Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 399

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

газрын даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь         

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                     Х.Батсүрэн

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:             Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар Д.Ц-г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0362 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: гуравдагч этгээд Б.П,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээд Б.П, өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Цг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8100708 /найман сая нэг зуун мянга долоон зуун найм/ төгрөгийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас/ 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээд Б.П, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдлоор 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0362 дугаар магадлалаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгон, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээд Б.П, өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “Төрийн албан хаагчийн албан тушаал ( ажлын байр )- ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэсэн заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгасан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй байна." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заалт нь хоёр тохиолдлыг зохицуулахаар хуульчилсан байна.

        а. чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,

        б. орон тоо цөөрсөн бол эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулагдсан.

7. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “ Хуулийн зохицуулалт ёсоор дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үзэж, сонгон шалгаруулах замаар шинээр буй болсон Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль нэгнийг томилон ажиллуулахыг даалгах бус харин Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа буюу сонгон шалгаруулалтад оролцох нэхэмжлэгчийн эрхийг хангах байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хангах бус эрх ашгийг дордуулсан, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20- ны өдрийн 221/МА2018/0362 дугаартай магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20- ны өдрийн 221/МА2018/0362 дугаартай Магадлалын хянавал хэсэгт “...нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн өрхийн мэдээллийн нэгдсэн сан нь 3 мэргэжилтэнтэй буюу Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн оператор програмист, судалгааны мэргэжилтэнтэй ажиллаж байсан, Хөдөлмөрийн хэлтсийг тус хэлтэстэй нэгтгэсэн шинэ бүтцээр бий болсон Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд зөвхөн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний болон оператор, програмистын ажлын байрыг нэгтгэсэн гэж үзэх боломжгүй байна....” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

10. Гэтэл давж заалдах шатны шүүх Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд зөвхөн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний болон оператор, програмистын ажлын байрыг нэгтгэсэн гэж үзэх боломжгүй байна гэх дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна гэх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн.

11. Хэргийн оролцогчид уг хоёр орон тоог нэгтгэсэн биш хэвээр үлдсэн гэх ойлголтын талаар маргаж байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлын талаар шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэх хуулийн заалтыг зөрчсөн.

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 221/МА2018/0362 дугаартай Магадлалын хянавал хэсэгт “...Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль нэгнийг томилон ажиллуулах тул шууд томилохыг даалгах бус харин төрийн албаны тухай хуульд заасан баталгаа буюу сонгон шалгаруулалтад оролцох нэхэмжлэгчийн эрхийг хангах байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

13. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2014 оны 10 сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай тушаалын 1-д Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж зарим нэг ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан тул Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Д.Цг 2016 оны 10 сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэжээ. Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан орон тоо шинээр батлагдсан тоо орон тоонд байхгүй (хасагдсан, харин гуравдагч этгээд Б.Пгийн ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн тул Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэх орон тоонд гуравдагч этгээд Б.Пг томилон ажиллуулсан. Дээрх хуулийн зохицуулалтад “орон тоо цөөрсөн” бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн сонгон шалгаруулалт явуулах гэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн орон тоо цөөрсөн биш, хасагдсан тул сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй юм.

14. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэх хуулийн заалтыг зөрчсөнд гомдолтой байна.

15. Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 221/МА2018/0362 дугаартай магадлал хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

16. Гуравдагч этгээд Б.П, өмгөөлөгч Н.Оюунчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Цгийн Өрхийн мэдээллийн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа байгуулсан Үр дүнгийн гэрээ, Гуравдагч этгээд Б.Пгийн одоо ажиллаж байгаа Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан шинжлэн судлахад: нэхэмжлэгч Д.Цгийн Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа гүйцэтгэж байсан Ахмад настнуудын нийгмийн хамгааллын хүрээнд хүрээнд хийж гүйцэтгэх олон үүрэг нь гуравдагч этгээд Б.Пгийн одоо ажиллаж буй Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод огт тусгагдаагүй байна. Ахмад настнуудын нийгмийн хамгааллын хүрээнд хийж гүйцэтгэх ажил үүрэг ямар албан тушаал, ажлын байр луу шилжсэн талаар анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

17. Нэхэмжлэгч Д.Цгийн тухайд өмнө нь ажиллаж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн орон тоо байхгүй байгаа бөгөөд маргаж буй Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт зөвхөн зарим хэсэг нь хадгалагдан үлдсэн байна. Өөрөөр хэлбэл Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь хэд хэдэн албан тушаалд хуваарилагдан тархсан байдаг. Мөн Д.Цгийн ажлын байрны чиг үүрэгт байсан Ахмад насны халамжийн асуудал нь Б.Пгийн ажлын байрны чиг үүрэгт огт тусгагдаагүй байдаг.

18. Нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Т.Мягмарсүрэн, Өрхийн мэдээллийн сангийн судалгаа үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бямбахүү, Өрхийн хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.Буянжаргал, Xүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Одцэцэг, Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Н.Оюунчулуун, Халамжийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Н.Ариунтуяа нарын ажилд томилогдсон тушаалыг шүүх нотлох баримтаар үнэлэхээр хариуцагчаас гаргуулсан боловч тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт аваагүй байна.

19. ...анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судалж хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай болжээ.

20. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 221/МА2018/0362 дугаар “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс” шийдвэр, магадал нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байх тул, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

            ХЯНАВАЛ:

21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

22. Нэхэмжлэгч Д.Цг Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр томилсон, аймгуудын Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоог Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тушаалаар шинэчлэн баталсантай холбоотойгоор “өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд ажиллаж байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

23. Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар тогтоосны дагуу аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн хэлтсийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг нийлүүлэх замаар тус байгууллага шинээр зохион байгуулагдсан, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлахдаа Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 47 орон тоо, үүнд тус газрын бүтэц дэх Нийгмийн халамжийн хэлтсийн 9 орон тоонд “өрхийн мэдээллийн сангийн судалгаа үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”,“өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын 2 орон тоог баталжээ.

24. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст өрхийн мэдээллийн сантай холбогдох ажил хариуцсан 4 мэргэжилтэн орон тоогоороо ажиллаж байсан, шинэ бүтцээр уг ажлыг хариуцан ажиллах мэргэжилтний 2 орон тоо батлагдсан, нэхэмжлэгч Д.Цгийн ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь “өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарсан болохыг хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

25. Энэ тохиолдолд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар тусгайлан заасан байхад хариуцагч нь тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтыг зэрэгцүүлэн үндэслэл болгож “...зарим нэг ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдан цөөрсөн” гэх үндэслэлээр Д.Цэвээсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус байна.

26. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн маргаж буй “өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст “өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан гуравдагч этгээд Б.П томилогдон ажиллаж байгаа нь тогтоогдсон, шинэ бүтцээр “өрхийн мэдээллийн нэгдсэн сантай холбогдох ажил хариуцсан албан тушаал”-ын орон тоо цөөрсөн нь тодорхой болох үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй, Б.Пгийн ажиллаж байсан “өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн”-ий зарим чиг үүрэг нь нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаалын чиг үүрэгт шилжсэн болох нь тогтоогджээ.

27. Гэтэл анхан шатны шүүх, гуравдагч этгээд Б.Пгийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийг шинэ бүтцийн дагуух “өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэгт шилжээгүй байна гэж буруу дүгнэж, улмаар уг албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалтад нийцэхгүй.

28. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсэг болох “өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Цгийн маргаж буй албан тушаалд томилогдох эрх нь хариуцагчаас гүйцэтгэх “шалгаруулалт”-ын үндсэн дээр хэрэгжихийг дурдаж, шийдвэр гүйцэтгүүлэх арга журмыг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

29. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй буюу “өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг тус тус зөрчсөн байна.

30. Түүнчлэн нэхэмжлэгч нь хууль бус актын улмаас учирсан хохирлыг ажилгүй байсан хугацаагаар тодорхойлж, энэ хугацаанд авах байсан цалинг нэхэмжилсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу шаардах эрхтэй, түүний цалин нэхэмжилсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн асуудлаар хариуцагч, гуравдагч этгээд нар гомдол гаргаагүй учир дүгнэлт өгөх шаардлагагүй.

31. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын “магадлалын зарим хэсгийг хүчингүй олгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын, мөн гуравдагч этгээд Б.П, өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын “шийдвэр,магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар тус тус хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0362 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд нэхэмжлэгч Д.Ц, гуравдагч этгээд Б.П нарыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмаар шалгаруулж аль нэгийг нь томилж, энэхүү шийдвэрийг биелүүлсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тус төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ