Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/57

 

 

 

 

 

 

 

  2022         06             30                                         2022/ДШМ/57

 

 

 

..............д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 18 тоот эсэргүүцлээр ..............д холбогдох эрүүгийн 2134004320099 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

.............. нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр ".............." ХХК-д ..............ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлын ажлыг хийж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд дайрах үед Gediz маркийн 9 мм-ийн хар өнгийн ЕG-.............. гол төмрийн дугаартай хийн гар буугаар иргэн .............. руу буудлага хийж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас ..............д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Үүнд: 1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .............. “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай хамгаалалтын албаны хамгаалдаг “..............” ХХК-ний Баянголын эх гэх газрын алт угаах 1, 2 дугаар үйлдвэрийн ажил зогсож тоног төхөөрөмжөө салгах ажил явагдах үед өглөө 10 цагийн орчмоос хууль бус гар аргаар алт олборлогч иргэд цуглаж эхэлсэн ба 50 орчим хүн 10 гаран машинтай цуглахаар нь Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрт дуудлага өгсөн. Тэрнээс хойш хууль бус гар аргаар алт олборлогч иргэд нэмэгдсээр байсан ба цагдаагийн хэлтсээс дуудлагын дагуу цагдаа нар ирсэн бөгөөд хүмүүс нэмэгдсээр байгаад 100 гаран хүмүүс цугласан байж байгаад өдөр 13-14 цагийн орчим бүгд дайраад 1, 2 дугаар үйлдвэр рүү орсон ба 1 дүгээр үйлдвэрээ буулгаж дууссан байсан тул 2 дугаар үйлдвэр рүү 20 гаран хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайрч ороод усан бууны тоног төхөөрөмжийг төмрөөр хөшөөд завсраар нь дээр, доороос нь шороо авч эхэлсэн бусад хүмүүс нь үйлдвэрийн гадна эргэн тойронд шороо авч байсан” гэж,

 

Гэрч .............. “Тэнд очсон хүмүүс сэндвичин барилгад ороод доторх шороог нь аваад байсан. Араас нь хамгаалалтын албаны дарга .............., ээлжийн ахлах ..............болон хамгаалалтын өөр 2 ажилтан бид хэд орсон чинь өөдөөс ойртвол ална шүү гээд осков төмрөөрөө далайгаад байсан. Тэгээд нөгөө нинжа нарыг гаргах гээд ноцолдож байгаад эргээд харсан чинь ээлжийн ахлах ..............толгой руугаа цохиулаад муужирч унах гэж байхад нь үйлдвэрийн хэсгээс гаргасан. Тэгэхэд хүмүүс дайрч ороод дийлдэхгүй байхад хамгаалалтын албаны дарга .............. хар өнгийн хийн гар буугаар анхааруулга өгч дээш нь 2-3 удаа буудсан. Тэгэхэд ихэнх хүмүүс согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн байсан юм. Зарим нь шороо авах гээд улайраад байсан. Тэгээд буусан үйлдвэрийн суурин дээр хүмүүс гарч ирээд чулуу шидээд байсан. Орилж, чарлаад дайраад байсан. Бөөн үймээн болж байхад хамгаалалтын албаны дарга ..............ыг салгаж авч кемп рүү авч явсан” /хх-ийн 38-39 тал/ гэж,

 

Гэрч ..............“Намайг очиход уулуудаар болон орон нутгийн замуудаар машинууд ирчихсэн хүмүүс цугласан байдалтай байсан. Тэгээд 1 цаг орчим тэр хүмүүсийг усан бууны тоног төхөөрөмж, үйлдвэрийн хэсгээ буулгаад аваадахъя гээд байлгасан. Тэгсэн чинь тэр 200 орчим хүнээс хэсэг бүлэг эмэгтэйчүүд нь дайрч оръё гээд уриалж байгаад бүгдээрээ дайраад усан буу, үйлдвэрийг хэсэг рүү дайраад орсон юм. Би хориглож дийлээгүй ба тэр дайрсан хүмүүс үйлдвэрийн хэсэг рүү ороод сэндвичин барилга доторх шороог нь аваад байсан. Араас нь хамгаалалтын албаны дарга .............., ээлжийн ахлах н.Золжаргал болон хамгаалалтын өөр 2 ажилтан бид хэд орсон чинь өөдөөс ойртвол ална шүү гээд байсан ба төхөөрөмж дээр 1 нинжа гарсан байхаар нь наана чинь гарч болохгүй буу гээд гараас нь татсан чинь цацруулагчтай ажлын хувцастай царай зүсийг нь муухан санахад шар гэмээр царайтай махлагдуу залуу эргэж хараад гартаа барьсан осков төмрөөр миний толгойдоо өмссөн байсан каск малгай руу цохиж авсан чинь миний ухаан балартаад ухаан алдсан. Нэг мэдсэн чинь манай хамгаалалтын албаны ээлжийн ахлах н.Золжаргал намайг түшиж үйлдвэрийн хэсгээс гаргаж байсан” /хх-ийн 41-42 тал/ гэж,

 

Гэрч .............. “Тухайн талбайд 200 орчим иргэд цугларсан байсан учир тэнд байсан хамгаалагч, цагдаа нар тэдгээр иргэдийг зогсоож дийлээгүй уурхайн талбай, усан буу руу иргэд дайраад орсон. Тэгэхэд тухайн газрын үйлдвэрийн хэсэгт 2 усан буу байсан бөгөөд нэг усан бууг нь уурхайн ажилчид буулгаад аваад явсан газрыг нь шороогоор булж янзалсан байсан тул нинжа нар уурлаж хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд 2 дахь усан буу руу дайрч орсон. Нинжа нар үйлдвэрийн хэсэг рүү дайраад орсон хойно үйлдвэрийн хэсэг дотор 2 удаа буун дуу гарсан. Тэгэхээр нь буун дуу гарсан хэсэг рүү очиход хүмүүс буудаад байна шүү дээ гэж хүмүүс орилолдоод байсан. Тэгээд үйлдвэрийн хэсэг рүү очоод хүмүүсийг үйлдвэрийн хэсгээс гаргаж байхад хамгаалагч гээд нэг хар хувцастай залуу үйлдвэрийн хэсгээс гараад ирсэн байсан. Тэгэхэд миний хажууд байсан залуу чи миний чих рүү буудсан гээд нөгөө хар хувцастай .............. гэдэг хамгаалагч залуу руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах гээд дундуур нь ороод салгаж байхад манай нэг цагдаа .............. гэдэг хар хувцастай залууг аваад явсан. Тэгээд үйлдвэрээс иргэдийг холдуулах гээд байж байтал удалгүй дахин үйлдвэрийн баруун талд буун дуу гарсан. Тэгэхээр нь буун дуу гарсан газар очиход нөгөө хар хувцастай залуу том хар буугаар хүмүүс рүү буудаад байсан. Тэгэхэд дэд ахлагч н.Баярмагнай очоод ..............ын бууг булааж аваад цаашаа аваад явж байсан. Тэгэхэд нинжа нар ..............ыг ална гээд чулуу, осков бариад дайраад байсан” /хх-ийн 47-48 тал/ гэж,

 

Гэрч .............. “Уурхай дээр очиход 40-50 орчим машин 200 орчим хүмүүс цугласан байж байгаад шууд тэр уурхайн усан буу, үйлдвэрийн хэсэг рүү бөөнөөрөө дайраад гүйлдээд орсон ба тэгэхлээр нь .............. ах бид 2 дагаад гүйгээд би металл хайгч барьсан байсан тул металл хайгчаараа шороон дээгүүр тавьж үзээд явсан. Миний хараа муу, нүдний шилтэй учир хамт явсан. .............. ахаас салсан. Тэгээд металл хайгчтайгаа усан бууны угаагдсан эфил гаалийн орчим нь хайгчаа ажиллуулаад байж байхад сендвичин байшин дотор нь хүмүүс орсон байгаа бололтой сендвичен байран дотор хүмүүс хашхиралдаад байснаа тас гээд буун дуу 2 ч удаа гарсан. Тэгсэн сендвичен байшингаас хамгаалалтын албаны хар хувцастай өндөр биетэй хамгаалагч гүйж гарч ирсэн. Тэгээд гадаа бас барьсан байсан хар өнгийн гар буугаараа буудаж байгаад дээшээ шороо руу өгсөөд гүйгээд зугтаагаад гарсан. Тэгсэн усан бууны шалам шороо урсаж гардгийн орчим хүмүүс бөөгнөрч цуглаад хүн буудуулсан байна ш дээ гээд байхаар нь яваад очиход .............. ах байсан .............. ах хамгаалагчид буудуулчихлаа гэсэн. Тэгээд шархыг нь харахад зүүн бөөрний орчим нь дугуй хэлбэртэй газар хонхойсон цус гарах гэж байгаа бололтой харагдаж байсан. Тэгсэн дээшээ гүйгээд гарсан буудаад байсан хар өнгийн хувцастай хамгаалагч залуу дээр байсан машинаасаа авсан уу, харуулын байрнаасаа авсан урт хар өнгийн буу барьж ирээд дахин 2 удаа буудсан. Хаашаа буудсаныг нь хараагүй. Тэгсэн цагдаа нар очоод болиулсан ба тэгсэн тэнд байсан нинжа буюу гар аргаар алт олборлогч иргэд тэр хар хувцастай хамгаалагчийг яахаараа бууддаг юм зодно гээд дайраад хөөгөөд байсан. Тэр хар өнгийн хувцастай хамгаалагчийг 1 цагдаа дагуулж зугтаагаад машинд суулгаад явуулчихсан” /хх-ийн 59-60 тал/ гэж тус тус мэдүүлсэн.

 

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гар аргаар алт олборлогчид буюу хэсэгт бүлэг этгээдүүд үйлдвэрийн хэсэг рүү дайрсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Тэдгээр этгээдүүдийн олж тогтоох, улмаар үйлдвэрийн 1, 2 дугаар үйлдвэр рүү дайрсан үйлдэл, эс үйлдэхүй нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох,

 

2. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №05 дугаартай дүгнэлтэд “...1.2 ..............ы биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6. Нурууны ктг-д илэрсэн хуучин өөрчлөлтийг дүгнэлтэд дурдаагүй болно...” гэх дүгнэлт хх-ийн 69-70 дугаар хуудсанд авагдсан байна.

 

Дээрх шинжээчийн 05 дугаар дүгнэлтэд эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэсэн атлаа хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Өөрөөр хэлбэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан бол” хүндэвтэр зэрэгт хамаарахаар,

 

2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол” хөнгөн зэрэгт хамаарахаар тус тус заажээ.

 

Гэтэл шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч дээрх шинжээчийн 05 дугаар дүгнэлтийн 4 дэх заалтыг техникийн шинжтэй алдаа тул залруулга хийх боломжтой гэж,

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх шинжээчийн 05 дугаар дүгнэлтийн 4 дэх заалтаас шалтгаалан хэргийн зүйлчлэл хөнгөрөх, хүндрэх эсэх асуудал яригдаж байна гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч миний биед учирсан гэмтэл нь дөрвөн долоо хоногоос дээш буюу нэг сар гаран хугацаанд өвдөж, шаналган, зовоож ажил хийж болохгүй байсан гэж тус тус дүгнэлт, мэдүүлэг өгсөн.

 

Энэ нь хохирогч ..............ы эрүүл мэндэд учирсан гэмтэл нь учирсан гэмтэл, эсхүл эдгэрэлтийн байдал зэргээрээ эсэхийг дахин тогтоох шаардлагатай тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах,

 

3. Мөн галт зэвсгийн шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах шаардлагатай байна.

 

Учир нь хохирогчийн биед учирсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас, мөн ямар зэвсгийн нөлөөллөөр үүссэн эсэхийг тогтоох боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэгт “2-3 хүн буудуулсан байсан. Нэг нь бүр толгой, шанаа, чих хэсгээс нь цус гарчихсан явж байсан” гэснээс үзвэл нэмж 2-3 хүнийг буудсан эсэх, буудуулсан гэх 2-3 хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэхийг тогтоож шалгах,

 

5. Аргагүй хамгаалалтын шинж байгаа эсэхийг дахин шалгаж тодруулах, бууг чухам анх хэдийд хаана ямар нөхцөл байдалд, ямар шалтгаанаар буудсан эсэх, албан хаагч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учирсан эсэхийг тус тус шалгаж тодруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Иймд ..............д холбогдох хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж үзэн хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 18 тоот эсэргүүцэлдээ:

 

Шүүх хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд дараахь ажиллагаануудыг нэмж шалгуулахаар буцаажээ. Үүнд:

 

1. Бүлэг этгээдүүд үйлдвэрийн хэсэг рүү дайрсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тэдгээр этгээдүүдийг олж тогтоох, улмаар үйлдвэрийн 1,2 дугаар үйлдвэр рүү дайрсан үйлдэл, эс үйлдэхүй нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох,

 

2. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шүүх шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлт хохирогчийн мэдүүлэг, зэргээс дүгнэлт хийхэд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах,

 

3. Галт зэвсгийн шинжээчийн дүгнэлт дахин гаргуулж, хохирогчийн биед учирсан гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас, мөн ямар зэвсгийн нөлөөллөөр үүссэн эсэхийг тогтоох боломжтой эсэхийг тодруулах,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэгт “2-3 хүн буудуулсан байсан. Нэг нь бүр толгой, шанаа, чих хэсгээс нь цус гарчихсан явж байсан” гэснээс үзвэл нэмж 2-3 хүнийг буудсан эсэх, буудуулсан гэх 2-3 хүний эрүүл мэндэд гэмтэл учирсан эсэхийг тогтоож шалгах.

 

5. Аргагүй хамгаалалтын шинж байгаа эсэхийг дахин шалгаж тодруулах, бууг чухам анх хэдийд хаана ямар нөхцөл байдалд, ямар шалтгаанаар буудсан эсэх, албан хаагч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учирсан эсэхийг тус тус шалгаж тодруулах шаардлагатай гэжээ.

 

Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

1. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тухайн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй болох нь тогтоогддог ба мөн тухайн үйл баримт болсон гэх газар 200 орчим хүн байсан гэдэг гэрчийн мэдүүлгээр тогтоогддог боловч эдгээр хүмүүсийг олж тогтоолгүйгээр бусад нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийг оролцуулсан бөгөөд шинжээч эмч И.Ганболор нь “тухайн хүний биеийн онцлогоос хамаарч эдгэрэлтийн байдлыг удаан хугацаагаар гэж бичсэн байна. Харин шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн “хөнгөн” гэсэн дүгнэлт зөв бичигдсэн байна. Энэ нь эргэлзээтэй нөхцөл байдал биш юм гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан байдаг. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шинжээч эмчийг оролцуулхаар шийдвэрлэж гэм буруугийн шүүх хуралдааанд шинжээч эмчийг оролцуулан дүгнэлтийн талаар тодорхой дэлгэрэнгүй тайлбарлууулсан атлаа дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн нь ойлгомжгүй байна.

 

З.Хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Хос-Эрдэнийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 157 дугаартай “1.Шинжилгээнд 12 калибрийн Турк улсад үйлдвэрлэсэн, гол төмөр .............., сангийн анги .............. гэсэн дугаартай, “Huglu ATROX” загварын иргэний спорт ангийн зориулалттай дробинк буу, 9 мм-ийн /Саl. 9mm Р.А./ калибрийн гол төмөр ЕG-.............. гэсэн дугаартай “ЕКOL Gediz Са1. 9mm Р.А” загварын иргэний харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл /резинэн сумтай/ тусгай хэрэгслийг ирүүлсэн байна. 2. Дээрх шинжилгээнд ирүүлсэн тусгай хэрэгслийн 9 мм-ийн резинэн хошуутай сум /Саl. 9mm Р.А/-ны цохилтын хүч нь 25-160 джоуль байдаг ба хүний биед гэмтэл учруулах боломжтой” гэж тодорхой заасан байдаг.

 

4. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2022 оны сарын ... өдөр цагдаагийн газар өгсөн байдаг. Мөн тухайн үед үүрэг гүйцэтгэхээр очсон хэв журмын цагдаа ..............ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “...тэнд байсан хүмүүсийг үйлдвэрийн усан бууны хэсгээс нь гаргаад хүмүүсийг 10-15 алхамын зайтай холдуулсан юм. Тэгэхэд иргэд хүн алах гэж байна гөлөг чинь муу баян Базараагийн бууны нохой чинь гээд уурлаад байсан. Тэнд байсан нэг залуу миний чих рүү буудсан юм шиг байна гэж нэгэндээ ярьж байсан. Очоод тэр залуугийн чихийг харахад чихэнд нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тухайн үйл баримт болсон гэх цаг хугацаанд хохирогчоос өөр хүн гэмтсэн талаар тогтоогдоогүй тул шүүгчийн захирамжийн заалтыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

5.Шүүгдэгч ..............ын үйлдэлд хохирогч гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн эсхүл бусдын ам нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийгээгүй нөхцөл байдал харагддаг. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 20 дугаар зүйл: Нэг бүрийн тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх талаар заасан бөгөөд 20.1. Харуул хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцснийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй бол харуул хамгаалалтын алба хаагч мэх, нэг бүрийн тусгай хэрэгсэл /20.1.1.гав; 20.1.2.хүлэг; 20.1.3.резинэн ба цахилгаан бороохой; 20.1 нулимас асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр; 20.1 .б. резинэн ба хуванцар сумтай буу/ хэрэглэж болно гэж заажээ. Харуул хамгаалалтын алба хаагчдын зүгээс хууль ёсны шаардлагыг эсэргүүцснийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломж байсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээр тодорхой харагддаг.

 

Тухайлбал жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ..............гэрчээр өгсөн “... буу хэрэглэх шаардлага байгаагүй байх гэж бодож байна. Нөхцөл байдал тэгтлээ хүндрээгүй байсан. Галт зэвсэг хэрэглэснээс болж иргэд цагдаагийн алба хаагч нар хэрэглээгүй байхад эд нар хэрэглэлээ арай даварчихсан байна гэх мэт үг хэлж, уцаарлаж байсан...” гэх мэдүүлэг,

..............гийн гэрчээр өгсөн “...намайг үйлдвэрийн хэсэгт ороход .............. нь шоткон маркийн урт буугаар 2-3 удаа алт олборлогч иргэд рүү буудаж байсан. Нөгөө иргэд нь .............. руу чулуу шидэж байсан. Тухайн үед хийн буу хэрэглэх шаардлага байгаагүй. Тэнд байсан иргэд уурхайн бүс рүү дайраад орчихсон байснаас биш нөхцөл байдал хүндэрсэн асуудал байхгүй байсан...” гэх мэдүүлэг,

..............ийн гэрчээр өгсөн “...тэнд байсан хүмүүсийг үйлдвэрийн усан бууны хэсгээс нь гаргаад хүмүүсийг 10-15 алхамын зайтай холдуулсан юм. Тэгэхэд иргэд хүн алах гэж байна гөлөг чинь муу баян Базараагийн бууны нохой чинь гээд уурлаад байсан... тэнд байсан нэг намхан бор царайтай залуу миний нуруу орчим буудсан гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг болон бусад гэрч хохирогч нарын мэдүүлгээс харахад тухайн нөхцөл байдалд хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал үүсээгүй байхад хамгаалалтын албаны ажилтан буу хэрэглэж бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийснээс болж нөхцөл байдал хүндэрсэн дүр зураг харагдаж байна.

 

Мөн шүүгчийн захирамжийн зарим заалт нь тодорхой, ойлгомжгүй биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон, нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлхээр буцаасан байгааг анхаарч үзнэ үү.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл ..............д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ..............ын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 552  дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ..............д холбогдох эрүүгийн 2134004320099 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол ..............д урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                  Н.НАСАНЖАРГАЛ

 

                                                                                    М.МӨНХДАВАА