Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 14

 

 

“Г с” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай      

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум 1 дүгээр багт байрлах, улсын бүртгэлийн 1511001209, регистрийн 4001494 дугаартай, “Г с” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай  иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Г с” ХХК-ийн  захирал Ц.Гончигсумлаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, М.Мөнхбаяр, шүүх хуралдааны бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г с” ХХК-ийн  захирал Ц.Гончигсумлаа анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Манай компани нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Засаг даргатай “Аймгийн ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр манай компани нь Увс аймгийн Түргэн сумын нутаг “Цүнхэг” гэх газарт Ахмадын сувиллын барилгын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь ажлын хөлсөнд 400.000.000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан ба гэрээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Ингээд гэрээний дагуу манай компани Ахмадын сувиллын барилгыг зураг төсвийн дагуу барьж дуусган 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ашиглалтад оруулж, мөн өдрийн 53 тоот актаар улсын комисс хүлээн авснаар уг ахмадын сувилал үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4-д “Барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байна” гэж заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон үлдээж, барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулснаас хойш 3 жилийн дараа манай компанид олгох хуулийн заалттай, мөн гэрээнд уг хуулийн заалтыг тусгасан учраас барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд манай компанид 377.865.747 төгрөгийн санхүүжилт олгогдож, 22.134.526 төгрөгийг үлдээсэн. Манайх 2.134.526 төгрөгийг нэхэмжлэхгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгийг Увс аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч У а З д Д.Б анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн Түргэн суманд баригдсан Ахмадын сувилалын барилга угсралтын ажлыг 400.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/18 тоот тушаалаар У а З д/Д.Цэндсүрэн/-д гэрээ байгуулах эрхийг шилжүүлж 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Гончиг сүм” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээнд заасан санхүүжилт нь улсын төсвөөс бүрэн гүйцэт шилжиж ирээгүй бөгөөд 2016 онд Засгийн газрын векселиэр уг ажлын санхүүжилтийг Увс аймгийн төрийн сангийн дансаар дамжуулахгүйгээр шууд “Гончиг сүм” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Ингэхдээ тус компани нь 22.134.250.0 төгрөгийн дутуу санхүүжилтийг барьцаа 5 хувь суутгасан гэж үзэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст гурван жилийн дараа ямар нэгэн тооцоо нийлсэн акт, үлдэгдлийн баталгаажуулалт хийхгүйгээр хандсан. Нэхэмжилж байгаа 20.000.000 төгрөг бол барьцаа 5 хувь биш, танай гүйцэтгэлийг дутуу санхүүжүүлсэн үлдэгдэл байх тул Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандах нь зүйтэй гэдгийг албан бичгээр мэдэгдсэн. Түүнчлэн уг ажлын эцсийн санхүүжилт нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээр дамжихгүйгээр тухайн яамнаас гүйцэтгэгч “Г с” ХХК-ийн  дансанд шууд орсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 20.000.0000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Гончиг сүм” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч биш нэхэмжлэгч талтай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэг тал биш юм. Тус гэрээг У а З дбайгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч нь У а З дгэж байгаа болно. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газар нь хэргийн хариуцагч биш, хэрэгт хамааралгүй этгээд байхад  20.000.000 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна.

Түүнчлэн У а З дболон “Гончиг сүм” ХХК хоёрын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч тус гэрээний бүх үүргийг Засаг дарга хариуцахгүй юм.

Учир нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/18 дугаар тушаал болон 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/227 дугаар албан бичгийн дагуу Увс аймгийн Засаг даргад гүйцэтгэгч хуулийн этгээдийн сонгон шалгаруулах, барилгын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, тайланг хүргүүлж байх эрх олгосон. Өөрөөр тухайн гүйцэтгэх ажлын санхүүжилтийг Увс аймгийн Засаг даргад шилжүүлсэн зүйл байхгүй юм. Талуудын хооронд хийгдсэн гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар гэрээний нийт үнэ 400.000.000 төгрөгийг Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байдаг. У а З днь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байх”-аар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл У а З дтухайн орон нутгийн хөрөнгийн ерөнхийлөн захирагч байхаас Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын санхүүжилтийг захиран зарцуулах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад ажил гүйцэтгэх гэрээний эцсийн санхүүжилт нь аймгийн Засаг даргаар дамжихгүйгээр шууд нэхэмжлэгч талын дансанд орсон байдаг. Иймээс хариуцагч Увс аймгийн Засаг даргыг ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож 20.000.000 төгрөгийг эцсийн санхүүжилтээс дутуу олгосон гэж үзэх боломжгүй.

У а З днь Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрх шилжүүлсэн тушаалын дагуу яамыг төлөөлж гүйцэтгэгчийг сонгож, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулж, ажпын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлын тайланг тухай бүр яам уруу хүргүүлэх үүрэгтэй этгээд байсан. Гүйцэтгүүлж байгаа ажпын хөлс болох 400.000.000 төгрөгийг Улсын төсвөөс орон нутгийн төсөв рүү, эсвэл сайдын эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын данс руу аль аль руу нь бүрэн шилжүүлсэн зүйл байдаггүй.

Увс аймгийн Засаг даргаас гүйцэтгэгч хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэл, явцад хяналт тавьж ажлын үр дүнгийн талаарх тайлан, мэдээг сангийн яам руу явуулсны үндсэн дээр явцын санхүүжилтүүд нь эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын данс руу орж ирдэг байсан. Тус дансанд орж ирсэн явцын санхүүжилтүүдийг орж ирэх бүрт нь Засаг даргын захирамжаар гүйцэтгэгч “Гончиг сүм” ХХК-д олгодог байсан. Тэрнээс биш ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийг аймгийн Засаг дарга орон нутгийн хөрөнгөнөөс гаргаж байсан зүйл биш юм.

Орон нутгийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч гэдгээрээ Засаг дарга захиран зарцуулах эрхтэй ч зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй тул өөрийн дураар захиран зарцуулах эрх байхгүй юм.

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д: Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ.

6.6.3-т: “ төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх ” гэж заасан байдаг.

Иймд эрх шилжүүлсний үндсэн дээр У а З дажил гүйцэтгэх гэрээний нэг тал болсон боловч яамыг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/ ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бол аливаа үйлдлийг хийхийг хориглодог. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснээр Увс аймгийн Засаг даргыг хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, төсвийн тухай хуулийг зөрчиж, санхүүжилтийг гарга гэсэн шийдвэрийг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шиийдвэрлэхдээ Иргэний хуулиас гадна тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төсвийн тухай хуулийг хэрэглэх ёстой байсан.

Иймд Төсвийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр гаргасан шийдвэр нь тухайн хуулийг зөрчиж байх тул Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ Гончиг сүм ” ХХК нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, гэрээнд заасан санхүүжилт нь улсын төсвөөс бүрэн гүйцэт шилжиж ирээгүй учир хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн УВБУА-02/2015 дугаар Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч нь Увс аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч “Гончигсүм” ХХК байх бөгөөд уг гэрээний дагуу гүйцэтгэгч нь барилгын ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн нь  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Аймгийн Ахмадын сувиллын барилгыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн санхүүжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.  

Талуудын хооронд байгуулагдсан, Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд “ ажлын хөлс 400.000.000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх”-ээр, ажлыг хөлсийг гүйцэтгэлийн явцад 30%, 40%, 30%-аар тооцон 3 хувааж олгохоор тус тус заасан байх ба нийт 377,865,747 төгрөгийн санхүүжилт олгогдсон талаар талууд маргаагүй байна.

 Харин гэрээний 32-д : Чанарын баталгаат хугацаа Барилгын тухай хуулийн дагуу 3 жил байна, мөн гэрээний 35, 45-д : Гүйцэтгэсэн ажлын баталгаа болох барьцаа хөрөнгийн хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5% байх бөгөөд эцсийн санхүүжилтээс саатуулан үлдээнэ. Барилгын ажлыг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд ажлын гологдол, зөрчил гараагүй нөхцөлд буцаан олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгийн 5% хувь буюу 20.000.000 төгрөгийг захиалагч талаас нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т “ Барилга, байшингийн ажлын доголдол, дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, мөн зүйлийн 2, 3-т “ Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно. Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно”  гэж  заасан ба талууд ажил гүйцэтгэх гэрээндээ барилгын ажлын чанарын гүйцэтгэлийн баталгаат хугацаа 3 жил байна, гүйцэтгэсэн ажлын баталгаа болох барьцаа хөрөнгийн хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5% байхаар тооцож, үүнийг эцсийн санхүүжилтээс саатуулан үлдээхээр тохиролцсон нь дээрхи хуулийн агуулгад нийцсэн гэж үзнэ.

Увс аймгийн Ахмадын сувиллын барилга нь ашиглалтад орсноос хойш хэвийн ажиллагаатай байгаа, ашиглалтын явцад гарсан дутагдлыг 2017 онд засварласан, ашиглалтад ороод 3 жилийн хугацаа өнгөрсөн тул барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй талаар ашиглагч байгууллага болох Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 160 дугаар албан бичиг, мөн Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар албан бичигт тус тус тусгасан, захиалагч мөн гомдлын шаардлага гаргаагүй байна.

Гэрээ болон хуульд зааснаар барилгын ажлын чанарын гүйцэтгэлийн 3 жилийн баталгаат хугацаа дууссан байх тул гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг гаргуулах буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй байна.

Тухайн үед Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн нь Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/18 дугаар “Эрх шилжүүлэх тухай” тушаалын дагуу Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр “Гончиг сүм” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний нэг тал болж захиалагчийн эрх, үүргийг хүлээж, захиалагчийн хувьд гүйцэтгэгч “Г с” ХХК-ийн  өмнө ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн  байна.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.2.2-т “ Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд захиалагч нь тухайн орон нутаг буюу аймаг, нийслэлийн  Засаг даргын Тамгын Газар байх”-аар зохицуулсан байх  бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нь энэхүү хуулийн зохицуулалтыг үндэслэн “Эрх шилжүүлэх тухай” шийдвэрийг гаргасан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-т “ гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж зааснаар захиалагч хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд тухайн ажлын санхүүжилтийг улсын төсвөөс У а З д/хөрөнгө оруулалтын данс/-д бүрэн шилжүүлээгүй буюу  гэрээнд заасан санхүүжилт нь улсын төсвөөс бүрэн гүйцэт шилжиж ирээгүй учир хариуцах үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбар хуулийн үндэслэлгүй болно.  Улсын төсвөөс санхүүжилт дутуу орж ирсэн бол энэ талаар зохих журмын дагуу шаардлага гаргах, санхүүжилтийг нэхэмжлэгчийн өмнө хариуцан шийдвэрлүүлэх этгээд нь Аймгийн Засаг дарга байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх тул ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20.000.000 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн анхан шийдвэр үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ Увс аймгийн Засаг даргын тамгын газар нь хариуцагч биш,  нэхэмжлэгч талтай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Увс аймгийн Ахмадын сувиллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нэг тал биш юм. Тус гэрээг У а З дбайгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч нь У а З дгэж байгаа болно. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газар нь хэргийн хариуцагч биш, хэрэгт хамааралгүй этгээд байхад  20.000.000 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж шийдэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257.950 / хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 / хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                                                              

                                                                            Л.АЛТАН