Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/03681

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

         Дугаар 102/ШШ2024/03681

Улаанбаатар хот

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ШШ

 

Хариуцагч: ЭЭ

 

Нэхэмжлэлийн шаардлага: 366,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Хариуцагч ЭЭ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ЭЭд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Манай 0” сууц өмчлөгчдийн холбоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх дүүргийн засаг даргаас олгосон 264 дугаартай гэрчилгээтэй. Бид иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн.

СӨХ нь тус байранд өөрийн хөрөнгөөр 7, 8 дугаар орцны дээврийн ажлын засвар, айлуудын цэвэр, бохир усны шугам хоолой солих, байрныхаа урд хойд талын 366 м2 талбайг зүлэгжүүлэн 21 ширхэг мод сөөг тарьж, шинээр хашаа хайс хийж будав. Мөн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгэр орцуудыг иж бүрэн засаж, сантехникийн засвар үйлчилгээг тогтмол хийсээр ирсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 1 дүгээр орц, 6 дугаар орц, 7 дугаар орцны дээврийг бүрэн цутгаж засварын ажил хийсэн.

Гэвч “ШШ” СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж, сар бүрийн СӨХ-ны төлбөрийн төлөлгүй удаж, хууль тогтоомжийг зөрчиж буй иргэн байсаар байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Сууц өмчлөгч нь “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 12 дугаар байрны 175 тоотод оршин суугч иргэн ЭЭаас 2022 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын төлбөр болох 178,800 төгрөг, 2023 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын төлбөр 178,800 төгрөг, 2024 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын төлбөр болох 128,000 төгрөг, нийт 485,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэвч 2022 оны 8 дугаар сар хүртэлх төлбөрийг гаргуулахаар өмнө нь шүүхийн шийдвэр гарсан байна. Иймд энэ хугацааны төлбөрт 119,200 төгрөгийг хасаж, үлдэх 366,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: СӨХ нь ажлаа хийддэггүй, цэвэрлэгээ, бусад үйл ажиллагаа нь маш муу. СӨХ-ны дарга нар дандаа өөрийнхөө эрх ашгийн төлөө байдаг юм шиг надад санагддаг.  Байрны оршин суугч нар хоорондоо СӨХ-ны даргыг солих тухай ярилцаж байсан талаар сонссон. Миний хувьд ээжийн бие муу болохоор 7 жил ээжийгээ асарсан. Одоо би тэтгэвэрт гарсан, тус байрандаа би ганцаараа амьдардаг. Шүүхийн шийдвэрээр тухайн байр миний өмчлөлд шийдэгдсэн байгаа. 2022 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг шүүхийн шийдвэр гараад би төлсөн байхад надаас дахин давтаж нэхэж байгаа нь үндэслэлгүй байна.

Миний бие СӨХ-ны гаргасан тооцоолол, мөн үлдэх төлбөрийг төлөөгүй байгаа тал дээр маргахгүй. Гэхдээ СӨХ нь он гараад СӨХ-ны төлбөрийг үндэслэлгүй нэмж 25,600 төгрөг болгосон, мөн тэд ажлаа сайн хийдэггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Сууц өмчлөгчийн холбооны гэрчилгээний хуулбар /хх4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх5/, “ШШ” СӨХ-ны ТУЗ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 тоот тогтоол /хх6/, Төрийн банкны нэхэмжлэх /хх7-10/, “ШШ” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №10 тоот тогтоол, хавсралт /хх20-30/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар 15-ны өдрийн 102/шш2022/04422 дугаар шийдвэр /хх34-35/, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл /хх36/, Зарлан дуудах мэдэгдэл /хх37/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас төлбөрийн мөнгө шилжүүлэх баримт /хх38/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг.

 

1. 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч “ШШ” СӨХ нь хариуцагч ЭЭд холбогдуулж 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 485,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 119,200 төгрөгөөр багасгаж 366,300 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж, сар бүрийн СӨХ-ны төлбөрийг төлөлгүй удаж, хууль тогтоомжийг зөрчиж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна” гэсэн. 

 

3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...2022 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн байхад дахин нэхэж байгаа нь үндэслэлгүй, ...он гараад СӨХ-ны төлбөр үндэслэлгүй нэмэгдэж 25,600 төгрөг болсон тул хүлээн зөвшөөрөхгүй, ...СӨХ нь ажлаа сайн хийдэггүй” гэсэн агуулгаар тайлбарласан. 

 

Хоёр.

 

1. Нэхэмжлэгч “ШШ” СӨХ нь Баянгол дүүргийн 00 дугаар хороо /7 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан 264 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

2. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

3. Хариуцагч ЭЭ нь Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суудаг эсэх талаараа маргаагүй. Иймд хариуцагч нь “ШШ” СӨХ-ны гишүүн байна.

 

4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

5. Хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сараас 2024 оны 5 дугаар сар хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 366,300 төгрөгийг төлөөгүй байгаа талаараа маргаагүй, мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн оршин суугчдаас авах төлбөрийг шинэчлэн тогтоосон “ШШ” СӨХ-ны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолыг баримтаар үгүйсгээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй учир хариуцагчаас 366,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ШШ” СӨХ-нд олгов. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭЭаас 15,215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШШ” СӨХ-нд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ЭЭаас 366,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШШ” СӨХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭЭаас 11,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШШ” СӨХ-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ