Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0273

 

2024         03           27                                     128/ШШ2024/0273

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Е******* ХХК /РД:5056454/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б******* /ҮД:3331/

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөгч Д.Н******* нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Е******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах,

-Е******* ХХК-ийн Б******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын, З******* аманд байрлах 0******* гэрчилгээний дугаартай 2,1 га бүхий газрын ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/335, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/525 дугаар тушаалыг үндэслэн Е******* ХХК-д Б******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн З******* ам нэртэй газарт 2.1 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар зохих журмын дагуу ашиглуулахаар 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байна.  

3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулах газар хүргүүлж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Е******* ХХК-ийн З******* аманд ашиглаж байсан газрыг хүчингүй болгож, ингэхдээ Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзжээ.

4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1340 дүгээр албан бичгээр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллагын зүгээс сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийгээгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны фейсбүүк хуудсаар хийсэн гэж хэлж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгсэл гэсэнтэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны фейсбүүк хуудсыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх боломжгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллага өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэсэн заалт байдаг. Мөн сонсох ажиллагааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 11, 12 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн субъект нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаа. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа тус сонсох ажиллагааг хийж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.6-д зааснаар бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх бололцоог хангах зарчим зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч талаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа манай харьяа байгууллага гэж тайлбар өгч байгаа боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тусдаа эрх үүрэгтэй, тусдаа захиргааны байгууллага гэж харагдаж байна. Мөн маргаан бүхий захиргааны актыг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гаргасан боловч манай байгууллагат 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг мэдэгдээгүй гэж харагдаж байна. Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэнэ гэх заалтыг хэрэгжүүлээгүй гэдэг нь шүүхэд цугларсан баримтын хүрээнд харагдаж байна. Манай байгууллагын хувьд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр газар сунгуулах хүсэлтийг өгсөн. Уг сунгуулах хүсэлтийг өгснөөс хойш 7 хоног болгон очиж уулзаж байсан боловч хариу өгдөггүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин албан тоотоор хандсан. Энэ хариу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирдэг. Гэтэл Газрын тухай хуульд зааснаар 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор газрыг сунгах уу, үгүй юу гэсэн хуулийн зохицуулалттай. Ажлын 15 хоногоор тооцох юм бол 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дуусаж байгаа. Захиргааны акт гарахаас өмнө хариу өгөх ёстой гэж үзэж байгаа. Маргаан бүхий захиргааны актын үндэс нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэдэг. Манай байгууллага 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 2 жил 5 сарын дараа газар ашиглах эрх цуцалж байгаа. Энэ хугацаанд корона вирус цар тахал буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэдэг нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэрчилгээгээр нотлогдож байгаа. Мөн нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байна.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 736 дугаартай тушаал, Улсын дээд шүүхийн тайлбараар газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг яаж тоолж байгаа вэ гэхээр гэрээ байгуулснаас хойш тоолж байгаа. Гэрээ 2021 оны 3 дугаар сард байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэнтэй холбоотой тайлбар гаргахад 10 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулаг хүсэх байдлаар албан бичиг ирүүлсэн. Нэгэнт газар ашиглах эрхийн хугацаа 8 сард дуусгавар болсон байх тул үүнд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү?, нэхэмжлэгч талын газартай хамааралгүй болж байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй болохыг тогтоосноор нэхэмжлэгчид ямар эрх ашиг сэргэх юм, сэргэх эрх ашиг байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  уг хуулийн заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

2.2. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дугаар тушаалаар Е******* ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

2.3. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор Корона вирус буюу цар тахлын нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий баримт байна.

2.4. Мөн Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон атлаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 2021 оны 03 дугаар сарын 15-ны газар ашиглах тухай гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан.

2.5. Нэхэмжлэгчээс олон улсын стандартад нийцсэн, гадаад дотоодын жуулчдад зориулсан иж бүрэн цогцолбор барих төлөвлөгөөтэй үйл ажиллагаа явуулахаар:

-Е******* ХХК-иас Зуун найм ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08/19 дүгээр Барилгын төсөл боловсруулах гэрээг байгуулж,

-2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* худалдаа, аж үйлдвэрийн компанитай Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг байгуулж,

-2020 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулж,

-Мөн Хот байгуулалт, хөгжлийн газарт 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 22/94 дүгээр албан бичгээр хандан архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар хүсэлтийг гарсан байна.

2.6. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч маргаан бүхий газартаа 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаж, тогтоогоогүй, газрын үзлэг хийгээгүй байна.

2.7. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

2.8. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.

2.9. Хэдийгээр шүүхээс хийсэн газрын үзлэгээр газар дээр хашаа баригдаагүй байх хэдий ч Е******* ХХК нь маргаан бүхий газартаа үйл ажиллагаа явуулахаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.10. Иймд нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Е******* ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Е******* ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Е******* ХХК-ийн Б******* дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын, З******* аманд байрлах 0******* гэрчилгээний дугаартай 2,1 га бүхий газрын ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан.

3.3. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс Байгаль орчин аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхийн хугацааг сунгахаар гаргасан хүсэлт байхгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

3.4. Мөн нэхэмжлэгчээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

3.5. Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой газар ашиглах эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Е******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/374 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Е******* ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е******* ХХК-иас гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Е******* ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОДМАА