Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 8

 

Б.Б нэхэмжлэлтэй

  Б.З холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 131/ШШ2020/00260 дугаар шийдвэртэй

 Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянхонгор сум 6 дугаар баг 10-27 тоотод оршин суух Б.Б

            Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сум 4 дүгээр баг 8 дугаар гудамж 4 тоот хашаанд суух Б.З холбогдох

            14.347.000 төгрөг гаргуулах, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндсэн нэхэмжлэлтэй, 15.769.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч  Б.Згийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагч  Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Бгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн иргэн  Б.Зтай хэлэлцэн тохиролцож түүний Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах, 59 дүгээр байрны 02 тоот, 64 м.кв талбайтай 2 өрөө байрны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн төлж дуусгаад байрыг өөрийн өмчлөлд авахаар тохирсон билээ. Тухайн үед  Б.Згаас манай найз Д.Амарсанаа авч төлөлтийг хийж байгаад төлбөрийн чадваргүй болсон тул намайг уг байрыг ав гэдэг саналыг гаргасан. Ингээд бид 2  Б.Зтай уулзаж би зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр болсон

 Би орон сууцны зээлийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Төрийн банкнаас гаргасан хуваарийн дагуу хугацаанд нь төлж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэлцэл хийж нотариатаар батлуулсан. Ингээд би зээлийн гэрээний үүргийг биелүүлж сар бүр 370.000 төгрөгийн төлөлтийг ямар нэгэн маргаангүйгээр хийж байтал 2019 оны 09 дүгээр сарын эхээр  Б.З нь 7 хоногийн хугацаанд урьдчилгаа төлсөн 25.000.000 төгрөгийг өгөхгүй бол байраа буцааж авна гэсэн. Ер нь  Б.З энэ байрны зээлээ төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болоод хүн хүнд зарна гэж 4 жилийн хугацаанд зээлээ төлүүлчихээд буцааж байраа авч байгаа нь нэг талдаа залилан мэхэлж бидэнд хохирол учруулж байна. Би  Б.Зтай байгуулсан гэрээний үүргээ зөрчөөгүй байхад хүндэтгэн үзэж шалтгаангүйгээр гэрээ цуцалж байгаа тул хуульд зааснаар өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.

Иймд  Б.Згаас орон сууцны 2016 оны 07 дугаар сарын 02-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн 14.347.000 төгрөгийг гаргуүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч  Б.Зтай хэлцэл байгуулсан, түүний төрийн банктай байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орон сууцны зээлийн 13/247 тоот гэрээний үүргийг нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 39 сарын хугацаанд үргэлжлүүлэн биелүүлсэн. Зээлийн гэрээний хавсралтын дагуу сар бүрийн төлөлтийг нь төлөөд явж байсан. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч  Б.Згийн төрийн банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн 14.347.000 төгрөгөө гаргуулахаар шаардаж байгаа. Бидний зүгээс шаардах эрхээ тодорхойлохдоо 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хэлцэл нь анхнаасаа хууль зөрчсөн хэлцэл, хэлцлийн агуулга тодорхой бус байсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагч  Б.З шүүхэд гаргасан тайлбартаа:

 Б.З миний бие 2013 оны 03 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах 59 дүгээр байрны 2 давхрын 2 тоот дахь 64 мкв 2 өрөө байрыг 18.000.000 /арван найман сая найман зуун мянга/-н төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл 30.0 сая /гучин сая/ төгрөгийг ипотекийн зээлд хамрагдан уг байрыг авсан билээ. Ингээд Зандармаа би 1 жил 9 сарын хугацаанд амьдарч, зээлээ тогтмол төлж байсан юм. Миний бие уг байрны зээлд 13.530.000 төгрөгийн төлбөрийг төлсөн байсан. Нийт 32.300.000 төгрөгийг уг байранд зарцуулсан.

Ингээд би 2015 оны 01 дүгээр сараас иргэн Д.Амарсанаад тус байраа зарахаар тохиролцсон юм. Д.Амарсанаа надад урьдчилгаа мөнгө болох 7 сая /долоон сая/ төгрөг өгсөн. Харин үлдэгдэл 20 сая /хорин сая/ төгрөгийг 2015 оны 03 дугаар сард авна, төлнө гэж тохиролцсон юм. Ингээд 27 сая төгрөг надад төлөөд, зээлийн үлдэгдэлийг Д.Амарсанаа төлж дуусгаад байраа авхаар тохиролцсон юм.

Дараа нь Д.Амарсанаа нь зээлийг төлөх боломжгүй болж ипотекийн зээлийг Д.Амарсанаа Б.Бд шилжүүлэн өгсөн, Б.Б надад нэг төгрөг ч өгөөгүй миний байранд орж амьдарсан байсан. Би Б.Бтэй уулзаад 25.094.000 \хорин таван сая ерэн дөрвөн мянга\-н төгрөг надад гаргаж өгөөд, байрны үлдэгдэл зээлийг үргэлжпүүлэн төлөөд байрыг өөр дээрээ ав гэж амаар тохирсон байсан. Ипотекийн зээл гаргуулна гэж ярьсаар хуурсаар 40 сар миний байранд амьдарсан.

Би Бямбахандсүрэнгээс байрыг ашиглан амьдарсан хугацааны төлбөрийг байрны элэгдэл хорогдолын төлбөртэй нь хамт эд хөрөнгөө ашиглуулсаны төлбөрт бодож хохирсон хохиролоо нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч  Б.З анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Д.Амарсанаад орон сууцаа 2015 оны 01 сард 54.400.000 төгрөгөөр зарсан ба үүнээс 7.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд хавар ноолуурын мөнгөнөөс өгнө гэж тохирсон. Дараа нь Д.Амарсанаа орон сууцыг авч чадахгүй болчихлоо, харин найз Б.Бд зарахаар боллоо гэж хэлсэн, найз Б.Бд нь орон сууцыг 50.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Удалгүй манай ажил дээр Б.Б ирээд нотариат дээр очиж хэлцэл байгуулах талаар хэлсэн тул би ажлаасаа гарч очоод сайн уншилгүй хэлцэлд гарын үсэг зурсан. Мөн орон сууцыг хүмүүст түрээслүүлж ашиг орлого олж байсан талаар мэдсэн. 2019 оны 08 дугаар сард аймгийн холбооны гадаа Б.Бтэй бид нар дөрвүүлээ уулзахад нэг сарын дараа 14.000.000 төгрөг төлөх талаар тохиролцсон боловч бас л төлбөрөө төлөөгүй.

Иймээс байрны түрээсийг зах зээлийн үнэ 400.000 төгрөгөөр тооцож Б.Бгээс орон сууц ашигласны төлбөрөө шаардаж байгаа. Б.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

   Хариуцагч  Б.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Б тухайн үед юу гэж ярьсан бэ гэхээр би өөрийн нэр дээр зээл хөөцөлдөөд, ипотекийн зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж тооцоог дуусгана, тэр болтол миний нэр дээрх ипотекийн зээлийг үргэлжпүүлэн төлж байя” гэж тохирсон.

  Тухайн үед Б.Б зээл гаргуулна, гаргуулж байна гэж ярьсаар хуурсаар 38 сар миний байранд амьдарсан. Тэр хэлэхдээ удахгүй зээл хөөцөлдөж мөнгийг чинь гаргаж өгнө гэдэг байсан. Үүнийг нь хүлээсээр би бүтэн 3 жил 6 сарыг маш их сэтгэлийн тэвчээртэйгээр хэл ам хийлгүйгээр хүлээсэн юм. Нэгэнт төлбөрийг нь төлж байрыг худалдан авч чадахгүй болсноос хойш байрыг ашиглан амьдарсан хугацааны төлбөрийг тооцож, байрны элэгдэл хорогдол, эвдрэл гэмтлийн хамт нэхэмжилж байна.

        Манай байрыг барилгын хүмүүст түрээслүүлж байсан юм байна лээ. Мөн хүүхэд харах үйлчилгээнд түрээслүүлж байсан. Иймд Б.Бгээс 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байр ашиглаж амьдарсаны төлбөр нэг сарын 400.000 төгрөгөөр тооцож 15.200.000 төгрөг, мөн байрны эвдрэл, гэмтэл 569.000 төгрөг буюу нийт 15.769.000 төгрөг нэхэмжилж байна. Жич: Байрны эвдэрсэн зүйл: Цонхны түгжээ 3 ширхэг х 25000 =75.000 төгрөг, 00-н өрөөний плита Зм2 х 38.000= 114.000 төгрөг, Ванны шүршүүр, холигч 1 ширхэг х 75.000 төгрөг, Гал тогооны цонхны шил 1ш х 185.000 төгрөг, Бүх өрөөны гэрэл тасдаад аваад явсан байсан. Гэрэл 4ш х 30.000 =120.000 төгрөг буюу нийт 15.769.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.1, 189-р зүйлийн 189.1, 262-р зүйлийн 262.1-д заасныг баримтлан Б.Б,  Б.З нарын хооронд 2017 оны 01 сарын 04-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 264-р зүйлийн 264.1-д заасныг баримтлан хариуцагч  Б.Згаас 14.347.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож,  Б.Згийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.2, 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Бгээр /нэмэгдүүлсэн шаардлагад/ 70.200 төгрөгийг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229.685 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Б.Згаас 229.685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, хариуцагч  Б.Згийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 236.795 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   Хариуцагч  Б.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Б.З би өөрийн орон сууцаа 2015 оны 1 дүгээр сард иргэн Д.Амарсанаад 54 сая төгрөгөөр зарахаар тохиролцсон юм. Д. Амарсанаа надад урьдчилгаа 7 сая төгрөгийг өгөөд 2015 оны 03 дугаар сард ноолуурын мөнгөөр 20 сая төгрөг нэмж өгөөд тухайн үеийн банкний үлдэгдэл 26.427.000 төгрөгийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүртэл миний ипотекийн зээл үргэлжлүүлэн төлж байя гэж ярьсан байсан. Энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж байж болохыг үгүйсгэхгүй.

Харин шүүх Б.Б бид хоёрын хооронд үүсэн иргэний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Б нь сар бүр миний харилцдаг Төрийн банкны дансанд мөнгө шилжүүлж байсан нь тэр амьдарч байгаа хугацааныхаа хөлсийг төлж байгаа тухай ойлголт болохоос, миний орон сууцыг худалдаж авах үнээсээ хэсэгчилж төлөөд байгаа зүйл биш гэдгийг хэлхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл Б.Б надад мөнгө төлдөг харин банк миний харилцах данснаас зээлээ татдаг юм.

Б.Б нь энэ хэдэн жилүүдэд миний орон сууцыг худалдан авах чин санаа зорилго байхгүй, намайг хуурж мэхлэн амьдарсан учраас би 2016 оны 7 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл байр ашиглаж амьдарсаны төлбөр нэг сарын 400.000 төгрөгөөр тооцож 15.200.000 \арван таван сая хоёр зуун мянган/ төгрөг, Мөн байрны эвдрэл, гэмтэл 569.000 төгрөг буюу нийт 15.769.000 төгрөг нэхэмжилсэнээ зүй ёсны үйлдэл гэж үзэж байгаа. Тухайн үед би хэн хэнийгээ бодож сарын түрээсийн төлбөрийг банкинд төлдөг зээлийн хэмжээгээр тогтоосноо өөрчилж нэмж нэхэмжилж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Б нь 2016 оны 07 дугаар сарын 02-ноос эхлэн иргэн  Б.Зтай хэлэлцэн тохиролцож түүний Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах 59 дүгээр байрны 64 мкв талбайтай 02 тоот 2 өрөө байрны ипотикийн зээлийг сар бүр төрийн банкнаас гаргасан зээлийн гэрээний хавсралт хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлж дуусгаад байрыг өөрийн өмчлөлд авахаар тохирсон байна. Тухайн үед Зандармаагаас 2015 оны 01 дүгээр сард Амарсанаа авч төлөлтийг хийж байгаад төлбөрийн чадваргүй болсон тул Б.Бд уг байрыг авах уу гэдэг саналыг гаргасан. Ингээд Амарсанаагийн хамт  Б.Зтай уулзаж Төрийн банкин дахь ипотикийн зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр тохиролцон улмаар байрыг худалдан авахаар болсон. Орон сууцны зээлийг 2016 оны 07 дугаар сарын 02-ноос эхлэн Төрийн банкнаас гаргасан хуваарийн дагуу хугацаанд нь төлж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц худалдах худалдан авах тухай хэлцэл хийж нотариатаар батлуулсан. Ингээд зээлийн гэрээний үүргийг биелүүлж сар бүр 370.000 төгрөгийн төлөлтийг ямар нэгэн маргаангүйгээр хийж байтал 2019 оны 09 дүгээр сарын эхээр  Б.З нь 7 хоногийн хугацаанд урьдчилгаа төлсөн 25.000.000 төгрөгийг өг өгөхгүй бол байраа буцааж авна гэсэн. Угтаа  Б.З энэ байрны төлөлтийг төлүүлж эхлэхдээ урьдчилгааг төлөх талаар ямар нэгэн тохиролцоо хийгээгүй байна. Иймд Б.Б зээлийн гэрээний үүргийг ямар нэгэн маргаагүйгээр гүйцэтгэж 39 сарын хугацаанд нийт 14.347.000 төлсөн бөгөөд үүнийгээ гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.З холбогдуулан 14.347.000 төгрөг гаргуулах, мөн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бол  Б.З нь нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан 15.769.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч  Б.Згаас 14.347.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож,  Б.Згийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь, Б.Б,  Б.З нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх зохигч талуудад эрх үүрийг нь тайлбарлаж өгөөгүй байна. Тухайлбал хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарт эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, /хх-ийн 91 дүгээр тал/ талуудад эрх үүрэг танилцуулсан баримт байгаа боловч хэрэгт байгаа өмгөөлөгч Х.Мөнхбаатарын бусад гарын үсгийг эрх үүрэг танилцуулсан баримтанд байгаа гарын үсэгтэй харьцуулахад хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатарын гарын үсэг зурагдаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Бгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-ийн 95 дугаар тал/ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй байхад Б.Б бүрдүүлбэр дутуу нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч ажиллагаа хийсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч  Б.Згаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229.685 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгох үндэстэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 131/ШШ2020/00260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч  Б.Згаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 229.685 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж,  Б.З олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.