Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/03444

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

     Дугаар 102/ШШ2024/03444

Улаанбаатар хот

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43а байр, 78 тоотод оршин суух хаягтай, /Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамж, ҮТ-46 дугаар байр, 9 тоотод оршин байх хаягтай, “ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч “ММ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгч ББ нь “ММ” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2С/23 дугаар “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2С/23-Н дугаар нэмэлт гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр 2С буюу 00 дугаар байрны 00 тоот, 183.88 м2 талбайтай, 5 өрөө орон сууцыг 279,531,000 төгрөгөөр барьж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч нь бүрэн төлж барагдуулсан буюу 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 140,000,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 28,000,000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 28,000,000 төгрөг, 2013 оны 00 дүгээр сарын 08-ны өдөр 53,531,000 төгрөг, нийт 279,531,000 төгрөгийг “ММ” ХХК-д бэлэн төлсөн.

“ММ” ХХК нь барилгыг хамгийн сүүлийн байдлаар 2020 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл барилга ашиглалтад ороогүй бөгөөд утсаа авахаа больж, захиалагч нь орон сууц болон төлбөрөө буцаан авч чадахгүйд хүрээд байгаа тул орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай байгаа юм.

Мөн талуудын хооронд байгуулсан захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц Захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна”, гэж, Иргэний хуулийн 002 дугаар зүйлийн 002.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж тус тус зааснаар дээрх орон сууц болон автомашины зогсоолуудын өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр шилжих үндэслэлтэй байна.

Гэтэл хариуцагч нь төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй, миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, миний эрхийг зөрчиж байх тул дээрх баримтуудыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

Хаягийн тухайд өөрчлөлт орж Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар Зайсан гудамж, МТхотхоны 00 дугаар байр болж өөрчлөлт орсон. Иймд Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар Зайсан гудамж, МТхотхоны 00 дугаар байрны 00 тоот, 183.88 м2 талбайтай, 5 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтууд болох төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт, орон сууцны давхар, тоот, талбайн зургийг гаргуулахыг хариуцагчид даалгахаар шүүхэд хандсан.

Гэтэл хариуцагч нь шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргаж өгдөггүй атлаа, бусад оршин суугч нарт тухайн орон сууц нь “ТОСК” ТӨҮГ-т барьцаатай болох талаар хэлсэн байх бөгөөд миний хувьд тухайн орон сууцны төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан, өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа тул тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна.

Түүнчлэн, хэдий үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч гэсэн тухайн орон сууц нь бусдад барьцаатай тохиолдолд миний бие орон сууцаа улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй болж, өмчлөх эрх маань бодитоор сэргэхээргүй байх тул ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, МТхотхоны 2С/00 дугаар байрны 00 тоот, 183.88 м2 талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ББийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “ММ” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгээр тайлбар гаргаагүй. Учир нь хариуцагч компани нь нэхэмжлэгчийн гэрээ, төлбөр төлсөн талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан. Ингээд шалгаад үзэхэд нэхэмжлэлийг ерөнхийд нь зөвшөөрөх нөхцөл байдал үүссэн. Хариуцагч нь нэхэмжлэгч ББтой гэрээ байгуулсан, нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн талаар маргахгүй. Харин үл хөдлөх эд хөрөнгийн буюу байр нь 2С биш 00 дугаар байр болсон гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №2С/23 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар /хх5-7/, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №2С/23-н тоот “Нэмэлт гэрээ”-ний хуулбар /хх8/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх9/, итгэмжлэл /хх21/.

 

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудын бүрдүүлсэн. Үүнд:  Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/8638 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх43-67/.

 

5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх13/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэг.

 

1. 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ББ нь хариуцагч “ММ” ХХК-д холбогдуулж Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ар зайсан гудамж, “МТ” хотхоны 00 дугаар /2С/ байрны 00 тоот хаягт байршилтай, 183.88м2 талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагаа  Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ар зайсан гудамж, “МТ” хотхоны 00 дугаар /2С/ байрны 00 тоот хаягт байршилтай, 183.88м2 талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор ихэсгэсэн.

 

3. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хариуцагч компанитай байгуулсан гэрээний дагуу ...орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгасан боловч хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт, бичгүүдийг гаргаж өгөөгүй, ...иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно, бүртгүүлэхэд шаардагдах баримтуудыг хариуцагчаас гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

4. Хариуцагч “ММ” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд дээрх нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа байр сууриа илэрхийлээгүй, бичгээр тайлбар өгөөгүй. Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагчаас “...нэхэмжлэгч ББтой гэрээ байгуулсан, нэхэмжлэгч төлбөрийг бүрэн төлсөн талаар маргахгүй, ...нэхэмжлэлийг ерөнхийд нь зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан. 

 

Хоёр.

 

1. 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “ММ” ХХК /гүйцэтгэгч/ болон ББ /захиалагч/ нар №2С/23 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр  “ММ” ХХК нь Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших, “МТ” орон сууцны хотхоны 2С байр, 603 тоот хаягт байршилтай, 164.43м2 талбайтай, 4 өрөө орон сууцыг захиалагчийн хөрөнгөөр хийж гүйцэтгүүлэх, ББ нь 1м2 талбайн үнэд 1,700,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон.

 

2. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “ММ” ХХК /гүйцэтгэгч/ болон ББ /захиалагч/ нар №2С/23-н тоот “Нэмэлт гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр талууд 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №2С/23 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.1 дэх заалтыг өөрчилсөн буюу гэрээний гол зүйл болох хаяг, талбайн хэмжээг “Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, МТхотхоны 2С байрны 00 тоот, 183.88 м2 талбай бүхий, 5 өрөө орон сууц” болгон өөрчилсөн байна. 

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Харин өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийн хэлбэрийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.3, 000 дугаар зүйлийн 000.1-д заасан. 

 

4. 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “ММ” ХХК /гүйцэтгэгч/ болон ББ /захиалагч/ нарын байгуулсан №2С/23 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “ММ” ХХК /гүйцэтгэгч/ болон ББ /захиалагч/ нарын байгуулсан №2С/23-н тоот “Нэмэлт гэрээ”-ний агуулга, заалтуудыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/8638 дугаар “Хариу хүргүүлэх тухай албан бичигт “...Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар зайсангийн гудамж, 00 тоот хаягт байршилтай, 30 хувийн гүйцэтгэлтэй ...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2000 оны 12 дугаар сарын 00-ний өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020036 дугаарт ММ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн...” гэж тусгагдсантай харьцуулан судлахад нэхэмжлэгч ББ болон хариуцагч “ММ” ХХК-иудын хооронд худалдах-худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан байна.

 

5. Хариуцагч “ММ” ХХК өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ББид худалдах, нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэл зоригоо дээрх 2 гэрээгээр хэн аль нь бүрэн илэрхийлсэн байх тул гэрээ үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр байна.

 

6. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон үнийг бүрэн төлсөн, энэ талаар зохигчид маргаангүй. Харин хариуцагч үүргийн хэлцлээс улбаатай өмчийн шилжүүлэг хийх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний зүйлийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ББийг тогтоож шийдвэрлэв.  

 

Гурав.

 

1. Шүүхээс нэхэмжлэгчийн “...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг “тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагын үндэслэл буюу бие даасан шаардлага биш байна гэж үзлээ. 

 

2. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх шинжтэй ба шүүх аливаа этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж үзсэн бол энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх боломжгүй.

 

3. Тодруулбал, нэхэмжлэгч ББийн өмчлөгчөөр тогтоолгох, тухайн хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой маргааны хариуцагч нь нэг этгээд байна. Энэ тохиолдолд баримт бичиг гаргаж өгөх үүргийг бие даасан шаардлагын хэмжээнд бус өмчлөгчөөр тогтоосон шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ буюу өмчлөгчөөр тогтоосон шаардлагын хүрээнд заавал хийгдэх ажиллагаа гэж үзнэ. Иймд энэ шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, талаар шүүх шийдвэрлэхгүй.

 

4. Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. 

 

Дөрөв.

  

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,626,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ММ” ХХК-иас 1,626,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 005 дугаар зүйлийн  005.2.1, 006, 008 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Зайсан /17025/, Ар Зайсангийн гудамж,  00 дугаар /2С/ байр, 00 тоот хаягт байршилтай, 183.88 м2 талбайтай, 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ББийг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,626,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ММ” ХХК-иас 1,626,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ББид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.4, 009.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ