Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0203

 

2024 03 06 128/ШШ2024/0203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Н,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер С.Н, Гта ХХК-ийн аудитын менежер Л.Б нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер С.Н, Гта ХХК-ийн аудитын менежер Л.Б нарын тогтоосон 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах тухай .... **** дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Л.Б, В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер С.Н, Гта ХХК-ийн аудитын менежер Л.Б нарын тогтоосон 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах тухай .... **** дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

2.1. Хуучнаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл-ийг хэрэгжүүлэхээр болжээ.

Уг төслийн захиалагч болох Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ж 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дээрх хэрэгжүүлэх гэж буй төслийн зохицуулагч зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч Д.Нийг сонгон, сарын 2800 америк доллартай тэнцэх төгрөгөөр хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулжээ.

Хожим Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ж Монгол улс, засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Олон Улсын санхүүжилтийн хэлэлцээр, Сангийн сайдын 2015 оны …. дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 10.1.8[1], 16.6[2] дахь заалт, Азийн хөгжлийн банкнаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн зөвшөөрөл, Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ...тоот албан бичиг зэргийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...дүгээр тушаалыг гарган нэхэмжлэгч Д.Нийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл-ийн зохицуулагчаар томилсон байна.

Гэтэл Үндэсний аудитын газраас Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл-ийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу аудитыг хийж гүйцэтгэсэн.

Улмаар Төслийн өмнөх зохицуулагч Д.Нтой 2020 оны 7 дугаар сараас нь хувь зөвлөхийн гэрээг сарын 2,800,000 ам.доллараар байгуулж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн ... дугаар тушаалаар тогтоосон цалингаас 47,236,761.60 төгрөгийн цалинг илүү олгож, тогтоосон цалингаас хуулийн дагуу 8,946,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцоогүй гэх зөрчлийг илрүүлж, энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 төсвийн үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө, Сангийн сайдын 2015 оны *** дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 6 дугаар хавсралт, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8 дугаар зүйлийн 8.8 төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын цалинг энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын суурь цалингийн жишгийг үндэслэн журмын 3 дугаар хавсралтаар баталсан цалингийн нэмэгдэл тооцох шалгуур, аргачлалын дагуу боловсролын зэрэг, мэргэжлийн болон төсөлд ажилласан туршлагыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр .... АХГ-ын *** дугаартай төлбөр барагдуулах тухай актыг гаргажээ.

Уг төлбөр барагдуулах актаар Төслийн зохицуулагчид илүү олгосон 47,236,761.60 төгрөгийг Д.Ноор нөхөн төлүүлж, Үндэсний аудитын газрын Төрийн сан банкин дахь *** тоот дансанд, Нийгмийн даатгалын шимтгэлийн 8,946,000.00 төгрөгийг холбогдох нийгмийн даатгалын дансанд тус тус төвлөрүүлэх;

Актын биелэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төслийн удирдах хорооны дарга Т.Ж, төслийн захирал Д.***э, санхүүгийн ажилтан С.*** нарт хариуцуулсан аж.

Харин энэхүү актаа 2023 оны 05 дугаар сарын *** дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр иргэн Д.Нид хүргүүлсэн.

Иргэн Д.Н дээрх төлбөр барагдуулах тухай актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах тухай .... **** дугаартай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Азийн хөгжлийн банканд ажиллаж байсан төсөл хөтөлбөртэй холбоотой ажил болох Хүнсний ногооны усалгаатай холбоотой хөдөө аж, ахуйг хөгжүүлэх төсөлт хөтөлбөр олон улсын гэрээний дагуу хэрэгжиж байсан төслийн ажил байгаа юм. Энэ төсөл хөтөлбөрт ажиллаж байх хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах тухай .... **** дугаартай акт гарсан, акт нь хоёр агуулгаар гарсан байдаг.

Нэгдэх агуулга нь илүү хэмжээний цалин авсан гэх үндэслэл байгаа юм. Илүү авсан цалинг буцаан төлүүлэх утга бүхий акт гаргасан. Энэ акт нь гэхдээ миний нэр дээр гараагүй хэрэгжүүлэгч байгууллага дээр гарсан гэхдээ Д.Ноор төлүүлэхээр гарсан акт юм. Илүү цалин, хөлс авсан гэх зүйл огт байхгүй.

Хоёрдох асуудал нь нийгмийн даатгалтай холбоотой 8,000,000 төгрөгийн асуудал байгаа юм.

...Тиймээс маргаан бүхий актыг хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна.

Нэгдүгээр үндэслэлийн тухайд бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүнийг төлөөлөөд Төрийн нарийн бичгийн дарга Т.Ж, нөгөө талаас иргэн Д.Н миний бие харилцан тохиролцож хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан юм. Хувь зөвлөхийн хөлсөөр ажиллах гэрээний үндэслэл нь Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газрын хооронд 2020 оны 05 дугаар сарын 05-нд байгуулагдсан олон улсын гэрээ байгаа. Олон улсын гэрээнд заасан зохицуулалт нь 2020 оны 05 дугаар сарын 05-нд байгуулагдсан гэрээ нь нийтэд нээлттэй веб сайт дээр байгаа. Энэ гэрээний хуваарийн 4 дүгээр зүйлийн 4.3.а-д зээлдэгч нь хэрэгжүүлэгч байгууллагаараа дамжуулан бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны бодлого, худалдан авах ажиллагааны журамтай нийцүүлэн гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Зээлдэгч гэдэг нь Монгол Улсыг хэлж байгаа. Хэрэгжүүлэгч байгууллага гэдэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг хэлж байгаа. Бараа үйлчилгээ төслийн хүрээнд 33 сая ам.долларыг худалдан авах ажиллагааны бодлого, худалдан авах ажиллагааны журамтай нийцүүлэн гүйцэтгэнэ. Олон улсын гэрээний 1 дүгээр бүлгийн 5 дугаарт худалдан авах ажиллагааны журам гэдгийг Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны бодлого, бараа, ажил, зөвлөхийн бус болон нүүлгэх үйлчилгээнд хэлнэ ээ гэж заасан байна. Мөн Олон улсын гэрээний Б.Б-д зөвлөхийн болон зөвлөхийн бус үйлчилгээг тодруулан зааж өгсөн байгаа. Олон улсын гэрээн дээр байгаа 3 заалтаар энэ төслийн аливаа үйл ажиллагааг Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны бодлогоор явна гэдгийг тодорхой заасан байна. Олон улсын гэрээний хавсралт баримт бичгүүд дээр Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл зөвлөмжид тулгуурлан Азийн хөгжлийн банкны захирлын зөвлөл төсөв, мөнгө, журам бүх зүйлийг батлаад гэрээ байгуулдаг юм. Төслийн үндсэн баримт бичиг мөн Азийн хөгжлийн банкны веб сайтад байгаа линкээр ороод үзэх юм бол төслийн үндсэн баримт бичгийн 21 дүгээр параграфын 3 дугаар хүснэгтийн 4-д төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудыг 8% зөвлөхөөс бүрдүүлнэ гэж заасан байгаа. Төсөл хэрэгжүүлэх нэгж субъект байна. Энэ бол төслийг хэрэгжүүлдэг үүрэгтэй хэрэгжүүлэгч байгууллагын өмнөөс энэ төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүрэлдэхүүнд төслийн зохицуулагчаас эхлээд албан тушаалд дурдсан 8 хүснэгт байгаа. Энэ баримтыг гаргаж өгсөн байгаа. Энэ дотор төслийг зохицуулагч миний бие 8 албан тушаалын хамтаар хувь зөвлөх байна гэж заасан байгаа. Гэрээ болон үндсэн баримт бичигт ингэж зааж өгсөн байна. Дахин нэг баримт бичиг болох төслийн удирдлагын гарын авлагыг аудитын байгууллага нь үндэслэн акт гаргасан гэж миний зүгээс ойлгож байгаа. Төслийн удирдлагын гарын авлагын 17 дугаар хуудасны 19 дүгээр заалтад зээл, тусламж гэсэн хоёр санхүүгийн эх үүсвэр байна. Энэ гэрээнүүд зөрчилдөөгүй тохиолдолд номер ... буюу маргаан бүхий актад дурдаад байгаа Монгол улсын зээл тусламжийн төслүүдийг зохицуулдаг журам гэх урт нэртэй журам байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн гарын авлагын 19 дүгээр заалт нь зээл ба тусламжийн гэрээтэй зөрчилдөөгүй тохиолдолд л *** дугаар журамд нийцүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл зөрчилтэй байгаа учраас …-г баримтлахгүй, зөрчилдөөгүй тохиолдолд бол …-г барьж болох юм. Яагаад зөрж байна гэхээр зөрчлийн зохицуулагч болон 8 хүн хувь зөвлөх бүрдүүлнэ гэсэн заалттай зөрчилдөж байгаа учраас … гэсэн заалтыг барих боломжгүй болж байгаа юм. Төслийн удирдлагын гарын авлагын хавсралтын 73 дугаар хуудасны 8 дугаар бүлгийн 7 дугаар параграфын төсөл хэрэгжүүлэх нэгжийг үндэсний хувь зөвлөхүүдээр байгуулах ба тэдгээрийг зээлийн хөрөнгөөс санхүүжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх нэгжийг зохицуулах төслийн зохицуулагч толгойлох бөгөөд хувь зөвлөх 7 ажилтны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй гэж миний үүргийг зааж өгсөн байгаа юм.

Хоёрдугаарт Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны бодлого, журам, төслийн үндсэн баримт бичиг, төслийн удирдлагын гарын авлагад зааснаар төслийн зохицуулагч нь хувь зөвлөх юм байна. Хувь зөвлөх учраас Азийн хөгжлийн банкны бодлого журмын дагуу Азийн хөгжлийн банкны нийтэд нээлттэй байдаг хувь зөвлөхийн гэрээний загварын дагуу энэ гэрээ байгуулагдсан байна. Энэ загварыг орчуулж өгөөрэй гэдэг шаардлага тавьсны дагуу загварыг интернэтээс татаж орчуулан хавсарган өгсөн. Олон улсын гэрээний тухай хууль, Монгол Улсын өрийн удирдлагын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль гэж байгаа. Энэ гурван хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж байна. Олон улсын гэрээнд Азийн хөгжлийн банкны журмыг дагаж мөрдөнө гэж заасан байна. Засгийн газрын гадаадын зээл хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тушаал батлагдсан байдаг. Маргаан бүхий актад дурдагдаад байгаа журам. Уг журмын 8 дугаар зүйлийн 8.2.5-д Өрийн удирдлагын тухай хуульд үндэслэгдэж энэ журам батлагдаж байгаа юм. Сангийн сайдын журам Өрийн удирдлагын хуульд үндэслэгдэж батлагдсан журам байна. Сангийн сайдын *** дугаар журам дээр 2.1-д нь энэхүү журмыг дагаж мөрдөхөд Өрийн тухай хууль, Олон улсын гэрээний тухай хуулийг удирдлага болгоно гэж заасан байна. Олон улсын гэрээний дагуу хувь зөвлөхийн гэрээ юм байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээг зохицуулж өгсөн байна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Монгол Улсын иргэний хуулийн дагуу, нөгөө талаасаа Олон улсын гэрээний дагуу 2 талын байгуулсан талуудын эрх, тэгш чөлөөт байдлын зарчимд үндэслэгдэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн хэлцэл юм. Хувь зөвлөхийн загварын дагуу би гэрээ хийсэн байгаа. Азийн хөгжлийн банкны журам, Азийн хөгжлийн банкны гэрээний загварын дагуу байгуулагдсан гэрээ байна. Актад дурдсан асуудалтай холбоотой цалингийн асуудал байгаа. Гэрээнд заасан цалин болон Сангийн яамны баримт бичиг дээр дурдсан цалин тогтоох журам хоёр зөрчигдсөн асуудал байгаа юм. Азийн хөгжлийн банкны жишиг цалингийн сүлжээ гэж байгаа. Азийн хөгжлийн банктай хамтарч ажилладаг бүх газруудад өөр өөрсдийн цалингийн сүлжээтэй Вьетнам, Солонгос гэх улс орнууд бүгд байгаа. Энэ дотор Монгол улсын цалингийн сүлжээ байгаа. Энэ сүлжээн дотор зохицуулагчийн хөлсийг жилийн 21,500 доллараас 37,600 долларын дотор байна гэж зааж өгсөн байна. Нэг жилийн хөлсийг талуудын хооронд тохиролцсон ижил зарчмаар Олон улсын гэрээ, Иргэний хуулийн дагуу байгуулсан гэрээгээр цалингийн дүн буюу сард 2800 ам.доллартай дүйцэхүйц валютыг төгрөгт хөрвүүлэн төгрөгөөр авсан байдаг юм. 2800 ам.долларыг 12 сараар үржүүлэхэд 33,600 ам.доллар гарч байгаа юм. Энэ нь юу гэж байгаа юм гэхээр 21,500 доллараас 37,600 долларын дотор багтаж байгаа юм. Тухайн үед гэрээ байгуулагдаад Азийн хөгжлийн банкны зохих журмын дагуу худалдан авах ажиллагаа Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн байдаг. Миний бие хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд төслийн зохицуулагчийн ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд илүү авсан нэг ч төгрөг байхгүй. Гэрээнд заасан хөлсийг тухайн үеийн Монгол банкны ханшаар хөрвүүлэн төгрөгөөр цалин хөлс авсан байдаг. Төслийн санхүүжилтийн нөхөн дүгнэлт ба хувь зөвлөхийн гэрээний талаар аудитын байгууллага Азийн хөгжлийн банканд аудит гаргаад нээлттэй аудитын тайлангаа нийтэлсэн байдаг. Энэ аудитын тайланд дурдсанаар аудитын байгууллага нь нөхөн дүүргэлт хийдэг процессыг шалгадаг. Үүнийг аудитын байгууллага мөн шалгасан байгаа. Цалин хөлс авч байх тухайн үед WA00002, WA00003, WA000048, WA00012 гэсэн 4 удаагийн цалин хөлстэй холбоотой нөхөн дүүргэлтүүд байдаг. Нөхөн дүүргэлтээр урьдчилан авчсан мөнгөө тодорхой зориулалтаар санхүүжүүлэн төлбөрүүдээ нотлох баримтуудын хамтаар хавсарган хэрэгжүүлэгч байгууллага буюу Хөдөө аж ахуйн яам, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд хянаад баталгаажуулаад, бид ийм зардал, урьдчилгаанаас гаргасан тул та бүхэн Монгол дахь данс руу нөхөн дүүргэж өгнө үү гэж авч байгаа юм. Азийн хөгжлийн банк хянаад гэрээнээс бусад зүйлийг нөхөн дүүргэхээс татгалзаад, зөвхөн зөвшөөрсөн дүнгүүд дээр нөхөн дүүргэлтүүд хийдэг. Энэ 4 нөхөн дүүргэлт дотор шүүхэд гаргаж өгсөн нөхөн дүгнэлтийн хүснэгт байгаа. Энэ хүснэгт нь хэрэгжүүлэгч байгууллагын гарын үсгээр баталгаажсан Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнуудаар мөн баталгаажсан. Нөхөн дүгнэлтийн дүнгийн ар талд хамгийн нэгдүгээрт төслийн зохицуулагчийн гэрээний төлсөн төлбөрийг төгрөгөөр болон доллараар илэрхийлээд нэр он, сар, өдөртэй нь зааж өгсөн байгаа. Нөхөн дүүргэлт дээр хариуцагч байгууллага нь миний гэрээний төлбөрийг зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Үүнийг Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн. Азийн хөгжлийн банк бас зөвшөөрөн миний цалинг нөхөн дүүргэсэн. Аль ч тохиолдлоор хүлээн зөвшөөрөгдсөн байна. Нөхөн дүүргэлтийн хүсэлтийг хэрэгжүүлэгч байгууллага Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам хянан баталгаажуулсан явдал мөн санхүүжүүлэгч байгууллага буюу Азийн хөгжлийн банкнаас хүлээн зөвшөөрч санхүүжилтийн нөхөн дүүргэлт хийсэн байдаг. Үүнийг нь аудитын байгууллага үзээд зөв байна гэж өөрийн тайлан дээр тусгасан. Аудитын тайланд зөрчил байхгүй гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. 2020, 2021 оны Аудитын дүгнэлтүүд зөрчилгүй гэж гарсан талаар тайлбарлахад, Төслийн 2020, 2021 оны жилийн эцсийн аудитын тайлаг нээлттэй байршуулсан бөгөөд АХБ-ны цахим хуудаст нийтэд нээлттэй байршуулсан Төслийн 2020 оны санхүүгийн аудитын тайланд *** аудитын байгууллага нь АХБ-ны гэрээ, бодлогын баримт бичигтэй танилцсан, төслийн санхүүжилтийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зөв ашигласан байна гэж үзэж ямар нэгэн зөрчил илрээгүй гэж дүгнэсэн байдаг. Төслийн зохицуулагчийн зөвлөхийн гэрээний дагуух төлбөр тус тайланд тусгагдсан байдаг бөгөөд зээлийн гэрээ, АХБ-ны бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж дүгнэсэн ба уг тайланг АХБ 2021 оны 05 дугаар сарын 25 оны өдөр зөвшөөрч, улмаар олон нийтэд нээлттэй нийтэлсэн байдаг. Мөн АХБ-ны цахим хуудаст нийтэд нээлттэй байршуулсан Төслийн 2021 оны санхүүгийн аудитын тайланд *** ХХК нь АХБ-ны гэрээ бодлогын баримт бичигтэй танилцсан байх даалгавартай байх учиртай. Тус аудитын компанийн тайланд төслийн санхүүжилт 2020 оны 05 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зөв ашигласан байна гэж дүгнэсэн. Энэхүү тайланд төслийн зохицуулагчийн гэрээ, түүний төлбөртэй холбоотой зөрчил үүссэн гэж дүгнээгүй ба уг тайланг АХБ 2022 оны 06 сарын 16-ны өдөр зөвшөөрч, улмаар түүний дагуу олон нийтэд нийтлэгдсэн байдаг. Харин *** ХХК нь Үндэсний аудитын газарт ялгаатай дүгнэлт хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, АХБ-рүү зөрчилгүй гэж дүгнэлт хүргүүлсэн атлаа, Үндэсний аудитын газарт зөрчилтэй гэж дүгнэлт гаргаж зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Дүгнэвэл, *** ХХК-ны АХБ-нд хүргүүлж, АХБ хянан зөвшөөрч олон нийтэд нээлттэй байршуулсан аудитын тайланд төслийн санхүүжилт зарцуулалтыг зөрчилтэй гэж дүгнээгүй, төслийн зохицуулагчийн гэрээний төлбөрт зөрчил үүссэн гэж дүгнээгүй атал ийнхүү төлбөр барагдуулах акт тогтоосон нь үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны актад Сангийн сайдын 2015 оны 196, 2021 оны 4 дүгээр тушаалаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам -ын 8.8 дах заалт, хавсралт 2 ба 3-ыг баримталж төслийн зохицуулагчийн зөвлөхийн гэрээний 2020 ба 2021 онд хамаарах хөлсийг илүү олгосон гэж үзэж дээр төлбөр барагдуулах акт гаргасан байдаг. Сангийн сайдын 2015 оны *** дугаар журам нь Өрийн удирдлагын хууль-ийн 24.5 заалтад үндэслэгдсэн бөгөөд энэ хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж тусгайлан заасан байдаг. Мөн *** дугаартай олон улсын гэрээний Хуваарь 4-ийн 1-д хэрэв төсөл хэрэгжүүлэх гарын авлага ба зээлийн гэрээний заалтууд зөрүүтэй байвал зээлийн гэрээний заалтуудыг дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Дүгнэвэл, Өрийн удирдлагын хууль, *** дугаартай олон улсын гэрээний дагуу Сангийн сайдын *** дугаар тушаалын үйлчлэл төслийн зохицуулагчийн гэрээний хувьд хязгаарлагдаж харин олон улсын гэрээнд заасан АХБ-ны бодлого, журмыг баримталж мөрдөгдөж байдаг.

Иймд Маргаан бүхий захиргааны акт нь олон улсын гэрээнд дурдсан заалтууд болон Монгол улсын Олон улсын гэрээний тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн олон улсыг гэрээг дагаж мөрдөх, Төрийн аудитын хуулийн хууль дээдлэх, шударга ёсыг хангах, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтлалгүйгээр бодит бус нөхцөл байдалтай хууль бус үндэслэлд тулгуурласан байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн талаар тайлбарлахад. Маргаан бүхий захиргааны актын тогтоох хэсгийн 1-т Нийгмийн даатгалын шимтгэлийн 8,946,000 (Найман сая есөн зуун дөчин зургаан мянган) төгрөгийг холбогдох нийгмийн даатгалын дансанд тус тус төвлөрүүлэх гэж заасан байдаг. Төрийн аудитын тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд Аудитын байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар шийдвэр гаргах, акт тавих бүрэн олгогдоогүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26.2-т Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ. 26.2.1-т шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, акт тавих зэрэг бүрэн эрхийг эдэлдэг. Иймд тус Үндэсний аудитын газрын гаргасан маргаан бүхий актын Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Мөн хуулийн 47 дугаар 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан буюу Аудитын байгууллага нь Нийгмийн даатгалын улсын байцаагчийн чиг үүрэгт халдсан, өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Дүгнэвэл, иргэн миний бие ажиллах хугацаандаа төслийн зохицуулагчийн ажлын даалгаврыг бүрэн биелүүлж, ажлын гүйцэтгэл хангалттай сайн, даван биелсэн байдаг. Үүний дагуу цалин, хөлсөө авч байсан. *** ХХК болон Үндэсний аудитын газраас Монгол улсын олон улсын гэрээтэй холбоотой дээр дурдсан эрх зүйн зохицуулалтууд, Монгол улсаас АХБ-тай байгуулсан *** олон улсын гэрээний заалтууд, гадны эх үүсвэрийн ашиглалтад аудит хийхдээ холбогдох эрх зүйн болон санхүүгийн гэрээтэй нийцэж байгаа эсэхэд анхаарал хандуулах, мөн аудитын хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсыг хангах, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг хангалгүйгээр бодит бус нөхцөл байдалд тулгуурлан, хууль бус үндэслэлээр дүгнэлт гаргасан нь Үндэсний аудитын газраас …. дугаартай төлбөр барагдуулах тухай хууль бус акт гарах бодит бус нөхцөл байдал болсон гэж үзэж байна. *** ХХК, Монгол улсын АХБ-тай байгуулсан олон улсын гэрээ, холбогдох хууль эрх зүйн зохицуулалт, аудитын үндсэн зарчмыг үл хайхран шударга бус, бодит бус, олон улсын нийтлэг стандартын шаардлага хангаагүй дүгнэлт гаргасан нь төслийн зохицуулагчийн гэрээтэй холбоотой төлбөр барагдуулах тухай хууль бус акт гарах урьдач нөхцөл байдал үүсгэсэн байгаа тул 2022.05.05-ны өдрийн … **** дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Үндэсний аудитын газраас гарч байгаа төлбөр барагдуулах акт нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт болж байгаа. Иргэн Д.Нийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт байна гэдэг байдлаар захиргааны хэрэг үүсгэсэн байгаа. Захиргааны акт гарахдаа Захиргааны ерөнхий хууль болон Аудитын тухай хуульд заасан журмыг бол баримтлах ёстой байсан. ...Нэгдүгээрт энэ актыг гаргахдаа иргэн Д.Ноор төлүүлнэ гэдэг үг үсэгтэй 47,236,000 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэлд 8,946,000 төгрөг төлүүлнэ гэсэн байсан. Маргаан бүхий актыг гаргахдаа бодит байдлыг тогтоогоогүй. Д.Ноос тайлбар, мэдүүлэг аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ямар гэрээний үндсэн дээр цалин хөлстэй ажиллаж байгаа гэдгийг огт тодруулаагүй. Зөвхөн Сангийн яамнаас баталсан Сангийн сайдын баталсан *** дугаар гэдэг тушаалд байгаа нэг үг, өгүүлбэрийг хараад зөрүү гарсан байна гэдэг нь үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж байсан. Хувийн аудитын байгууллага хэдийгээр энэ аудитыг гүйцэтгэсэн ч аудитын байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа Захиргааны ерөнхий хууль, Аудитын тухай хуульд заасан чиг үүргүүдийг биелүүлэх ёстой байсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн маш том зарчим бол захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндөж байгаа шийдвэр гаргахдаа өөрөөс нь ямар нэгэн байдлаар тайлбар авах буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийхийг заавал шаардсан. Сонсох ажиллагаа хийхтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-ээс 27.7-д заасан тодорхой нарийвчилсан зохицуулалтууд байгаа. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа буюу акт хэнд чиглэж, яаж гарч байна, тэр хүнээс нь бүх тайлбарыг авах ёстой байсан. Гэтэл энэ актыг гарахдаа Д.Ноос тайлбар авалгүй, акт гарч байгааг Д.Нид огт мэдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонсох ажиллагаа хийсэн гэдэг тайлбарыг өгөөд сонсох ажиллагааны мэдэгдэл, сонссон, ажиллагаа, явуулсан тэмдэглэлийг бол гаргаж өгсөн. Өнөөдөр ч бас эх хувиар нь гаргаж өгч байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийг уншихаар Д.Н гэдэг хүн гарын үсэг зураагүй, сонсох ажиллагаанд оролцоогүй байдаг. Эсрэгээрээ Д.Нийн дараа ажиллаж байсан төслийн зохицуулагч н.Г болон санхүүгийн ажилтан н.*** нарын гарын үсгийг зуруулан. Д.Н илүү цалин авсан нийгмийн даатгалаа төлөөгүй гэдэг үнэн гэж бичин гарын үсэг зурсан байдаг. Үүний дараа сонсох ажиллагааг дахиж явуулсан байдаг. Эхний сонсох ажиллагаа нь 2022 оны 04 дүгээр сарын 27-нд явуулсан байдаг. Дараагийн сонсох ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ж сонсох ажиллагаа явуулсан. Энэ сонсох ажиллагааг 05 дугаар сарын 02-ны өдөр явуулсан шалтгаан нөхцөл нь тодорхой. Сонсох ажиллагааны … дүгээр хуудсан дээр байгаа. Төгсгөлд нь сонсох ажиллагаанд оролцсон Т.Ж гэдэг төрийн нарийн бичгийн даргаас танд ямар санал байна вэ гэж асуухад Т.Ж нь Д.Н үндэслэлгүйгээр илүү цалин бодуулж, төсвийн хөрөнгийг шамшигдуулж хохирол учруулсан тул Д.Ноор нөхөн төвлөрүүлж хохирол барагдуулах агуулгаар чиглэл тогтооё гэсэн саналыг гаргаад үүний дагуу маргаан бүхий захиргааны акт гарсан байгаа. Гэтэл иргэн Д.Нийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа өөрөөс нэг удаа асуулгүй шийдвэр гаргаж байгаа юм бэ. Маргаан бүхий захиргааны актыг өөрт нь гардуулж өгөөгүй. Д.Ноор нөхөн төлүүлнэ гэдэг акт гарсан хэр нь Д.Н актыг гарснаас хойш 1 жил 3 сарын дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрөө хөөцөлдөж Үндэсний аудитын байгууллагад гомдол гаргаж актаа авсан байгаа. Маргаан бүхий акт нь өөр дээр нь гарсан нь мэдэгдэхгүй боловч Д.Нийг иргэний шүүхэд өгсөн талаар нэхэмжлэл мөн ирээгүй. Өөр дээр нь акт гарсан талаар хүмүүсийн ам яриагаар олж мэдсэн байдаг. Маргаан бүхий акт ямар агуулгатай гарсан гэдгийг 2023 оны 05 дугаар сарын 18-нд өмгөөлөгч миний бие Үндэсний аудитын газарт Д.Нтой хамтарч хүсэлт гаргасны үндсэн дээр актыг мэдсэн. Үндэсний аудитын газраас юу гэдэг вэ гэхээр энэ акт гарахад Д.Нид бид хэлсэн гэдэг зүйл ярьдаг. Мэдэгдсэнтэй холбоотой ямар баримт гаргаж өгдөг гэхээр *** ХХК болон Үндэсний аудитын газрын эрх бүхий албан тушаалтнууд Д.Нид утсаар мэдэгдсэн гэдэг зүйл хэлдэг. Үүнтэй холбоотой ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Үүнээс үзэхээр захиргааны акт гаргахтай холбоотой шийдвэр гаргах ажиллагааны журам, сонсох ажиллагааг бол бүхэлд нь зөрчсөн байна.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төсөл хэрэгжүүлэх нэгж гэж байгаа юм. Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн нэгж нь төсвийн байгууллага байна гэж заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, бусад төсвийн байгууллагатай яг адил статустай байгууллага юм. Тиймээс төсвийн байгууллага Төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Монгол Улсын дотоодод мөрдөж байгаа бүх хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх ёстой. Үүний дагуу төрийн аудитын байгууллага аудит хийдэг. Уг маргаан дээр 2 аудитын дүгнэлтийн асуудал яригдаж байна. Төрийн аудитын байгууллагаас төслийн нэгж буюу төсвийн шууд захирагчийн гаргасан төсвийн гүйцэтгэлийн тайланд Монгол Улсын улс жилдээ нэг удаа төсвийн байгууллагуудыг нэгтгэн Засгийн газрын нэгтгэсэн тайлан гэж гаргадаг. Санхүү болон Нийслэлийн аудит гэж байгаа. Санхүүгийн аудит нь тоог баталгаажуулдаг. Нийслэлийн аудит нь хууль тогтоомжийг хэрхэн гүйцэтгэсэн гэдгийг дүгнэдэг. Төрийн аудитын байгууллагын хүн хүч хүрэлцэхгүй байдаг тул хөндлөнгийн аудитын байгууллагуудаар ажлыг гүйцэтгүүлдэг. Энэ нь Төрийн аудитын тухай хуульд зааж өгсөн байгаа. Азийн хөгжлийн банканд гаргаж байгаа англи хэл дээрх доллараар илэрхийлэгдсэн тайлан нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоёрын хооронд төсөл хэрэгжүүлэх тухай байгуулсан гэрээний дагуу хөндлөнгийн аудитын байгууллага дээр дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл төслийн баримт бичигт заасан төслийн удирдлагын гарын авлагад заасан төсөв болон төслийн эх үүсвэрийг зорилгын дагуу зарцуулсан эсэх гэдэг дээр дүгнэлт гаргадаг. Үндэсний аудитын газрын, Санхүүгийн аудитын газрын дарга, аудитын менежер нь босоо удирдлагаар аудитыг удирдан чиглүүлж, процесст оролцдог учраас шууд чанарын хяналтыг тавьж дүгнэлт өгөөд явдаг юм. Маргаан бүхий акт тавигдаж байгаа нь Үндэсний аудитын газар дээр хийгдэж байгаа тул Азийн хөгжлийн банканд хамаарахгүй. Гол яригдаж байгаа маргаан нь Азийн хөгжлийн банкнаас гаргаж байгаа төслийн удирдлагын гарын авлагад төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаад хувь зөвлөхтэй гэрээ байгуулсан байгаа. Төслийн нэгжийн зохицуулагчийг томилогдох хүртэл дотоодын хууль тогтоомжийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах ажилтнуудыг төслийн удирдах захирал болон төслийг удирдаж байгаа төрийн нарийн бичгийн дарга эрх бүхий хүмүүсийн хүрээнд тушаал гарч хүмүүсийг албан тушаал нь батлагдах ёстой. Төсөл хэрэгжүүлэгч нэгж ажиллаад явсан бол тодорхой хэмжээнд хувь зөвлөхийн гэрээ байгуулсан хүмүүс удирдан явж байсан гэж ойлгож байгаа юм. Зохицуулалт гараад хувь зөвлөхийн гэрээгээр ажиллаж байсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын өгсөн чиглэлийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гараад … овогтой Нийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар томилоод сарын цалинг 5,200,000 төгрөгөөр тогтоосон байгаа юм. Нэг талдаа хувь зөвлөхийн гэрээ байгуулаад нөгөө талдаа төр засаг нь тушаал гаргаад байгаа юм. Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийг үр ашигтай, ил тод, хяналттай байж нэгэнт эргээд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх учраас төслийн зохицуулагч болон бусад бүх зүйлийг өөрсдөө томилдог байя гэсэн үүднээс *** дугаар тушаалаар батлагдсан журам гаргасан юм. Гадаадын зээл тусламжаар олгож байгаа бүх санхүүжилт, хяналт, үнэлэх журам гэх бүх асуудлыг зохицуулсан байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн цалингийн жишиг журам хавсралтаар байгаа. Журмаар бүх зөвлөхүүд төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд бүгд Монгол Улсын дотоодын хууль тогтоомжоор цалингаа авна. Нийгмийн даатгалын тухай хуулиар байгууллага нь 10%, өөрөө 10% нийт 20% төлдөг дотоодын зохицуулалттай. Үүний дагуу шаардлага хангаагүй байсан тул цалингийн зөрүү гарсан юм.

Монгол улс зээл аваад үүнийг буцаан төлнө. Азийн банкны төслийн гарын авлага болон түүнтэй холбогдоод Азийн хөгжлийн банкны төсөв байдаг юм. Төслийн зардал болон төсөл хэрэгжүүлэх албан тушаалтан, хэдэн сар төслийн хүрээнд ажиллах нь дүгнэгдээд дүгнэгдсэнээс хэтрэхгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Үүний хүрээнд бид ямар нэгэн зөрчил байхгүй байна гэдэг дүгнэлт гаргаад Азийн хөгжлийн банкны зорилгын тайланг өгч байгаа юм. Азийн хөгжлийн банкны баталж өгсөн гарын авлага болон төсөвт нэхэмжлэгчийн авч байсан цалин хэтэрсэн зүйл байхгүй. Авсан зээлийг үр ашигтай зарцуулах нь Монгол улсын өөрийн эрх мэдлийн асуудал юм. Тиймээс аль болох авсан зээлийг хэмнэх талаас нь Азийн хөгжлийн банкны баталсан зардлыг зарцуулна гэсэн үг бол биш юм. Гадаадын зээл тусламж, төслүүдийг нэг журам зохицуулалтай болгосон гэсэн үг юм. Аудит хийхэд тавьдаг нэг л шаардлага байгаа энэ нь журмын дагуу хэрэгжиж байна уу гэдэг шаардлага тавьдаг юм.

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Төрийн аудитын байгууллагын Нийслэлийн аудитын газрын захирал Ц.Н болон аудитын менежер С.Н, төрийн аудитын нэрийн өмнөөс ажил гүйцэтгэж байгаа *** ХХК-ийн аудитын гэрээт ажлын партнер н.Б, аудитын менежер Л.Б миний бие аудитор н.Б гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр уулзалтыг хийсэн. Уулзалтын хийх процесст энэ асуудлыг танилцуулаад, хамгаалаад Ц.Н даргын хэлснээр нэхэмжлэгчтэй холбоо барих боломжгүй байсан. Тухайн үед утсаар н.Б аудитор холбоо барьсан. Утсаар ярихад нэхэмжлэгч нь би хууль хяналтын байгууллагаар нь явна. Миний энэ гэрээ нь олон улсын гэрээ шүү гэж хэлээд утсаа тасалсан байдаг. Энэ яриаг бол 5 хүний бүрэлдэхүүнтэй сонссон. Албан ёсоор мэдэгдээгүй биш мэдэгдсэн байгаа юм.

Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудит хийж гүйцэтгээд түүний дагуу төлбөрийн акт болон албан шаардлага, зөвлөмж өгдөг. Аудитын хүрээнд төлбөрийн актыг тогтоосон байгаа. Энэ төлбөрийн актыг бол Монгол Улсын Ерөнхий аудиторын ерөнхий аудитор Төрийн аудитын тухай хуулийн дагуу дагуу журам баталдаг. Монгол Улсын ерөнхий аудитын төлбөрийн акт, албан шаардлага тогтоох журам … дугаар журмын дагуу төлбөрийн актыг тогтоосон байгаа. Энэ төлбөрийн актыг хэнд хариуцуулсан бэ гэхлээр төслийн удирдагч, хорооны дарга Т.Ж, төслийн захирал н.***э, санхүүгийн ажилтан н.*** нарт хариуцуулсан. Эдгээр хүмүүсээс биелэлтийг шаардаж, хэрэгжилтийг хангаж ажилладаг. Захиргааны акт гарсантай холбогдуулаад Д.Нтой сонсох ажиллагаа хийсэн. Акт гарахаас өмнө утсаар мэдэгдэж өөрт нь тайлбарлаж, төлбөрийн акт тогтоож байгаа талаар тайлбарыг хэлсэн байгаа... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

4.2.Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэжээ.

4.3.Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Нийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жгийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...дүгээр тушаал гарснаар Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар Журам батлах тухай тушаалд заасны дагуу сарын 5,200,000 төгрөгөөр цалинжих байсан, иймээс илүү авсан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан төлөх ёстой хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

4.4.Учир нь дээрх Д.Нийг төслийн зохицуулагчаар томилох тухай тушаалд түүний цалинг дээрх мөнгөн дүнгээр тогтоосон заалт байдаггүй, Д.Н нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл-ийн зохицуулагч зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр сарын 2800 америк доллартай тэнцэх төгрөгөөр хөлсөөр ажиллуулах гэрээнд заасны дагуу цалин хөлсөө 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн … дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд авч байсан.

4.5.Хожим Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар цалин тогтоох тухай албан бичгээр Д.Нийн цалинг 5,200,000 төгрөгөөр тогтоох мэдэгдэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жд ирсэн боловч энэхүү албан бичигт дурдсан цалингийн өөрчлөлтийг нэхэмжлэгч Д.Нид танилцуулан, мэдэгдээгүй.

4.6.Түүний цалинтай холбогдох өөрчлөлтийг санхүү, нягтлан бодох бүртгэлд дээр хийлгэсэн зүйлгүй, өөрөөр хэлбэл Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жгийн хувьд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2 хууль тогтоомж, ...сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих, 9.6.6 бүрэн эрхийнхээ асуудлаар холбогдох байгууллагатай шууд харилцах; 9.6.8 батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах; бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болно.

4.7.Нөгөөтээгүүр хариуцагч нар маргаан бүхий актыг гаргахдаа зөрчил гаргагчийн буруу тодорхойлсон буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан ажиллагааг бүрэн хийгээгүй.

4.8.Тодруулж хэлбэл, ...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...дүгээр тушаалаар Д.Нийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл-ийн зохицуулагчаар томилогдсоноор хувь зөвлөхийн гэрээ дуусгавар болсон эсэх талаар болон тус төслийн нэгж болон төслийн санхүүгийн ажилтан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,...Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар журмын... заалтуудыг зөрчсөн байна... гэх тайлбартай холбогдох тодруулга авах ажиллагааг явуулаагүй.

4.9.Мөн Д.Нийг өөртөө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан цалингаас илүү бодуулж төслийн хөрөнгийг шамшигдуулсан гэж буруутгасан атлаа хариуцагчаас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчаас тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах заасан мэдээллээр бүрэн хангагдах зарчмыг хэрэгжүүлээгүй аж.

4.10.Дээрхээс дүгнэхэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуйн төсөл-ийн удирдах хорооны дарга бөгөөд захиалагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчийн гаргасан эрх зүйн актын үр дагаврыг түүний хэрэгжүүлэгч албан тушаалтан хариуцах нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд бодит байдал дээр Д.Нийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэх зүйл тогтоогдсонгүй.

4.11.Иймд дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер С.Н, Гта ХХК-ийн аудитын менежер Л.Б нарын тогтоосон 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах тухай .... **** дугаартай акт нь хууль бус болох, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны тус тус баримтлан иргэн Д.Ноос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер С.Н, Гта ХХК-ийн аудитын менежер Л.Б нарын тогтоосон 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн төлбөр барагдуулах тухай .... **** дугаартай актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР