Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/52

 

 

 

 

 

 

 

 

 2022         06             30                                         2022/ДШМ/52

 

 

..............д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн,

            Шүүгдэгч ..............,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, М.Машбат,

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар,

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 178 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч ..............д холбогдох 2134000000211 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн

Шүүгдэгч .............. нь 2020 оны 9 дүгээр сарын 20-28 ны өдөр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4-р багийн Элсний өвөр гэх газраас 520 боодол өвс хулгайлан авч хохирогч ..............ад 5,200,000 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас ..............д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Зоригоогийн ..............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000211 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ..............ыг цагаатгаж,

Цагаатгагдсан этгээд ..............д урьд авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

            Эрүүгийн 2134000000211 дугаартай хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, Beiben nort benz маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдолдоо: .... Шүүгдэгч .............. нь 2020 оны 9 дүгээр сарын 20-28-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4-р багийн нутаг Элсний өвөр гэх газар байсан ..............ын хадаж, хураасан 520 боодол өвсийг хулгайлан авч 5,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч ..............ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжгүй, тухайн үйл явдал нь иргэний эрх зүйн харилцаа байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ..............ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг баримталж, шүүгдэгчид илт давуу байдал олгосон гэж үзэж байна.

Хохирогч .............. нь Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4-р багийн нутаг Элсний өвөр гэх газрыг сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан "Хадлангийн зориулалтаар газар ашиглах гэрээ"-ний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу төлбөрийг төлж 2019 оноос одоог хүртэл ашиглаж байгаа бөгөөд 2020 оны намар өөрийн эзэмшлийн талбайгаас хадлан хадахдаа ..............ыг хөлсөөр ажиллуулахаар тохиролцож хамт хадлангаа хадаж дуусгасан бөгөөд ..............д ажлын хөлсөнд 800,000 төгрөг төлсөн, тухайн талбайд хадаж хураасан өвс нь ..............ын өмч юм. Гэтэл .............. нь ..............ад мэдэгдэлгүйгээр түүний талбайд хураасан өвснөөс 520 боодол өвсийг хулгайлж авч явж зарж борлуулж, мөнгийг өөртөө авч түүнийг хохироосон. ..............ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, харьцуулан шинжлэн судлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ/, 3 дахь хэсэг /Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана/-т заасныг ноцтойгоор зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэжээ.

Прокурор П.Даваасүрэн гаргасан эсэргүүцэлдээ: Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн би эрүүгийн 2134000000211 дугаартай ..............д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2022 оны 4 дүгээр   сарын 12-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүх Шүүгдэгч ..............ы "...Би нутгийн танил .............. гэх хүнтэй 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр нийлж хадлан хадаад гарсан өвсөө тэнцүү хувааж авъя гэж тохиролцоод хадлан хадаж дуусаад нийт 3000 орчим боодол өвс хадсан. Ингээд түүнээс би 500 боодол өвс ачсан. Үлдэгдэл 1600 орчим боодол өвс үлдээгээд явсан. Би ..............ад гарсан зардлаа наадахаа зарж борлуулаад өөрөө нөхөөд аваарай гэж хэлээд явсан."  гэх мэдүүлэг, гэрч Ө.Гурвантамирын "...2020 оны 9 дүгээр сарын дундуур 15 хоног ажилласан..." гэрч Д.Даваадоржийн "...2020 оны 10 дугаар сард манай энэ компанийн ажилчин байсан .............., Гурвантамир гэх хоёр хүн Цээл сумын төвд явж байсан чинь өвс ачих уу гээд тэгье гэсэн чинь тэр хоёр дээр жолооч Зоригоо, Аюурзана бид 5 Төв аймгийн Цээл сум Сүүл буга 4 дүгээр багийн нутаг Бага элсний өвөр гэх газар очоод өвс ачиж өгсөн" гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч .............. болон .............. нар иргэний эрх зүйн харилцаанд оролцож хамтран ажиллах аман гэрээ байгуулан хамтран ажилласан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн цагаатгах тогтоолтой 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 16 цагт хүлээн авч танилцаад    шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж цагаатгах шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, хууль зүйн дүгнэлтийг зөв хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичлээ. Учир нь:

1.Шүүх шүүгдэгч, хохирогч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхдээ тэдний хооронд хэзээ, ямар иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг зөв тодорхойлж чадаагүй байна. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй харин хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байж болох боловч энэ харилцаа нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө үүсэж, дууссан болохыг шүүх анхаараагүй байна. Энэ нь хохирогч ..............ын "...би өөрийнхөө ажлыг хийх гэтэл нэг тракторыг жолоодох хүн байхгүй болохоор нь би ..............д танд цалин өгье та миний өвсийг хадалцаад өгөөч гэж гуйгаад зөвшөөрөөд нэг тракторыг жолоодож хадалцаж өгсөн..." гэх мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримт нь хохирогч ..............аас шүүгдэгч ..............ы эхнэр Ө.Гурвантамирын Хаан банк дахь дансанд 800,000 төгрөгийг "ажлын хөлс" гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн дансны хуулгаар давхар нотлогддог юм. Өөрөөр хэлбэл хохирогч .............. нь шүүгдэгч ..............тай харилцан тохиролцож хөлсөөр ажилласан үйл баримт нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болсон үйл явдал тул энэхүү гэмт хэрэгтэй хамааралгүй юм.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй" байгаа нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо түүний мэдүүлэг нь өөр бусад ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар, дүгнэлт хийгээгүй зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй шийдвэр болжээ. Мөн эсрэг нотлох баримт болох хохирогчийн хууль сануулж авсан мэдүүлэг, Хаан банкны шүүгдэгчийн эхнэрт мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нь ямар үндэслэлээр үгүйсгэгдэж байгаа, яагаад шийдвэрийн үндэслэл болгоогүй зэргийг шийдвэртээ огт дурдалгүй зөвхөн хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээгээгүй яллагдагч.шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн талаар ач холбогдол бүхий мэдүүлэг өгөөгүй гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэл болгож цагаатгах шийдвэр гаргасан нь тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

3.Цагаатгах тогтоолд "Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ" гэж зөв тодорхойлсон боловч энэхүү гэмт үйлдлийг ямар шалтгааны улмаас дээрх тодорхойлолтод нийцээгүй гэдгийг тайлбарлаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэмт хэргийн халдлагын зүйл болох 5,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий өвс нь хохирогчийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон, шүүгдэгч тухайн өвсийг өмчлөгч /хохирогч/-д хэлж, мэдэгдэлгүй буюу нууцаар авсан, шүүгдэгчийн энэхүү үйлдэл шунахайн сэдэлтэй, ашиг олох гэсэн зорилготой идэвхтэй үйлдлээр үйлдэгдсэн байхад шүүх иргэний эрх зүйн маргаан гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу "цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг тусгана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 178 дугаартай "Цагаатгах тогтоол"-ыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан судлаагүй. Нотлох баримтыг үнэлэхдээ хууль зөрчсөн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралд гаргасан саналдаа: Цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.           

           

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..............д холбогдох 2034001930412 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна.

 

            Шүүгдэгч .............. нь 2020 оны 9 дугээр сарын 20-28-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга 4-р багийн Элсний өвөр гэх газраас 520 боодол өвс хулгайлан авч хохирогч ..............ад 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зуйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

            Анхан шатны шүүхээс ..............д холбогдох Эрүүгийн 2134000000211 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, ..............ыг цагаатгажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэж чадаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

 

Анхан шатны шүүх хохирогч .............. болон .............. нар иргэний эрх зүйн харилцаанд орж хамтран ажиллах аман гэрээ байгуулан хамтран ажилласан болох нь тогтоогдсон өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн шинжгүй хэмээн шүүгдэгч ..............ыг цагаатгасан үндэслэлээ тодорхойлжээ.

 

Шүүгдэгч ..............ыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа баримтын агуулга, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаагүй, цагаатгах тогтоол нь үндэслэлтэй гарч чадаагүй байна.

 

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хохирогч ..............аас Төв аймгийн Цагдаагийн газарт хийж бэлтгэсэн 1600 боодол өвснөөсөө 950 боодол өвсийг хулгайд алдсан талаар өргөдөл гаргасан байна. /хх-н 002/

 

            Хохирогч ..............: “... би өөрийнхөө ажлыг хийх гэтэл нэг тракторыг нь жолоодох хүн байхгүй болохоор нь бт ..............д би таньд цалинг нь өгье та миний өвсийг хадалцаад өгөөч гэж гүйгаад зөвшөөрөөд нэг тракторыг жолоодож өвс хадалцаж өгсөн. Ингээд би өвсөө хадаж дуусаад ..............д ажлын хөлс 800,000 төгрөг эхнэр Гурвантамирын дансаар нь өгсөн. Тэгтэл 2020 оны 10 дугаар сарын дунд үеэр .............. манай талбай дээр очоод яваа сураг надад сонсогдсон. Тэгээд түүний дараа очоод өвсөө бүртгэтэл 950 боодол өвс дутсан байсныг мэдээд ирж уулзахад байхгүй гээд хэсэг хугацаа өгч харсан боловч ирэхгүй тоохгүй болохоор нь би цагдаад хандсан” /хх-н 15/,

 

Гэрч Д.Даваадорж: “...Нийт хэчнээн тооны өвс ачсаныг бол мэдэхгүй, толгой дээр нь дүүртэл ачаад чиргүүлийг нь тал өвс ачсан. Өвсийг ачиж өгөөд Аюурзана ах бид 2 хадлан руугаа явсан” /хх-н 23-24/,

 

Гэрч Б.Батзориг: “.............., Гурвантамир гээд хоёр хүн над руу залгаад Сүүлбуга 4-р багийн Бага элсний чанх урд газраас 410 орчим боодол өвс ачуулсан. Нуруулдсан өвсийг бүгдийг ачсан. Бүгд 410 орчим байсан байх” /хх-н 31-32/,

Гэрч ..............: “2020 оны 11 дүгээр сард санагдаж байна. Зоригоо жолоочид 1 боодлыг нь 8,000  төгрөгөөр бодоод ачуулсан. 500 боодол өвс ачуулаад мөнгөө 7 хоногийн дараа 4 сая төгрөг шилжүүлсэн/хх-н 43-44/ гэх болон шүүгдэгч, хохирогч нарын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр хохирогч ..............ын хэдэн боодол өвсийг шүүгдэгч З............... хулгайлсан гэх үйл баримт буюу гэмт хэргийн хохирол тодорхой биш байна.

 

2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЗ/1066 дугаартай шүүгчийн захирамжаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн гүйцэд, бодитой тогтоогоогүй үндэслэлээр ..............д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. /хх-н 147-148/

 

Хэрэг прокурорт буцсанаас хойш хохирогч, яллагдагчаас дахин мэдүүлэг авснаас өөр ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгүйгээр 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдал нотлогдоогүй байх тул хэргийг прокурорт буцааж хохирогч ..............ад учирсан хохирлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж нарийвчлан тогтоох шаардлагатай байна гэж үзлээ.

 

Мөн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг “Яллагдагч .............. нь 2020 оны 9-р сарын 20-28 ны өдөр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4-р багийн Элсний өвөр гэх газраас 520 боодол өвс хулгайлан авч хохирогч ..............ад 5,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн атлаа уг яллах дүгнэлтийн хавсралтад “4. Яллагдагч ..............ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 21.037.500 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн болно” гэж тусгаснаас үзвэл хэргийн зүйлчлэл тохирсон эсэх нь эргэлзээтэй, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гараагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдол үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гаргасан прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 178 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон ..............д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч ..............д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                               Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ