий гээд өөр газар түрээслээд үйл ажиллагаагаа хийж эхэлсэн. Цэрэннадмид түрээсийн төлбөр төлөх өдөр болохыг дөхүүлэд яриад надаас түрээсийн тооцоогоо нэхэж чат бичиж залгадаг байсан. Тухайн гэрээ хийгдээд удаагүй байх үед би хөдөө орон нутагт ажлаар явж байгаад аваарт орж нуруундаа маш том гэмтэл бэртэл авч, хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэж гэрээс гарах боломжгүй байсан тул санхүүгийн асуудалд орж эхэлсэн. Тухайн үед би түрээслэгчид эрүүл мэндийн шалтгаантай болоод үнэхээр асуудалтай байгаа та түрдээ харж байгаач гэх зэрэгээр хэлж байсан. Өдөр шөнөгүй залгаж чат бичиж байсан. Тэгээд хүнээс мөнгө зээлээд хүртэл түрээсийн тооцоог нь хийж байсан. Тэгээд аав маань миний хүү одоо тэр хойно байгаа байшингийн хүн байнга залгаж байна, ашиглахгүй, хүн байхгүй эзэнгүй зүйлд мөнгө үрж, тэгж байхаар түрээслэхээ больчихвол яадаг юм бээ гэхээр нь нэгэнт хүнтэй гэрээ байгуулчихсан та хоёрийгоо бас хүн цариачлаад байхгүй санаа зоволтгүй өөрсдийн зүйлтэй болгочихмоор байна гээд би гэрээгээ цуцлаагүй явж байсан. 2024 оны 2 сард цагаан сарын үеэр Цэрэннадмид би өөр хүмүүст түрээслэхээр болсон одоо юмнуудаа аваарай дахиж түрээслэхгүй гэсэн бид юу гэсэн үг бэ 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан хугацаагаа ядаж дуусгаж болохгүй юмуу гэсэн үгүй боломжгүй гэх мэтээр ярьж байсан бөгөөд манай ээж одоо л сайхан дулаахан болж байна бид түрээслэснээсээ хойш нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй гээд бухимдсан. Бүх нөхцөл байдлыг мэдсээр байж яасан муухай хүмүүс бэ гэж намайг нилээн загинаад, за яахуу болох байхаа гээд тухайн үедээ аваачиж тавьсан байсан хэдэн хайрцагтай зүйлүүдээ аваад гарсан. Ингээд шууд шүүхэд 3-р сарын 26-нд нэхэмжлэл гаргаад надаас ямар үндэслэлээр ямар шалтгаанаар нэг сарын түрээсийн төлбөр 4,400,000 төгрөг болгож нэхэмжлэж байгааг миний бие ойлгохгүй байна. Иймд энхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний маргааныг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Т.Ц  нь Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Бэлхийн ***  дүгээр гудам *** тоот хаягт байрлах 405.5 мк.в Ү******тоот Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, Б.О ой 2319 тоот түрээсийн гэрээ байгуулахад Иргэний хуулийн 62 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд заагдсан итгэмжлэлийн үндсэн дээрх төлөөлөх эрх олгогдоогүй байсан бөгөөд төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1- 65.1.9 дүгээр зүйл, 117 дугаар зүйлийн 117.1 хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/11 дүгээр түрээсийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фейсбүүк чатны зураг, 2023.10.20-ны өдрийн 0435 дугаар орон сууц хөлслөх гэрээ зэргийн ирүүлсэн байна. /хх-ийн 6-27/

 

5. Хариуцагчаас хариу тайлбар, 2024.06.19-ний өдрийн орон сууц хөслөх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2023.12.31-ний өдрийн түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 59-65/

 

6. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр А.Байгалмааг оролцуулж мэдүүлэг авч хэрэгт хавсаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... 2023 оны 9-р сарын 10-нд Б  овоггой О  зараар надтай холбогдож түрээслэгч хийхээр болсон. Түрээслэгч түрээсийн бүтэн төлбөрийг манайд өгөлгүйгээр халаалтаа шийдэж өгнө гэхэд манайх өөрсдөө түрээсийн байранд орж байгаа учир боломжгүй, харин түрээсийн 4 400 000 төгрөгийн төлөлтийн тал нь болох 2 200 000 төгрөгийг манайд өгөөд, үлдсэн 2 200 000 төгрөгийг түрээслэгч халаалтанд зарцуулахаар тохирсон. Гэвч түрээсийн үлдэгдэл болох 2 200 000 төгрөг нь түрээслэгчийн хэлж байсан шиг халаалтанд зарцуулагдаагүй, манайд ч төлөгдөөгүй явсаар өдийг хүрсэн. 2023 оны 11-р сарын 01-нд О той үулзаж бичгээр гэрээ хийсэн бөгөөд О  нь манайх халаалт хийхээр болж байгаа учир барьцаа мөнгө өгөхгүй, түрээсийн гэрээгээр төлөх мөнгөн дүн 4 400 000 төгрөгийг 2 200 000 төгрөгөөр бичээд, халаалтаа тусад нь оруулж өгье гээд гэрээн дээрээ 4 400 000 төгрөгийн тал болох халаалтны зардалд орох 2 200 000 төгрөгийг нийтэд нь базаад 20 000 000 төгрөгөнд халаалтын зардлыг багтаахаар ярилцаж гэрээлсэн болно. Түүнээс хойш 2023 оны 12-р сарын 12-нд нөхөр маань хөдөөнөөс ирж гэрээтэй танилцаж, үндсэн төлбөр болох 4 400 000 төгрөгөө оруулаад гэрээгээ дахиж хийх хэрэгтэй, халаалт ерөөсөө хийгдэж барьсан юм алга гэсэн тул нөхөр бид 2 О ой объектон дээрээ уулзаж гэрээгээ дахин шинээр хийх тухай ярилцсан ба Ойдовдорж мөн зөвшөөрч өөрийн мессенжэрийн хаягнаас явуулсан гэрээг хэвлэн авч, Ойдовдоржтой уулзаж гарын үсэг зуруулж авах гэсэн боловч утсаа авахгүй, энд тэндэхийн элдэв арга хэмжээн дээр байна гээд уулзаагүй. 2023 оны 09-р сарын 10-аас гэрээ хийх хүртэлх 2 сар шахуу хугацааны мөнгөн дүн болон түрээс төлөөгүйн алдангийг огт тооцоогүй болно. Ийм учраас байрыг суллаж өгсөн 2024 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 14 053 324 төгрөгийг нэхэмжилж байна. гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нар татгалзлын үндэслэлээ Б.О  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т.Ц тай СБД-ийн **-р хорооны Бэлхийн 11-р гудамж *** тоот хаягт байрлах 405 м.кв үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж, ээж, аав маань жижиг дунд үйлдвэрлэгч тул өөрсдийн гэсэн ажлын байр цехийн үйл ажиллагаагаа явуулах үүднээс сарын түрээсийг 2,200 000 төгрөгөөр тохиролцож анх гэрээ байгуулсан. Түрээслэх газраа очоод үзтэл цэвэр усны халуун хүйтэн усгүй, мөн төвийн дулаан байхгүй байсан. Уг хөрөнгийг цаашдаа худалдаж авах зорилготой байсан тул халаалтыг нь хийхээр тохирсон. Гэвч уг газарт нэг ч өдөр үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд гэрээ цуцалсан. Мөн Б.О  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23/19 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчинтөгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Т.Ц  хариуцагч Б.О нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23/19 тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, **  дугаар хорооны Бэлхийн ** гудамж, *** тоот хаягт байрлах, 405 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаатайгаар, сарын 2 200 000 төгрөг, түрээсийн төлбөрийг 2 сараар авч, нийт 13 200 000 төгрөгийг 2023.11.04-нд 4 400 000 төгрөг, 2023.12.22-нд 4 400 000 төгрөг, 2024.02.22-нд 4 400 000 төгрөгийг тус тус төлж, түрээслэгч тал нь хөрөнгийн халаалт, цэвэр, бохирын холболт угсралтын ажлын 20 000 000 төгрөг хүртэлх зардлыг дангаар бүрэн хариуцаж, 20 000 000 төгрөгөөс хэтэрсэн зардал гарсан тохиолдолд талууд харилцан тохиролцож, түрээсийн хугацаа дуусахад 2024.05.01-нд түрээслүүлэгч нь түрээслэгчид 6 800 000 төгрөгийг буцааж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-7/

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

5.1 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагч Б.О  нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн бөгөөд түрээсийн төлбөрт нийтдээ 5 600 000 төгрөгийг авсан гэж тайлбарлав.

5.2 Гэрч А.Б  ...Анх уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр би очиж үзсэн бөгөөд гэрээг манай хүү Б.О байгуулсан. Манайх хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 оны 10 сард бүх тоног төхөөрөмж болон эд зүйлсээ аваачиж тавьсан. Тухайн байр нь удахгүй холбогдоогүй. Гуйж байж усыг нь холбуулсан боловч нэг ч ашиглаагүй. Ингээд өвлийн хүйтэнд тухайн байранд үйл ажиллагаа явуулах, амьдрах боломжгүй байсан бөгөөд тэнд үлдээсэн цэцэг хүртэл хөлдөж байсан учраас өөр түрээсийн байр түрээслээд манайх нүүсэн. Миний тооцоогоор 5 646 000 төгрөгийг төлсөн байна. гэж мэдүүлсэн.

5.3 Түүнчлэн хэрэгт 2024.03.18-нд Дарь эхийн байрыг суллав. Өнөөдрийн цахилгааны төлбөр 492681 төгрөг байна. Энэ тооцоог дуусгавар болгож 12 сарын дутуу тооцоог 2024.3.18-ны хүртэлх тооцоотой түрээсийн гэрээний Ойдовдоржтой дуусгавар болгоно. О ийн ээж А.Б  ... гэсэн баримтыг нэхэмжлэгч гаргаж ирүүлснийг, гэрч А.Б уг байрыг хүлээлгэж өгөхдөө бичиж өгсөн гэж тайлбарласан./хх-ийн 7 ар талд/

5.4 Эдгээрээс дүгнэхэд хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлсэн үйл баримт тогтоогдож байна.

6. Харин хариуцагчийн төлөөлөгч түрээсийн зүйл болох эд хөрөнгө нь нэхэмжлэгч Т.Ц ын нөхөр А.Н ийн хөрөнгө бөгөөд Т.Ц  нь уг түрээсийн гэрээг А.Н ээс олгосон итгэмжлэлийг үндэслэж гэрээ байгуулсан байдаг. Гэвч уг итгэмжлэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх эрхийг олгоогүй байх тул энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбар гаргасан.

6.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд хариуцагч тал маргаж байгаа хэдий ч уг гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан, талууд гэрээ цуцлагдсан эсэхэд маргаагүй тул гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх шаардлагагүй.

6.2 Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Т.Ц  нь анх түрээсийн гэрээг сарын 4 400 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, гэрээг нөхөж шинээр байгуулж чадаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

7. Дээрхийг нэгтгээд хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 12 320 000 төгрөгийг /5 сар 18 хоног х 2 200 000төгрөг/ төлөх үүрэгтэй байх ба үүнээс төлөгдсөн 5 600 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 6 720 000 төгрөгийг хариуцагч Б.О оос гаргуулж, илүү нэхэмжилсэн 7 333 324 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О оос гэрээний үүрэгт 6 720 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7 333 324 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 868 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.О оос улсын тэмдэгтийн хураамжид 122 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ