Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0199

 

 

 

 

 

 

 

 

       2024          03             05

                                   128/ШШ2024/0199

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.М

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** тушаал болон уг тушаалд гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** тоот албан бичгээр хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 67,860,000 төгрөг олгохыг хариуцагчид даалгах” гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч А.М нь ****заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн **** зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах үүссэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

2.2. Улмаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч А.Мд 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.[1]

2.3. Гэтэл  нэхэмжлэгч А.М нэг удаагийн буцалтгүй тусламжийн бүрэн  олгоогүй дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаар албан бичгээр “…Өргөдөлд дурдсан асуудлаар иргэн Ц.И нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байх тул Та бүхний өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй” хэмээн хариу өгчээ.

2.4. Нэхэмжлэгч А.М ийнхүү тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.М миний бие ****давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн **** зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ.        

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан “сарын дундаж цалингийн” хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан. Гэтэл бидэнд дээрх хуульд заасан тэтгэмжийг шүүгчийн сар тутамд авч байсан үндсэн цалингийн хэмжээгээр тооцоолон \2,900,000 х 36 = 104,400,000\ төгрөг олгосон. Уг тэтгэмжийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 2022 оны 12 дугаар сарын 01 ний өдөр **** тушаалаар тогтоосон байна.

 Миний албан тушаалын цалин 2,900,000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1,160,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 725,000 төгрөг бөгөөд сар тутамд 4,785,000 төгрөгийн цалин авдаг байсан, үүнийг 36 сараар тооцоолоход \4,785,000х36=172,260,000\ нийтдээ 172,260,000 төгрөгийн тэтгэмж авах ёстой.

Дээрх тушаалын хувийг миний бие 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцсан. Уг тушаал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 -т “шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь түүний авч байсан цалингийн дунджаар 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 -т "Шүүгчийн цалин хөлс нь "албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж, 47.9-д "... шүүгчийн авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан байдаг. 

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулах бөгөөд шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин орно гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцох”-оор заасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 7 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4.-т “Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй гэх заалт ч бий. 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх  заалт нь илүү нарийвчилсан зохицуулсан зохицуулалт байх бөгөөд энэхүү заалтыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “ Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно” гэсэн заалттай адилтган үзэх боломжгүй.

         Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад  энэ асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/  хуулийн заалт  хэрэглэгдэх бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарч буй шүүгчид нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр /албан тушаалын үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл/ 36 сарын хугацаагаар тооцож олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заажээ.

Шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан хуульч цаашид эзэмшсэн мэргэжлийн нэг төрөл болох өмгөөлөгчөөр ажиллах нөхцөл нь хязгаарлагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг нэмэлтээр оруулсан гэж  ойлгогдож байгаа болно.

Дээрхээс үзэхэд захиргааны байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар нэг удаагийн тэтгэмжийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингаар тооцсон нь үндэслэлгүй.

Миний бие дээрх тушаалын хувийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шаардан авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад гомдол гаргасан.

Уг гомдолд 2023 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн тоот **** тоот албан бичгээр “тухайн маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  хянагдаж байгаа учраас шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснийг хууль бус гэж үзэж байна.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 01 ний өдрийн **** тушаал болон уг тушаалд гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй, 2023 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн **** тоот албан бичгээр хариу өгсөн үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож,  шүүгчийг  өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 67,860,000 төгрөг олгуулахаар хариуцагчид даалгаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Миний бие шүүхэд нийт 31 жил 10 сар ажилласан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар Ерөнхийлөгчийн зарлигаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Шинээр батлагдсан Шүүхийн тухай хуульд 25 жил шүүгчээр ажилласан бол өөрийн хүсэлтээр гарч болно гэсэн заалтыг үндэслээд тэтгэвэртээ гарсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл тэтгэмжийг үндсэн цалин буюу 2,900,000 төгрөгөөр бодож 104,400,000 төгрөг олгосон. Олгохдоо 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр **** тушаал гаргасан байгаа. Энэ тушаалыг хууль бус гэж үзэж байна. Шүүхийн тухай хуульд шүүгчийн сарын цалингийн дунджаар 36 сарын тэтгэмжийг олгож олгоно гэсэн заалттай нийцэхгүй байна гэж үзэж байна. Тэтгэмжийг бодохдоо үндсэн цалин 2,900,00 төгрөг, онцгой нөхцөлийн 40% буюу 1,160,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25% буюу 725,000 төгрөг байгаа. ****давж заалдах шатын шүүхийн тамгын газраас дээрх 3 жилийн цалингийн карт, цалингийн дунджийг тооцоолоод 4,785,000 төгрөгийн цалин авдаг байсан байна гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Үүнийг үндэслээд 4,785,000 төгрөгийг 36 сараар үржүүлээд нийтдээ 172,260,000 төгрөг авах байсан. 104,400,000 төгрөг өгсөн нь хууль бус байна. Үүний зөрүү 67,860,000 төгрөг болно. Энэ зөрүүг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Хуулийн үндэслэлүүдийг бол нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байгаа гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтад зааснаар Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж, тушаал гаргадаг ба хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгосон. Энэхүү тушаалыг гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан хуулийн уг заалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэгч нарт тэтгэмжийг олгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй юм. Иймд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хуульд заасан хувь хэмжээгээр нэг удаагийн тэтгэмж олгосон Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны акт илт хууль бус болох тохиолдлуудад хамаарахгүй байгаа нь дараах байдлаар нотлогдоно. Чиг үүргийн хамаарлын хувьд шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахтай холбогдсон нэг удаагийн тэтгэмж олгох асуудал нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 47 дугаар зүйлд, 70 дугаар зүйлд заасанчлан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. 2. Тушаал гаргах эрх зүйн үндэслэлийн хувьд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь заалтыг удирдлага болгон акт гаргасан. 3. Тушаалын агуулга хангалттай тодорхой байгаа бөгөөд давхардсан утга агуулаагүй, шүүгчид олгох тэтгэмжийн дүнг тодорхой тусгасан. 4. Тушаал нь хуульд нийцсэн бөгөөд тухайлбал Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан болзол шаардлага, хориглолт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлэн, шүүгчээр томилогдон тангараг өргөсөн төрийн албан хаагч, шүүгчийн хувьд Монгол улсын Шүүхийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа харилцаа тул Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиас илүүтэйгээр Монгол улсын Шүүхийн тухай хуулийн тодорхой зохицуулалтаар тэтгэмж тогтоосон нь хуульд нийцсэн байна. Шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн аливаа маргааныг хараат бусаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг үндэслэх учиртай бөгөөд өрсөлдөх хэм хэмжээний хувьд Монгол улсын Шүүхийн тухай хууль нь шүүгчийн эрх зүйн байдал, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдлыг нарийвчлан зохицуулсан хууль гэдэгтэй хэн ч маргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2. Нэхэмжлэгч А.Маас Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо албан тушаалын цалинд онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулалгүй 67,860,000 төгрөгийг дутуу олгосон гэж маргаж байгаа бол, хариуцагчаас сарын дундаж цалин гэдэгт дээрх нэмэгдлүүд орохгүй гэж няцаан тайлбарлалаа.

4.3.  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд дээр дурдсан сарын дундаж цалингийн хэмжээ гэдэгт эдгээр бүрдэл хэсгүүдийн нийлбэрийн дундаж байна.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

4.5. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн  дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1 ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1 нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээ-г тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох хууль болон журмын зохицуулалттай ажээ.

4.6. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхдээ  сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

4.7. Хариуцагчаас нэхэмжлэгч А.Мын шүүгчээр ажиллаж байхдаа авч байсан ...албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны…нэмэгдлийн дунджаар тооцон тэтгэмжийг олгохгүй, шийдвэрлэх боломжгүй хэмээн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** тоот албан бичгээр хариу өгсөн нь хууль бус бөгөөд үүний улмаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан шүүгчээр ажиллаж байсан А.Мын нийгмийн баталгаа зөрчигдсөн байна.

4.8. Иймд дээрх үндэслэлүүдээр  Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч А.Мын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээр  түүний албан тушаалын цалинд багтах онцгой нөхцөлийн нэмэгдэл 1.160.000 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 725.000 төгрөг, нийт 1,885,000х36=67,860,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн **** тушаал болон уг тушаалд гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** тоот албан бичгээр хариу өгсөн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 67,860,000 төгрөг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР