| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/1260/И |
| Дугаар | 001/ХТ2016/00973 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2016/00973
Иан Барнесын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03531 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1134 дүгээр магадлалтай,
Иан Барнесын нэхэмжлэлтэй
“Ти даблью би дриллинг” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон амьдрах хугацааны зардалд нийт 908 325 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Австрали Улсын иргэн /Barnes Ian Joseph/ Иан Барнес нь “Ти даблью би дриллинг” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж засвар үйлчилгээний менежерээр ажиллаж 15 000 ам.долларын цалин хөлстэй, амьдрах зардал сарын 2 500 ам.долларын тэтгэмж авахаар тохиролцсон. Ажил олгогч нь 2013 оны 5 дугаар сард тодорхойгүй шалтгаанаар, 1 сарын хугацаатай сул зогсолт зарлах тухай хэлж, 2013 оны 5 дугаар сард нийт 2 долоо хоног сул зогсолт хийж, үлдсэн 2 долоо хоногт нь ажиллахаа мэдэгдсэний дагуу хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр зохих журмын дагуу цалин хөлс, амьдрах хугацааны зардалтай холбоотой ямар нэг хөлс, зардал олгоогүй. Улмаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэх захирлын 05\14 тоот тушаалаар цуцалсан. Тушаалыг гардуулаагүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдээгүй. Хариуцагчийн үйл ажиллагаа тогтвортой байгаа тул ажилдаа эгүүлэн тогтоолгоно, ажилгүй байсан хугацааны 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 26 сарын цалин, амьдрах хугацааны тэтгэмж гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэнэ. Харин эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийх нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд 26 сарын цалинг Монголбанкнаас зарласан долларын ханш 1999.36 төгрөгөөр тооцож үндсэн цалин 778 564 800 төгрөг, амьдрах хугацааны зардал 129 760 000 төгрөг нийт 908 325 600 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тухайд шүүхэд хандсан ч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 1074 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Хариуцагч компани Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, хуулийн этгээд. Хөдөлмөрийн гэрээг тухайн ажил олгогч өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажилтны ур чадвар, туршлагыг нь ашиглаж байгаа хэлцлийг их хэмжээний хэлцэлтэй андуурч тайлбар гаргаж байна. Мөн Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйл буюу их хэмжээний хэлцэл, энэ маргаанд хамаарахгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээнд манай компанийг төлөөлж менежер Австрали Улсын иргэн Тони Райн гарын үсэг зурсан байдаг. Компанийн дүрмийн 6.4-т “ерөнхий захирал нь компанийг гадаад, дотоодод төлөөлөх бөгөөд уг компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, шүүхийн ажиллагаанд оролцож, санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй” гэсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээнд компанийг төлөөлөх эрхгүй этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр гарын үсэг зурсан. /Barnes Ian Joseph/ Иан Барнес нь тус компанид биечлэн ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй, ямар шалтгаанаар ийм хэмжээний цалин авах талаар гэрээ байгуулсныг тодруулахад “Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа” гэж виз авахын тулд гэрээ хийсэн гэж хэлдэг. Түүний дотны найз Тони Райн нь манай ерөнхий менежерээр ажиллаж байсан. Ерөнхий менежер өөрийн албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлэн нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, сар бүр цалин гаргуулах гэрээнд Иан барнерс, Тони Райн гарын үсэг зурсан байдаг. Тони Райн тус компанийн гүйцэтгэх удирдлага биш. Улсын бүртгэлийн гэрчилгээгээр компанийн удирдлагаар хэн, хэн ажиллаж байсан талаар харагдана. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Тони Райн Монгол Улсаас гарч явсан учраас хэргийг шалгах боломжгүй болсон Хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалин болон тэтгэмж нь 17 500 000 ам.доллар, 24 сарын хугацаагаар гэрээ байгуулсан ба нийт 420 000 ам.долларын хэлцлийг гадаадын иргэд хооронд байгуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3.-д зааснаар хөдөлмөрийн нөхцөлийн талаар дурдаагүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, ажлаас халсан тушаалыг 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Ти даблью би дриллинг” ХХК-ийн зүгээс тухайн үед санхүүгийн менежерийн албан тушаалтайгаар ажиллаж байсан Б.Баяржаргал 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд агуулах, засварын цехэд нэхэмжлэгч /Barnes Ian Joseph/ Иан Барнестай уулзаж, хувийн эд хогшилыг хүлээлгэн өгөх үедээ түүнийг ажлаас чөлөөлсөн 05/14 тоот тушаалыг гардуулсан гэдгийг гэрчүүд мэдүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хөөн хэлэлцэх дууссан гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03531 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 129 дүгээр зүйлийн 129.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар “Ти даблью би дриллинг” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор болон амьдрах хугацааны зардал нийт 908 325 600 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Иан Барнесын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.4.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1134 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03531 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Австрали Улсын иргэн /Barnes Ian Joseph/ Иан Барнес нь “Ти даблью би дриллинг” ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай засвар үйлчилгээний менежерээр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэрээний 8-р бүлэгт 1-т ажилтанд холбогдох татварыг суутгах нийт 15 000 ам.долларын үндсэн цалинг сар бүр, амьдрах зардалд сарын 2 500 ам.долларын тэтгэмж тус тус олгоно гэж заасан.
Ажил олгогч 2013 оны 5 дугаар сард тодорхойгүй шалтгаанаар 1 сарын хугацаатай сул зогсолт зарлах тухай хэлж, миний бие 2013 оны 5 дугаар сард нийт 2 долоо хоног сул зогсолт хийж, үлдсэн 2 долоо хоногт ажиллахаа мэдэгдэж байсан. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин хөлс, зардал олгогдоогүй. Хөдөлмөрийн гэрээг 2014 оны 05/14 тоот тушаалаар цуцалсан ч хуульд заасан үндэслэлээр гардуулаагүй.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт /Barnes Ian Joseph/ Иан Барнесд 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05/14 тоот ажлаас халсан тушаалыг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 24122 дугаартай тэмдэглэлд хариуцагчийн санхүүгийн нягтлан бодогчийн мэдүүлгийг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар цуцлахдаа мөн хуулийн 40.5.-д зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх нь ажил олгогчийн үүрэг байдаг. Гэвч энэ мэдэгдэл хэрэгт авагдаагүй төдийгүй, хэзээ маргаан бүхий тушаалыг гардуулсан нь тодорхойгүй байхад илтэд хууль бус шийдвэр шүүхээс гарсан гэж үзэж байна. Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1074 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 123 дугаар зүйлийн 123.3.-т заасныг тус тус үндэслэн хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор “Ти даблью би дриллинг” ХХК-ийн ерөнхий менежер Шинэ Зеланд улсын иргэн Тони Райн, өөрийн найз Австрали Улсын иргэн /Barnes Ian Joseph/ Иан Барнесыг ажилд авч өндөр үнээр цалинжуулан компанид хохирол учруулсан үйлдэлд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх үнэлэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан 2006 оны 7 дугаар сарын 33 тоот тогтоолын 17-д “...хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан “сарын өмнө мэдэгдэх”, “45 хоногийн өмнө мэдэгдэх”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т заасан “ажилтанд 2 сар түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх” тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна, мөн тогтоолын 27-д “Ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн ажилтны эрх зүйн байдлаас хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., Төрийн албаны тухай болон бусад хуулийн холбогдох заалтуудыг баримталж байвал зохино. Ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас үндэслэлгүй халснаас байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах асуудлыг бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлэнэ. Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан боломжгүй” гэсэн заалтуудыг орхигдуулж нэхэмжлэгч хэзээ, хаана, хэрхэн ажлаас халсан тушаал гардуулсныг тогтоолгүй үндэслэлгүй шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан бөгөөд энэ хугацаанд гомдоо гаргаагүй нь хуулиар тусгайлан тогтоосон шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх хуулийн үндэслэл болно.
Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Австрали Улсын иргэн Barnes Ian Joseph нь ажил олгогчийн тушаалыг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан атлаа 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, Дүүргийн 1 дүгээр Прокурорын газраас 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Тони Райнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шаардлагад нийцээгүй талаар дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгч нь анх 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, шүүх иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэж, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1074 дүгээр захирамжаар уг нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэргийг шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Тухайн үед шүүх нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй нь шүүгчийн захирамжинд тусгагдсанаас гадна ажил олгогчоос ажилтанд тушаалыг гардуулсан баримт байхгүй байна. Шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тушаалыг гардан авсан атлаа 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэл муутай байх ба уг дүгнэлт өмнө нь хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжтай зөрчилдсөн байна.
Харин Прокурорын газраас 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Тони Райнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцээгүй талаарх шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд мөн хуулийн 76.2.-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг байна.
Нэхэмжлэгч Barnes Ian Joseph нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэхийг мэдэх боломжтой байсан тул энэ үеэс эхлэн хугацааг тоолоход тэрээр нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянгын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03531 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1134 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА