Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2023/04779/И |
Дугаар | 102/ШШ2024/03824 |
Огноо | 2024-08-01 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/03824
2024 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/03824 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-27 тоотод оршин байх, “ГГ” ХХК /РД:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34-11 тоотод оршин байх, “ЦЦ” ХХК /РД:
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ болон тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч “ЦЦ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ГГ” ХХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1876 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 001/хт2021/000412 дугаар тогтоолоор Т.Батзул, “ГГ” ХХК-иас 594,364,991 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 3,129,775 төгрөгийг гаргуулж “ЧЧ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчаас төлбөрт хураагдсан хөрөнгийг шинжээч томилж үнэлүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээтэй танилцахыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээтэй танилцсан.
Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд “ЦЦ” ХХК-ийн эзэмшиж буй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байрлалтай үйлдвэрлэл болон үр тарианы зориулалттай 4 газар эзэмших эрх, бусад хөрөнгийг 526,539,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан эрхээ хэрэгжүүлэн доор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч “ГГ” ХХК болон “ЦЦ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нараас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгч Т.Ба2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, төлбөр авагч ЧЧнаас 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн гз/290 дугаар албан бичгээр тус тус хөрөнгөтэй холбоотой үнийн саналыг гаргасан.
Гэтэл хариуцагч нь төлбөр авагч ЧЧ үнийн санал гаргахаас 1 хоногийн өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоолоор үнэлгээчин Н.Цо шинжээчээр томилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дахь заалтад нийцэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчсөн. Уг зүйлд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасан үнэ тохиролцоогүй” тохиолдолд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох үндэслэлийг хуульчилсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасан шинжээч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохоос татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй, энэ зүйлийн 43.7-д заасны дагуу шинжээчийг татгалзан гаргах эсэх талаар төлбөр төлөгчөөс тодруулаагүй, үнэлгээчин Н.Ц шинжээчээр оролцуулахыг огт мэдэгдээгүй, шинжээч томилох тухай тогтоолоо ч танилцуулаагүй, дээрх хуульд заасан шинжээчийг татгалзан гаргах эрхээр төлбөр төлөгчийг хангах арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй.
Шинжээч Н.Ц хөрөнгийн үнэлгээний тайланг хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, хүлээлцсэн гэх актыг шийдвэр гүйцэтгэгч баталгаажуулаагүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан үнэлгээ мэдэгдэх хугацаа тоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, мөн хуулийн 13.1-д заасан үйл явц, үр дүнг баталгаажуулахаар тэмдэглэл үйлдээгүй үүргээ биелүүлээгүй хууль зөрчжээ.
Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнээр хөрөнгийг үнэлсэн гэж үзэхээр байна. Тухайлбал шинжээчийн дүгнэлт, тайлангийн 11 дэх хуудаст “газар эзэмших эрхийг үнэлэхдээ тус байршилд ойр орон сууцны зориулалттай, арилжаалагдсан газар эзэмших эрхийг харьцуулж үнэлгээ тогтоосон. Газар эзэмших эрхийг өртөг болон орлогын хандлагын аргаар үнэлээгүй, тооцоололд шаардлагатай таамаглал дэвшүүлэхэд хүрэлцэхүйц мэдээлэл алга байна” гэжээ. Гэтэл аливаа хөрөнгийн үнэ цэнэ нь өөрийн өртөг, жишиг үнэ, орлогоор тооцогдож, зах зээлийн бодит үнийг тодорхойлох байтал үнэлгээ хийх газартай ойролцоо гэх нийтэд худалдан борлуулахаар мэдээлсэн газрын үнийг үндэслэн арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээ тогтоосон нь газрын үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.
Шинжээчийн тайланд дурдсан харьцуулалт хийсэн газрууд нь үнэлгээ тогтоох газраас зориулалтын хувьд ялгаатай, тухайн газар эзэмшигчдээс өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдан борлуулахаар цахим хаягт байршуулсан үнэ болохоос газрын бодит үнэ, өртгийг тодорхойлох, харьцуулалт хийх боломжит үнэ гэж үзэхгүй байна. Түүнчлэн 11 дэх хуудаст “бодит үнэ цэнийг тогтооход учир дутагдалтай” байгаа талаар шинжээч тайландаа тусгасан байгаа нь газар эзэмших эрхийн үнэлгээг бодитой бус тодорхойлсон, зах зээлийн үнэ ханшид нийцээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна.
Иймд хуульд нийцээгүй шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн 0 дугаартай газар эзэмших эрх болон тоосгон гүний худаг, тоосгон агуулах, дэд станц, цахилгааны шугамыг үнэлсэн шинжээчийн 526,639,000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулж, хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч “ЦЦ” ХХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: “ЧЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ГГ” ХХК, “ЦЦ” ХХК, нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдсан.
Талуудын хооронд үүссэн маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 102/ШШ2019/02308 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 1876 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/000412 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтаар “ГГ” ХХК, Т. нараас 594,364,991 төгрөгийг гаргуулж “ЧЧ” ХХК-д олгож, хоёр дахь заалтаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ГГ” ХХК, Т.Батзул нар төлбөрийг сайн дураар эс төлбөл “ГГ” ХХК-ийн өмчлөлд буй ЧЧ нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрх, 0 дугаар бүхий, үр тарианы зориулалттай. 67.3 га газруудыг эзэмших эрхүүд, эдгээр дөрвөн газрууд дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр иргэн Б.Б, “ГГ” ХХК-иуд, төлбөр авагчаар “ЧЧ” ХХК-иуд ажиллагаанд оролцож байгаа ба “ЦЦ” ХХК нь төлбөр төлөгч, авагч аль аль нь биш. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааны явцад хураах, битүүмжлэх тогтоолыг үйлдсэн боловч “ЦЦ” ХХК-д танилцуулж байгаагүй.
Төлбөр төлөгчийн иргэн, хуулийн этгээдийн хөрөнгөд халдах ажиллагааг хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд нь халдах, албадлагын арга хэмжээг эрх бүхий этгээдэд хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцөлүүдийг нэг бүрчлэн заасан. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, нөгөө талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцохоор хуульд заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулахдаа хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, хуульд заасан журмын эрх, үүрэг тайлбарлаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлж, түүний биелэлтийг хангах учиртай. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “ЦЦ” ХХК-ийн эзэмшлийн газар, агуулахын барилга, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэргийг үнэлэх ажиллагааг явуулсан. Шинжээч нь “ЦЦ” ХХК-ийн эзэмшиж буй, 0 га газруудыг эзэмших эрхийг 199,920,000 төгрөгөөр, агуулахын барилгыг 79,260,000 төгрөгөөр, гүний худгийг 4,500,000 төгрөгөөр, дэд станцыг 41,400,000 төгрөгөөр, нийт 526,639,000 төгрөгөөр үнэлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас гадна Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зуйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн, жишиг үнийн, орлогыг аргуүдыг хослуулан, олон үлсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр, шинжээч зах зээлийн хандлагаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэх боловч зах зээлийн хандлагыг тодорхойлохдоо иргэдийн интернэт орчинд байрлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн зараар тодорхойлсон нь учир дутагдалтай. Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй.
Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт заасан бүхий л хөрөнгөд ажиллагаа явуулах учиртай боловч “ЦЦ” ХХК-ийн барьцаа хөрөнгөд бусад барьцаа хөрөнгөд явуулж байгаа ажиллагаа хэт удаашралтай байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зээлийг “ГГ” ХХК болон Т.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад үндсэн зээлдэгч нарын хөрөнгүүд дээр биш зөвхөн “ЦЦ” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгүүд дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь учир дутагдалтай. Барьцаа хөрөнгийн нэг нь П.Т өмчлөлийн орон сууц байсаар байхад уг байртай холбоотой ажиллагааг огт явуулахгүй байна. Мөн шүүхийн шийдвэрээр “ГГ” ХХК-ийн өмчлөлд буй ЧЧ нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрхийг худалдан борлуулах талаар заасан байхад энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй.
Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр Н.Ц гэж хүнийг томилсон байхад “Файн эстимейт” ХХК нь шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба шинжээчид хууль сануулах ажиллагааг огт хийгээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр хувь хүн эсхүл хуулийн этгээд ажиллаад байгаа нь өөрөө эргэлзээтэй.
Мөн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоолоор шинжээч томилсон мөртлөө төлбөр авагчаас 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үнийн санал аваад байгаа нь хууль зөрчсөн.
Иймээс 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 22260516/12 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 0 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 67.3 га газруудыг эзэмших эрхийг 199,920,000 төгрөгөөр, агуулахын барилгыг 79,260,000 төгрөгөөр, гүний худгийг 4,500,000 төгрөгөөр, дэд станцыг 41,400,000 төгрөгөөр, нийт 526,639,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шинжээчийг бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас баталсан журмын дагуу томилдог. Тодруулбал, тус газраас тендерт шалгарсан 10-15 хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Уг бүртгэлээс тойргийн журмаар шинжээчийг сонгодог. Эхлээд шинжээч томилсон тогтоолоо бичгээр гаргаад бичиг хэргийн буюу дуудлага худалдаа хариуцсан ажилтанд өгдөг. Уг тогтоол дээр нь тухайн хариуцсан ажилтанд шинжээчийн нэрийг зоож бичдэг. Ийм дарааллаар сонгогдсон шинжээч хуультай танилцаад үнэлгээ хийж дүгнэлтээ гаргадаг. П.Т барьцаа хөрөнгийн хувьд нэмэлтээр ажиллагаа хийж байгаа, ганцхан хуулийн этгээдийн хөрөнгөтэй холбоотой ажиллагаа хийсэн зүйл байхгүй. “ЧЧ” нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрхийн хувьд бодит байдал дээр хүндрэл үүсч байгаа. Бид холбогдох байгууллагаас зохиогчийн эрхийн талаарх үнэлгээ хийх, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийсэн боловч ийм практик манайд одоогоор байхгүй, судлах шалгах зүйл их байгаа гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЧЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэрээр Т.Батзул, “ГГ” ХХК-иас 597,494,766 төгрөгийг гаргуулан “ЧЧ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2022 оны 3 дугаар сараас хойш явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөх болон ажиллагаатай холбоотой тухайн бүрд мэдэгдэл хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Төлбөр төлөгч Т.Батзул, “ГГ” ХХК нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “ЦЦ” ХХК-ийн эзэмшиж буй Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлалтай 0 дугаар бүхий үр тарианы зориулалттай 67.3 га газруудыг эзэмших эрхүүд, эдгээр дөрвөн газрууд дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22260516/11 дүгээр тогтоолоор битүүмжилсэн. Таван хоногийн дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 22260516/12 тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тогтоогоогүй тул 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилогдож, тус шинжээчийн хөрөнгийн үнэлгээг 526,639,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, талуудаас үнийн санал асуусан, үнэлгээтэй холбоотой харилцан тохиролцоогүй тул хуульд заасны дагуу шинжээч томилж, барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хавтаст хэрэгт шинжээчийн үнэлгээ, тайлан, тусгай гэрчилгээ гэх мэт авагдсан тул төлбөр төлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур, хэт бага үнэлсэн мөн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, тодорхой бус тухай тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч “ГГ” ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, хх5/, компанийн дүрэм /1 хавтас, хх6-7/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-163/17265 тоот үнэлгээний мэдэгдэл /1 хавтас, хх8-9/, “ГГ” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл /1 хавтас, хх210/.
6. Нэхэмжлэгч “ЦЦ” ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас, хх21/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/шш2024/02308 дугаар шийдвэрийн хуулбар /1 хавтас, хх22-25/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1876 дугаар магадлалын хуулбар /1 хавтас, хх26-34/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 001/хт2021/000412 дугаар тогтоолын хуулбар /1 хавтас, хх35-42/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-163/17271 тоот үнэлгээний мэдэгдэл /1 хавтас, хх43-44/, “ЦЦ” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №2309/21 тоот “Итгэмжлэл” /1 хавтас, хх64/.
7. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01-186/489 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /1 хавтас, хх14/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01-186/468 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /1 хавтас, хх68/, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22260516 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /1 хавтас, хх77-173/.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ЧЧ” ХХК дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /2 хавтас, хх18/.
9. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Н.Ц гэрчээр асуусан /1 хавтас, хх221-222/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/45 дугаар “Түр журам батлах тухай” тушаал, хавсралт /1 хавтас, хх234-237/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг /1 хавтас, хх238/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийн жагсаалт /1 хавтас, хх239/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01-186/10751 тоот албан бичиг /1 хавтас, хх240/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 775 тоот албан бичиг /1 хавтас, 241/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 01-186/10753 тоот албан бичиг /1 хавтас, хх242/, Оюуны өмчийн газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/327 тоот албан бичиг /1 хавтас, хх243/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/шш2019/02308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1876 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 001/хт2021/000412 дугаар тогтоолоор “ГГ” ХХК, Т.Бнараас 594,364,991 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 3,129,775 төгрөгийн хамт гаргуулан “ЧЧ” ХХК-д олгож, уг төлбөрийг сайн дураас эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэпг заасныг баримтлан хариуцагч “ГГ” ХХК, Т.Бнар төлбөрийг сайн дураар эс төлбөл “ГГ” ХХК-ийн өмчлөлд буй ЧЧ нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрх,
0 орон сууц,
хариуцагч “ЦЦ” ХХК-ийн эзэмшиж буй, Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлах, 0газар,
0 газар,
0 газар,
0 газруудыг эзэмших эрхүүд, дээрх 4 газар дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
2. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу 102/гх2022/00474 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 22260516 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
3. Нэхэмжлэгч “ГГ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах”, нэхэмжлэгч “ЦЦ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22260516/12 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг шүүхэд гаргасан.
4. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй.
Хоёр.
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох “ЦЦ” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Шаамар сумын нутагт байрлалтай, 0 дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 67.3 га газруудыг эзэмших эрхүүд, эдгээр дөрвөн газрууд дээрх агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцыг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22260516/11 тоот тогтоолоор, П.Т өмчлөлийн эрхийн бүртгэлийн 0, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 22260516/03 тоот тогтоолоор, ЧЧ нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн 8449 дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрхийн захиран зарцуулах эрхийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22260516/07 тоот тогтоолоор тус тус битүүмжилжээ.
2. 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 22260516/12 тоот тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 22260516/13 тоот тогтоолуудаар дээрх хөрөнгүүдийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулсан байна.
3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэжээ.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд барьцаа хөрөнгийн үнэлгээн дээр санал нэгдээгүй, төлбөр төлөгч “ЦЦ” ХХК-иас үнийн санал ирүүлээгүй учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 тоот тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцжээ.
5. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 526,639,000 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-163/17265 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “ГГ” ХХК-ийн захирал Б. 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-163/17272 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “ГГ” ХХК-д, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-163/17269 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Т.Б, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-163/17271 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “ЦЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А. 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-163/17270 тоот мэдэгдлээр төлбөр авагч “ЧЧ” ХХК-д тус тус мэдэгдсэн байна.
6. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. “Файн эстимэйт” ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.
7. Дээрх байдлаар иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгч нарын хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, шинжээч томилсон, хөрөнгийн үнэлгээ болон тайланг холбогдох этгээдүүдэд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “ГГ” ХХК болон “ЦЦ” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан шаардлага хангасан этгээдэд шалгалт авах замаар олгоно.
10. Үнэлгээчин Н.Цнь “Файн эстимэйт” ХХК-ийн гүйцэтгэх захирал ба хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч байгууллагаас хуульд заасан журмын дагуу үнэлгээчин томилсон, мөн хуулийн этгээдээс хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлснийг буруутгах үндэслэлгүй.
11. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч нарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсны эцэст шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. Мөн төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгдэж, төлбөр төлөгч нарын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авах ажиллагааг хуульд заасан журам, дарааллын дагуу явуулсан байна. Иймд дан ганц “ЦЦ” ХХК-д холбогдуулан ажиллагаа явуулсан гэх тайлбар үндэслэлгүй.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ГГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөг, нэхэмжлэгч “ЦЦ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 561,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЦЦ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан “ЦЦ” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 22260516/12 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай “ГГ” ХХК, “ЦЦ” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ГГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч “ЦЦ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 561,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЦЦ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан “ЦЦ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ