Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0652

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-дэх хэсгийг баримтлан Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/842 дугаартай захиргааны актыг хүчингүйд тооцуулах, худалдан авах ажиллагааг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт зохигч талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна.

  1. Нэхэмжлэгч болох Э******* ХХК-ийг 2021 оноос эхлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зарлах аливаа тендерт оролцоход Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02-01/4014 дугаартай шалгалтын дүн, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02-02-282/32 дугаартай улсын ахлах байцаагчийн актыг үндэслэн тендерээс татгалзахгүй болохыг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар зөвшөөрөв.
  2. Нэхэмжлэгч Э******* ХХК-д дараа дараагийн тендерт оролцоход Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тендерт оролцогч бусад хуулийн этгээдэд тавигдах шаардлага, нөхцөл, шалгуур адил хэмжээнд тавигдана. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгоно, 68 дугаар зүйлийн 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасантай нийцсэн байна.

Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа дуусгавар болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын эвлэрлийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг тус тус баримтлан Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/842 тоот захиргааны актыг хүчингүйд тооцож, худалдан авах ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ