Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

С.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч С.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М,

Хохирогч О.А,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-ын даргалж хийсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.С эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор С.С холбогдох 2216000070054  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол улсын иргэн, халх, 1984 оны 01 дүгээр сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “АГ” ХХК-ий гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Жавхлант хороо ... -р байрны  ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ДВ................ регистрийн дугаартай, Б овогт С.С.

 

Шүүгдэгч С.С нь Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийн нэгдсэн халаалтын системийн ажлыг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас дулааны шугамын угсралтын ажлын талбай дахь ухсан нүх рүү 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн О.Г нь унаж, гавал тархины битүү гэмтэл авсны улмаас нас барсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогтой С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч О.А-ийн нэхэмжилсэн 5,324,500 (таван сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэлээс 3,828,450 (гурван сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож, 496,050 (дөрвөн зуун ерэн зургаан мянга тавь) төгрөгийн нэхэмжлэл болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, хохиролд 1,000,000 (нэг сая) төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхийг даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл, журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа: Би  А Г ХХК-ийн захирлын үүргийг гүйцэтгэдэг. Тухайн хэрэг болох өдөр Говь-Алтай аймагт байсан. Хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч тухайн үйл явдал болохоос өмнө ч уг ажлын талбайд байнга ирдэг байсан нь харагддаг. Намайг хүний амь нас болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон байгаа. Тухайн зүйл ангийн хорих ялын хэмжээ 1-5 жил хүртэл байгаа. Тиймээс надад оногдуулсан тэнсэнгийн хугацааг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С үйлдлийг зүйлчилсэн зүйл ангид 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байгаа. Ийм учраас хуулийн этгээд төлөөлж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа учраас ял шийтгэлийг доош нь татаж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийг асран хамгаалагч нь хараагүйн улмаас тухайн гэмт хэрэг гарсан гэж хэлж байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүн нүхэнд унаж амь насаа алдсан үйл явдал болсон. Мөн хохирлоо нөхөн төлөх асуудал ярьсан гэж хэлж байна. Нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийн байдлаар бодит байдал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бол хүний амь хохирсон хэрэг дээр 3 800 000 төгрөг төлөх байсан байх. Өнөөдрийг хүртэл хохирлоо төлөхгүй байгаа үйл баримтаас харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх дээр эргэлзээ төрж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдааны агуулга бид нараас болоогүй өөрөө явж унасан мэтээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбар хэлж ирсэн. Тэгэхээр өмгөөлөгч зүйлчлэлд маргаж, шүүгдэгч гэм буруу дээр маргаангүй гэж байгаа нь хуульд хэр нийцэх юм бэ? Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хохирогч О.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ах тэргэнцэр дээр явдаг хэдий ч сум орон нутагт болсон ямар нэгэн баярын үйл ажиллагаа, хурал зөвлөгөөнд явж үзчихээд ганцаараа буцаж ирдэг байсан. Мөн айлд очоод юу болсон талаар хэлж ярьж чаддаг байсан. Хэн юу өгсөн талаар хэлж, ярьж чаддаг байсан. Тухайн компани тэр өдөр нүхээ тагласан бол амьд сэрүүн байх байсан. Тэгээд явган хүний зам гаргаагүйн улмаас гарах гэж байгаад нүхэнд унаж амь насаа алдсан гэжээ.

 

 Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал оруулж байна. Мөн хохирлын талаар анхан шатны шүүх дээр 3 824 450 төгрөгийг хор уршгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар хохирол төлөгдөөгүй байна. Давж заалдах гомдол гаргасан бол хохирол хор уршиг төлсөн байх ёстой буюу энэ нөхцөл байдал хангагдаагүй байна. Тиймээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

1. Хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч С.С Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийн нэгдсэн халаалтын системийн дулааны шугам угсралтын ажил хийх явцдаа ухсан нүхэнд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй, иргэн О.Г унаж гавал, тархины битүү гэмтэл авсны улмаас нас барсан байна.

Энэ үйл баримт нь хохирогч О.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Дулааны шугамын угсралтын ажил хийсэн байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй, явган хүний гарц, тууз хийгээгүйгээс Шарга сумын Төрийн банкны үүдний харалдаа, сургуулийн урд талын хайсны орчим ухсан нүх рүү О.Г унаж нас барсан тухай” мэдүүлэг,

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Талийгаач О.Г нь төрснөөсөө хойш хөлд ороогүй, тэргэнцэрийнхээ дугуйг гараараа эргүүлж явдаг, ой санамж муутай, сэтгэл мэдрэлийн хувьд цоо эрүүл хүн биш байсан ба гудамж талбайд дулааны шугам тавьсан нүхээ булаагүйд жаахан харамсаж байгаа тухай мэдүүлэг” (ХХ-ийн 28-29),     

Гэрч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Талийгаач О.Г нь төрсөн дүү нь бөгөөд тэргэнцэртэй, дугуйг нь гараараа эргүүлж явдаг байсан ба гудамж талбайд ухсан нүхээ тойруулаад тэмдэг хаалт хийсэн бол орж болохгүйг талийгаач мэдэх байсан талаарх мэдүүлэг” (ХХ-ийн 35-36),

Гэрч Ш.Б, Б.Б нарын: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сургууль дээр траншейний нүх шороогоор булж байхад О.Г тэргэнцэртэй ирж, тамхи татаад та хоёрт тусалъя гээд мөлхөж траншейн руу орж ирэхэд нь хэрэггүй гээд тусалж гаргаад явсан тухай мэдүүлэг (ХХ-ийн 33, 37),         

Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр талийгаачийн тэргэнцэр дулааны шугамын ухсан нүхний урд талд нилээд зайтай өөрөө нүхэнд унасан дуудахад дуугарахгүй байсан” тухай мэдүүлэг” (ХХ-ийн 40), 

Шинжээч Д.Д-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн: “Талийгаач О.Г-ын биед тархины битүү гэмтэл, зүүн чамархайн булчинд цус хуралт, дагзны хэсгийн цусан бүлэн, хажуугийн ховдлын шингэн цус, тархины дагз хэсгийн судасны тасралт гэмтэл тогтоогдсон нь үхэлд хүргэх шалтгаан болсон бөгөөд тархины битүү гэмтлийн улмаас нас барсан тухай” 01 дугаар дүгнэлт (ХХ-ийн 57-59),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (ХХ-ийн 8-12),

Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийг нэгдсэн халаалтын системтэй болгох ажлыг барих-ашиглах-шилжүүлэх-гүйцэтгэх онцгой эрх олгох концессын гэрээ (ХХ-ийн 92-99), Барилгыг дуусгах шатны үйл ажиллаганы чиглэлээр олгосон “А-Г” ХХК-ий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (ХХ-ийн 100),

Говь-Алтай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс А Г ХХК-д олгосон Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийн нутаг дэвсгэрт эрчим хүчний барилга байгууламж барих 15/2021 дугаартай тусгай зөвшөөрөл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.      

Шүүгдэгч С.С: Ажил дуусах шатандаа орсон, хамгаалах таг тавих ажиллагаа хийгдэж байсан болохоор байгалийн болон хүн, машин техникийн хүчин зүйлийн улмаас хамгаалах зурвас, тэмдэг нь унасан байсныг хайхраагүй буруутай, гэмшиж байгаа талаарх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байна.  

 

2. Нотлох баримтын талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

 

3. Эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний талаар: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж тус тус зааснаас гадна Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/114 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн б-д ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулахыг болон батлагдсан нормативын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, зөвлөл ажиллуулан дүрмийг батлан мөрдөхийг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болгосон байна.

   Шүүгдэгч С.С нь Говь-Алтай аймгийн Шарга сумын төвд дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчмын “Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах”  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “Барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” үүргээ биелүүлээгүйгээс ухсан нүхэнд нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй явж байсан иргэн О.Г унаж гавал тархины битүү гэмтэл авч нас барсан нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч нь дээр дурдсан хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол бусдын амь нас хохирох эрсдэлээс сэргийлэх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь эрчим хүчний барилга байгууламж барих ажил гүйцэтгэх явцдаа ухсан нүхэнд нь гуравдагч этгээд унаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байгааг мэдэх ёстой байсан боловч тийм эрсдэл гаргахгүй гэж найдан хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

А-Г ХХК-ий захирал С.С нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар хууль тогтоомжоор хүлээлгэсэн дээрх үүргүүдийг биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулаагүй нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын талаар: Шүүгдэгч С.С анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг багасгуулахаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой хугацааны дунджаар тэнссэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хүнддээгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг багасгах үндэслэлгүй байна.  

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С гаргасан тэнсэнгийн хугацааг багасгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.С холбогдох 2216000070054 дугаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С тэнсэнгийн хугацааг багасгуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                          ШҮҮГЧИД                             Т.Ж

                                                         Ч.Э