Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 11

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ж.Н,

Х.Г, М.Э, П.О нарын төлөөлөн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, Ж.Ц, С.Б, Х.Б, П.Э, Д.У, Х.С, Д.Т, Х.Г, З.А, Д.Д, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б-Э, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, С.Э, Г.А, Г.М, Д.Т, Г.М, Н.А, Ч.Э, Э.Э, Т.Д, Б.Г, Б.Б, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Ц.Б, Ж.О нарт холбогдох,

“Ц а ж” ХХК-ийн дүрэм болон тус компанийн ТУЗ-ын шийдвэрийн дагуу нэр бүхий 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Б.Ц, Ц.Б, Э.Э болон хариуцагч С.Э, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Х.Г, хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, Х.Г, М.Э, П.О нар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймагт том оврын ачаа тээврийн машинаар хувиараа тээвэрлэлт эрхлэн ажилладаг жолооч нар нэгдсэн зохион байгуулалтад орж, эрх ашгаа хамгаалж ажиллах талаар жолооч нараас санал ихээр гарч, нэр бүхий жолооч нар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьж, тус газрын хурлын танхимыг ашиглах зөвшөөрөл авч, 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр жолооч нарын хурал зохион байгуулсан. Энэ хурлаас Цаст алтайн жинчид ХХК-ийг байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, жолооч нараас хөрөнгө оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй байхаар тохиролцоод, Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Гантулга, Э.Э нарт тус компанийг албан ёсоор үүсгэн байгуулж, бүртүүлэх ажлыг даалгаж, тэдгээр 9 хүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар санал нэгтэй тохиролцсон. Гэхдээ энэхүү хурлаас албан ёсны бичгийн шийдвэр гараагүй. Хурлын шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх 9 гишүүн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулах хурал хийж, компанийн дүрэм баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх захирлаа томилж, баталгаажуулсан. 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолооч тус бүр 300.000 төгрөг нийлүүлэн компанийн үндсэн хөрөнгийг бий болгож, хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд компанийг үүсгэн байгуулах болон Мо Эн Ко ХХК-тай гэрээ байгуулах явцад дээрх 9 хүнээс гарсан зардлыг хувьцаа эзэмшигч /хувь нийлүүлэгч/ бид гаргаж өгсөн. .Гэтэл 2011-03-25-ны өдөр дээрхи 9 хүнийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж  бүртгүүлсэн байсан .Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын болон ТУЗ-ын ямар нэг шийдвэргүйгээр компанийн дүрмийг өөрчлөн бүртгүүлсэн байсан. Нийт хувьцаа эзэмшигч бид төлөөлөн удирдах зөвлөлд энэ байдлыг залруулах шаардлага хүргүүлсэн боловч Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Н.Гантулга нарын 5 хүн 74 хүний хамтран байгуулсан дундын өмч болох Цаст алтайн жинчид ХХК-ийг хууль бусаар авахын тулд дээрх ажиллагаагаа хууль ёсны гэж үзээд үл зөвшөөрч, нийт хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд нэр бүхий 65 иргэн биднийг “Ц а ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, М.Э, П.О, Х.Г нар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1425 дугаар тогтоолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа бөгөөд Компаний тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ховд аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нар бүгд гарын үсэг зурсан нэхэмжлэлийг анх гаргахад шүүхээс нэхэмжлэгч нарыг төлөөлөгчөө томилж оролцуул гэсэн шаардлагын дагуу 4 төлөөлөгчийг томилж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Жамъяндагвын Нямзундуй, Халтарын Гантөмөр, Пүрэвжалын Осор, Мягмарсүрэнгийн Эрдэнэчулуун бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Ц а ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ц а ж” ХХК-д 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300 000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх” гэж тодруулан өөрчилсөн. Хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй талаар маргаан гарсан бөгөөд анхны нэхэмжлэлийн шаардлагыг “Ц а ж”ХХК-д нэр бүхий 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох” хэмээн тодруулж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон асуудал нь “Ц а ж” ХХК-ийн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна", 31 дүгээр зүйлийн 31.2-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно гэж, 31.2.1-д "нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах" гэх заалтуудыг биелүүлээгүйгээс хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн тээвэрчдийн эрх ашиг сонирхол хохирсон тул шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү”  гэжээ.  

Хариуцагч Ж.Д, Н.Э, С.Э, Ц.Б, Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Гантулга, Э.Э нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн. Цаст алтайн жинчид ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар анхнаасаа тодорхой байсан бөгөөд одоо ч тодорхой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.  Миний бие анх Х.Г, Х.Г, Х.Г, Э.Э, З.М, М.Э, П.О, Д.Энгээ, З.Банзрагч нарыг төлөөлж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Ер нь үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн 9 хүн над шиг ах дүү, найз нөхдийгөө төлөөлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид 9 хүн үүсгэн байгуулагч дангаараа биш бөгөөд бүх тээвэрлэгчид компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид юм. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Ц а ж” ХХК-ийн дансанд хувь нийлүүлэгч тус бүр 10-12 сая төгрөг хийж, мөн өдөртөө 362.000.000 төгрөгийг байршуулсан. Энэ нь 2014 онд компани сэргэж, үйл ажиллагаагаа дахин хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчид 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь 74 хувьцаа эзэмшигчтэй компани болохыг давхар нотолж байна” гэжээ.

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...”Ц а ж” ХХК нь хувь нийлүүлэгч, тээвэрлэгчдийн төлөө байгуулагдсан. Цаашид энэ утгаараа оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байна. Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчид аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд нэгдэн нийлж, Хөшөөтийн нүүрс тээвэрлэлтэд оролцохын тулд компани болон түүнийг өөрсдийн хувь нийлүүлэгчдийн хурлаар удирдан чиглүүлж байгааг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц а ж” ХХК-ийг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц, М.О, Н.Гантулга, Н.Э, С.Э, Э.Э нарын 9 хүн албан ёсоор үүсгэн байгуулж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Үүнээс хойш 2012 он хүртэл 9 хүн компанийн санхүүжилтийг хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.С Хөшөөтийн уурхайтай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Тендерийн урилга ирсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс тусгай зөвшөөрөл авах болсон тул “Ц а ж” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байх шаардлага гарахад Э.Э миний бие 70.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг тээврийн хэрэгслээ “Ц а ж” ХХК-д шилжүүлсэн байдаг. Би ямар ч 10 хүнийг төлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “Ц а ж” ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулах бүхий л ажилд тасралтгүй оролцож, 2010 онд компанийг байгуулж, түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаа билээ. 2012 онд Хөшөөтийн уурхай ажиллаж эхлэхэд компанид санхүү, мөнгө дутагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Ингээд жолооч нарыг компанид оролцоотой болгоё гэж яриад төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч, үүсгэн байгуулагч нар жилийн эцсийн ашгийн 30 хувийг, 300.000 төгрөг өгсөн хүмүүс 70 хувийг үүсгэн байгуулагч нар хийхээр 2 тал тохиролцсон” гэжээ.

Хариуцагч Ж.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц а ж” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан зорилго гэвэл Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчид Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх зорилгоор аж ахуйн нэгж, компани болон үүсгэн байгуулагдсан. Миний хувьд өөрийн хүүхэд О.Б, төрсөн дүү Ж.Б, дүүгийн хүүхэд Б.Э, Б.Г болон хөрш Энгээ, түүний хүү Э.Б гэх мэт 10 хүнийг төлөөлж компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдсон. Харин тэтгэврийн нас болж Улаанбаатар хот руу шилжих шалтгаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа 2012 онд Ц.Бт өгөөд явсан. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Компани үйл ажиллагаагаа эхлэхдээ бүх тээвэрлэгчдээс 300.000 төгрөг авч эхэлсэн. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ц а ж” ХХК нь 2014 онд Мо Эн Ко ХХК-тай 15 ширхэг Норд бенз маркийн машинуудыг 4 жилийн хугацаатай гэрээгээр авч ажиллуулсан. 2014 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.О байсан. 2015 оны 1 дүгээр сард “Ц а ж” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Н.Э сонгогдсон. 2015 оны 3 дугаар сард М.О нь” Цаст алтайн жинчид” ХХК-ийн тамгыг сейф эвдэж аваад, өөрийгөө захирал гэж нэрлэх болж, удаа дараа хууль бус үйлдлүүд хийх болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 12 дугаар зүйлийн 12.8, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Н.Болдбаатар, Ж.О нарт холбогдох, нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, Ж.Ц, С.Б , П.Э, Д.У, Х.С, Д.Т, Х.Г, З.А, Д.Д, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б-Э, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б нарыг “Цаст Алтайн жинчи”д ХХК-ийн хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Н.Болдбаатар, Ж.О нарт холбогдох, Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.А, Г.М, Г.М, Д.Т, С.Э нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б, Н.Болдбаатар, Ж.О нарт холбогдох, Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай Н.А, Б.Б, Б.Б, Б.Г, Т.Д, Э.Э, Ч.Э нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Ц, Ц.Б нар гаргасан гомдолдоо : “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд:

Нэг. Нэхэмжлэгч нарын гаргасан “2019 оны 2 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “Ц а ж” ХХК-д нэр бүхий 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтууд нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангаж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хоёр. 2020 оны 01 сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн 73 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарыг хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь:

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д: Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрмэнд тусгасан байна...” гэх хуулийн заалтын дагуу “Ц а ж” ХХК-ний дүрмийн 5.2.1-д зааснаар Х.С, Ж.Д, Ц.Б, Б.Ц, М.О, Н.Э, С.Э, Н.Гантулга Э.Э нар нь хувьцаа эзэмшигч болох нь нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна.

Гурав: 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн 73 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ц а ж” ХХК-ийн дүрмийн 14.3-т “хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар оруулна” гэж, мөн дүрмийн 14.4-т тээвэрчдээс хуримтлуулсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст төлөөлөн удирдах зөвлөл 30 хувь, хувь оруулсан тээвэрчид 70 хувиар тооцож олгоно”...хэмээн тус тус шийдвэрлэсэн атлаа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар бүртгүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна”...гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

“Ц а ж” ХХК нь 2010 онд 9 хувьцаа эзэмшигчтэйгээр анх үүсгэн байгуулагдсан нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр нотлогдон тогтоогдсон. Гэтэл 2012 оны 2 сарын 13-27-ны хооронд тээвэрчдийн хурлыг хийж, улмаар хүн тус бүр 300.000 төгрөгийг хөрөнгө оруулсан нь тогтоогдоогүй байна, Учир нь дээрх 300 000 төгрөгийг 1-р хавтасны 182-183 хуудаст тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Оюунаас мэдүүлэг авахад Компанийн санхүүгийн баримтанд тусгаагүй гэжээ. Нэхэмжлэгч нар “Бид компанид хөрөнгө оруулсан тул түүнд ногдох ашиг авах, хувьцаа эзэмших эрхтэй” гэжээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжоос хориглосноос бусад салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж болно, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т Хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах, мөн хуулийн 5.1.2-т хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авахаар хөрөнгө оруулалт хийж болно...” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч жолооч нар нь “Ц а ж” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон ажилладаг. Эдгээр жолооч нар нь зөвхөн хөлсөөр ажилладаг этгээдүүд болохоос хувьцаа эзэмших эрхтэй, хөрөнгө оруулагч хүмүүс биш юм. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч нар нь “Ц а ж” ХХК-ийг үүсгэн байгуулахад хөрөнгө оруулаагүй, мөн хувьцаа эзэмшигч биш болох нь Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын иргэн, харъяалалгүй хүн эзэмших эрхтэй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулсан, түүнийг үндэслэж санал өгөх, ногдол ашиг авах, компанийн татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж заасан бөгөөд нэр бүхий 53 иргэнийг “Цаст Аптайн Жинчид” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгийг нотлох баримт байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул нэхэмжлэгч нарыг хувьцаа эзэмшигчээр тогтоох, 57.081 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.

Тухайлбал нэхэмжлэгч нар нь “Ц а ж” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байгааг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь анхаарсангүй.

“Ц а ж” ХХК-ийн дүрмийн 14.3-т “хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар оруулна” гэж, мөн дүрмийн 14.4-т тээвэрчдээс хуримтлуулсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст төлөөлөн удирдах зөвлөл 30 хувь, хувь оруулсан тээвэрчид 70 хувиар тооцож олгоно гэх дүрмийн заалт нь Иргэний хуулийн 183 дугаар зүйл Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх зарчмын хувьд Цаст алтайн жинчид ХХК-ийн 2012 оны 8 сарын 29-ны өдөр бүртгүүлсэн дүрмийн 7.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл”  байна, албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэмд зааснаар нэр бүхий 9 гишүүн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч байхаар, мөн хүн тус бүр 112 ширхэг буюу нийт 112 000 төгрөгийн үнэ бүхий 11,1 хувийн хувьцаа эзэмшигч нь тогтоогдсон. Харин Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг үгүйсгэх өөрчлөх эрх хэмжээ байхгүй гэж үзэж байна.

Дөрөв: 2020 оны 01 сарын 17-ны Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаартай шийдвэрт хариуцагчаар Ж.Оыг оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Ж.О гэх хариуцагчийн эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээдийг оролцуулж иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. “Ц а ж” ХХК нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.5, 31 дугээр зүйлийн 31.2-т зааснаар тухайн компаниас хувьцаа эзэмшигчид эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамааруулах ба тухайн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байтал анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Иймд 2020 оны 01 сарын 17-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн үнэн бодит байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Э, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар гомдолдоо: “2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхийн 73 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст “Ц а ж” ХХК гэсэн оноосон нэртэйгээр, тээвэр зуучын чиглэлээр “Хуурай замын тээвэр” гэсэн үйл ажиллагаа эрхлэхээр, ашгийн төлөө дараах есөн иргэн Ц.Б, Н.Э, Х.С, Э.Э, С.Э, Б.Ц, М.О, Ж.Д, Н.Гантулга гэсэн хувьцаа эзэмшигчтэйгээр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдээр Ж.Дг Монгол улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны хуулийн этгээдээр бүртгэгдэж 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4068777 регистрийн дугаартай гзрчилгээ болон тамга тэмдэгээ авсан байдаг.

Нэхэмжлэгч нарын дурдаад байгаа 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн засаг даргын тамгын газар хүсэлт тавьж хурлын заалыг ашиглаж хурал хийхдээ: том оврын авто машин эзэмшдэг хувь жолооч нар уулзаж ардчилсан эдийн засагт шилжсэний дараа хувь жолооч нарын эрх ашгийг төрийн болон аж ахуй нэгж байгууллага зөрчиж, тээврийн хөлсийг жолооч нар тээвэрлэх ачаагаа бусад жолооч нараасаа булаах зорилгоор ачааны үнэ ханш унагаж байгаа талаар ярилцаж , хувиараа тээвэр эрхэлдэг жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор холбоо байгуулах талаар ярилцаж шийдэлд хүрэлгүй тарж байсан болохоос нэхэмжлэгч нарын тайлбар шиг биш юм.

“Ц а ж” ХХК-ийн зүгээс 2012 оны хавар Ховд аймагт хувиараа том оврын авто машинтай жолооч нарт хамтран ажиллах санал тавьж 300,000/ гурван зуун мянган /төгрөг хурааж авсан байдаг. “Ц а ж” ХХК-ийн зүгээс жолооч нарт тавьсан шаардлага нь аж ахуй нэгжид 300,000/ гурван зуун мянга/ төгрөг хандив өгөх. “Ц а ж” ХХК-иас жолооч нарт аж ахуйн нэр дээр тээвэрлэлт хийх эрх олгох, бусад аж ахуй нэгж шиг 500.000 төгрөгний татаас авахгүй оруулж бусад эдийн засгийн давуу эрх эдлүүлэх гэх байдлаар жолооч татах менежмент хийж байсан. Дээрх хандив өгсөн жолооч нарын дунд 2014 онд “Мо Эн Ко” ХХК-иас “Ц а ж” ХХК-д түрээсээр өгсөн 15 ширхэг “Норд Бенз” маркийн хүнд даацын авто машин түрээсээр авах сугалаа зохион байгуулж 15 жолоочийг авто машинтай болгож байсан. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас харж болно.

2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хариуцагч М.О. Х.С, Ж.О нар нэхэмжлэлийг зөвшөөрсон, харин хариуцагч Ж.Д, Б.Ц Н.Э, Ц.Б, Э.Э, Б.Б нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.А, Г.М, Г.М, Д.Т, С.Э нар нь Ж.Н, Х.Г, М.Э, П.О нарт 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлээсээ татгалзсан үндсэлэл нь “Ц а ж” ХХК-д ямар нэгэн байдлаар хувь нийлүүлээгүй, миний эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй тул төлөөлөгч нараасаа татгалзаж байгаагаа хүсэлтээрээ илэрхийлсэн үйлдэл нь бусад 58 нэхэмжлэгч нар нь “Ц а ж” ХХК-д 300,000 төгрөг бүгд хандив болгон өгсөн гэдгийг үгүйсгэж байгаа олон баримт нэг болдог.

Иймд дээрх хууль зөрчсөн болон хууль буруу хэрэглэсэн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Хоёрдугаарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, Гуравдугаарт: 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. Тиймээс давж заалдах журмаар гомдол гаргасан ” гэв.

Хариуцагч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Цас алтайн жинчид ХХК-ийг 2010 оноос эхлэн үүсгэн байгуулсан. 2012 оноос тээвэрлэлт эхэлсэн. Цаст алтайн жинчид ХХК нь ашгийн байгууллага, тээвэр зуучийн компани тул гаднаас авсан машиныг түрээсээр авч ашиглаад, түүнээс олсон ашгаасаа жолооч нартаа тарааж өгдөг. Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани дээрхийн адил ажилладаг. Тухайн компанид авто машинаа шилжүүлсэн учраас уг компанийн зохих хөрөнгө минийх гэж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй байна. “Цас алтайн жинчид” ХХК компани нь анх байгуулагдахдаа 1.800.000 төгрөгөөр байгуулагдсан компани юм. Мөн анхан шатны шүүх “Ц а ж” ХХК-ийн хувьцааны миний эзэмшлийн 11.1 хувьд халдан шийдвэр гаргасан гомдолтой байна” гэв.

Нэхэмжлэгч М.Эдавж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид анхнаасаа уг компанийн хувь эзэмшигч гэдэг утгаар 300.000 төгрөгийг өгсөн ба санхүүгийн баримт нь хэрэгт авагдсан байдаг. Ийм байхад зөвхөн бид есөн хүний компани гэж байгаад гомдолтой байна “гэв.  

Нэхэмжлэгч Б.Гантөмөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Хариуцагч нарын гаргаж байгаа тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Э.Эгийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 63-65 дугаар зүйлд заасан төлөөлөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн. Учир нь анхнаасаа уг нэхэмжлэлийг хүлээн авсан нь алдаатай шийдвэр болсон ба нэгдүгээр хавтасны 15 дугаар хуудсанд тусгагдсан байгаа 6 хүн хуралдаад дөрвөн хүнийг итгэмжлэлээр томилсон. Энэхүү итгэмжлэл нь дээрх дурдсан хуулийн заалтыг хангаагүй тул хүлээн авахаас татгалзах байтал шүүх хүлээн авсан байдаг. Анхан шатны шүүх анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байна. Мөн нэхэмжлэгчийг тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авсан зэрэг олон зөрчил байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.  

Хариуцагч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хангаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй зүйл олон байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжгүй, утга агуулгын хувьд ч ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодруулаагүй, энгийн, алтан, давуу эрхтэй хувьцаа аль нь болохыг тодорхой заагаагүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хувьд тооны зөрүү гаргаад байгаа, үүнийг ойлгомжтой болгох шаардлагатай байна. Итгэмжлэлээс татгалзсаныг нэхэмжлэлээс татгалзсан гэж буруу тодорхойлсон. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна. 

Ж.Н, Х.Г, П.О, М.Энарын төлөөлөн нэхэмжлэлтэй, хариуцагч М.О, Х.С, Б.Ц, Н.Э, Э.Э, Б.Б, Ц.Б, С.Э, Ж.О нарт холбогдох  “Ц а ж” ХХК-ийн дүрэм болон тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300,000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай шаардлагатай  иргэний хэргийг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 73 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.Ц, Ц.Б, Э.Э болон хариуцагч С.Э, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тухайлбал, 2-р хавтаст хэргийн 18-80 дугаар хуудасд авагдсан Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Ц а ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргээс хуулбарлан, Ховд аймгийн шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан баримтууд тухайлбал,  57-80 дугаар хуудсанд байгаа хурлын тэмдэглэл гэх баримтууд нь хаана, хэрхэн хадгалагдаж байсан, эх материал мөн эсэх нь тодорхойгүй, зөвхөн шүүхийн хуулбар үнэн тэмдэг дарснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримт гэж  үнэлэх үндэслэлгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “ Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасны дагуу шүүх дээрхи баримтуудыг эх хувиар нь авах боломжгүй бол үзлэг хийх журмаар шинжлэн судлах боломжтой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Энар анх 65 иргэнийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ “нэхэмжлэгчид” гэх  регистр, утасны дугаар бичсэн 65 хүний нэрсийн жагсаалтыг хавсаргасан байх  боловч нэхэмжлэгч тус бүрээс итгэмжлэл аваагүй, мөн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлд 55 хүний нэр бичиж, дээрхи нэр бүхий 4 хүнээр төлөөлүүлэхээр, хамгийн сүүлд буюу 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргахдаа нэхэмжлэгчээр 49 хүний нэр бичиж, төлөөлөгчөөр Ж.Н, Х.Г, П.О, М.Энар нэхэмжлэлд гарын үсэг зурж /нийт 53 нэхэмжлэгч/ нэхэмжлэл гаргахдаа мөн итгэмжлэлийг хавсаргаж ирүүлээгүй.

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага шүүхэд гаргасныхаа дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэр бүхий 4 төлөөлөгчид итгэмжлэл  олгосон байх бөгөөд төлөөлөгч М.Эд 10,  Ж.Нд 9,  Х.Гт 8, П.От 15 нэр бүхий нэхэмжлэгчид тус тус итгэмжлэл олгосон нь 4-р хавтаст хэргийн 216-250 дугаар хуудас, 5-р хавтаст хэргийн 1, 4-7, 77-81 дүгээр хуудсанд  тус тус авагдсан итгэмжлэлүүдээр нотлогдож байх бөгөөд дээрхи нэр бүхий 4 итгэмжлэгдсэн төлөөлөгч нийт 42 нэхэмжлэгчийг бүгдийг нь төлөөлөх эрхгүй, зөвхөн өөр өөрт нь итгэмжлэл олгосон төлөөлүүлэгчдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. 

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч 58 хүний нэр бичсэн нь бүгдээрээ нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон мэтээр ойлгогдож байх ба хэн хэнийг  төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн хэн оролцож байгаа нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байх бөгөөд шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хариуцагч Ц.Бын өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд “ Миний үйлчлүүлэгч  Ц.Бт анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй ” гэж тайлбарласан бөгөөд 5 дугаар хавтаст хэргийн 126-р талд авагдсан шүүхийн мэдэгдэх хуудас-д “ Хариуцагч Ц.Бын 99006900 дугаарын утсанд залгахад “ашиглалтад байхгүй” гэсэн хариу өгөв гэж бичсэн, мөн 127-р талд  хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очиртой холбогдож, хариуцагч Н.Э, С.Э, Ц.Б нарын утас холбогдохгүй байна” гэхэд   тэд хурлын товыг мэдсэн, надтай холбогдсон гэсэн хариу өгөв .. гэж тус тус бичигдсэн байна.

Эдгээр баримтуудаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Бт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “ Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна”  гэж заасны дагуу  мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн өмгөөлөгчөөр дамжуулж хариуцагчид  мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэх  үндэслэлтэй байна. Ийнхүү оролцогчийн эрхийг зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч  байна. 

Дээрх үндэслэлүүдээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч Б.Ц, Ц.Б нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хариуцагч Э.Эгийн төлсөн 70200 төгрөг, хариуцагч С.Эийн төлсөн 70200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц, Ц.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч Э.Эгийн төлсөн 70200 төгрөг, хариуцагч С.Э-ийн төлсөн 70200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                                Л.АЛТАН