Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 222/МА2020/00009

 

М.Г-ийн  нэхэмжлэлтэй,

Б.Б-д холбогдох

иргэний хэргийн талаар

                                          

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Г-ийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Хариуцагч Б.Б

Нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Б.Б-ы давж заалдах гомдлоор М.Г-гийн “бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 8944000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтэндээ: Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Г.Д-ын гэрт согтуугаар зодож миний биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамрын ясны зөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан. Б.Б энэ үйлдэлдээ шүүхээр орж 500000 төгрөгөөр торгуулсан. Шүүх хуралдаанаас өмнө 750000 төгрөг өгсөн. Би Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд хамрын хагалгаа, нүдний ухархайн мэс засалд орох шаардлагатай гэсэн. Эмчид үзүүлж зөвлөгөө авахад 250000 төгрөг төлсөн. 10 хоногийн эмчилгээ заалгаж 226500 төгрөгийн эм тариа авсан. Хагалгаа хийлгэх эмнэлгүүд нүдний ухархайн мэс засал хийхэд 2000000 төгрөг, хамрын хагалгаа хийхэд 3500000 төгрөг, хагалгааны дараах эмчилгээ 150000 төгрөг гэж нэхэмжлэх бичиж өгсөн. Зөвхөн шинжилгээнд ороход 200000 төгрөг, томографикийн зураг авахуулахад 140000 төгрөг, Баяндэлгэр сумаас Улаанбаатар хот руу очиход өөрийн машинд 140000 төгрөгийн бензин хийсний зардал зэргийг тооцож урьдчилсан байдлаар 6671500 төгрөг болоод байгааг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрэг шийдвэрлэгдснээс хойш 750000 төгрөгийг үзүүлж харуул гээд өгсөн. М.Г нь эмчилгээ хийлгээгүй байж бодит биш зардал нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 241 дүгээр шийдвэрт:  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хариуцагч Б.Б-аас 5757500  /таван сая долоон зуун тавин долоон мянга таван зуу / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3186500 / гурван сая нэг зуун наян зургаан мянга таван зуу / төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч М.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжинд 107070 төгрөг, нэхэмжлэгч М.Г-аас хэрэгсэхгүй болгосон 3186500 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 65934 төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б  давж заалдах гомдолдоо: Би анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө М.Г-д эмчилгээний зардалд 750000 төгрөг төлсөн. М.Г нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснээр эрүүгийн хэрэг хаагдсан. Шүүх шинжилгээний дүгнэлт нь гэмтлийн хөнгөн зэрэгтэй гарсан. Г өмнө нь сууж байсан нөхөртөө байнга зодуулж байсан, архи уугаад зодлоо, цохилоо, шөнө унтуулсангүй гээд манай эхнэр З-д ярьдаг байсан. Өмнө нь гэмтэл авч байсан үеийнхээ хохирол төлбөрийг надаас нэхэмжлээд байгаа. Би эхнэр, 3 охины хамт амьдардаг, ажилд ороод 2-3 сар болж байна, төлбөрийн чадваргүй, 3 жилийн өмнө гэр орон шатаж, өмсөх хувцасгүй үлдэж байсан. Иймд Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Б- давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

            Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Б.Б-д холбогдуулан “эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 8944000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч бодит бус хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Хариуцагч Б.Б нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед М.Г-г зодож, түүний зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны зөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 14 дүгээр хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. / хх 4-6/

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас М.Г-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой зохигчдын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 5757500 төгрөгийг хангаж, үлдэх 3186500 төгрөгийн шаардлагатай холбоотой баримтыг хуульд заасан шаардлага хангаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал: М.Г нь нүдний ухархайн хугарал засах, суулгац тавих, хамрын хугарал засах мэс засалд орох зайлшгүй шаардлагатай болох нь амбулаториор эмчлүүлэгсдийн карт, компьютер томографийн шинжилгээ, Окулопластик клиник, “ЭМЖЖ” эмнэлгүүдийн нэхэмжлэх зэрэг баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар М.Г-ийн эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /хх 7-9, 12, 40/  

 

            Хариуцагч Б.Б нь хариу тайлбар, давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч М.Гг бодит бус хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, би гурван охинтой, эхнэр ажилгүй, 3 жилийн өмнө гэр шатсан, ганцаараа ажиллаж байгаа, төлбөрийн чадваргүй, мөнгө өгөх боломжгүй.” гэх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ.” гэж зааснаар нотлоогүй, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. 

 

Түүнээс гадна хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн учраас Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “... гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасан зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр нь Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 - д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 241 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Гурав. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА

                                          ШҮҮГЧИД                           О.БААТАРСҮХ

                                                                                      С.ОЮУНТУНГАЛАГ