Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 491

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шинжээч Б.Батзориг,

хохирогч Г.Б, өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Ц, өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010052 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Луу овогт Бын Ц /РД:..../.

Б.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны замд “Тоёота Ландкруйзер” маркийн .... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Бг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 19-нд Аийн хамт хороо орох гээд явж байсан. Хорооны байрны харалдаа нэг хар машин их хурдтай явж байсан. Бид хоёр их хурдтай явж байгаа талаар нь ярьж байтал ирээд мөргөсөн. Би ганцаараа ажиллаж өрх гэрээ тэжээдэг. 2 сар ажилгүй байсан хугацааны цалин 892000 төгрөг нэхэмжилж байна. 2227000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.

Шинжээч Б.Батзориг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүдэгчийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхгүй. Дугуйн даралтын мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийн жин, хурд, хохирогчийн биеийн жин, түүний биеийн аль хэсэгт хүч хэрхэн үйлчилснийг тогтоогоогүй учир хурдыг тогтоох боломжгүй” гэв.

Эрүүгийн 1703000010052 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Бгийн: “2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн орчим хороо орох гээд явган хүний замаар урдаас хойшоо явж байхад хар өнгийн Жийп маркийн автомашин замаасаа гараад явган хүний замд орж ирээд урдаас мөргөсөн. Би хэсэг ухаан алдсан байсан. Хэсгийн эмч ирээд тариа хийж байх шиг байсан. Эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Хавирга, баруун бугуй, гар өвчтэй байсан. Би хойноос машин ирж байхыг харсан. Хойноос их хурдтай ирж байгаа харагдсан. Би шидэгдээд унасан. Гомдолтой байна. Жолооч эмнэлгийн төлбөрийг төлсөн. Толгойн зургийг 120000 төгрөгөөр авахуулсан...”,

“...1.411.450 төгрөгийг эмчилгээ, эм тарианд зарцуулсан. Бусад зардалд буюу 739.700 төгрөг хоол унд, унаанд зарцуулсан. Ингээд нийт 2.151.150 төгрөг болж байна. Үүнээс жолооч 1.800.000 төгрөг өгсөн. Одоо 351.150 төгрөг үлдэж байна... Намайг мөргөсөн Т.Ландкруйзер маркийн автомашины урдуур ямар нэгэн машин эргэж орохыг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-21-22, 23, 24/,

Гэрч Н.Аийн: “2017 оны 7 дугаар 19-ний өглөө 09 цагийн орчимд найз Бгийн хамтаар 24 дүгээр хороо орохоор замынхаа баруун талаар явган хүний замаар алхаж явсан. Би Бгийн зүүн гар талд алхаж явсан. Тэгтэл нэг хар өнгийн автомашин их хурдтай хойноос урагшаа ирж байгаа харагдсан. Уг машин дөхөж ирээд гэнэт замаас гараад бид хоёрын өөдөөс ороод ирэхээр нь би Бгийн зүүн гараас нь татаад зүүн гар тийшээ болсон боловч нөгөө машин Бг мөргөөд автобусны буудал өнгөрөөд зогссон. Намайг машин мөргөөгүй, Б мөргүүлээд нилээд зайтай явган хүний зам дээр унасан. Хоёр гутал нь үсэрсэн. Амнаас цус гарч байсан. Тэнд байсан хүмүүс түргэн, цагдаа дуудсан. Хорооны эмнэлгээс эмч гарч ирээд яаралтай тусламж үзүүлсэн. Машин их хурдтай хойноос ирж байгааг харсан. Тэр машин бид хоёр руу дөхөж ирээд гэнэт замаас гарч явган хүний зам руу орж ирсэн. Жолооч нь 30-35 орчим насны эрэгтэй байсан. Замаар машины хөдөлгөөн сийрэг байсан. Цагдаа хэмжилт хийхэд би байсан ба анх машинд хаана мөргүүлсэн болон унасан гэх газрыг зааж өгсөн. Жолооч нь мөргүүлсэн хүн дээр ирэхгүй машинаа тойроод л яваад байхаар нь би очоод жолоочийг загнасан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...”

“...Бг мөргөсөн автомашины өөдөөс буюу “Истана” маркийн автомашин зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийж явсан талаар хараагүй. Бг ирж мөргөсөн машиныг холоос харахад их хурдтай ирж байна даа гэж яриад явж байсан. Ямар нэгэн машин хөндлөн ороогүй. Бг мөргөсөн машины жолооч худлаа ярьж байна...” гэх мэдүүлэг /хх-50, 51/,

Иргэний хариуцагч Н.Дгийн: “Б.Ц нь миний эзэмшлийн автомашиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. Би тухайн өдөр хамт явсан. Ослын талаар би сайн мэдэхгүй байна. ...ын рашаанаас хот орохоор явсан. Мөргүүлсэн хүн хэнтэй хамт явсан, замаар машины хөдөлгөөн ямар байсныг мэдэхгүй байна. Машины хөдөлгөөн бага байсан. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Автомашинтай холбоотой нэхэмжлэл байхгүй. Автомашины эзэмшигч би тул тухайн иргэнд учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулах үүрэг хүлээдэг гэдгийг ойлгосон” гэх мэдүүлэг /хх-62-63/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.07.26-ны өдрийн 9474 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Б-н биед баруун 9-10-11-р хавирганы далд хугарал, духанд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-66/,

Зам цагдаагийн албаны шинжээчийн 2017.08.02-ны өдрийн 282 дугаар дүгнэлтэд: “1.“Т.Ландкруйзер” маркийн .... УНЗ дугаартай автомашины жолооч Б.Ц нь Монгол Улсын ЗХД-ийн 9.2.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Т.Ландкруйзер” маркийн .... УНЗ дугаартай автомашины дугуйн даралтын мөрөөр уг автомашины хурдыг тодорхойлж гаргах боломжгүй. 3.Явган зорчигч Г.Б нь Монгол Улсын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна” гэжээ /хх-85/,

Б.Цийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчимд .... улсын дугаартай Т.Ландкруйзер маркийн автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “...”-ын рашаанаас төв рүү орохоор ертөнцийн зүгээр хойноос урагшаа 50 орчим км/цагийн хурдтай явж байхад дугаар тодорхойгүй “Старекс” маркийн автомашин урсгал сөрөөд ороод ирэхээр нь баруун гар тийшээгээ жолоогоо дараад замын хашлага даваад явган хүний зам руу орсон. Явган хүний замаар явж байсан нэг эмэгтэй хүнийг мөргөсөн. Тэгээд 102, 103 дугаар руу дуудлага өгсөн. Хөдөлгөөн сийрэг байсан. Зам хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Урсгал сөрж орж ирсэн машины дугаарыг хараагүй. Уг машинтай мөргөлдөж шүргэлцээгүй. Мөргүүлсэн хүний эмчилгээнд 1.800.000 төгрөг өгсөн, баримтыг хэрэгт хавсаргасан. Миний буруугаас болж явган зорчигч мөргөсөн. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-91-92/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-15/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-16/, хохирлын төлбөрт мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-26, 97, 98, 99/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /28-32/, хохирлын баримтууд /хх-33-42/, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл /хх-46-48/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-59/, Г.Бгийн хэвтэн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-69/, “Мөнгөн гүүр” эмнэлгийн өвчний түүх /хх-70-80/, Б.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-93/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-94/, жолоочийн лавлагаа /хх-95/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-96/, “Хос бэрс” ХХК-ийн тодорхойлолт /хх-100/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-103/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-104/, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн лавлагааны хуудас /хх-109-110/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-112/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны замд “Тоёота Ландкруйзер” маркийн .... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Бг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Цийн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Цийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэгт 2,261,150 төгрөгийн нотлох баримт авагдаж, шүүгдэгч 2,270,000 төгрөг төлсөн болсон болох нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Харин 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 791,000, 892,000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч хэрэгт авагдсан хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-28-30/, эмнэлгийн хуудсын хуулбар /хх-31-32/, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн цалингийн тодорхойлолт, албан тушаал өөрчлөн ажиллуулах тухай тушаалын хуулбар, эмнэлгийн хуудсын хуулбар /зарим дүн, тоон илэрхийлэл харагдахгүй/ зэргээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул, мөн цаашид хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Ц, иргэний хариуцагч Н.Д нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 2,270,000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, цалингийн зөрүү төлөгдөөгүй, жолоочийн үнэмлэхийг буцааж олгох саналтай” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн сайн хийгдээгүй. 2 сар ажлаа хийгээгүй. 43 хоног ажилгүй байсан хугацааны цалин 892,000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, энэ талаар тогтоолд дурдаж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Явган зорчигч буруугүй. Цалингийн зөрүүг тооцоход нотлох баримт хангалттай биш байгаа учир төлөөгүй. Баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх боломжтой. Иргэний хариуцагчаар хохирлыг төлүүлэх учиртай. Цаашид гарах хохирлыг тогтоолд нээлттэй үлдээж өгнө үү. Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Цийн жолоочийн ВС ангиллын 253609 дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ц урьдчилан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Луу овогт Бын Цийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Цийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогч Г.Бд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөрт бүгд 2,270,000 төгрөг нөхөн төлөгдсөнийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин, хөдөлмөрийн хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Ц, иргэний хариуцагч Н.Д нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэн гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ц урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт хураагдаж ирсэн Б.Цийн жолоочийн ВС ангиллын ... дүгээр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР