Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 118/2017/0004/з |
Дугаар | 221/МА2017/0529 |
Огноо | 2017-07-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2017/0529
Н.Б, П.Г нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Б, П.Г нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга, Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурал болон Хурлын дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б, П.Г нарын нэхэмжлэлийн шаардлагуудаас Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улиастай сумын Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр явагдсан хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн биеэр биечлэн оролцож шүүх хурлуудад оролцож байсан. Өмнөх шүүх хуралдаанд оролцоход нэхэмжлэгч талаас ирээгүй гэдгээр хойшлогдсон бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр товлогдон явагдсан. Уг хуралд орохоос нэг хоногийн өмнө миний бие өндөр халуурч, нурууны хэсгээр татаад эмчид үзүүлэхэд бөөрний үрэвсэл гэсэн. Надад эмч акт бичиж өгөөд одоо гэрээрээ эмчилгээ хийлгэ гэсэн. Тэгээд ажлынхаа хүнийг гэртээ дуудаж актаа өгөөд шүүх хурлыг хойшлуулахыг хүссэн. Гэтэл шүүх хурлыг надгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргаагүй байхад шүүх хурлыг хийсэнд гомдолтой байна. Бүтэн жил болоход нэгхэн удаа хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлаас болж ард иргэд хохирч байна. Ядаж хуулийн дагуу жилд 3 удаа хуралдсан байх хуулийн шаардлагатай. Шүүх мэтгэлцэх боломжоор хангаагүй бөгөөд би өөрөө олон хүнийг төлөөлж байгааг харгалзан үзсэнгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Хариуцагчаар хэрэгт хамааралгүй этгээдийг татсан. Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Б.Э нь энэ захиргааны хэрэгт хариуцагч байх боломжгүй бөгөөд дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, багийн хуралдаан, тооллогын комисс багийн Хурлын дарга, Тэргүүлэгч сонгож батлах, багийн Засаг дарга сонгож уламжлах тухай тогтоолуудыг хариуцах жинхэнэ хариуцагч биш юм. Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Улиастай сумын Засаг дарга нь Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг төлөвлөх, батлан гаргах эрх бүхий албан тушаалтан биш, нэхэмжлэгч нар Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Улиастай сумын Засаг даргад багийн хурлуудыг зохион байгуулахыг зөвшөөрсөн учраас Улиастай сумын Засаг дарга хариуцагч байх ёстой гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж, Улиастай сумын Засаг даргаас хамааралгүй гаргасан тогтоолын хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байсан. Дээрх тогтоол нь Улиастай сумын Засаг даргад эрх олгосон акт боловч түүнийг хэрэгжүүлсэн талаарх Улиастай сумын Засаг даргын идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй, ямар нэгэн захиргааны акт хавтаст хэрэгт авагдаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.М-ын мэдүүлгийг үндэслэх хэсгийнхээ гол нотлох баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Улиастай сумын Засаг даргын ажлын албанаас оролцсон учраас Улиастай сумын Засаг дарга хариуцагч байх нь зөв гэж дүгнэсэн үндэслэлгүй юм. Учир нь Улиастай сумын Засаг даргаас өөрийнхөө ажлын албанд ямар нэгэн чиглэл, үүрэг даалгавар өгсөн эсэх нь тодорхойгүй байхад хавтаст хэрэгт авагдаагүй хийсвэр дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч Н.Б тайлбартаа хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон гэдгийг мэдсэн байдаг. Гэрч н.Ц-ын мэдүүлгээр нэхэмжлэгч Н.Б нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол захирамжуудыг хүлээн авсан байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд даргалагчаас Завхан аймгийн Засаг даргад ямар гомдол гаргасныг тодруулахад нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан гэж мэдүүлсэн байхад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Л шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд намайг хариуцагчийн хувьд биш гуравдагч этгээд гэх нэрийн дор хариуцагчийн зүгээс юу ч хэлүүлээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар оролцоно гэж бодсон чинь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчид үг хэлэх боломж олгож надад хариуцагчийн зүгээс үг хэлэх мэтгэлцэх боломж олгоогүйд харамсалтай байна. Надаас бусад нь чөлөөтэй мэтгэлцэж үг хэлж байсан юм. Надад шүүх хурлыг дуусах үед гуравдагч этгээд Ж.Л мөн хариуцагч байгаа гэж танилцуулснаас өөрөөр хариуцагчийн хувьд минь юу ч хэлүүлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатанд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин ес дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”, Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж зааснаар багийн иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдааныг өмнөх ээлжит сонгуулийн үр дүнд багийн иргэдийн Нийтийн хурлаас сонгогдсон Хурлын Тэргүүлэгчид товлон зарлах үүрэгтэй.
Гэтэл Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар албан бичгээр Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагаар зарлан хуралдуулах тухай албан бичгийг Товцог багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд хүргүүлсэн байх ба Улиастай сумын Засаг даргын ажлын албанаас 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр багийн иргэдийн Нийтийн хуралдааныг хуралдуулах зарыг иргэдэд хүргэж, мөн өдөр Товцог багийн иргэдийн Нийтийн хурал хуралдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул сумын Засаг даргаас хуулиар олгоогүй эрх эдэлж зарлан хуралдуулсан Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаас гаргасан 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин шүүхийн шийдвэрт хурлын Тэргүүлэгчид болон багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сард дуусгавар болох тул хугацаа нь дуусаагүй байхад хариуцагч нар багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулсан нь хуульд нийцэхгүй байгаа талаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж чадахгүй байна. Тодруулбал,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан “дөрвөн жилийн хугацаагаар”, 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “4 жилийн хугацаагаар” гэдгийг хуанлийн хугацаагаар бус, харин Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 3-т заасан “Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Ээлжит сонгууль гэж ... дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ” гэж заасантай нийцүүлж ойлгох бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна”, 9.1.1 “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, 9.1.2-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, 9.1.3-т “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”, 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид...” гэж тус тус зааснаас үзвэл багийн иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчид болон багийн Засаг даргын бүрэн эрх тухайн ээлжит сонгуулийн хугацаанд хэрэгжихээр байна.
Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоонд багтах багийн иргэдийн Нийтийн хурлаас сонгогддог Тэргүүлэгчид болон Засаг даргыг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогддог Тэргүүлэгчид болон Засаг даргаас ялгаатай гэж үзэх боломжгүй, хуулийн зохицуулалт адил үйлчлэх учиртай.
Түүнчлэн, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааг зөрчсөн талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын дагуу хэрэгт авагдсан баримтыг шалган үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-д хурлын тов мэдэгдсэн ч хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, гагцхүү эмнэлэгийн магадлагаа ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүй шүүх хуралдаан хийснийг “хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” гэж үзэх боломжгүй, Улиастай сумын Засаг дарга хуралдааныг зохион байгуулж хуралдуулсан нь тогтоогдсон тул “хариуцагчийг буруу тодорхойлсон” гэж үзэхгүй.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх тул шүүх хуралдаанд биечлэн оролцсон гуравдагч этгээд Ж.Л-ын “мэтгэлцэх боломж олгоогүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Шүүх Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хэргийн оролцогчид гомдоогүй байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч болон гуравдагч этгээд нар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН