| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2234000000065 |
| Дугаар | 2022/ДШМ/56 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ДШМ/56
2022 06 30 2022/ДШМ/56
..............т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхбат
Шүүгдэгч ..............ын өмгөөлөгч И.Отгонсүрэн
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ..............ын өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ..............т холбогдох эрүүгийн 2234000000065 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох,
Тус шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих,
Мөн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сар хорих,
2012 оны 8 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих,
2012 оны 10 дугаар сарын 11-нд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сар хорих,
2018 оны 2 дугаар сарын 13-нд эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан,
.............. нь 2022 оны 1 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 1 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут 3 дугаар багийн нутагт “2 дугаар тасгийн төв” гэх газраас ..............ын эзэмшлийн 1 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж бусдад 463.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас ..............т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ..............ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч .............. нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ..............ын өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: .............. нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүх гэм буруутайд тооцож 2 жил хорих ял оногдуулсан. .............. нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь хорих ял буюу зорчих эрх хязгаарлах ялын санкцтай. Хохирогчид учруулсан хохирлоо биет байдлаар нь буцаан төлсөн, анхнаасаа гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж байсан зэрэг хувийн байдал нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байдаг тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ..............ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал хэдий ч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгч ..............ын өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: .............. нь өмнө нь хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байгаагүй ба 80 нас гарсан аав, ээжтэйгээ хамт амьдардаг тул түүнд нэг л удаа боломж олгон анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг сонгох ялтайг анхаарч үзнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч ..............ын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .............. нь 2022 оны 1 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 1 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Харчулуут 3 дугаар багийн нутаг “2 дугаар тасгийн төв” гэх газраас ..............ын эзэмшлийн 1 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлж бусдад 463.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ..............ын хохирогчоор мэдүүлсэн “...цагаан сарын битүүлэгд тавих гэж байсан хонио 2022 оны 1 дүгээр 14-ний өдөр бэлчээрт нь гаргачхаад 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед барих гээд гартал алга болчихсон байсан. Тэгээд ..............гэх 3 айлын хонинд үзэхэд байхгүй байсан. Тэгээд би хүн алаад явсан байж магадгүй гээд мөр хайж байтал манай хойд талын Баянмөнх гэдэг айл руу мөр чиглээд явсан байсан..., ...гэрээс нь гараад пин рүү ортол манай 2 тооны ямаа, 1 тооны хонийг хооронд нь холбоод уячихсан байхыг хараад эхнэр Нансалмааг дуудаад, гар утсаар зургийг нь дараад цагдаад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 6-р тал/,
Гэрч ..............гийн “...2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагийн үед манай нөхөр .............. хонио хашаанаас нь гаргах гээд гараад орж ирэхдээ цагаан сарын битүүлгэн дээр тавих гээд тэжээж байсан хонь байхгүй болсон байна. Гадуур айлын хонинд үзээд ирье гээд гарсан. 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагийн үед манай нөхөр .............. орж ирээд Баянмөнх гэдэг айлын пинд манай 2 ямаа, 1 хонийг хооронд нь холбоод уячихсан байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 12-р тал/,
Гэрч ..............ын “...2022 оны 1 дүгээр сарын 14-ний орой ..............ын дүү болох ..............гийнд, Баттогтох, Гарамсүрэн дөрвүүлээ хөзөр тоглосон. Бид дөрвийг тоглож байхад 21 цагийн үед ганцаараа орж ирсэн. Тэгээд .............. гарч яваад шөнийн 03 цагийн үед согтуу ганцаараа орж ирээд хувцастайгаа унтаад өгсөн. Орж ирээд юу ч яриагүй, сууж тамхи татаж байгаад унтсан. Бид 4 тоглож байгаад 04 цагийн үед тоглоом дуусгаад тарцгаасан. Бид хэдийг тоглож байхад багцаагаар 01 цагаас 02 цагийн хооронд ..............гийн хашааны зүүн талд байдаг малын пин хашааны зүг нохойнууд учир зүггүй хуцалдаад байсан. Нохойнууд нь яасан их хуцдаг юм бэ гэхэд .............. ингээд хуцаад байдгийн гэж байсан...” гэх /хх-ийн 17-18-р тал/,
Гэрч ..............ийн “...2022 оны 1 дүгээр сарын 14-ний орой 11 цагийн үед хүү болох Баянсүхийн хамт унтсан. 2022 оны 1 дүгээр сарын 15-ны 02 цагийн үед гадаа нохой хуцаад байхаар нь би хүү болох Баянсүхэд гадаа нохой хуцаад байна гараад хар гэсэн чинь .............. ахын хүү Алтанбагана ирж байгаа байх гээд унтсан...” гэх /хх-ийн 20-р тал/,
Гэрч ..............гийн “...сэжигтэй гэхээр чимээ гараагүй, манай нохой урд хашааны үүд рүү хуцаад, манай хашаанд байдаг амбаар доогуур гараад хашааны хойно байдаг байшингийн ард гараад хуцаад байсан. Тэгэхэд Чимгээ эгч надад танай нохой чинь ямар их хуцдаг юм бэ, ингэж их хуцдаг юмуу гэхэд нь Батмөнх нохой ирж бариад хашраачихсан юмаа тэгээд хуцаж байгаа байх гэж хэлсэн. Заяа байхгүй үеэр нохой хуцаад байсан, тэгээд бид нар тоглоод сайн анзаараагүй, тэгэж байгаад чимээгүй болчихсон..., ...намайг өглөө сэрэхэд 08 цаг 05 минут болж байсан, Заяа ах босоод зуухны урд тамхи татаад сууж байсан. Тэгэхээр нь би хаагуур юу хийгээд архи уугаад яваад байгаа юм бэ гэсэн чинь Түнтээлээгийнд очоод Батмөнх бид архи уугаад гэж ярьсан, тэгээд би хувцасаа өмсөөд үхэр, тугалаа саравчнаасаа гаргах гэтэл, Заяа “би үхэрийг чинь гаргаад баасыг чинь арилгая, чи цай чанаад байж гээд гараад явсан. Үхэрийг чинь гаргаж хөөгөөд, баасыг нь арилгачихлаа гээд орж ирэхээр нь хоол идээд яв гэсэн чинь. За яахав Түнтээлээгийнд очиж эртхэн морио барьж авъя гээд гараад явсан...” гэх /хх-ийн 22-р тал /,
Гэрч ..............гийн “...өглөө Чимгээ бид хоёр 10 цагийн үед очсон. Тэднийх Баажаа машинаа асаана гэж түрүүлж очоод тэдний гэрт сууж байсан. .............. хоол хийгээд гараад байж байсан. Тэгээд бид хоол идээд тоглоод байж байтал .............. гаднаас орж ирээд ..............гаас 1 шампанск байсныг аваад явлаа гээд гараад явсан..., ...өглөө нь Мядагаа тоглоё гээд дуудахаар нь очоод тоглож байхдаа .............. хонь хулгай хийгээд танай саравчинд уясан гэж яриад байна. Чи өглөө саравчиндаа орж үхэр тугалдаа өвс өгөхдөө хонь, ямаа уяатай байхыг хараагүй юм уу гэхэд. Би өглөө саравчиндаа ороогүй, гаргачихсан байхаар нь пин саравчны ард тугалдаа өвс тавьж өгсөн. Заяа өглөө манай үхрийн баасыг арилгаж, үхэр тугал гаргасан байсан...” гэх /хх-ийн 26-р тал/ мэдүүлгүүд болон шүүгдэгч ..............ын мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, “..............” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “...эр хонь 215.000, эр ямаа 135.000, хязаалан ямаа 112.500, нийт 463.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 31-44-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Төв аймгийн прокурорын газраас ..............ын дээрх гэмт үйлдлийг “...Мал хулгайлах...” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч ..............ын үйлдсэн гэмт хэргийн талаар “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан бол тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүхээс шүүх хуралдааны шатанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ..............т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд 2 жил хорих ял оногдуулан, уг ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч ..............ын өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч ..............ын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх буюу түүний анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Үйл баримтын талаар” гэх хэсэгт хохирогч .............. гэх тухайн хэрэгт огт хамааралгүй мэдүүлгийг тусгаж техникийн шинжтэй алдаа гаргаан байх боловч шүүх хуралдааны шатанд тухайн хэргийн хохирогч ..............ын мэдүүлгийг шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байгааг болон шүүгдэгч нь давж заалдах гомдлоосоо татгалзсан талаараа шүүхэд бичгээр мэдэгдсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ..............ын өмгөөлөгч И.Отгонсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..............ын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ
М.МӨНХДАВАА