Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 222/МА/2020/00008

 

Ч.Э-ийн  нэхэмжлэлтэй, Сүхбаатар

аймгийн Засаг даргад холбогдох

иргэний хэргийн талаар

                                          

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  

Нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 149 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Ч.Э-ийн давж заалдах гомдлоор түүний “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 8210746 төгрөгийг хугацаанд нь олгоогүйн алданги 4105373 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Засаг даргын хууль бус захирамжаар 2018 оны 08 сард ажлаас халагдсан. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 28 дугаартай шийдвэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6761678 төгрөгийг гаргуулж олгохоор, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1449068 төгрөг гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр гарсан төлбөр биелэгдэхгүй байж байгаад 2019 оны 12 сарын 27-ны өдөр Захиргааны шүүхээр тогтоогдсон 6761678 төгрөгийн төлбөр биелэгдсэн. Засаг дарга шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, намайг ажилд томилохгүй байж байгаад 2018 оны 12 сард томилсон боловч буцаагаад халсан. Энэ маргаан одоо Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагчийн зүгээс нөхөн төлбөр бол цалин хөлс биш гэсэн тайлбар ирүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс олгохоор заасан. Шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдаагүй учраас ажлаас халагдсаны тэтгэмж авах эрхээ алдсан. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэгт албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшуулал, тэтгэвэр тэтгэмж авах баталгааг эдлэхээр зохицуулсан. Би ажлаасаа халагдаагүй байсан бол уг баталгаануудыг эдлэх л байсан. Гэвч шүүхийн шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй, миний бие шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 8210746 төгрөгийг цаг хугацаанд нь авч чадахгүй шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг жил гаруй хугацаагаар цалин хөлсөөр хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т ... ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 8210746 төгрөгийн цалинтай тэнцэх нөхөн олговрын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож 4105373 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Э шүүхийн шийдвэрээр өөрт нь олгогдвол зохих ажилгүй байсан үеийн дундаж цалинтай тэнцэх олговор 8210746 төгрөгөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх заалтыг баримтлан 4105373 төгрөгийн алданги нэхэмжилжээ. Уг асуудал нь эрх зүйн харилцааны хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлэгдэж байгаа харилцаа бөгөөд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 28 дугаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн захирамжид ямар нэг алданги тооцохоор шийдвэрлээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн шатанд эвлэрэл болон төлбөр төлөхтэй холбоотой гэрээ байгуулаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан... гэж заасан. Ч.Э нь төрийн албанд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан. Цалин хөлс гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2 захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн албан хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж тус тус тодорхойлжээ. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 56, 59, 64, 65, 66 дугаар зүйлүүдэд олговрыг тодорхойлсон байдаг бөгөөд 69 дүгээр зүйлийн 69.1 энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд цалин хөлс нөхөн олговор нь хоорондоо өөр ойлголт бөгөөд цалин хөлс гэдэг нь ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байх үед тогтоосон хугацаанд олгох мөнгө, олговор гэдэг нь тухайн ажил үүргийг биечлэн гүйцэтгээгүй байх үед нөхөж олгох мөнгөн дүнг хэлж байна.  Иймд нэхэмжлэлд дурдсан шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжаар олгогдож буй олговрыг цаг хугацаанд нь олгоогүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцох боломжгүй юм. Мөн Ч.Э-ийг төрийн албанд ажиллаж байх хугацаанд цалин хөлсийг саатуулсан, тогтоосон хугацаанд олгоогүй зөрчил гарч байгаагүй бөгөөд энэ талаар ямар нэг маргаан байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан юм. Ажилтан ажил үүргээ биечлэн хэвийн гүйцэтгэж байгаа тохиолдолд ажилтны цалинг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу цаг хугацаанд олгохгүй байх, ямар нэг шалтгаанаар саатуулсан тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.17.9.2 дахь зүйлд заасан хариуцлага ногдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.  Иймд Ч.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 149 дүгээр шийдвэрт:  Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 8210746 төгрөгийн 50 хувиар тооцож 4105373 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 80636 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэн мөн өдөртөө буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар, нотлох баримт ирүүлэх хугацааг тогтоож өгсөн боловч хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэх эрхийг шүүхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар олгосон байхад шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Хариуцагч хугацаа хэтрүүлэн хариу тайлбар ирүүлсэн боловч, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, хэргийг хэрэгсэхгүй  болгох нотлох баримт ирүүлээгүй. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар шийдвэр, мөн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 222 дугаар шүүгчийн захирамж нь миний цалин хөлс, нөхөн олговороо авах эрхийг баталгаажуулж байгаа, нэхэмжлэл гаргах үндэслэл болсон нотлох баримт болно. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулсан нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болох нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болох нотлох баримтууд бөгөөд шүүх нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх заалт нь ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа ажилтанд хамаарах мэтээр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь “цалингийн алданги” байхад шүүх “... шүүхийн шийдвэр биелүүлээгүй төрийн байгууллага, албан тушаалтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар болон бусад хуулиар хариуцлага тооцдог учиртай” хэмээн нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах, хэлэлцэж буй хэрэгтэй холбоогүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Дээрхи байдлууд нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэйбайх шаардлагыг хангахгүй байх тул хэргийг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахыг хүсье гэжээ.

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, зохигчдын хоорондох харилцааг зохицуулсан хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Э аймгийн Засаг дарга Ж.Э-с “ажилгүй байсан хугацааны 8210746 төгрөгийн олговрыг хугацаанд нь олгоогүйн алданги 4105373 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд ирүүлснийг хариуцагч  “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нөхцөлд цалинтай тэнцэх нөхөн олговорт алданги тооцохгүй, байгууллага ажилчдынхаа цалинг хугацаанд нь өгөөгүй тохиолдолд алданги тооцохоор хуульд заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар,  Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 28 дугаар шийдвэр, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 222 дугаар шүүгчийн захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3/208, 1/1347 дугаартай мэдэгдлүүд, төлбөр төлөгчийн харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай  2019 оны 02 дугаар тогтоол, Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн 1/937 тоот мэдэгдэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд   “Ч.Э-ийг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн тул түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах тухай” шүүхийн шийдвэрүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. /хх-ийн 3-7х/,

. /хх-ийн 3-7х/

Зохигчдын хоорондох маргааны зүйл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хоорондын харилцаа байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.” гэж заасныг ажил олгогчоос тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтны цалин хөлсийг  тогтоосон хугацаанд нь олголгүйгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд  хэрэглэнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “цалин хөлс нь цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт  “ ... нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор” гэж тус тус зааснаас үзэхэд цалин хөлс, олговор гэх эрх зүйн ойлголтууд нь хоорондоо ялгаатай байна.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын 50 хувьтай тэнцэх 4105373 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт хамаарахгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул түүнийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин, нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 80636 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 80636 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

 Гурав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                                  ШҮҮГЧИД                       О.БААТАРСҮХ

                                                                                          С.ОЮУНТУНГАЛАГ