| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/03734/И |
| Дугаар | 102/ШШ2024/03767 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/03767
| 2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/03767 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юу Би март худалдааны төв, 503 тоотод оршин байх, ОО/РД:
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Нэхэмжлэлийн шаардлага: “ОО” ХХК-д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02716 дугаартай шийдвэрээр “ЛЛ” ХХК-иас 38,565,000 төгрөгийг гаргуулан “ЭЭ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг, шүүхийн шийдвэрт заагдсан хүн, хуулийн этгээдэд холбогдуулан явуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэргүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхаар хуульчилсан ба “ОО” ХХК-д холбогдуулан гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр огт байхгүй.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөгч, төлбөр авагчийг талууд байхаар заасан ба ООнь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш. Шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь “ЛЛ” ХХК, “ЭЭ” ХХК-иуд юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “ОО” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02716 дугаартай шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хууль бус бөгөөд “ЛЛ” ХХК-иас гаргуулах төлбөрийг “ОО” ХХК-иар төлүүлэхээр удаа дараа шаардаж, ООболон “ОО” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Г нарын харилцах дансны гүйлгээг зогсоож, 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хаан банканд хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлж “ОО” ХХК-ийн данснаас гүйлгээ хийж төлбөр авагч гэх “ЭЭ” ХХК-д олгох ажиллагааг явуулж байгаад гомдолтой байна.
Төлбөр төлөгч буюу талууд болох “ЛЛ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь ООмөн бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн өрийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Хуулийн энэ заалт нь хувьцаа эзэмшигч “ОО” ХХК-иар шүүхийн шийдвэрийг төлүүлэх зохицуулалт биш бөгөөд үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж заасан байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “ОО” ХХК-д холбогдуулан ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй.
Үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомж, журам нь Компанийн дүрэм, Компанийн тухай Монгол Улсын хууль юм.
Хязгаарлагдмал хариуцлагатай хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанид оруулсан хөрөнгө, эсхүл санхүүгийн сонирхлоор худалдан авахад зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр л хуулийн этгээдийн бусдын өмнө хүлээх хариуцлага нь хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг түүний хөрөнгө оруулагч төлөхгүй, харин хуулийн этгээд үүнийг бүрэн хариуцах ёстой.
Энэ ч утгаараа хуульд хувьдаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу гарсан шүүхийн шийдвэртэйгээс бусад ямар ч тохиолдолд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, цалин түүнтэй адилтгах мөнгөн хөрөнгөөрөө компанийн өр төлбөрийг хариуцах нөхөх хариуцлага хүлээх ёсгүйг тодорхой заасан, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалан хуульчилсан.
Харин гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн заалтаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарлаж өгсөн.
Энд заасан өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөд хамааралтай ойлголт бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээхээс биш компанийн өрийг төлөх нөхөх хариуцлага биш юм.
Хувьцаа эзэмшигч “ОО” ХХК-ийн хуулиар хүлээх хариуцлага нь “ЛЛ” ХХК-д оруулсан хөрөнгөөр хязгаарлагдаж, эзэмшиж буй хувьцаанд ногдох хөрөнгөөр тодорхойлогдож байгаа тул “ЛЛ” ХХК-ийн хувьцааг эзэмшихтэй холбоотой өөрийн үйл ажиллагааны орлогоор “ЛЛ” ХХК-ийн үүргийг хариуцах үндэслэл болохгүй.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч “ЛЛ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “ОО” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны орлого нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасны дагуу зааглагдсан болон зааглагдаагүй талаар компанийн дүрэмд тодорхойлоогүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж “ЛЛ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “ОО” ХХК-ийн орлогоос суутгал хийж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид эдэлсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “ЛЛ” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааны явцад “ОО” ХХК-ийн харилцах дансны гүйлгээг зогсоох, үйл ажиллагааны орлогыг данснаас дур мэдэн суутгал хийж, битүүмжилсэн нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “хувьцаа эзэмшигч нь компанийн өрийг хариуцахгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02716 дугаартай шийдвэрээр “ЛЛ” ХХК-иас 38,565,000 төгрөгийг гаргуулан “ЭЭ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байхад “ЛЛ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “ОО” ХХК-д холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2716 дугаар шийдвэрээр “ЛЛ” ХХК-иас 38,565,000 төгрөгийг гаргуулж “ЭЭ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч “ЛЛ” ХХК нь шүүхийн шийдвэрт дурдсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ү, “Ү” хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн данс битүүмжлэх хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд Төрийн банк, Чингис хаан банк, Капитрон банк, Голомт банканд тус тус данс эзэмшдэггүй, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд данс эзэмшдэг бөгөөд мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй тухай хариу ирүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн эзэмшилд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад тээврийн хэрэгсэл, үнэт цаас, тусгай зөвшөөрөл болон хөрөнгө тогтоогдоогүй.
Төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ООболон гүйцэтгэх захирал Д.Г нарт 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-160/18162, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4-186/21007 дугаар тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Төлбөрийн мөнгийг “ОО” ХХК-ийн Хаан банкин дахь 5 тоот дансанд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төвлөрүүлсэн боловч Хаан банкны дансанд төвлөрсөн дээрх мөнгийг тус газрын дансанд шилжүүлэн авахаар Хаан банкнаас тодруулахад Нийгмийн даатгал болон татварын байгууллагаас дансыг давхар битүүмжилсэн тул шилжүүлэх боломжгүй хариуг ирүүлсэн бөгөөд уг мөнгө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төвлөрөөгүй, төлбөр төлөгдөөгүй байна.
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22380220/186-02 тоот тогтоолоор “ОО” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Г төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-д “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан байдаг. Дээрх байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, компанийн дүрэм /хх6-9/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2-186/6564 тоот “Хамтран ажиллах тухай” албан бичгийн хуулбар /хх10/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 22380220 тоот “Зарлан дуудах мэдэгдэл” /хх17/, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /хх18/, ОО ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/99 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх72/.
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1-186/234 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх22/, 22380220 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх33-67/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч ООнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ “ОО” ХХК-д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах;
2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...шүүхийн шийдвэрээр ‘ЛЛ’ ХХК-иас 38,565,000 төгрөгийг гаргуулан ‘ЭЭ’ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төлбөр төлөгч ‘ЛЛ’ ХХК-иас биш харин тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох ‘ОО’ ХХК-д холбогдуулан ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй учир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулна” гэж тайлбарласан.
3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй.
Хоёр. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч “ОО” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/шш2021/02716 дугаар шийдвэрээр “ЛЛ” ХХК-иас 38,565,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 350,775 төгрөгийн хамт гаргуулан “ЭЭ” ХХК-д олгохоор болсон ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
2. Дээрх шийдвэрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/гх2022/00099 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22380220 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх учиртай.
4. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч компанид шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдэж, төлбөр төлөгч компанийн арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилж, төлбөр төлөгч компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авах ажиллагааг хуульд заасан журам, дарааллын дагуу явуулсан байна.
5. Эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар төлбөр төлөгч “ЛЛ” ХХК-ийн нэр дээр эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон.
6. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар төлбөр төлөгч “ЛЛ” ХХК-д холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заагдсан тодорхой ажиллагаануудыг үе шаттайгаар хийсэн боловч үр дүн гараагүй буюу төлбөр төлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.
7. Хэрэгт авагдсан Төрийн байгууллагуудын лавлагааны системээс үзэхэд ООнь төлбөр төлөгч “ЛЛ” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигчээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдэж, одоог хүртэл өөрчлөгдөөгүй байна.
8. Иймд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн ...хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ”, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь ...гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу төлбөр төлөгч “ЛЛ” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч “ОО” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй.
9. Төлбөр төлөгч “ЛЛ” ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч “ОО” ХХК-ийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс гүйцэтгэх баримт бичигт заагдсан төлбөрийг гаргуулсан, бүхэлд нь гаргуулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүхээс үзэв.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “ОО” ХХК-д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ОО” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ