| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/04131/И |
| Дугаар | 102/ШШ2024/03835 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/03835
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/03835 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, Төгөлдөр 12 дугаар байр, 201 тоотод оршин байх, “ФФ” ХХК /РД:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 19 дүгээр байр, 42 тоотод оршин суух хаягтай, Х.Н
Нэхэмжлэлийн шаардлага: 40,242,849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б
Хариуцагч Х.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Х.Нд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Зээлдэгч Х.Н нь “ФФ” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн FХ/2022/1276 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ” байгуулан 26,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Х.Н нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, манай байгууллагаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлөөгүй байна. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гүйлгээ хийсэн.
Зээлдэгч нь ББСБ-аас зээл авснаасаа хойш нийт үндсэн зээлд 856,430 төгрөг, зээлийн хүүнд 1,425,551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,753 төгрөг, нийт 2,291,734 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 25,143,570 төгрөг, зээлийн хүү 12,633,508 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,378,072 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нийт 40,242,849 төгрөг гаргуулж өгнө үү.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Н миний бие нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “ФФ” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан тухайн үед ажиллаж байсан “” ХХК-ийн захирал болох 0утасны дугаартай, Б овогтой Бд 0 улсын дугаартай “” /Toyota vellfire/ маркийн автомашиныг зээлээр авч өгсөн.
Тухайн машины зээлийг Б.Б нь төлөх ёстой боловч 2023 оны 5 дугаар сараас эхлэн холбоо барих боломжгүй болж, зээлийн төлөлтийг хийж байгаа гэж бодон өнөөдрийг хүрсэн. Зээл төлөгдөөгүй хугацаанд Б.Б холбоо барих гэж эхнэр болон найз нөхөдтэй нь холбогдсон боловч утсаа авахгүй байсан. Гэрийг нь мэдэхгүй тул утас руу нь мессеж бичиж чат явуулж байсан ч хариу өгөөгүй. Өөрийн нэр дээр зээл авч, бусдад тусалсан ч тухайн зээлийг төлөх ёстой гэдгийг сайн ухамсарлаж байна. Иймд Б.Б олж уулзаж, тус зээлийг төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, “ФФ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх, нэмэлт хугацаа олгох тухай” мэдэгдэл /хх12/, зээлдэгчийн бүртгэл /хх13/ зээлийн гэрээний мэдээлэл /хх14/, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №FX/2022/1276 дугаар “Зээлийн гэрээ”-ний хуулбар /хх15-18/, Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх19/, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №FX2022/1276 дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ”-ний хуулбар /хх20-22/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 30иб3/2366 тоот албан бичиг /хх23/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/шш2024/00907 дугаар шийдвэр /хх24-26/, Хаан банкны депозитын хуулга /хх44/.
4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “ФФ” ХХК болон Х.Н нар №FX/2022/1276 тоот зээлийн гэрээ /автомашин худалдан авах/ байгуулсан байна. Уг гэрээгээр “ФФ” ХХК нь Х.Нд 26,000,000 төгрөгийг жилийн 34.8, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд харилцан тохирчээ.
2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдрөө №FX/2022/1276 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ”-г байгуулсан.
3. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож талууд 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Хоёр.
1. Нэхэмжлэгч “ФФ” ХХК нь хариуцагч Х.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,143,570 төгрөг, зээлийн хүү 12,633,508 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,378,072 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 40,242,849 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ.
2. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №FX/2022/1276 тоот зээлийн гэрээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч нэхэмжлэгч тал 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийг шаардсан.
3. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын хамт хариуцагчаас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...зээлдэгч хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гүйлгээ хийсэн, ...удаа дараа шаардсан боловч эргэн төлөлт хийгээгүй” талаар дурдсан. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч талаас цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.
4. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
5. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
6. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №FX/2022/1276 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.
7. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй.
Ийм учир хариуцагч Х.Нээс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №FX/2022/1276 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,143,570 төгрөг, үндсэн хүү 12,633,508 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,378,072 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
8. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь буюу нотариатын зардал гаргасан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх шаардлага хэрэгсэхгүй болно. Харин хариуцагч Х.Нийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
9. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ”-ний талаар шаардлага гаргаагүй тул шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нээс 358,726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Х.Нээс 40,225,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ФФ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Нээс 358,726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ФФ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ