Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 15

 

 

      “ Х б ” ХХК-ийн Увс салбарын

     Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй

                          иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 304 дүгээр шийдвэртэй,

“Х б” ХХК-ийн Увс салбарын хүсэлттэй, зээлдэгч Х.Б, Б.Х нарыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөххүү овогтой Батаа /ОР74042413/, хамтран зээлдэгч Банд-Очир овогтой Хоролсүрэн /ОС74022600/ нартай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 8.277.000 төгрөгийн бизнесийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Х.Б, Б.Х нар нь тухайн үед Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 11 дүгээр гудамжны 27 тоотод оршин сууж байсан ба зээлийн хугацаа хэтэрснээс хойш Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа гэх боловч 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш холбоо бариагүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. Иймд зээлдэгч Х.Б, Б.Х нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр : Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдэгч Х.Б, Б.Х нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 304 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. 

Хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулах тухай үндэслэлээ тодорхой зааж, оршин суугаа газрыг олж тогтооход ач холбогдолтой гэж үзэн зээлдэгч нарын утасны дугаарыг хүсэлтдээ дурдсан бөгөөд тухайн зээлдэгч нар Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 11 дүгээр гудамж, 27 тоотод оршин сууж байсан боловч тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тус сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан бөгөөд шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлийг хэргийн нотлох баримт гэж үнэлж, хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаягийг Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 3-259 тоотод оршин суугаа гэх утсаар өгсөн бодит үнэнд нийцэхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй утсаар ярьсан тэмдэглэлийг тухайн хаягт бодитоор амьдарч байгаа гэж шүүх өөрөө тогтоож нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Учир нь шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан хавтаст хэрэгт авагдсан ач холбогдолтой, хамааралтай баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй мөртлөө “Б.Хтэй утсаар ярьсан тэмдэглэл” гэх албан бус, бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй тэмдэглэлийг хөдөлшгүй нотлох баримт гэж үзэн тэдгээр хүмүүсийн хаягийг тогтоож, нэхэмжлэгчийн шүүхэд хандах, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хязгаарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн Х.Б, Б.Х нар шилжилт хөдөлгөөн хийгдсэн талаар хэрэгт ямар ч баримт байхгүй, тухайн хаягт албан ёсоор бүртгэлтэй, амьдарч байгаа гэдгийг нотолсон баримтгүй, нэхэмжлэгч ХААН банкны зүгээс зээлдэгч нартай утсаар удаа дараа холбогдоход янз бүрийн хаяг хэлж, сүүлдээ холбоо барихаа больсон ба гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийж байхад анхан шатны шүүх бодит байдалд өрөөсгөл дүгнэлт хийж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 304 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх “Х б” ХХК-ийн Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй, зээлдэгч Х.Б, Б.Х нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийг төлөөлж, тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.С анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлдэгч Х.Б, Б.Х нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл /хүсэлт/ гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргана” гэж заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзнэ.  

Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан, улсын бүртгэлийн дугаар 9016001011, регистр 2693321, 0000121512 дугаартай “Х б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар АНУ-ын иргэн Жон Белл бүртгэгдсэн байх бөгөөд гүйцэтгэх захирал Жон Белл-ээс  “Х б” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Э.Х-ыг тус банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, түүнд банкны үйл ажиллагаатай холбогдуулан бүх шатны шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдлэх, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх болон бусад ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч буюу мэргэшсэн хуульч томилох эсхүл төлөөлөх үүргийг Банкны ажилтанд хариуцуулах, тэдгээрт тусгайлан итгэмжлэл олгох зэргээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд банкийг бүрэн төлөөлөх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар олгосон байна.

“Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 29/9170 дугаартай итгэмжлэл /хх-ийн 9-р тал/ -ээр “Х б” ХХК-ийн Увс салбарын захирал албан тушаалтай, Олонхой ургийн овогтой Хүрэлбаатарын Батнасанд мөн дээрхи эрхийг шилжүүлэн олгож, итгэмжлэл хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тусгасан байх бөгөөд энэхүү итгэмжлэлийн хугацаа 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр дууссан байхад буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х.Б нь тус салбарын Төв тооцооны төвийн захирал албан тушаалтай, Байлгас ургийн овогтой Жонгоогийн Сайнбилэгт зээлдэгч Х.Б, Б.Х нарыг эрэн сурвалжлуулахтай холбоотой шүүхэд хүсэлт гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжэлэлээр олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 62.5-т “итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно”, 62.6-т “Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэгэн адил дуусгавар болно” гэж тус тус заасан ба “Х б” ХХК-ийн хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаяраас тус банкны Увс салбарын захирал албан тушаалтай, Олонхой ургийн овогтой Хүрэлбаатарын Батнасанд олгосон итгэмжлэлийн хоёр жилийн хугацаа дууссан буюу итгэмжлэл дуусгавар болсон байхад Х.Бгаас Ж.Ст итгэмжлэл олгосон нь дээрхи хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр “ХААН банк” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.5-т заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй, зээлдэгч Х.Б, Б.Х нарыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр дээрхи асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар  төрийн сангийн данснаас  буцаан гаргуулж олгох үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Х б” ХХК-ийн Увс салбарын Төв тооцооны төвийн нэхэмжлэлтэй, зээлдэгч Х-гийн Б, Б-ын Х нарыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140400 / нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн данснаас буцаан гаргуулж олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ                                                  

Л.АЛТАН