Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/55

 

 

 

 

 

 

 

 

  2022         06             30                                         2022/ДШМ/55

 

 

..............т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

            Яллагдагч ..............,

            Яллагдагчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............../цахим сүлжээгээр/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ..............

            /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 532 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлээр ..............т холбогдох эрүүгийн 2234000680092 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

.............. нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр баг Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг явах чиглэлийн ..............дахь километрийн шонгийн ойролцоо хатуу хучилттай асфальтан замд “Тоёота Приус” 20 маркийн ..............УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а. “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Алтаншагайгийн жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн .............. ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж .............. ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Мөнгөн-Эрдэнийн амь нас хохирч, .............., Ү.Анужин, Ү.Маралжин нарын эрүүл мэндэд хүнд, ..............ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..............т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан байна. Гэтэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын талаарх тэмдэглэлийг хавсаргаагүй нь тухайн ослын үед тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, хэргийн тухайн цаг үеийн нөхцөл байдлын талаар тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул Замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын талаарх актыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай байна.

 

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цаг 20 минутад гомдол, мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн нь хавтаст хэргийн 2 дугаар хуудаст байна. Гэвч хохирогч ..............д 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр эрх, үүргийг тайлбарлаж хууль сануулж, мэдүүлэг авсан тэмдэглэл хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудсанд авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг эргэлзээгүй төрүүлэхүйц нөхцөл байдал үүсгэж байх тул залруулах шаардлагатай гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол ..............т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар тодорхой тусгаагүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Учир яллагдагч ..............ын нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, согтуу байсан болохыг нотолсон шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт нь тогтоогдсон байна.

 

Түүнчлэн зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байхад шүүгчийн захирамжид зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдлын талаарх тэмдэглэлийг хавсаргаагүйгээс “тухайн ослын үед тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, хэргийн тухайн цаг үеийн нөхцөл байдлын талаар тодорхойлох боломжгүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягт”-ыг Улсын Ерөнхий прокурор батална гэж хуульчилсан бөгөөд шүүгчийн захирамжид тусгагдсан тэмдэглэл нь Улсын Ерөнхий прокурорын баталсан эрх зүйн хэлбэрт хамаарахгүй байна.

 

Тухайн үйл баримт нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гарч мөн өдрөө хэргийн газрын үзлэг болон холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Мөрдөгч хохирогч ..............аас мэдүүлэг авахдаа техникийн алдаа гаргаж, гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 он гэж бичих байсныг 2021 он гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргаснаас хохирогчийн мэдүүлгийг өөрчилсөн өөрийн өгсөн мэдүүлгээс өөр зүйл бичигдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй , хохирогч тухайн үйл баримтын талаар үнэн зөв өөрийн харсан үзсэн мэдэх зүйлийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсгэхгүйгээр бичигдсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдалд эргэлзээ төрүүлэхүйц байна, залруулга хийх шаардлагатай гэсэн нь нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм.

 

Учир нь хохирогч ..............ы мэдүүлгээс өөр бусад нотлох баримтуудаар гэмт хэргийг хэзээ, хэн, яаж үйлдсэн болох нь тогтоогддог бөгөөд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд уг гэмт хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гарсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн, хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийг хүлээн авч танилцахад шүүх хуралдааны явцад уншиж сонсгосон шийдвэрээс эрс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэхээр байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг 4 үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан атлаа шүүгчийн захирамжид 2 үндэслэл дурдсан нь уншиж сонсгосон шийдвэрээс эрс зөрүүтэй болсон. Мөн шүүгчийн захирамжид дурдагдсан 1 дэх үндэслэлийг нөхөн гүйцэтгэснээр хэрэгт ямар өөрчлөлт орох нь тодорхойгүй байх ба харин хохирогч ..............аас мэдүүлэг авахдаа огноог 2021 он гэж техникийн шинжтэй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч ..............тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хохирогч ..............ийн биед хүнд хохирол учирсан байхад прокуророос түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж яллаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тухайн хэрэгт иргэний хариуцагчийг татан оролцуулах зайлшгүй шаардлагатай байгаа ба яллагдагч .............. нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй байгаа, мөн С.Алтаншагайг яллагдагчаар татуулмаар байна гэв.   

 

Яллагдагч ..............ын өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

           

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог учиртай.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан “Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын талаарх тэмдэглэл”-ийг хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд үүнээс үүдэн тухайн хэргийн болж өнгөрсөн цаг үеийн нөхцөл байдлыг шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийн тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байх тул энэ талаар дурдан “зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын талаарх акт”-ыг нөхөн гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжийн тухайн хэсэг үндэслэл бүхий болжээ.

 

Харин тухайн хэрэг учрал нь 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гарч, гэмт хэргийн гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага мөн өдрийн 15 цаг 20 минутад хүлээн авсан байх ба хавтаст хэргийн 31-34 дүгээр талд авагдсан хохирогч ..............аас 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэж огноолон эрх, үүрэг тайлбарлан авсан мэдүүлэг нь агуулгын хувьд 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр болж өнгөрсөн зам тээврийн ослоос үүдэлтэй, түүнд учирсан хохирол, хор уршигтай холбоотой байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад огноог андууран бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзнэ.

 

Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасныг нотолж чадаагүй гэж үзэх боломжгүй юм.

 

Тус шүүх ..............т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн яллагдагч ..............т холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны бичлэгийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хянан үзэхэд шүүхээс нийт 4 үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан байх боловч хэрэгт нэмэлт 2 ажиллагаа хийлгэхээр заасан шүүгчийн захирамж хавсаргагдсан нь шүүх хуралдаанд уншиж сонсгосноос зөрүүтэй болсон байх бөгөөд энэ талаар дурдсан прокурорын эсэргүүцлийн тухайн хэсгүүд нь үндэслэл бүхий болсон байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үздэг журамтай.

 

Дээрх хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл мөрдөн байцаалтын шатанд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй доорх нөхцөл байдлуудыг шалган тодруулахгүй орхигдуулжээ.

 

Үүнд: Хавтаст хэргийн 122-124 дүгээр талд авагдсан Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №16 дугаар дүгнэлтээс үзвэл хохирогч ..............ийн биед “...тархи доргилт хүнд зэрэг, хаван, их, тархины баруун зулай оройд хатуу хальсан доорх цус хуралт, их тархины баруун бөмбөлгийн зулай, баруун чамархай, бага тархины зүүн дэлбэнд тархины эдийн цус хуралт, няцрал, зулай, чамархайн тархины эдийн атираа ховил завсарт цус харвалт, хэвлийн хөндийд цусархаг шингэн хуралдалт, дэлүүний задрал, нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний дэлүүний булангийн няцрал, дух ясны хугарал, зүүн дунд чөмгөний  дунд 1/3 хэсгийн хөндлөн ил хугарал, хацар, дух, баруун зулайн хуйханд хууларсан, зүүн дунд чөмгөний 1/3 хэсэгт ангайсан шарх, зүүн чамархай, нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, дух, чамархайд гаднын биет...” буюу Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-т заасан амь насанд аюултай “ХҮНД” гэмтэл учирсан байдаг.

 

Гэтэл прокурорын 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр яллах дүгнэлтийн “Тэмдэглэх” болон “Тогтоох” хэсэгт хохирогч ..............ийн биед “ХҮНДЭВТЭР” хохирол учирсан гэж бичигдсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Тухайн гэмт хэргийн улмаас .............. ГСА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд нийт 8.995.000 төгрөгийн хохирол учирсан нь “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-аас гаргасан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байхад тус тээврийн хэрэгслийн эзэмшигч С.Алтаншагайг иргэний нэхэмжлэгчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн уг хэрэг учрал болох үед буюу 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар ..............ын жолоодон явсан Тоёота приус-20 маркийн .............. УБЧ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл нь ............../ гэх хүний эзэмшилд байсан нь тогтоогдсон тул түүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Иргэний хариуцагч”-аар татан оролцуулалгүй орхигдуулсан нь буруу байна.

 

Түүнчлэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн яллагдагчийн биеийн байцаалт хэсэгт Мөнхийн Хосбаяр гэж бичигдсэн атлаа яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг дурдахдаа .............. гэсэн нь ойлгомжгүй, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Дээрхээс дүгнэн үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ..............т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байна.

 

Иймд ..............т холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “Тодорхойлох нь” хэсгийн 1 дэх хэсэг болон энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн прокурорын газарт буцааж, прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 17 дугаар эсэргүүцлийн 2, 3 дахь хэсгүүдийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 532 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 17 тоот эсэргүүцлийн 2, 3 дахь хэсгүүдийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч хангасугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХДАВАА

 

                        ШҮҮГЧИД                                         Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР