| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2020/00001/и |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-04-07 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 12
Х.С-гийн нас болон садан төрлийн холбоо
тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч Х.С болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний иргэний үнэмлэхэд бичигдсэн байгаа Х гэдэг нь миний хойд эцгийн нэр юм. Миний төрүүлсэн эцэг Л.Л нь намайг ээжийнхээ хэвлийд 6, 7 сартай байхад 1938 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн байсан ба Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар магадлалаар цагаатгагдсан болно. Миний ээж Ц нь 1939 оны 3 дугаар сард намайг төрсний дараа Х гэдэг хүнтэй гэр бүл болсныг мэдэх Ш.Б, О.Д нарын тайлбар зэргийг үндэслэн миний жинхэнэ эцэг Л.Л мөн болохыг тогтоож, түүнтэй садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү. Хууль тогтоомж өөрчлөгдөж би өөрийн эцэг Л.Л-гийнхээ нөхөн олговор авахад зөрчилтэй байх тул хүсэлтийг минь хүлээн авч, түүний хүү мөн болохыг тогтоож өгнө үү. Миний бие нь 3 дугаар сарын хэдний өдөр төрснөө мэдэхгүй байгаа, 1939 оны хавар буюу 3 сард төрсөн гэж ээж маань хэлж байсан тул 1939 оны 3 дугаар сард төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25дугаар зүйлд заасны дагуу Х.Сгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэгч Х.С нь "...Би 1939 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 6 дугаар багт төрсөн ба нас тогтоолгох, мөн Лүгэнжавын Лхамсүрэнтэй садан төрлийн холбоотой буюу түүний хүү мөн болохыг тогтоож өгнө үү" гэж нэхэмжлэл гаргажээ. Иргэн Х.Сг 1939 онд төрсөн болон 1938 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаартай хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зйүлээр ялын дээд хэмжээ авч 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан Л.Лгийн төрсөн хүү болох нь иргэний хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Учир нь хэрэгт авагдсан Х.Сгийн ХААТР-1 маягтын лавлагаанд Хын Санжхүү нь ОК42050612 регистрийн дугаартай буюу түүнийг 1942 онд төрсөн гэж гарчээ. Нэхэмжлэгчээс Увс аймгийн Архивын тасгаас гаргуулан авч нотлох баримтаар ирүүлсэн Өндөрхангай сумын 6 дугаар багийн хүн амын тооллого гэх баримтад Х.Сг 1939 онд төрсөн гэж бичсэн байх боловч 9-ийн тоо нь засвартай, мөн Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд 1944 оны хүн амын тооллогоор Санжхүү нь эрэгтэй, 3 настай гэж бүртгэгдсэн байна. Эдгээр баримтууд нь хоорондоо таарахгүй байх тул Х.Сг 1939 онд төрсөн гэж үзэх боломжгүй байна. Мөн 1942 онд төрсөн хүний эцэг нь 1938 онд хэлмэгдэж ялын дээд хэмжээ авсан хүн байх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэжээ.
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.1, 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Сгийн 1939 оны 3 дугаар сард төрсөн болохыг тогтоолгох тухай болон Л.Л-тэй садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн хүү мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Анхан шатны шүүх Х.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.С нь 1939 онд Увс аймгийн Өндөрхангай сумын 6-р багт төрсөн бөгөөд тухайн үед төрснийг нь бүртгэхдээ түүнийг 1942 онд төрсөн гэж буруу бүртгэсэн байдаг. Х.Сгийн эцэг болох Л.Л гэгч нь Х.Сгийн ээж Ц нь жирэмсэн байхад буюу Х.Сг эхийнхээ гэдсэнд 6, 7 сартай байхад 1938 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдаад шүүхээс цаазын ялаар шийтгэгдсэн байна. Гэрчүүд мэдүүлэхдээ Х.Сгийн эх Ц нь Л.Лтэй гэр бүл болж байсныг, мөн 1938 оны 12 дугаар сард нөхөр болох Л.Л нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдаад явсан. Намар нь Л.Лгийн эд хөрөнгийг хураагаад явж байхад Х.С нь төрчихсөн байсан гэх мэдүүлгүүдээр Х.С нь 1939 оны хавар төрсөн болох нь тогтоогдож байдаг. Х.Сгийн эх Ц нь нөхөр болох Л.Л нь улс төрийн хилс хэрэгт баривчлагдаад явсны дараа Х гэгч хүнтэй гэр бүл болсон ба Х.Сг Хоор овоглосон байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.С нь 1939 оны хавар буюу 3 дугаар сард төрсөн болох нь тогтоогдож байгаа. Мөн Х.Сгийн эх Ц, түүний нөхөр Л.Л мөн болохыг тогтоох бүрэн боломжтой байна.
Иймээс Х.С-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэн Х.С-г 1939 онд төрсөн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр хэлмэгдэгч Л.Лгийн төрсөн хүү болох нь иргэний хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Учир нь хэрэгт авагдсан Х.Санхүүгийн ХААТР-1 маягтын лавлагаанд Хын Санхжүү нь ОК42050612 регистрийн дугаартай буюу түүнийг 1942 онд төрсөн гэж бүртгэсэн. Мөн Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд 1944 оны хүн амын тооллогоор Санжхүү нь эрэгтэй, 3 настай гэж бүртгэгдсэн байна. Эдгээр баримтууд нь хоорондоо зөрүүтэй байх тул Х.Сг 1939 онд төрсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч Х.С нь 1939 оны 3 дугаар сард төрснөө тогтоолгох, мөн 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Лүгэнжав /Лүхэнжав/-ын Лхамсүрэнгийн төрсөн хүү болохоо тогтоолгох шаардлагыг тус тус гаргасан байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Нэхэмжлэгчийн 1939 оны 3 дугаар сард төрсөн болохоо тогтоолгох тухай шаардлага нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан, Хөндлөн ургийн овогтой Хын Санжхүү гэх иргэний үнэмлэх /хуулбар/-т: регистрийн дугаар ок42050612 гэж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 108/003857 дугаартай, ХААТР-1 маягтын лавлагаанд “ Хөндлөн ургийн овогтой Хын Санжхүү, РД: ок42050612” гэж, Архивын Ерөнхий Газрын Үндэсний төв архивын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 03-01/439 дүгээр лавлагаанд: “ Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 64 дүгээр хуудсанд: өрхийн тэргүүн Цагаанхүүгийн Дамдин, эрэгтэй, 19 настай, Ц эмэгтэй, 31 настай, дүү Санжхүү эрэгтэй, 3 настай гэж” тус тус бүртгэгдсэнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь 1939 оны 3 дугаар сард төрсөн болох нь нотлогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлд хавсаргаж шүүхэд ирүүлсэн, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан, Өндөрхангай сумын захиргаа, 6-р багийн хүн амын бүртгэл /эхэлсэн 1950 он, хуудас 221/ гэх баримтад: “ Хын Санжхүү, эрэгтэй, 1939 онд төрсөн, нас 11” гэж бүртгэгдсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “аймгийн Архивын тасгаас гаргасан 1950 оны хүн амын тооллогын бүртгэлийн баримтад бичигдсэн С төрсөн он засвартай байх тул үүнийг тодруулахаар үзлэг хийж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авч аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй уг бүртгэлийн баримтад үзлэг хийсэн байна.
Үзлэгийн тэмдэглэлд : ...Хын С талаархи мэдээлэл бичигдсэн хуудас нь тус бүртгэлийн 51 болон 53 дугаар хуудасны дунд сул хавчуулсан байдалтай, дугаарлагдаагүй, энэхүү баримтыг бусад баримтуудтай харьцуулахад тод хэвлэгдсэн, Хын Санжхүү “ ...төрсөн он -1939, нас-11..” гэж бичигдсэний 9-ийн тоо засвартай байв, мөн тус баримт нь урд талаараа үдэх зорилгоор 3 хэсэгт цоологдсон ч үдэгдээгүй, татахад сул байсан болно” гэж,
мөн уг бүртгэлийн баримтад бичиг техник судлалын шинжилгээ хийсэн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 20/18 дугаар шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт “....Х.Сгийн талаархи бүртгэлийн хуудас нь тус бүртгэлийн 51 болон 53 дугаар хуудасны дунд сул хавчуулсан байдалтай, хуудас дугаарлаагүй байв. Сул хавчуулсан байдалтай байсан Х.Сгийн талаархи баримтыг урд талаасаа үдэх зорилгоор 3 хэсэгт цоолсон боловч үдэгдээгүй, татахад сул, мөн уг баримтын урд дунд болон урд доод хэсэгт 2 цоолсон байх бөгөөд 3, 2-ын хооронд урагдаж, сэтрээгүй байна” гэж тус тус бичигдсэн байгаагаас үзэхэд Х.Сгийн талаархи мэдээлэл бичигдсэн бүртгэлийн хуудас нь Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй Өндөрхангай сумын 6-р багийн хүн амын бүртгэл /эхэлсэн 1950 он, хуудас 221/ гэх баримтад анхнаасаа байсан эсэх нь эргэлзээ бүхий байна, тухайлбал: тухайн бүртгэлийн хуудас нь дугаарлагдаагүй, үдэгдээгүй, сул хавчуулсан байдалтай байсан нь дээрхи байдлуудаар нотлогдож байх тул тухайн баримтыг эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл: Х.Сд холбогдох бүртгэлийн хуудас нь архивд хадгалагдаж буй эх материалд анхнаасаа хавсаргагдсан буюу тухайн үед 1950 онд үйлдэгдсэн гэдэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна.
Нөгөөтэйгүүр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх санаачилгаараа дээрхи бүртгэлийн баримтад бичигдсэн Х.Сгийн төрсөн он засвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн байх ба уг баримтад бичиг техник судлалын шинжилгээ хийсэн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 20/18 дугаар шинжээчийн дүгнэлтэд “ Х-ын С-гийн төрсөн он болон нас засваргүй байна” гэж дүгнэсэн байна.
Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр Өндөрхангай сумын 6-р багийн хүн амын бүртгэлийн баримтад бичигдсэн Х.Сгийн төрсөн он, нас засваргүй гэж тогтоосон ч тухайн Х.Сд холбогдох бүртгэлийн хуудас нотолгооны шаардлага хангасан, эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх боломжгүй буюу нотолгооны эх сурвалж болж чадахгүй байх тул тухайн хуулийн шаардлагад нийцээгүй баримтад хийсэн шинжээчийн дүгнэлтийг нотолгооны ач холбогдолтой баримтаар тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх хуулийн шаардлагад нийцэхгүй болно.
Нас тогтоох болон садан төрлийн холбоо тогтоох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу хангалттай явуулсан гэж үзэхээр байна.
Тухайлбал: шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Архивын Ерөнхий Газрын Үндэсний төв архиваас лавлагаа гаргуулах, Увс аймгийн Архивын тасагт хадгадагдаж буй бүртгэлийн баримтад үзлэг хийх, гэрч асуух зэрэг ажиллагаа, мөн шүүх санаачилгаараа Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн эцэг Гончигийн Хын нас барсны бүртгэл, Хын С төрсний бүртгэл, эх Ж-ын Цийн хэдэн хүүхэд төрүүлсэн талаархи лавлагаа болон Ж.Ц, Г.Х нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргуулах, мөн баримт бичгийн шинжилгээ хийлгэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор дээрхи ажиллагаануудыг явуулсан нь хуулинд нийцсэн байна.
Мөн нэхэмжлэгч нь хэлмэгдэгч Л.Лгийн төрсөн хүү мөн болохоо тогтоолгох шаардлага гаргасан ба хэлмэгдэгч Лүгэнжав/Лүхэнжав/-ын Лхамсүрэн нь 52 настайдаа 1938 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн нь хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий Газрын 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 05/4508 дугаар лавлагаагаар нотлогдсон байна.
Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд “ Миний төрүүлсэн эцэг Л.Л нь намайг ээжийнхээ хэвлийд 6, 7 сартай байхад хэлмэгдэж, 1938 онд ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Миний ээж Ц нь 1939 оны 3 дугаар сард намайг төрсний дараа Х гэдэг хүнтэй гэр бүл болсон” гэж тайлбарлаж байгаа ч Х.С 1939 оны 3 дугаар сард төрсөн болон хэлмэгдэгч Л.Лгийн төрсөн хүү мөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Сгийн 1939 оны 3 дугаар сард төрснөө тогтоолгох болон хэлмэгдэгч Л.Лгийн төрсөн хүү болохоо тогтоолгох тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Х.С-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Сгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН