Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 222/МА/2020/00007

 

Э.Т-н  нэхэмжлэлтэй,

Б.М-д холбогдох

иргэний хэргийн талаар

                                          

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчулуун

Хариуцагч Б.М

Нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Э.Т-н давж заалдах гомдлоор түүний “үндсэн зээл, зээлийн хүү 1715000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Б.М-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.М-тай 2019.01.23-ны өдөр тохиролцож тохиролцооны гэрээ 1.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 2019.02.23-ны өдөр зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч надаас хугацааг сунгая гээд амаар хугацааг сунгаж байсан. Одоо үндсэн мөнгөө нэхэмжлэхэд зээлсэн мөнгөнөөсөө давсан мөнгө өгсөн гээд миний мөнгийг өгөхгүй байна. 300.000 төгрөг авсан. Үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 215.000 төгрөг, бүгд 1.715.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т-аас 1.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай 2019.01.13-нд авсан. 1 сарын хүүнд 120.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш би сар бүр 120.000 төгрөг өгч байсан, бас 300.000 төгрөг авсан. Мөн 60000 төгрөгийн бараа дэлгүүрээс авч нийт 3 сарын хүүг урьдчилсан суутгаж авлаа гэж байсан. Нийт дансаар болон бэлэн мөнгөөр 1.200.000 төгрөг өгчихөөд байгаа үлдэгдэл 300.000 төгрөгийг төлнө гэв.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаар шийдвэрт:  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-гаас 420.000 / дөрвөн зуун хорин мянга / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.295.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42.390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-гаас улсын тэмдэгтийн хураамжинд 13.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Б давж заалдах гомдолдоо: Хариуцагч Б.М нь шүүх хуралдааны явцад надаас хүүтэй зээлсэн мөнгөө хугацаанд нь барагдуулах боломжгүй тул нэг сараар сунгаж өгнө үү гэсэн хүсэлтээ илэрхийлж, анх зээл авахдаа гэрээ хийхэд заасан, өөрөө хүлээн зөвшөөрсөн хүү болох 20000 төгрөг төлөхөд би хүлээн авч тохиролцсон. Зээлээ төлөх боломжгүй боллоо гэж шалтаг тоочсоор хугацааг нь олон удаа сунгуулж, сар бүр зээлийн хүүд 120000 төгрөг өгч байсан. Гэтэл шүүх хуралдаанд хэлсэн тохиролцоогоо умартаж эхний сарын хүүг нь хийсэн, бусад саруудад боломжоороо үндсэн зээлээ төлөөд явсан, зээлийн хүүг өгч байна гэж бодож байсан. Хүн дотроо юу бодож байгааг хэн мэдэхийн гэж тохиролцож байснаас тэс өөрөөр ярьж намайг гүтгэсэн. М нь надаас мөнгө зээлсэний дараа төрсөн, нялх биетэй байсан учир, би сар бүрийн зээлийн сунгалтыг бичгээр үйлдээгүй бөгөөд М-д маш их итгэж байсан. Гэвч харилцаа холбооны хэрэгсэл хөгжсөн өнөөгийн нийгэмд бид гар утас, G.mail  messenger зэрэг хэдний өдөр, хэнтэй хэрхэн харилцаж тохиролцсон тухай баримт байсаар байтал бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн. М нь анхнаасаа үндсэн зээлээ бага багаар жилийн турш төлнө гэж хүсэлт гаргасан бол би хүлээн зөвшөөрөхгүй байх байсан. Тухайн үед нялх биетэй, хүүхэд нь өвдсөн байсан шалтгааныг нь үл харгалзан гомдол гаргах боломжтой байсан боловч энэ байдлыг нь би ойлгож, өрөвдөж тусалсны хариуд би өөрөө хохирч байгаад гомдолтой байна. Харилцаа холбооны хэрэгслээр харилцаж байсан мэдээлэл хүсэлтийг нотлох баримтад тооцож шийдвэрлэх, хариуцагч М нь шүүх хуралдаанд 1200000 төгрөгийг надад өгсөн гэж мэдүүлж байсныг би хүлээн зөвшөөрч байсан. Тухайн үед дансны хуулга аваагүй байсан болохоор нарийн хэлж мэдэхгүй байсан, бодож үзэхэд зээлийн хүүд 1105000 төгрөг өгсөн байна. Эдгээр үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Б “Б.М гаас зээл, зээлийн хүүд 1715000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээ шүүхэд ирүүлснийг хариуцагч “үндсэн зээлээс 300000 төгрөг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй” гэжээ.

 

            Э.Т, Б.М  нар нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1500000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцон, бичгээр гэрээ байгуулж, хариуцагчийн дансанд 1500000 төгрөг шилжүүлснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулжээ.

 

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.Т-н: “Би Б.М-тай 2019.01.23-ны өдөр тохиролцож, 1500000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч надад хугацааг сунгая гэж хэлсэн. Одоо үндсэн мөнгөө нэхэмжлэхэд зээлсэн мөнгөнөөсөө давсан мөнгө өгсөн гээд миний мөнгийг өгөхгүй байна. 300000 төгрөг авсан. Үндсэн зээл 1500000 төгрөг, хүү 215.000 төгрөг, бүгд 1715000 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэх,  /хх-ийн 29х/

Хариуцагч Б.М-гийн: “Т-с 1.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай 2019.01.13-нд авсан. 1 сарын хүүнд 120000 төгрөг өгсөн. Үүнээс хойш би сар бүр 120000 төгрөг өгч байсан, бас 300000 төгрөг өгсөн. Мөн 60000 төгрөгийн бараа дэлгүүрээс авч нийт 3 сарын хүүг урьдчилан суутгаж авлаа гэж байсан. Нийт дансаар болон бэлэн мөнгөөр 1200000 төгрөг өгчихөөд байгаа үлдэгдэл 300000 төгрөгийг төлнө “ гэх /хх-ийн 30х/ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд  зохигчид зээлийн гэрээг сунгах талаар харилцан тохиролцож, бичгээр байгуулаагүй  байна. /хх-ийн  х/

Иймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацааны хүү авах эрхээ алджээ.

Хавтаст хэргийн 22-27 дугаар хуудас дахь нэхэмжлэгч, хариуцагч нарын мессежээр харьцсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж  заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй юм.

 

Хариуцагч нэхэмжлэгчид нийт 1225000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар, бараагаар өгснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчид үндсэн зээлийн 1500000 төгрөг, 1 сарын хүү 120000 төгрөг, нийт 1620000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 1200000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Түүнээс гадна хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчид төлсөн 25000 төгрөгийг дутуу тооцсон байх тул зохих өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Э.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтын “420000 төгрөг” гэснийг “395000 төгрөг” гэж, 2 дахь заалтын “1295000 төгрөг” гэснийг “1320000 төгрөг” гэж, 3 дахь заалтын   “13250 төгрөг” гэснийг “ 12500 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.

 

            Хоёр: Нэхэмжлэгч Э.Т давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            Гурав. Нэхэмжлэгч  Э.Т давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Дөрөв. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

                                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ