Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0261

 

2024 03 22

128/ШШ2024/0261

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж. Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мд, Б.С нарыг оролцуулан Бт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Бэд холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн төсөл хэрэгжүүлэгчийн нарийвчилсан үнэлгээний тайланг танай гэрээ байгуулан боловсруулсан байгууллага нь эрх нээх эрхтэй, бид адилхан хэрэглэгчийн эрхтэй. Тухайн компанидаа хандан эрх сэргэсэн талаараа хэлж байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг оруулах шаардлагатай. Та хэрэглэгчийн эрхээ тус байгууллагаас авах шаардлагатай байсан. Яагаад гэвэл танай компани гэрээ байгуулан нарийвчилсан үнэлгээний тайлангаа хийлгэсэн. Тэгэхээр тус компани нь хуулиар заасан үүргээрээ төлөвлөгөө оруулах эрхийг нээж өгдөг. Та тухайн нэвтрэх эрхээр өөрөө нэвтэрч баримт бичгүүдийг өөрөө хийнэ. Тухайн байгууллага нь танд хийж өгсөн бүх тайлан, үнэлгээгээ цахим сайтад оруулна. Бичгээр өгсөн баримтыг чинь цахим болгож тухайн сайтад оруулаад нэвтрэх эрх болон кодыг чинь өгнө. Та тухайн эрхээр нэвтэрч жил бүр төлөвлөгөө тайлангаа бүртгэж илгээнэ. ...Манай 2013 оны 374 дүгээр журамд 5 жил тутамд техник эдийн засгийн төсөл боловсруулж батлагдсан тохиолдолд жил тутамд шинэчлэн боловсруулна гэсэн байдаг. Гэвч 2023 оны 58 дугаар журмаар тухайн заалт нь байхгүй болсон ч Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нарийвчилсан тайлангийн хавсралтаар Менежментийн төлөвлөгөөг 5 жилийн хугацаагаар батална гэсэн агуулга нь явж байгаа. Тухайн нэмэлт тодотголыг хийгээд, суурьшлын бүсэд нөлөөлөл байхгүй гэдгээ тогтоогоод цахимаар илгээвэл шийдвэрлэх боломжтой. Ямар ч асуудал байхгүй... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал нь тухайн материалаа цахимаар гаргаж өгөхөд л болчих юм... гэв.

Нэхэмжлэгч Бт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бт ХХК-ийн зүгээс Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газартай хоорондоо ойлголцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бт ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Бэд холбогдуулан Бт ХХК-ийн **** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч нараас Бт ХХК-ийг **** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө өмнө нарийвчилсан үнэлгээний тайлангаа хийлгүүлсэн байсан аж ахуйн нэгжийнхээ эрхээр нэвтэрч Байгаль орчин аялал жуулчлалын яамны цахим бүртгэлд бүртгүүлэн цахимаар ирүүлчихвэл хариуцагчийн төлөөлөгч нар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар шүүх хуралдаанд тайлбарласантай холбогдуулан нэхэмжлэгч Бт ХХК-ийн захирал Ж. Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны тайлбарыг хүлээн авч, хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

Шүүх уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан бөгөөд Ж. Б нь нэхэмжлэгч Бт ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бт ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Бэд холбогдох Бт ХХК-ийн **** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй элс хайрга олборлох үйлдвэрийн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.БАТБААТАР