Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 492

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхням,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Ө.Ө, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч Б овогт Өын Өыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0052 50107 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Өын Ө, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, нагац эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байнга,  Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Хилийн цэргийн ... тоотод түр оршин суудаг гэх, регистрийн дугаар ..., урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хорих, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 11 жил хорих ял шийтгэгдэж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 153 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Өын эдлээгүй үлдсэн 5 жил 3 сар 17 хоногийн хорих ялаас чөлөөлж, нэн даруй сулласан, 

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 413 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж уг ялыг эдэлж байгаа.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ө.Ө нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ... тоотод оршин суух Г.Хийн байнга амьдрах өвлийн орон сууцны хаалганы нугасыг эвдэн нэвтэрч, BSB маркийн 32 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 180.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв.

           

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ... тоотод гэр бүлийн хамт оршин суудаг. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед гэр бүлээрээ Төв аймгийн Сүмбэр сум руу явж тэндээ хоносон. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчим манай хадам эгчийн нөхөр Ц.Гэрэлцогт манай нөхөр Г.Дын гар утас болох ... дугаарын гар утсаар залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаад хандаад үзүүлчих ээ, бид нар орой харина гэж хэлсэн бөгөөд тэр өдрийнхөө орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай өвлийн сууцны хаалганы нугасыг эвдээд хулгай орсон байсан. Манай гэрээс 32 инчийн ВSВ маркийн LCD зурагт алга болсон байна, гэрээс өөр эд зүйл алга болоогүй байна. Манай зурагт хар өнгөтэй, хагарсан, цуурсан, эвдэрсэн зүйл байхгүй, залгуур хэсгийг хар өнгийн цахилгааны лентээр ороосон, өөр онцлох содон шинж тэмдэггүй. Алдагдсан зурагтыг 2014 оны 12 дугаар сарын үед Хорооллын Өргөө кино театрын тэнд байх Номингийн салбараас 399.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо зурагтаа 300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

2. Гэрч Ц.Гэрэлцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр манай дүү гэр бүлийн хамт Төв аймгийн Сүмбэр сум руу хөдөө явсан. Би гэрийг нь хараад үлдсэн бөгөөд гэрийг нь эргэж тойрч хараагүй. Өнөөдөр өглөө 09 цагийн үед гэрийг нь эргэж очиход амбаарынх нь хаалгыг татаад нугасыг нь эвдсэн байдалтай гэрт нь хулгай орсон байхаар нь...дүү Г.Д луу залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлэхэд цагдаа дуудаад үзүүлчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

3. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн 04/287 тоот дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөрүүд...харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг Папилон санд байгаа хүмүүсийн гарын дардасуудтай болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй таарч тохирох эсэхийг тогтоох зорилгоор 2017-225-СХД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд 5 гэж дугаарласан гарын мөр нь MN000210006542 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн, Ө овогтой Өын зүүн гарын ядам хурууны хээнүүдтэй зурагт улаан өнгөөр зурж тэмдэглэсэн доорх хувийн онцлог шинжүүдээр тохирч байна. /зураг №1, 2/. Үүнд

Шугамын төгсгөл: 1, 5, 6

Шугамын эхлэл: 2, 8, 9

Шугамын салаалт: 3, 4, 7

Мөн 1, 3 гэж дугаарласан гарын мөрүүд нь Ө овогтой Өын зүүн гарын ядам хурууны хээнүүдтэй, 2 гэж дугаарласан гарын мөр нь  Ө.Өын зүүн гарын алганы хээнүүдтэй тохирч байна...ДҮГНЭЛТ

1. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод хулгай орж, эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 2, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь папилон санд байгаа хүмүүсийн гарын дардсуудтай болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн 6 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн 1, 3, 5 гэж дугаарласан гарын мөрүүд нь пипилон санд МN000210006542 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ө овогтой Өын зүүн гарын ядам хурууны хээнүүдтэй, мөн 2 гэж дугаарласан гарын мөр нь Ө овогтой Өын зүүн гарын алганы хээнүүдтэй таарч тохирч байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-27),

5. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 30),

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 117), 

7. Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие хувиараа “...” нэртэй ломбардыг ажиллуулдаг юм. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед Өын Ө гэдэг нэртэй хүн өөрийнхөө бичиг баримтаар 32 инчийн BSB брэндийн зурагт ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсныг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хурааж авсан байгаа... Тухайн зурагтыг хүлээн авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120),

8. “Шар цэмбэн” ХХК-ын “...” Барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 122),

9.   Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 121),

 

10. Шүүгдэгч Ө.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сард гэдгийг санаж байна. Яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ... тоот гэр лүүгээ харих гээд явж байхдаа Орчлон хорооллын хажуу талын гэр хороолол дунд нэг цагаан өнгийн байшинтай, уг байшин нь хоёр цонхтой, хаалга нь цонхныхоо хажууд харсан байсан. Тэгэхээр нь би хашаа руу ороод байшингийн хаалга талын вакум цонхны салхивч нь онгорхой байхаар нь дотогш орсон. Тэгээд байшингийн хойморт байх 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт байхаар нь орны бүтээлгээр боогоод аваад гарахдаа хаалгаар нь гарч явсан. Хаалгыг нь дотроос нь түлхээд завсар гаргаж байгаад гарсан юм. Тэндээсээ гараад холгүй байх Шөнийн захын урд байх ломбарданд очсон чинь ажиллаж байхаар нь оруулаад өөрийнхөө бичиг баримтаар 120.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг хувийн хэрэгцээнд үрсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113),

11. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37), оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 103), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), шийтгэх тогтоолын хуулбар (70-94, 129-131), шүүгчийн захирамжийн хуулбар (67, 68) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Ө.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ө.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ... тоотод, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “BSB” брэндийн 32 инчийн LCD зурагтыг хулгайлан хохирогч Г.Хөд 180.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулганд 120.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь:

- Хохирогч Г.Хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 16-ны...орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай өвлийн сууцны хаалганы нугасыг эвдээд хулгай орсон байсан. Манай гэрээс 32 инчийн ВSВ маркийн LCD зурагт алга болсон байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Ц.Гэрэлцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...өглөө 09 цагийн үед гэрийг нь эргэж очиход амбаарынх нь хаалгыг татаад нугасыг нь эвдсэн байдалтай гэрт нь хулгай орсон...байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн 04/287 тоот дүгнэлтэд (хавтаст хэргийн 23-27),

- Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед Өын Ө гэдэг нэртэй хүн өөрийнхөө бичиг баримтаар 32 инчийн BSB брэндийн зурагт ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119-120),

- “Шар цэмбэн” ХХК-ын “...” Барьцаат зээлийн гэрээ (хавтаст хэргийн 122),

- Шүүгдэгч Ө.Өын мөрдөн байцаалтад өгсөн: “...гэр лүүгээ харих гээд явж байхдаа Орчлон хорооллын хажуу талын гэр хороолол дунд нэг цагаан өнгийн байшинтай...хашаа руу ороод байшингийн...вакум цонхны салхивчаар...дотогш орсон. Тэгээд байшингийн хойморт байх 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт байхаар нь орны бүтээлгээр боогоод аваад...гарсан юм. Тэндээсээ гараад холгүй байх Шөнийн захын урд байх ломбарданд очсон чинь ажиллаж байхаар нь оруулаад өөрийнхөө бичиг баримтаар 120.000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгийг хувийн хэрэгцээнд үрсэн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ө.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

-Улсын яллагчаас Ө.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 413 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих оногдуулсныг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ө.Ө нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хамгийн доод хэмжээгээр 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Иймд улсын яллагчаас Ө.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 (нэг) жил 6 (зургаа) сар хорих ял оногдуулж, мөн түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Ө нь өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдсэн байна. (хавтаст хэргийн 129-131)

Тэрээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 84 хоног (2 сар 24 хоног)-ийн ялыг эдэлсэн байх ба түүний эдлээгүй үлдсэн ял нь 1 жил 9 сар 6 хоногийн ял байна. Иймд түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж, Ө.Өын нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 3 сар 6 хоногоор тогтоов.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 1708 0052 50107 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй (хавтаст хэргийн 117, 121), хохирогч нь гомдолгүй (хавтаст хэргийн 116), шүүгдэгч Ө.Ө нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Өын Өыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ө.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 413 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 9 (ес) сар 6 (зургаа) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ө.Өын нийт эдлэх ялыг 3 (гурван) жил 3 (гурав) сар 6 (зургаа) хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өод оногдуулсан 3 (гурван) жил 3 (гурав) сар 6 (зургаа) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, Ө.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, түүний эдлэх ялыг  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ