Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 571

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “М*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, Ж.А*******, Д.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*******, Б.Т,  Э.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж******* нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр А/03 дугаар захирамж гаргаж үүгээрээ Нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утас, үүрэн холбооны үйлчилгээний шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, одоогийн харилцаа холбооны зардлыг хэмнэх Нийслэл багцыг бий болгож ажиллахыг, Нийслэлийн багц үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог зохион байгуулж ажиллах үүргийг Нийслэлийн мэдээллийн технологиын газарт үүрэг болгож даалгасан байна. 

Үүний дагуу Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 01 дугаар тушаал гаргаж тус тушаалын 1 дүгээр хавсралтаар Нийслэл багц үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах жрам баталсан. Үүнийхээ дагуу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэл багц үйлчилгээний ажлын даалгаварыг баталж гарган Нийслэл багц үйлчилгээ үзүүлэгч этгээдийг сонгох шалгаруулалт зарлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулсан байна. 

Нийслэлийн Засаг дарга нь энэ үйлдлээрээ нэгэнт хуулиар тогтоосон журмыг дахин гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 ба 3 дугаар зүйлийг зөрчсөн, хуулиар түүнд эрх олгогдоогүй байхад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны акт гаргасан үйлдлээрээ Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 60 дугаар зүйлийн 60.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.3-ыг тус тус зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг дарга энэ захирамжаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тусгайлан зохицуулдаг үйл ажиллагааг дур мэдэн эрхээ хэтрүүлэн захирамж гаргаснаар зогсохгүй, энэхүү захирамжиндаа Нийслэлийн бүх дүүргийн төсвийн  ерөнхийлөн захирагчийн эрхийг дур мэдэн булаан авч эдэлсэн шаардлага тавьж шалгаруулалт зарлан холбооны үйлчилгээг нэг этгээдээс авах зохицуулалт тогтоон шударга өрсөлдөөний зарчим алдагдуулан суурин утасны үйлчилгээ эрхэлдэг манай компанийг зах зээлгүй буюу Улаанбаатар хотод үйлчилгээ явуулах зах зээлгүй болгох үйлдэл хийж Монгол Улсын олон хууль, тогтоомжийг  зөрчлөө.

Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын  4-ний А/03 дугаар захирамжыг хүчингүй болгож өгнө үү.

Энэ захирамж гарсаныг анх 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэл багцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилга Нийслэлийн мэдээллийн технологийн газрын  албан  ёсны сайтад  гарснаас олж мэдсэн гэхдээ Захирамжийг нийтлээгүй байсан бөгөөд олж авч чадалгүй зөвхөн агуулгыг нь л энэ урилгаас олж мэдсэн болно. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн  засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 4-ний А/03 дугаар захирамжийг Нийслэлийн засаг даргын захирамж байршуулдаг Ulaanbaatar.mn, it.ub.gov.mn сайтуудад  огт байршуулаагүй байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Нийслэлийн мэдээллийн технологийн газрын 330899 дугаарын утасруу холбогдон бичиг хэргийн ажилтантай ярьж байж 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олж авсан. Нийслэлийн засаг даргын албан ёсны сайтад байршуулаагүй, одоо ч байхгүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нийслэлийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А/347 тоот захирамж гаргасан. Энэхүү захирамж нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 захирамжтай утга агуулгын хувьд яг адилхан асуудлаар ижил шийдвэртэй бөгөөд, гагцхүү “Нийслэл багц” гэсэн үгийг л хассан байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнээс зайлсхийсэн агуулгатай байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 тоот захирамжийг энэхүү хэрэгт хамтран шийдвэрлүүлж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 тоот захирамж нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 захирамжтай утга агуулгын хувьд нэг асуудлаар гаргасан ижил шийдвэртэй бөгөөд, гагцхүү “Нийслэл багц” гэсэн үгийг хассан байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүнээс зайлсхийсэн агуулгатай байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 захирамжийг хуульд нийцсэн эсэх асуудлаар захиргааны шүүх  хэрэг үүсгэн, биелэлтийг нь түдгэлзүүлэх ажиллагаа хийсэн учир энэ байдлаас зайлсхийж өөр захиргааны акт байдлаар харагдуулах зорилгоор шинэ дугаартай захирамж гаргасан байна.

Мөн түүнчлэн энэ захиражинд үндэслэн “Нийслэлийн харилцаа холбооны зардал хэмнэх интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх” НМТГ 16/04 дугаар бүхий тендерийг зарласан байна.

Бид шүүхэд хандаж анхны нэхэмжлэл гаргахдаа нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн Засаг даргын тамгын газар ба нийслэлийн  бүх дүүрэг, нийслэлийн өмчийн оролцоотой бүх аж ахуйн  нэгж хуулийн этгээдийн төсвийг захиран зарцуулж  тендер зарлан шалгаруулалт хийж олгосон этгээдээр заавал үйлчлүүл хэмээн тулган шаардах эрхгүй бөгөөд хуульд нийцэхгүй.

Нийслэлийн Засаг дарга энэ үйлдлээрээ нэгэнт хуулиар тогтоосон журмыг дахин  гаргаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 ба 3 дугаар зүйлийн   зөрчсөн, хуулиар эрх олгоогүй байхад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны акт гаргасан үйлдлээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2, 60.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52.1.3, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.3-г тус тус зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг дарга энэ захирамжаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тусгайлан зохицуулдаг үйл ажиллагаааг дур мэдэн эрхээ хэтрүүлэн зохицуулж эрхээ хэтрүүлсэн захирамж гаргаснаар зогсохгүй, захирамжиндаа нийслэлийн бүх дүүргийн төсвийн ерөнхийлөн  захирагчийн эрхийг дур мэдэн булаан авч эдэлсэн шаардлага тавьж шалгаруулалт зарлан холбооны үйлчилгээг нэг этгээдээс авах зохицуулалт тогтоон шударга өрсөлдөөны зарчмыг алдагдуулан суурин утасны үйлчилгээ эрхэдэг манай компанийг зах зээлгүй буюу Улаанбаатар хотод үйлчилгээ явуулах зах зээлгүй болгох үйлдэл хийж Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчлөө” гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монголын ХК-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Мэдээллийн технологийн газарт холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны А/03 дугаар захирамж нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 04 дүгэр сарын 02-ны өдрийн “Төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний тухай” 128 дугаар тогтоолын 2-ын “г”/электрон шуудан, интернэтийн холбоо ашиглах замаар шуудан холбоо ашиглах замаар шуудан холбоо, бичиг хэргийн зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх/, 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 3.2 /улсын төсвийн татаас, орон нутгийн төсвийн урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар бууруулах/ гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхээр батлуулсан. Нийслэлийн хэмжээнд  мэдээллийн аюулгүй байдлыг хангах нийслэлийн  бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утас, үүрэн холбооны үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж одоогийн харилцаа холбооны зардал харьцангуй өндөр өртөгтэй байгаа учраас нийслэл өөрийн урсгал зардлыг хэмнэх үүднээс энэхүү ажлыг зохион багуулсан болно. Иймд Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А/03 дугаар захирамж нь хүчингүй болох үндэслэлгүй юм.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газарт холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ны А/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нийслэлийн мэдээллийн технологийн газар нь Нийслэлийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар захирамжаар  олгогдсон эрхийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Нийслэл багц үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах журмыг боловсруулж, батлуулсан. Энэхүү “Нээлттэй сонгон шалгаруулалтын журам” нь нийтээр дагаж мөрдөх шинжгүй болно. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/07 тушаалаар үнэлгээний хороо  байгуулагдаж, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтын нээлттэй явуулсан. Сонгон шалгаруулалтад нийт үүрэн холбооны оператор 5 аж ахуй нэгж, байгууллага оролцсон. Сонгон шалгаруулалтын хугацаанд М******* ХХК болон Монголын Цахилгаан холбоо ХК-аас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон юм. Үүний хүрээнд Сангийн яамны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 5/1259 дугаартай албан бичгийн дагуу “Нийслэл багц үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын 2016 оны 03 дугаар 10-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар хүчингүй болгосноор нээлттэй сонгон шалгаруулалтын журмыг хүчингүйд тооцсон. Иймд Сангийн яамнаас ирсэн зөвлөмжийн дагуу “Нийслэл багц үйлчилгээ” үзүүлэгчийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дахин зарласан.

Мөн Захиргааны ерөнхий хууль нь  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх учир тус хуулийн 47.1.3, 60.1.1 заалтуудыг зөрчөөгүй болно. Нийслэлийн засаг даргын захирамжууд www.ulaanbaatar.mn сайт дээр нээлттэй татаж авахаар байршуулсан тул эх хувиар өгөх шаардлагагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд  нь хүчингүй болгож өгнө үү.

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 тоот захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны дагуу энэхүү шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар захирамжаар “Нийслэл багц” хэмээх нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утас, үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжаараа 2016 оны А/03 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утасны үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт зохион байгуулахыг нийслэлийн Мэдээлэл технологийн газарт даалгасан байна.

Маргаан бүхий захиргааны акт ёсоор нийслэлийн бүх шатны байгууллагууд буюу 9 дүүрэг, 152 хороо, үйлчилгээний 3 нэгдсэн төв, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нийслэлийн амаржих газрууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” зэрэг төрийн өмчит хувьцаат компаниуд буюу нийт 279 байгууллагад   интернет болон суурин утасны үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтанд ялсан  аж ахуйн нэгжид 3 жилийн хугацаанд дээрх үйлчилгээ үзүүлэх эрхийг олгох зорилго бүхий тендер байна.  

Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актаа “нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утасны үйлчилгээнд дэвшилтэд технологи нэвтрүүлж харилцаа холбооны зардлыг хэмнэх зорилттой” гэж үндэслэн гаргажээ.

Шүүх “М*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг харгалзан үзлээ.

Төсвийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.15-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн”, 14.1.17-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн” ерөнхийлөн захирагч байна гэж заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн ерөнхийлөн захирагч байна. Нийслэлийн Засаг дарга нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн асуудалд оролцох эрхийг хуулиар олгоогүй тул маргаан бүхий захиргааны актын дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд интернет болон суурин утасны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. Түүнчлэн, нийслэлийн Засаг дарга нийслэлийн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч байхын хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар заагласан асуудалд оролцох эрхгүй болно.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  6 дугаар зүйлийн 6.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна”, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь хэсэгт зааснаар дүүрэг нь нийслэлээс тусдаа төсөвтэй бөгөөд дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн төсвийн хүрээнд харъяалах нутаг дэвсгэрийн төсвийн ерөнхий захирагч байдаг тул нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцож дүүргийн төсвөөс санхүүжүүлэх дүүргийн хэмжээний интернет болон суурин утасны үйлчлгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгох, авах үйлчилгээний үнийг тогтоох эрхгүй болно.

  Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ”, Гамшгаас хамгаалах тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д “батлагдсан төсөв болон асуудал эрхэлсэн сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох” гэж  заасны дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын болон Улаанбаатар хотын цагдаагийн газрын төсвийг зарцуулахад нийслэлийн Засаг дарга  оролцох боломжгүй байна.

Сонгон шалгаруулалтанд хамаарах байгууллагуудын жагсаалтанд  “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иудыг оруулжээ. Аливаа компанийн гүйцэтгэх удирдлага Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсгүүдэд заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулах эрхтэй байдаг тул нийслэлийн Засаг дарга төрийн төлөөлөгчийн хувьд аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаанд оролцож ямар аж ахуйн нэгжээс ямар үнээр үйлчилгээ авахыг шийдвэрлэх, түүний өмнөөс сонгон шалгаруулалт явуулах эрхгүй болно.

“М*******” ХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 13 тоот тогтоолоор суурин телефон холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсон байна. Гэтэл нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжаар зохион байгуулагдах сонгон шалгаруулалт нь интернет болон суурийн утасны үйлчилгээг нэг аж ахуйн нэгжээс авахаар байгаа нь суурин утасны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай “М*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Монгол Улсын Засгийн газрын “Босго үнэ шинэчлэн батлах тухай” 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолоор харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 50 сая төгрөгөөр тогтоосон байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нийслэлийн байгууллагуудын интернет болон суурин утасны жилийн хэрэглээ нь байгууллага тус бүр дээр төсөвт өртгийн дээд хязгаарыг хэтрүүлэхгүй байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1  дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэж заасны дагуу хариуцагчаас бие даасан төсөвтэй нийслэлийн байгууллагууд нь сонгон шалгаруулалт явуулалгүйгээр интернет болон суурин утасны үйлчилгээг авах боломжтой болно.

Нөгөөтэйгүүр, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасан Харилцаа холбооны зохицуулах хороонд олгогдсон эрхэд нийслэлийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжаараа халдсан гэж үзэхээр байна. 

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд  нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа зохицуулалт бүхий хуулийн заалтуудыг буруугаар тайлбарлан өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлсэн байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 6 дугаар зүйлийн 6.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Гамшгаас хамгаалах тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авах  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, 14.1.17, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-т заасныг тус тус баримтлан “М*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/347 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140400  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ТӨМӨРБАТ