Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/03988

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 16 өдөр

    Дугаар 102/ШШ2024/03988

Улаанбаатар хот

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 22 дугаар хороо, Согоотын 83 дугаар гудамж, 1214а тоотод оршин суух, э

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 12 дугаар гудамж, 149 тоотод оршин суух, м

 

Нэхэмжлэлийн шаардлага: 21,462,748.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лх

Хариуцагч ММ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ММад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

ЭЭ миний бие 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 18 насанд хүрсэн бөгөөд тэтгэлэг төлөгч буюу эцэг ММаас өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдвөл зохих төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг 14,308,499 төгрөг болон алданги 7,154,249.5 төгрөг нийт 21,462,748.5 төгрөгийг нөхөн гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Өмнө нь буюу 2012 онд миний эх болох ЛЛ нь Баянгол дүүргийн шүүхэд манай эцэг буюу хариуцагч ММаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 937 дугаар шийдвэрээр эцэг ММаас надад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлүүлсэн байдаг.

Гэтэл ММ нь 2012 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд надад нийт 26,137,900 төгрөг төлөх ёстойгоос 11,829,401 төгрөгийг төлсөн боловч өнөөдрийн байдлаар 14,308,499 төгрөгийг төлөөгүй байгаа юм.

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эцэг ММ эх ЛЛ нар нь харилцан тохиролцож буюу хүүхдийн тэтгэлгийг сайн дураар сар бүр төлж байхаар эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг хэдий ч ММ нь тохиролцсон ёсоор хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй байдаг. Тийм учраас эх ЛЛ нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3/2872 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “...ЭЭ намайг 18 насанд хүрч, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулах боломжгүй, та Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх хариу ЛЛд өгсөн байх тул миний бие тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

Иймээс хариуцагч ММаас төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл 14,308,499 төгрөг Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т “Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу алданги 7,154,249.5 төгрөг нийт 21,462,748.5 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 937 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж нэхэмжлэгч болох өөрийн охин ЭЭд 2020 оны 12 сар хүртэлх хугацаанд зохих хуулийн дагуу 11,829,401 төгрөгийг төлсөн нь үнэн болно.

Энэ хугацаанаас хойш Дэлхий нийтэд тохиолдсон цар тахал \ковид-19\ өвчний улмаас тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй болсон. Гэвч би өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан зарын дагуу дулааны улиралд барилгын туслах ажилтнаар ажиллаж хөдөлмөрийн хөлс цалин, орлогоосоо 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 5032281931 дугаартай дансанд 600,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр мөн Хаан банкны 5083214737 дугаартай дансанд 300,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 60,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 5 дугаар 26-ны өдөр ЭЭгийн ээж ЛЛд бэлнээр 70,000 төгрөгийг тус тус тухайн данс болон бэлнээр өгч байсан болно.

Хариуцагч ММ миний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01/04 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол, нэхэмжлэгчийн эх болох ЛЛтэй хүүхдийн тэтгэлгийг харилцан тохиролцож төлөх ёстой төлбөрийг нь төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байр суурьтай байсан.

Гэхдээ нэгэнт миний хүүхэд учраас би төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл гэх 14,308,499 төгрөгийг төлнө. Харин алданги 7,154,249.5 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх4/, итгэмжлэл /хх5/, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх6/, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3/2872 тоот хариу мэдэгдэх хуудас /хх7/, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 937 дугаар шийдвэрийн хуулбар /хх8-9/, 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 466 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар /хх10/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/04 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолын хуулбар /хх11/, төлбөр төлөгч ММын хүүхдийн тэтгэлэг төлөлтийн тооцоо /хх12-14/.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: М.А гэрчээр асуусан /хх36/, Шүүхийн шийдвэр Ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 3/4002 тоот албан бичиг, хавсралт /хх37-124/.

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: дансны хуулга /хх21-24/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 937 дугаар шийдвэрээр ЛЛ, ММ нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчдийн дундаас 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин ЭЭг эх ЛЛгийн асрамжид үлдээж, эцэг Т.М хуульд зааснаар тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

 

2. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу мөн өдрийн 466 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн, улмаар 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ЭЭ нь хариуцагч ММад холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг 14,308,499 төгрөг, алданги 7,154,249.5 төгрөг, нийт 21,462,748.5 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 

 

4. Хариуцагч “...алдангийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар маргасан, харин уг нэхэмжлэлийг охин ЭЭ гаргасан буюу шаардах эрхийн талаар, мөн хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл төлбөр, тооцооллын талаар маргаагүй.

 

Хоёр.

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө”, 50.3-т “Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан.

 

2. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана”, 29.1.4-т “төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан” гэжээ. 

 

3. Хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/04 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол” авагдсан. Уг тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 937 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр буюу төлбөр төлөгч ММ, төлбөр авагч ЛЛ нар “эвлэрсэн” гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ.

 

4. Тодруулбал, төлбөр авагч ЛЛгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад “…ММаас 5,000,000 төгрөг бэлнээр гаргуулан  авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээ цуцлах хүсэлтэй” гэсэн бичгийн хүсэлтийг үндэслэн дээрх тогтоолыг гаргасан байна.   

 

5. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Харин хариуцагчийн “…үндсэн төлбөрийг охиндоо төлнө” гэсэн тайлбарыг үндэслэн хүүхдийн тэтгэлгийн үлдэгдэл гэх 14,308,499 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь талуудын зарчимд нийцнэ. 

    

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 265,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ММаас 14,308,499 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭЭд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,154,249.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭЭд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ