Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 490

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч О.М, өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Д.Т, өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт О.Мыг, 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт  Д.Тг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010464 дүгээр 2 хавтас хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1055 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил тэнсэж, хянан харгалзсан, Б овогт Оын М /РД:.../,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Дгийн Т /РД:.../.

Яллагдагч О.М нь Д.Ттэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 39 дүгээр байрны урд зогсоолд байрлуулсан М.Бы ... УНЯ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг хулгайлан 870,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.М нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух Т.Оээс 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “нөүтбүүкийг чинь 2 хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 600,000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ... тоотод оршин суух иргэн О.Эгаас “Х нөүт” маркийн нөүтбүүкийг нь “2 хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 100,000 төгрөгийн хохирол,

2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Е.Нээс 250.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 250.000 төгрөгийн хохирол,

2016 оны 11 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Г.Бгийн гэрээс “Ленова” маркийн зөөврийн компьютерийг “нэг хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 400,000 төгрөгийн хохирол,

2016 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны гадна иргэн Ч.Ггаас “зөөврийн компьютерээ түр өгөөч, төсөл бичээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 500,000 төгрөгийн хохирол,

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” Андуудын автобусны буудал дээрээс иргэн О.Эийг хуурч мэхлэн иргэн Э.Тий “HP” маркийн зөөврийн компьютерийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 500,000 төгрөгийн хохирол,

2017 оны 02 дугаар сарын 15-ны үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн М.Зын эзэмшлийн “Тошиба ай-5” маркийн гар утсыг түүний дүү М.Шаас “хэрэглэчихээд орой авчираад өгье” гэж итгэл төрүүлэн, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 300,000 төгрөгийн хохирол учруулж, нийт 2,650,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Д.Т нь О.Мтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 39 байрны урд зогсоолд байрлуулсан М.Бы ... УНЯ улсын дугаартай “Тоёото Чейзер” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг хулгайлан 870,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Урьдчилан хоригдоод муу хүн болж байгаагаа ойлгосон. Ганц удаа боломж олгоно уу” гэв.

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Муухай зүйл хийсэндээ харамсаж байна. Ойлгож ухаарсан, дахин ийм зүйл хийхгүй” гэв.

Эрүүгийн 201726010464 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Нэг. Шүүгдэгч О.М, Д.Т нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар:   

Хохирогч М.Бы: “2017 оны 2 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн үед өөрийн ... УНЯ улсын дугаартай Тоёота чезер автомашинаа зогсоол дээрээс авах гээд очиход 4 дугуй нь байхгүй байсан. Надад нийт 730,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-36/,

Гэрч Б.Оийн: “Би тэр өдөр 18 цаг өнгөрч байхад Тгийн хамт гэртээ байхад М залгаад байсан. Яах гэж байгаа талаар Тгээс асуухад нэг хүнээс дугуй авна, машинаараа яюаад өг гээд гуйгаад байна гэсэн. ...Намайг машинд ороод суухад М, Ганхүү нар байсан. Би ямар дугуй хаанаас авах гэж байгаа юм гэхэд гоё дугуй байгаа, би авахаар яриад тохирчихсон гэж хэлсэн. Би унтчихсан байсан. Нэг сэрэхэд 1 дүгээр хороололд явж байсан. М нөгөө хүнээсээ дугуйгаа авчихлаа гээд машинд суусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-37-38/,

Гэрч Ц.Сумъяагийн: “2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн үед ажил дээрээ байхад 20 орчим насны хоёр залуу бараан өнгийн машинтай ирээд 4 обудны гүх томруулах гэсэн чинь дугуйг нь задлах шаардлагатай байна гээд надаар задлуулаад аваад явсан. Надад 225/62R16 хэмжээтэй 4 дугуй үлдээсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-38-39/, 

Гэрч Ч.Энх-Амгалангийн: “...17 цагийн үед 4 обудаа салгаад аваад ирсэн. Токарийн машинд зорж нүхийг нь томруулж өгөхөөр болоод авч үлдсэн. Ирж авна гээд аваагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-41/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ганхүүгийн: “...Миний таньдаг ах М утсаар яриад Сансарт хүрээд ир уулзая гэхээр нь очсон. Т гэр рүүгээ орчихлоо, гурвуулаа нэг хүнээс дугуй аваад ирье гээд байж байсан. Т яахихмаа гээд залгаад байсан. Тг гэрээсээ 20 цагийн үед гарч ирэхэд нь 1 дүгээр хороолол, ... байрны урд талд ... УНЯ дугаартай цагаан өнгийн машин дээр хүрч ирсэн. Дугуй засварын газраас домкрат гуйгаад машины доор тоосго эвээд дугуйг нь авсан. Тэр үед Мыг дугуй хулгайлж байгааг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43/,           

Гэрч Л.Нямтогтохын: “...Миний нэр дээр бүртгэлтэй ... УНЯ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн цагаан өнгийн машинаа М.Б гэж залууд 2016 онд зарсан. Би нэрийг шилжүүлж өгнө гээд чадахгүй байгаа. Тухайн үед Б бид хоёр хувь лизингээр машинаа өгч, авч байсан. ...4 дугуйг алдсан хэрэгт хохирогчоор М.Б явна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-144/,

Иргэний нэхэмжлэгч Б.Оийн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Э.Ц гэж хүнээс ... УНР улсын дугаартай “Ниссан Тиана” маркийн автомашиныг 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Нөхөр Д.Т бид хоёр унаж, хэрэглэж байдаг. Манай нөхөр тухайн машинаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр О.М гэж найзтайгаа явж байгаад хэрэгт холбогдсон гэсэн. Тухайн хэргээс болж манай машиныг битүүмжилсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-150-151/,

хохирогч М.Бы өргөдөл /1 дүгээр хавтас, хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-18-19, 20-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22-23/,

Шүүгдэгч О.Мын яллагдагчаар өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 16-ны шөнө 01-02 цагийн үед 1 дүгээр хорооллын 39б байрны гадна зогсоолд басйан цагаан өнгийн Тоёота чезер маркийн машины дугуйг домкратаар өргөөд 4 дугуйг нь тайлаад оронд нь тоосго ивж хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-63-64/,

Шүүгдэгч Д.Тгийн яллагдагчаар өгсөн: “М нь “... байрны гадна нэг цагаан өнгийн Чейзер машин хөдлөхгүй удаан зогсоод байна, дугуй нь дрифт хийдэг хүмүүсийн сонирхдог дугуй байна, авчихъя” гэхээр нь “яах юм бэ, лай болно шүү дээ” гэхэд “би өөрөө арыг нь даана, чи надад туслаад машинаараа яваад өг” гэж хэлсэн. Гэрт байхад тасралтгүй залгаад, мессеж бичээд байхаар нь би гарах гэтэл эхнэр О гаргахгүй, эсвэл хамт явна гээд хамт явахаар болсон. Тэгээд данхрад байхгүй байсан учир бид нар буцаад төв зам ороод дугуй засварын газраас данхрад аваад ирсэн. М өөрөө тэр машины дугуйг тайлж авсан. Эхлээд 3 дугуйг тайлж авснаа “явъя” гээд 10 дугаар хороолол руу явсан. Тэндээс харих гэтэл М “буцаж очоод үлдсэн дугуйгаа авчихъя” гэсэн. Буцаад нэгдүгээр хороолол ороод үлдсэн нэг дугуйгаа тайлаад машинд ачаад манайх руу явсан. Ингээд хулгай хийсэн хэргээр шалгагдсан. ...Би энэ хэрэгтээ маш их харамсаж байна. Яах гэж хамт явав даа л гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-181-183/,

Хоёр. Шүүгдэгч О.Мын үйлдсэн залиан мэхлэх гэмт хэргийн талаар:

1. Хохирогч Т.Оийн: “...2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр М над уруу залгаад “Нөүтбүүкийг чинь хэрэглээд өгье, ажил дээр хэрэг болоод байна” гэхээр нь би дадлагын тайлан хийж байгаа гэсэн чинь би хийгээд өгье, тэгэнгээ өөрийнхөө ажлыг хийгээд өгье гэсэн. Тэгээд 21 цагийн үед ирээд аваад явсан. Одоог хүртэл өгөөгүй..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-94/,      

Гэрч Х.Бын: “...Манай ломбарднаас эд зүйл барьцаанд тавьж бэлэн мөнгө авсан бүртгэлийг шүүж үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр О овогтой М гэх хүн “Сони” маркийн зөөврийн компьютероо барьцаанд тавьж 180,000 төгрөг аваад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрөө ирж авсан байна. Мөрдөгчид хуулбар баримтыг өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-138/,

Хохирогч Т.Оийн өргөдөл /1 дүгээр хавтас, хх-87/, эд зүйлийн үнэлгээ /хх-91/,  

2. Хохирогч М.Зын: “Би өөрийн зөөврийн Тошиба Ай5 маркийн компьютероо форматлуулах гээд хүнд өгсөн байсан. Дүү Шийг очоод авчих гэсэн. Манай дүү аваад Мтай тааралдаад М “хэрэглэчихээд орой өгье” гэж гуйхаар нь өгсөн гэсэн. 2 дугаар сарын 23-нд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-218/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-220/,  

3. Хохирогч Е.Ний: “2016 оны 12 сарын эхээр ...М гэх залуу үл таних нэг залуутай орж ирээд “замд машин нь эвдэрсэн хүнд сэлбэг авч очих хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гээд машины бичиг баримт барьцаанд тавъя гэсэн. Бичиг баримтыг машинтай нь тулгаж үзэж аваад 150000 төгрөг өгсөн. 2 хоногийн дараа дахин ирээд “нийлүүлээд өгнө” гээд 100000 төгрөг авсан. Мөнгөө авч, машины гэрчилгээг буцааж өгмөөр байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-220/,

4. Хохирогч Ч.Ггийн: “2016 оны 10 сарын сүүлээр эмнэлэгт Мтай танилцсан. М “зөөврийн компьютероо өгөөч, төсөл бичээд өгье” гэсэн. Бүр гуйгаад болохгүй болохоор нь өгөхөөр болсон. Хар өнгийн Тошиба компьютер байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-222/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-223/,  

Гэрч Б.Оийн: “...Г нь Мд хэзээ, хичнээн төгрөг юу өгч байсан талаар мэдэхгүй. 2016 оны 12 дугаар сард байх М, Т бид хоёр дээр ирээд “салхинд гаръя, Дархан-Уул аймаг руу Ггийн гэр рүү явъя” гэж хэлсэн. Дархан-Уул аймагт очоод Ггийн 9939-тэй дугаар нь Дарханы харъяалалтай гээд Дарханы мобикомоос Г, М “Самсунг Жи-7” маркийн гар утсыг худалдаж авч өгсөн. Тэр утсыг М ломбарданд тавьсан гэж Т хэлээд Т Мд бэлэн 200,000 төгрөг өгч ломбарданд 250,000 төгрөг өгч тэр утсыг нь аваад хэрэглэж байгаад “I phone 5s” маркийн гар утсаар сольсон. Одоо тэр утас байхгүй. Тэр үед Мд “Жи-7” утсыг зарсныг Г мэдээгүй байсныг би Гд хэлсэн. Тэр хоёр тэр утсаа зараад байрны түрээсээ хийнэ гэж ярьж байсан. Ярианаас нь сонсоход Г Мыг цэргээс халагдахад нь 3 ширхэг “Жи шок” гэдэг цаг авч өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-73/,  

5. Хохирогч О.Эгийн: “2016 оны 11 дүгээр сард нөхөр залгаад “манай ажлын хүүхэн нөүтбүүкээ өгөөч гэнээ, найз залуу нь 2, 3 хоног хэрэглэчихээд өгье гэнэ, гайгүй итгэлтэй хүн болохоор чиний дугаарыг өглөө” гэсэн. 19 цагийн үед нэг залуу залгаад гадаа чинь ирчихлээ гэсэн. Би нөүтбүүкээ аваад тэр залууд өгсөн. Буцааж өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-226/,

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-227/,   

6. Хохирогч Г.Бгийн: “...2016 оны 10 дугаар сарын сүүл, 2016 оны 11 дүгээр сарын эхээр манай ангид хугацаат цэргийн алба хааж байсан О.М нь “даргаа та нөүтбүүкээ нэг өдөр хэрэглүүлээч” гэхээр нь “орой ажил тарахаар гэрт ирээд авчих” гэж хэлсэн. Өөрийн эзэмшлийн “Lenovo” брэндийн зөөврийн компьютероо өгч явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа нөүтбүүкээ хэрэглэх гээд О.Мын дугаар руу залгахад “даргаа би хөдөө байна. Удахгүй Улаанбаатарт очоод өгье” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа залгахад “удахгүй очно, очиж байна” гэж хэлсэн боловч сүүлдээ утсаа авахаа больчихсон. Одоог хүртэл миний зөөврийн компьютерийг өгөхгүй залилан мэхлээд байгаа юм. Нөүтбүүк авахдаа О.М нь “ажилд орох гэсэн юм, ганц хоёр зүйл шивээд удахгүй өгье” гэж хэлсэн. “Lenovo” брэндийн хар өнгийн гадаргуутай нөүтбүүк байсан. Ямар ч байсан 1,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Би нөүтбүкээ анх худалдаж авсан үнээр нь үнэлж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-36/,

Гэрч Ч.Одхүүгийн: “...О.М нь манай ангид 2016 оны 1 дүгээр ээлжээр ирж манай ротод хуваарилагдсан. Энэ байлдагчийг хугацааны өмнө эрүүл мэндийн шалтгаанаар Жанжин штабын даргын тушаалаар цэргийн албанаас халсан. Би энэ байлдагчид тийм чөлөөний зөвшөөрөл өгснөө ерөөсөө санахгүй байна. Учир нь энэ байлдагч цэргийн ангиас Цэргийн төв эмнэлэг рүү ирж очиж явдаг болохоор. Манай анги болон ротод хал цэргүүд нь шинэ цэргүүдээс ямар нэгэн байдлаар цаг, эд зүйлс дурсгал болгон авч байсан зүйл байхгүй. Манай ангид гар утас, цаг хэрэглэхийг хориглодог. Надаас болон бусад алба хаагч нараас О.М чөлөө хүсч ирэхдээ мөнгө эд зүйл амалж байсан зүйл байхгүй. Тогооч нарт чөлөө өгөх эрх байхгүй болохоор тэд нарын зүгээс тийм зүйл гарах боломжгүй. Миний мэдэхээр О.Маас мөнгө авч халсан гэх асуудал худлаа. Энэ хүн өөрөө хоёр удаа хагалгаанд орж алба хаах боломжгүй болсон болохоор халагдсан. Манай ангид хугацааны өмнө байлдагчийг халах эрхтэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-108/,

Гэрч П.Намжилдоржийн: “...2016 оны 1 дүгээр ээлжээр Улаанбаатар хотоос О.М гэж байлдагч ирснийг санаж байна. Тухайн байлдагч нь анх ирэхдээ биед эвэрхийтэй гэсэн оноштой байнга манай ангийн эмнэлгээр явж бараг албаа хаадаггүй, сард нэг удаа эмнэлэгт хэвтээд явдаг байсан. Тэгээд хугацааны өмнө биеийн эрүүл мэнд, суурь өвчний улмаас зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар халагдсан. Тухайн байлдагч байнга эмнэлгээр орж гарч явдаг байсан болохоор манай зүгээс энэ хүнд бараг чөлөө өгч байгаагүй. Манай ангид алба хааж байгаа байлдагч нар хоорондоо харьцааны ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, ангид гар утас, бугуйн цаг хэрэглэх хориотой. ...Чөлөөгөөр гарах зөвшөөрлийг ангийн захирагч бид хоёр өгөх эрхтэй, ангиас ямар нэгэн байлдагч чөлөө хүссэн тохиолдолд тухайн хүн ямар шалтгаанаар гарах гэж байгааг тодруулна. Тогооч нар алба хаагч нарт чөлөө олгох эрх зүйн үндэс байхгүй. О.М гэж байлдагч мөнгө өгч авч халагдсан гэдэг зүйл бол үндэслэлгүй. Өвчний учир халагдсан хүнээс манай ангид мөнгө авах хүн байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-109-110/,

Гэрч Ч.Магнайсувдын: “...О.М гэж байлдагчийг мэдэхгүй. Манайд байлдагч нар ирж байдаг, явж байдаг. Бид нар хоол ундыг нь амт чанартай, сайн хийхээ бодох болохоос байлдагч нарын чөлөө, зөвшөөрлийн талаар ерөөсөө оролцдоггүй, тийм эрх мэдэл бид нарт байхгүй. Мөнгө авч тогооч нар чөлөө өгч байсан тохиолдол байхгүй. Алба хаагч нар нэгэндээ цаг эд зүйл өгч байхыг мэдэхгүй. Цэрэгт цаг зүүдэг байлдагч байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-111/,

Гэрч О.Заяатын: “...Байлдагч нарт мөнгөөр болон шан харамжаар чөлөө өгдөг зүйл манай зэвсэгт хүчний хэмжээнд байхгүй. Учир нь салбарын дарга танилцуулснаар ангийн дарга бид хоёр л чөлөө өгөх эрхтэй. Бид ар гэрийн хүмүүс нь ирж учир шалтгаанаа хэлж, гэрт нь ямар нэгэн асуудал гарсан, эсвэл албан үүргээ сайн гүйцэтгэсэн байлдагч нарыг шагнаж урамшуулж чөлөө өгдөг. Тэрнээс ангийн гал тогооны тогооч чөлөө өгөх эрхгүй, алба хаагч нар бид нараас чөлөө авна гэж байхгүй. ...ар гэрээс нь болон найз нөхөрт нь эргэж ирсэн тохиолдолд эргэлт уулзалтын өрөөнд уулзаж байгаа үед байлдагч нарт гаднаас хүнс, хоол ирж байгаа зүйл харагдаж байдаг. Тэрнээс манай алба хаагч нар гаднаас хүнс хоол оруулж идэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-112-113/,

7. Хохирогч Э.Тий: “...Өдөр 15 цагийн үед дүү Аийн найз Э ирээд нөүтбүүк аваад явсан. Э би “Мд өгчихсөн” гэсэн. М олдоогүй, гэтэл хэд хоногийн дараа М Төмөр замын цагдаа дээр баригдсан байна гэж сонсоод ирсэн. Хар өнгийн HP маркийн 19 инчийн Ай5 үзүүлэлттэй нөүтбүүк байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-45-46/,   

Насанд хүрээгүй гэрч Э.Аийн: “...Манай найз Э 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр над руу залгаад “нөүтбүүкээ түр өгчих, юм хийх гэсэн юм” гэж хэлэхээр нь би “тэг тэг, ах Тд байгаа” гэж хэлсэн. Э нь ах Тээс “НР Ай-5” маркийн хар өнгийн зөөврийн компьютерийг хулгана, цэнэглэгч, пайд зэргийг авсан гэсэн. Миний зөөврийн компьютерийг Э авсны дараа орой нь над руу фэйсбүүкээр “манай цэргийн ангийн доод талын хүүхэд юм хийх болчихлоо гэнэ, зөөврийн компьютерийг чинь өгчих үү, 2-3 өдрийн 50000 төгрөг өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд “2 хоногийн дотор өгөөрэй” гэж хэлсэн. Нөгөө хүүхэд нь “өгөхдөө мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн гэсэн. Э надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Одоо болтол компьютерээ аваагүй. Манай ээж Оросоос 2008 онд 2,000,000 төгрөгөөр авсан гэсэн. Одоо 900.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2хх-48-49/,

Гэрч О.Эийн: “2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр М над руу чат бичээд “барилгын зураг гаргах гэж байгаа, танд түр түрээслэх нөүтбүүк байна уу?” гэж асуусан. Б.Тулга Маас 30,000 төгрөг аваад ломбарднаас нөүтбүүкээ чөлөөлж, дараа Маас нөүтбүүк авахдаа 70,000 төгрөг авахаар болж нөүтбүүкээ өгч явуулсан. Орой нь М залгаад “нөүтбүүкний хурд хүрэхгүй гацаад байна. Танд өөр сайн нөүтбүүк олдох уу? хэрэв та дахин  нэг сайн хурдтай нөүтбүүк олж өгвөл ажлаа давхар амжуулаад танд нөүтбүүк олж өгсөн гэж 100,000 төгрөг өгнө” гэж хэлэхээр нь найз Аээс “чи хоёр хоног нөүтбүүкээ түрээслэх юм уу? хоёр хоног түрээслээд 50,000 төгрөг өгнө гэж байна” гэсэн чинь А “ах хичээлээ хийж байгаа, асуугаад хэлье” гэсэн. 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр А залгаад “чи гэрт очоод нөүтбүүк авчих, эмээ ах хоёрт хэлчихсэн байгаа” гэхээр нь Аийн нөүтбүүкийг аваад “ТБД” андуудын автобусны буудал дээр О.Мтай уулзаж нөүтбүүкээ өгөхөд О.М нөгөө бид нартай анх хамт байсан залуутайгаа цуг явж байсан. Тэгээд О.Маас “чи өмнө нь авсан нөүтбүүкээ яасан? өнөөдөр өгнө биз дээ” гэхэд “би орой ярьж байгаад аваачиж өгнө” гэж хэлээд Аийн нөүтбүүкийг аваад явсан. Орой О.Мын утас руу залгасан чинь “би хөдөө явж байна, Улаанбаатарт ирээд хоёуланг нь хамт өгнө” гэж хэлээд тэр өдрөөс хойш худал хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй байсан. О.Мд Б.Тулгаас “Сони” маркийн “Ай 3” үзүүлэлттэй саарал нөүтбүүк хар өнгийн цүнхтэй нь хамт өгсөн. Аээс “НР” маркийн “Ай 5” үзүүлэлттэй хар өнгийн нөүтбүүк дагалдах хэрэгслийн хамт өгсөн. Би өөрөө ямар нэгэн эд зүйл өгөөгүй...” гэх мэдүүлэг /2хх-51-52, 53-54/,

Гэрч Д.Олонбаярын: “...Би Э, Тулга, М гэх нэртэй хүмүүсийг танихгүй. Манайд олон хүн орж гарч, эд зүйл тавьж буцааж авч явдаг. Манай ломбард 6 сар болоод хуучин зээлийн баримтаа устгалд оруулдаг бөгөөд 2017 оны 1, 2 дугаар сарын баримт одоо байхгүй, 2017 оны 1, 2 дугаар сард тухайн хүмүүс зөөврийн компьютер манай ломбарданд тавьсан эсэхийг мэдэх боломжгүй. Манай ломбард 2017 оны 6 дугаар сараас эхлээд “PROCEDITOR MN” гэдэг компаний программ хангамж ашиглаж эхэлсэн бөгөөд ...хайлтаар Тулга, Э, М гэх нэртэй хүн 2017 оны 6 сараас хойш манай ломбардаар үйлчилгээ хийсэн бүртгэл байхгүй байна. Тухайн үеийн бүртгэлийн дэвтэр байхгүй. Бүртгэсэн ч бид хүний овог, нэрийг бичиж авдаггүй, эд зүйлийг л бүртгэж авдаг. Сая манай ломбард 2017 оны 1, 2 дугаар сард зөөврийн компьютер тавьсан гэж орж ирсэн залууг би хараагүй...” гэх мэдүүлэг /2хх-134-135/,

О.Мын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Цэргээс халагдаж гадуур явж байгаад 2016 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна халагдаад 10 хонож байсан байх Г.Б ахлах дэслэгч рүү өөрийн утаснаас залгаж “та нөүтбүүкээ 2 хоног хэрэглүүлээч би ажил хийх гэсэн юм” гэж хэлсэн. “Ажил тарахаар гэрт ирээд аваарай” гэж хэлсэн. Орой 21 цагийн үед Буянт-Ухаа-2 хороолол, 1030 дугаар байрны гадна очоод ...Г.Б орцноос нөүтбүүкээ барьсаар гарч ирсэн. Би нөүтбүүкийг “удахгүй өгнө” гэж хэлж аваад 2 хоног хэрэглэж байгаад мөнгөний хэрэг гараад Хан-Уул дүүргийн Соёлын төвийн эсрэг талд замынхаа ард байдаг нэрийг нь санахгүй байна нэг ломбарданд 14 хоногийн хугацаатай тавьсан. Тэгээд буцааж авч чадалгүй тухайн нөүтбүүкийг алдчихсан. Нөүтбүүкийг нь алдчихсан учраас Г.Б ахлах дэслэгчид “би хөдөө явж байна, Улаанбаатар хотод очоод өгнө, удахгүй өгнө” зэргээр худлаа ярьж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Ажил олж хийх санаатай анкет шивж байсан юм. Тэгээд ажилд орсон ч зүйл байхгүй мөнгөний хэрэг гараад ломбарданд тавьчихсан. “Lenovo” брендийн хар өнгийн гадаргуутай, Боловсролын яамнаас багш нарт тарааж өгсөн нөүтбүүк байсан. Хэдэн төгрөгийн үнэтэй эсэхийг мэдэхгүй. Техник үзүүлэлтийг нь харж байсан боловч санахгүй байна. Ямар ч байсан 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би хуучны танил Ууганбаярын авто машиныг 2015 оны 12 дугаар сард гуйж аваад унаж байгаад мөргүүлчихсэн. Тэгээд машиныг нь янзлуулж чадаагүй байж байгаад өрөндөө өгчихсөн.

...Эээр дамжуулж Э.Т, Тулга нараас зөөврийн компьютер түүрэслэж авсан. Би Эд “тайлан гаргах гэсэн юм, надад зөөврийн компьютер хэрэгтэй байна, чи олоод өгөөч, түрээсийн 50000 төгрөг өгье” гэж хэлэхэд Э нь “найзаасаа асууя” гэж хэлээд удаагүй ...очиход Э нь Тулга гэх залуугийн хамт байсан. Гэтэл Тулга нь зөөврийн компьютероо ломбарданд 30,000 төгрөгөөр тавьсан гээд ...нөгөө ломбард руу нь очиж би 30,000 төгрөг өгөөд “Сони” маркийн саарал өнгийн зөөврийн компьютерийг нь авсан. Тэгээд Э рүү залгаад “үзүүлэлт нь муу учраас ашиглаж болохгүй байна, өөр компьютер олоод өгөөч” гэж хэлэхэд Э “тэгье” гэсэн. Маргааш нь Андуудын автобусны буудлын хажууд Этэй уулзаж Тий “НР” маркийн хар өнгийн зөөврийн компьютерийг авсан. Би авсан “Сони” маркийн зөөврийн компьютерыг ломбарданд 160,000 төгрөгөөр тавьсан. “НР” маркийн хар өнгийн зөөврийн компьютерийг тэр ломбардны хажуу талын ломбарданд 230,000 төгрөгөөр барьцаанд тавиад ...өртэй байсан Дашка гэх залууд 350,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 40,000 төгрөгийг өөрөө хэрэглээд дуусгасан. Би уг нь анх ажил хийх гэж авсан, хүнд өртэй болохоор ломбарданд тавьж мөнгө болгоод өрөө дарсан. Би хэн нэгэн хүнтэй бүлэглэсэн зүйл байхгүй.

...Би цэргийн он жав Шаар дамжуулж З гэх хүний 1 ширхэг зөөврийн компьютер, оюутан танил Оээс 1 ширхэг зөөврийн компьютер, цэргийн он жав Эээр дамжуулж Тулга, Т нарын 2 ширхэг зөөврийн компьютер, цэргийн дарга Бгийн 1 ширхэг зөөврийн компьютер, найз охин Ггийн ажлын залуугаар дамжуулан Эгийн 1 ширхэг зөөврийн компьютер, найз Ч.Ггийн 1 ширхэг зөөврийн компьютер тус тус залилсан. Өөр бусдыг залилсан үйлдэл байхгүй. Би Хүслэнгээс 2016 оны 12 дугаар сард зөөврийн компьютерыг аваад одоог хүртэл өгөөгүй. Хүслэнд би “өгч чадахгүй” гэж үнэн учраа хэлэхэд “хэзээ боломжтой болно тэр үедээ өгөөрэй, цагдаад хандахгүй” гэсэн. ...Цэрэгт байхдаа чөлөөгөөр гараад би Ггаар 3 цаг авахуулсан нь үнэн. Үүнийг би буцааж өгье гэсэн. “Жи-7” гар утсыг залилаагүй. Тэр үед Г найз Энхзултай хамт хажуу өрөө түрээслэн амьдардаг байсан. Г энэ байрандаа баймааргүй байна, хоёулаа нэг байранд байя гэж ярьж байсан. Миний нэр дээр гар утас лизингээр авч байгаад зараад байрны түрээсийг өгье гэж ярилцаж Дархан орсон. Тэрнээс би надад гар утас аваад өг гэж гуйгаагүй. Тэр утсыг би байрны мөнгө болгох санаатай 210.000 байна уу, ломбарданд тавиад авч чадаагүй Т би 250.000 төгрөгөөр авъя гэхээр нь авахуулж надад зөрүү 40.000 төгрөг өгсөн. Утас ломбарданд тавьсан мөнгийг Г бид хоёр хамтдаа зарцуулсан. Би 1 сая төгрөг авсан нь үнэн. 2016 оны 12 дугаар сард Н дээр очоод Тгийн ... УБЗ дугаартай “Марк-2” маркийн машины бичиг баримтыг тавиад эхний удаа 80.000 төгрөг, дараагийн удаа 40.000 төгрөг, ойр зуурын ундаа тамхи авсан. Ингээд нийт 150.000 төгрөг авсан. Одоог хүртэл буцааж өгөөгүй. Гтай би 2016 оны 7 дугаар сараас хойш уулзаж, эхнэр нөхрийн адилаар хамт амьдарч, мөнгө төгрөг зарцуулж байсан. Эгийн зөөврийн компьютерийг ломбарданд тавих гэсэн боловч үнэ хүрээгүй Тд өгөөд явуулсан. Тэр компьютерыг М ах хохирогчид нь буцааж өгөхөөр Тгээс авсан...”

...Хийсэн эдгээр хэргээ хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би учруулсан бүх хохирлоо заавал нөхөн төлнө. Би ажил төрөлгүй, мөнгө төгрөг байхгүй байсан болохоор аргагүй эрхэнд ийм үйлдэл хийсэн. Би бүх хэргээ ганцаараа үйлдсэн. Надтай хамт оролцсон хүн байхгүй.

...Миний хийсэн хэрэг нэг зүйлийг нөгөө зүйлээр нөхөх гэж явсаар байгаад л ийм байдалд хүргэсэн. Маш их харамсаж байгаа...” гэх мэдүүлэг /2хх-15-16, 58-59, 64, 22-23, 78-79, 82-83, 120-124, 164-166, 175-176/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-8/, эд зүйлийн үнэлгээ /1хх-17, 91, 136, 215, 223, 227, 2хх-47, 55,  /, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-18-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-22-23/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-24-28/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-29-30/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-21/ Асап сангийн лавлагаа /1хх-73-75, 2хх-87-90/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76, 81/, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-82/, фейсбүүкний чатны хуулбарууд /1хх-140-175/, “Мобиком корпораци” ХХК-ийн утасны дугаарын дэлгэрэнгүй лавлагаа /1хх-176-192/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /1хх-196-205/, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /1хх-232-233/, иргэний лавлагаа /2хх-85-86/, эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох санал /2хх-95/, ломбардны гэрээ /2хх-139/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-141-143/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /2хх-153-155/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2хх-159/ зэрэг нотлох баримтууд болон талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.М, Д.Т нар бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2017 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 39б дүгээр байрны урд зогсоолд байрлуулсан М.Бы ... УНЯ улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, обуд зэргийг хулгайлан 870,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.М нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух Т.Оээс 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “нөүтбүүкийг чинь 2 хоног хэрэглээд өгье” гэж авч, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 600,000 төгрөгийн хохирол,

2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ... тоотод оршин суух иргэн О.Эгаас “Х нөүт” маркийн нөүтбүүкийг нь “2 хоног хэрэглээд өгье” гэж авч, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад 100,000 төгрөгийн хохирол,

2016 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, “ТБД андууд” дэлгүүрийн автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгт ажиллах Е.Нээс 250,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

2016 оны 11 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... тоотод суух иргэн Г.Бгийн гэрээс “Ленова” маркийн зөөврийн компьютерийг “нэг хоног хэрэглээд өгье” гэж авч, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 400,000 төгрөгийн хохирол,

2016 оны 11 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны гадна иргэн Ч.Ггаас “зөөврийн компьютерээ түр өгөөч, төсөл бичээд өгье” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж 500,000 төгрөгийн хохирол,

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” Андуудын автобусны буудал дээрээс иргэн О.Эийг хуурч мэхлэн иргэн Э.Тий “HP” маркийн зөөврийн компьютерийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад 500,000 төгрөгийн хохирол,

2017 оны 02 дугаар сарын 15-ны үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн М.Зын эзэмшлийн “Тошиба ай-5” маркийн гар утсыг түүний дүү М.Шаас “хэрэглэчихээд орой авчираад өгье” гэж итгэл төрүүлэн, хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 2,650,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд тухайлбал хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч О.М, Д.Т нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул үндэслэлтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч О.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож буюу оногдуулах ялыг хөнгөрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгч О.М, Д.Т тус бүрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.Мыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэж байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бд 870,000 төгрөг, Т.От 600,000 төгрөг, О.Эд 100,000 төгрөг, Е.Нд 250,000 төгрөг, Г.Бд 400,000 төгрөг, Ч.Гд 500,000 төгрөг, Э.Тд 500,000 төгрөг, М.Зд 300,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Мд 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд шүүгдэгч О.Маас 1,600,000 төгрөг гаргуулж, хохирогч Т.О, М.З, иргэний нэхэмжлэгч Г.М нарт тус тус олгож, шүүгдэгч Д.Т бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч М нь шунахайн зорилгоор, санаатайгаар бусадтай бүлэглэн машин механизм хэрэглэж бусдын эд зүйлийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 4 жил 8 сарын хорих ял дээр 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялын зарим буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүнд 4 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,   

шүүгдэгч Д.Т нь шунахайн зорилгоор, санаатайгаар бусадтай бүлэглэн машин механизм хэрэглэж бусдын эд зүйлийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Мын цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болох саналтай байна” гэж,

шүүгдэгч О.Мын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр “Шүүгдэгч М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл болон түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирол төлбөр нь төлөгдсөн, хохирогч нь гомдол саналгүй гэх баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд авагдсан байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан нэр бүхий 6 хохирогчид 2650000 төгрөгийн хохирол учруулж, хохирогч Г.Бд 400,000, Е.Нд 250,000, Ч.Гд 500,000, О.Эд 100000, Э.Тд 500,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан. Иймд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. М нь цагдан хоригдож байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж, ах, эгч нараа маш их зовоож, гэмт хэргийн зам руу орж байгаа гэдгээ ойлгож засарч хүмүүжих талаар өмгөөлөгчид хэлж байсан. Иймд 2 жил 2 сарын хугацаагаанаас хэтрэхгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Д.Гомбо: “Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оролцоог харахад дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тэрээр энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөр байхгүй, дугуй засуулсан мөнгө төгрөгийг бүгдийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй, мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлсэн боловч Т нь өөрийн үйлдсэн хэргээ өөрөө илчилсэн гэж үзэх боломжтой. Хэргийн оролцооны хувьд гэмт хэрэг үйлдэх санаа сэдэлтийг гаргаагүй. Иймд шүүгдэгч Тд 2 жил 1 сарын хорих ялыг оногдуулж 2002 оны Эрүүрийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.

Шүүх шүүгдэгч Д.Тд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож,

шүүгдэгч О.Мд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Мд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 121 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 29.040.000 /хорин есөн сая дөчин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, О.Мын урьдчилсан хоригдсон 121 хоногийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, дээрх торгох ял эдэлсэнд тооцов. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.  

2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан боловч бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох хэрэгт битүүмжлэгдсэн ... УНЕ улсын дугаартай “Nissan teana” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Од буцаан олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т урьдчилан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Оын Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Оын М, Х овогт Дгийн Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Оын Мыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Мыг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 121 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 29,040,000 /хорин есөн сая дөчин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Тг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т зааснаар О.Мын урьдчилан хоригдсон 121 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж 29,040,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Т урьдчилсан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Маас 6 сарын хугацаанд 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Т.О /Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух, РД:.../-т 600,000 төгрөг, хохирогч М.З /Булган аймгийн ... гэх газар оршин суух, РД:.../-д 300,000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч Б.М /Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, РД:.../-д 500,000 төгрөгийг тус тус олгосугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн ... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Од буцаан олгосугай.

10. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Д.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тд авсан хувийн баталгаа гаргах, О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР