| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/04620/И |
| Дугаар | 102/ШШ2024/03917 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/03917
| 2024 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/03917 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ББ
Хариуцагч: ББ
Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч М.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ц.Б холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
М.Б миний бие нь иргэн Ц.Бын хүсэлтийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5540490627 тоот данснаас Хаан банк дахь түүний 0 тоот данс руу шилжүүлсэн.
Ингэхдээ ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан.
Миний бие нь зээлдэгч Ц.Б хандан 20,000,000 төгрөгийг буцаан төлөх талаар хэлж, шаардсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд буцаан төлөөгүй. Иймд Ц.Боос зээлийн гэрээний үүрэг болох 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх3/, Хаан банкны дансны хуулга /хх4-5/, “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг /хх14/.
4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ц.Боос 20,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...20,000,000 төгрөгийг зээлсэн боловч буцааж өгөөгүй” гэсэн агуулгаар тайлбарлав.
2. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт Хаан банк дахь 5540490627 дансны хуулгыг өгсөн. Уг хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн данснаас хариуцагч Ц.Бын 5011163784 тоот данс руу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь нотлогдож байна.
5. Нөгөөтэйгүүр, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа шүүхэд бичгийн тайлбар ирүүлээгүй. Үүнийг хариуцагч дээрх зээлийг хүлээн авсан болон буцаан төлөөгүй талаараа маргаагүй гэж үзнэ.
6. Иймд хариуцагч Ц.Боос 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд нь олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Боос 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ