Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

З.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Хохирогч Б.Д,

Хохирогчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М, Ж.Д,

Шүүгдэгч З.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор З.С-т холбогдох 2216000570094 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

И овогт З.С нь Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багт оршин суух хаягтай, урьд нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ДЖ.............. регистрийн дугаартай,

 

 Шүүгдэгч З.С нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9- ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Х “хүүхэд дээрэлхээд байна уу” гэж хэлэн түүнийг татаж толгойн баруун хэсгээр нь газарт унагаасны улмаас Н.Х биед баруун чамархай зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа аалзан бүрхүүл доор цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан, улмаар дээрх гэмтлийн улмаас Н.Х нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.С оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д зааснаар хохирогч Б.Д-ийн нэхэмжилсэн 11,461,335 төгрөгөөс 7,361,335 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.С нь хохирогч Б.Д-т 4,100,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Д нь хэлэлцэхгүй орхисон хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч З.С-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүхээс З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирсон хохирол хор уршиг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр боллоо гэж дүгнэж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт хэсэгтээ эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал хувийн байдлыг тогтоох зорилгоор 2016 онд хорих ял шийтгүүлж байсан гэж мөн З.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Учир нь шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох учируулсан хохирлыг төлсөн, цаашид иргэний журмаар нэхэмжлэх хохирлыг төлөхөө илэрхийлж мөн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Шүүгдэгч З.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

        З.С-ын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт үйлдэлдээ хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид хохирол төлсөн байдал гэм буруугаа ухамсарлан ойлгож гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээр оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэдийгээр болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг хэдий ч шүүхээс Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйл, 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлийг харгалзан ял шийтгэл оногдуулдаг бөгөөд 6.5 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж, 6.6 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хүндрүүлдэг.

Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж буйгаа илэрхийлдэг хэдий ч болсон үйл явдлыг мэдэхгүй байна, би яг гэмтэл учруулсан үгүйгээ мэдэхгүй байна гэх мэтээр өөрийн гэм буруу үйлдэлдээ гэмшиж байгаа байдал нь ойлгомжгүйгээр хувийн байдал нь харагдаж байсан.

Түүнчлэн шүүгдэгчийн хувьд хор уршигийн нэгээхэн хэсгийг төлсөн атлаа хохирол барагдуулсан мэтээр ял шийтгэлээ хөнгөрүүлэхээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Энэхүү гэмт хэргийн хохирол нь хүний амь нас бөгөөд хор уршигийн зарим хэсгийг төлж барагдуулснаа хохирол төлсөн мэтээр ял шийтгэх хөнгөрүүлэхээр гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогч нарын зүгээс ял шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж гомдолтой байдаг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Б.Д давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний зээ дүү нь хар бага наснаасаа найзлаж нөхөрлөж явсан найз З.С-таа алуулсан үйлдлийг хуулийн байгууллага шалгаад болгоомжгүйгээр алсан гэсэн зүйл ангиар зүйлчилж түүнд 4 жилийн хорих ял оногдуулсныг хохирогч бидний хувьд ял хөнгөдсөн гэж үзэж байна. Гэвч хуулийн байгууллагын гаргаж байгаа шийдвэрийг бид хүндэтгэж үзэж байхад хэрэг хийсэн хүн хийсэн хэрэгтээ гэмшихгүй болсон үйл явдлыг би санахгүй байгаа. Би ер мэдэхгүй байгаа гэх мэтээр өөрийн бурууг ойлгохгүй байгаа гэж үзэж байгаа. Харин ч болсон үйл явдалаа сайн мэдэж байгаадаа би буруугаа ойлгож байгаа гэсэн дүр эсгэж хөнгөн зүйл ангиар шийтгүүлж ял завшиж байна гэж боддог. Миний дүүг гэртээ амарч байхад нь дуудсаар байгаад авч явсан бөгөөд 1 хоногийн дараа л яасан нь мэдэгдэхгүй айлд орхиод явсан байсан. Тэгсэн атлаа би болсон явдлыг мэдэхгүй байгаа гэж худлаа мэдэн будилж байна. Бидний сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн буян номд орсон мөнгө 7.360.000 төгрөг үлдсэн мөнгөө нэхэмжилж байна. Хохирогч бидний хувьд эрдэнэт хүнийхээ амь насаар хохирчихоод байхад шүүхээс тогтоосон эдийн шинжтэй өчүүхэн мөнгө төлчихөөд хохирол бүрэн барагдуулсан гэж ял шийтгэлээ хөнгөрүүлэхээр давж заалдаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний амийг юугаар нөхчихөөд хохирол барагдуулсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хүний амийг яаж юугаар орлуулж юу өгчихөөд хохирол бүрэн барагдсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Хохирогч бидний хувьд насан туршдаа нөхөж барашгүй хохирол учруулсанд гомдолтой байна. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Харин ч ялыг нь нэмүүлэх хүсэлтэй байна. Чанга дэглэмд ялыг эдлүүлэхийг хүсэж байна. Ар гэр бүлийн бид нар гомдолтой байна. Бидний хохирол гомдлыг барагдуулахгүй бол дээд шатны шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байна. Бидний сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү. Чанга дэглэмд ялыг эдлүүлэхийг хүсч байна. Гэрээс нь дуудаж аваад архи уулгаж амь насыг нь хөнөөсөн шүү дээ гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч З.С нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9- ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Х “хүүхэд дээрэлхээд байна уу” гэж хэлэн түүнийг татаж толгойн баруун хэсгээр нь газарт унагаасны улмаас Н.Х биед баруун чамархай зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа аалзан бүрхүүл доор цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан, улмаар дээрх гэмтлийн улмаас Н.Х нь нас барсан байна.

 

Энэ үйл баримт нь хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай хүргэн ах Д-ийнд Н.Х, З.С 2 ирээд унтаж байх үед Д ахын охин Г, С-т ээж, аав 2 ирж байна гэхэд С ганцаараа босоод гараад явсан гэж надад Г хэлсэн. Мөн Г надад С, Х 2 орж ирээд С ална шүү гэж хэлээдэх Х амжих уу чи ал чи гэх мэтээр хоорондоо маргалдаад байсан гэж бас хэлсэн. Тэр шөнө 03 цаг өнгөрч байхад Н.Х чичрээд сонин болоод байхаар нь хүргэн ах Д тэнд байсан хүмүүс архи уусандаа тэгж байгаа байлгүй гээд тэдгээр хүмүүсийг тайвшруулаад өглөө 05 цагийн үед дуудлага дуудсан гэж манай эгч Б 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө надад хэлсэн. Мөн дуудлага ирээд энэ хүн чинь гэмтэл авсан байна цагдаагаа дууд гэж бас хэлсэн гэсэн. Эмнэлэг тэр үед аваад явсан байсан ... тус өдрийн 12 цагийн үед тархины хагалгаанд ороод 15 цагийн орчим гарсан. Гараад ирэхэд эмч Г-өөс асуухад энэ хүн найдваргүй маш хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар гэр лүүгээ яваад тэр орой манай дүү Н.Х ухаангүй, амьсгалын аппараттай хоносон. 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн оройны 20 цаг 10 минутын орчим амьсгал хураасан гээд эмнэлгээс сонссон ... би дүүгээ алдсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх мөнгөө шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 64-65, 69 дүгээр тал),

 

Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 сарын 21-ний өглөө 12 цагийн үед найз охин Г-ийнд байсан юм. Тэгтэл хоёр ах 75 гр Соёрхол архи 1 шилийг, 1 ундаа барьсан орж ирээд архи уусан. Тэгээд архи дууссан чинь намайг дэлгүүр цуг явъя гэж хэлэхээр нь С гэх ахтай цуг би дэлгүүр явсан тэгтэл дэлгүүрээс Тундра 1 литрийн шилтэй архи, ундаа авсан. Тэгээд буцаж ирээд намайг 2 ахдаа хундагалж өг гэсэн тэгэхээр нь би аягалж өгсөн тэгээд тэр хоёр талд нь оруулаад тасраад ууж чадахгүй болсон. Архи ууж байх явцдаа бие биенийгээ үгээр идээд байсан. Би тухайн өдөр нь хот руу гэр лүүгээ явах гээд юмаа бэлдсэн байсан юм. Тэгтэл манай найз охин согтуу хүмүүс байна аав ээжийг ирэхээр нь маргааш явчих гэж хэлээд уйлсан юм. Тэгтэл Х ах нь намайг гараад ир гэж хэлээд гэрээс гарсан тэгээд гэрээс гарч ирчихээд ахын дүү найзаа уйлуулж болохгүй гэж хэлчихээд чи эр хүн байна хуримаа хийхээрээ хамгийн түрүүнд ахдаа хэлээрэй ах нь очно гэж тэвэрч үнссэн. Тэгтэл С ах гэрээс гарч ирээд хүүхэд дээрэлхээд байгаа юм уу гээд Х ахыг араас нь татаад тэр хоёр хоёулаа орооцолдоод газарт унасан. Тэгтэл манай найз хүүхдээ тэвэрсэн тэр хоёрыг ор гээд гэрт оруулсан. Тэр хоёр бие засна гэж гэрээс гарах гэж байгаад үүдэнд унасан би хүүхэд тэврээд сууж байсан юм. ...Миний харснаар 2 удаа талийгаач Н.Х, З.С нар унасан. Эхлээд Н.Х намайг гэрээс авч гараад гэрийн үүдэн дээр найз охиноо уйлуулж болохгүй гээд үнссэн. Тэгтэл С гарч ирээд чи хүүхэд дээрэлхээд байгаа юм уу гээд Н.Х хойноос татахад Н.Х согтуу байсан учир толгойн баруун хэсгээрээ газарт савж унасан. Мөн С согтуу байсан учир зэрэгцээд зүүн мөр хэсгээрээ газарт унасан. Дараа Н.Х, З.С хоёр гэрт орж ирээд архи ууж сууж байгаад гэрийн зүүн талаар гарч байсан ба би тэр үед хүүхдээ аваад өөр тийш хараад сууж байхад дөрвөлж дугарахаар нь харахад талийгаач Н.Х толгойн ар хэсгээрээ хөргөгч цохиод унасан байдалтай, хажууд нь С доош буюу үүд рүү харсан байдалтай унасан байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Би тухайн үед хот руу явлаа гэхэд найз охин Гантуяа чи орой аав, ээж хоёрыг ирэхээр явчихаач гээд гуйгаад уйлаад байсан. Тэр үед Н.Х намайг авч гараад найз охиныгоо уйлуулж болохгүй шүү гэж хэлж байсан түүнээс, талийгаач Н.Х-тэй хэрэлдэж маргалдаж зодолдоогүй...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 79, 93 дугаар тал),

 

Гэрч Д.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 сарын 21-ний өглөө 10 цаг 40 минутын үед нагац бүл болох Х, авга ах С хоёр манайд 75 гр соёрхол нэртэй 1 шил архи барьсан орж ирсэн. Тэгээд такситай ирсэн таксины мөнгө гэхээр манай дүү Г таксины мөнгийг нь өгсөн. Тэр хоёр орж ирээд архи уусан надад өгөхөөр нь би та хоёр шиг архичин манай удамд байхгүй гэж хэлчихэд гараад явсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед гэртээ ирэхэд аав, ээж, дүү гурав хөдөөнөөс ирсэн байсан. Х манай гэрийн зүүн хойморт унтаж байснаа шүлсэндээ хахаад байгаа юм шиг сонин болохоор нь ээжид энэ чинь шүлсэндээ хахаад байгаа юм биш үү гэж ээжид хэлэхэд ээж босч усаар шавшиж өгсөн тэгэхэд гайгүй болж байснаа дахиад сонин болохоор нь аав архи уугаад архины хордлогод л орж байгаа байх гэж байсан би тэгээд нам унтчихсан байсан. Тэгтэл эмч ирчихээд наад хүн чинь болохоо больсон байна гэж хэлээд цагдаа дууд гэж дуудаад цагдаа ирсэн. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан. Х нь их согтуу байсан. С нь арай гайгүй байсан. Манай дүү Г, найз залуу Т, 1 настай зээ дүү, бид дөрөв байсан. Т намайг байж байхад архи өгөөд уу гэж байсан уухгүй гэхэд нь уу гэж байсан тэгэхээр нь амсаж буцааж өгч байсан. Намайг байх хугацаанд муудалцаагүй. Х нь өөрийгөө атмаан гэж байсан. Хөлдөөгч рүү унасан гэж байсан. Н.Х өглөө манайд ирэх үед болон орой гэрт ирэхэд ил харагдах шарх сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 70 дугаар тал),

 

Гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...С 2022 оны 01 сарын 21-ний өдөр Жаргалан сумаас гарч байна гэж над руу ярьсан юм. Тэгээд бид хоёр уулзаж манайд ирсэн юм тэгээд манайд хоол унд идээд гэрээс цуг гараад такси бариад С цуг ирсэн эгчийг авъя гээд Ус-Алтайн машин угаалгын газраас очиж авсан.Тэгээд бид 3 “Аялгуу” нэртэй караокед орж 1 шил 75 граммын архи ууж 1 цаг 10 минут суугаад тэндээс гараад Амар Алтай буудал руу орохдоо 75 граммын 2 шил архи авч орсон. Тэгээд нэгийг нь задалж ууж байгаад би бөөлжөөд тэгээд эхнэр дуудаж гэр лүүгээ явсан. Ч тэр хоёр үлдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19-20 цагийн орчим манайд ганцаараа ирж би симээ хаясан байна гэж хэлээд бид хоёр Амар Алтай буудалд хайж очсон тэгэхэд сим нь байхгүй байсан. Тэгээд бид хоёр манайд буцаж ирэх үед С 2.5 литр пиво 3 ширхгийг авч ирж уусан. Тэгээд манайд хоносон юм. Тэгээд өглөө нь С-г цагдаа хайж байна гээд эхнэр нь манай эхнэр рүү ярьсан гэсэн. Тэгэхэд би цагдаа дээр авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 75 дугаар тал),

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 сарын 21-ний өдрийн 23 цагийн үед хөдөөнөөс гэртээ ирэхэд манайд Х унтаж байсан. Тэгэхээр нь Х манайд хэзээ ирсэн юм бэ гэхэд С, Х ах хоёр манайд ирээд байж байгаад 5 цагт унтсан гэж хэлсэн. Тэгээд би юм оёж сууж байгаад 03 цагийн үед Х цэрэндээ хахах гээд байгаа юм шиг сонин болоод байхаар нь зөөлөн хажуулдуулсан. Тэгээд 3 цаг өнгөрч байхад цээжин дээр нь хүйтэн сүүгээр жоохон арчсан, ам руу нь сүү хийх гэтэл уухгүй байсан. Тэгэхээр нь нөхөр Д-г дуудаж энэ нэг л болохгүй байна гэхэд за яавал гэж архиндаа л түлэгдэж байгаа биз гэж хэлэхээр нь архинд түлэгдэхээр юу гэж ингэдэг юм балайраад бай гэж хэлээд дуудлага дуудсан юм тэгээд удалгүй дуудлага ирээд эмнэлэг рүү авч явсан юм. Эмнэлэгт очиж үзүүлсэн чинь шинжилгээ авч тархиндаа гэмтэлтэй хүн байна яаралтай хагалгаанд оруулъя гэсэн. Тэгээд хагалгаанд оруулсан...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 84 дүгээр тал),

 

Гэрч П.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдрийн 15-16 цагийн үед би гэрээсээ бие засах гээд явж байхад манай доод хашаа нь дотор 2 согтуу бололтой хүмүүсийг нэг хүүхэд тэвэрсэн хүүхэн салгаж байгаа бололтой харагдаж байсан. Түүнээс орилолдож зодолдсон зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 77 дугаар тал),

 

Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 сарын 21-ний өглөө 12 цагийн орчим манайд Х, С хоёр манайд ирсэн. 0.75 граммын архи 1 ширхэг, ундаа 1 ширхгийг барьсан орж ирсэн. Тэгээд тэр хоёр надаас рүнк аваад ир гэхэд нь би гараа угааж зогсож байхад С ах өөрөө босч рүнк аваад архи хундагалж Х ахад өгсөн. Манай ах З-т өгөхөд уугаагүй та хоёр шиг архичин манай удамд байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд ах хувцсаа өмсөөд гараад явсан. Тэгээд тэр хоёр архиа хувааж уугаад дахиж архинд явна гээд манай найз банди Т-г дагуулж яваад 1 литрийн том архи авчирсан. Тэгээд тэр хоёр дахиад уусан. Тэр хоёр хооронд үг хаялцаад зодолдъё, барилдъя, үзэлцье гээд байхаар нь би Х ахыг чимээгүй бай хүн ирсэн байхад гээд найз бандиасаа ичиж хэлэхэд чи дуугүй бай, чи надад заах болоогүй зайл та хоёр гээд манай найз банди бид хоёрыг зайл гээд хөөгөөд байсан. Тэгтэл манай найз банди Т хувцсаа өмсөөд хувцсаа аваад гэрээс гарах гэхээр нь би цүнхтэй хувцсыг нь булааж аваад гаргаагүй. Тэгтэл Х ах, С ах хоёр манаи найз бандийг пиздаа минь яагаад хүүхэд гомдоогоод байгаа юм ална шүү гэж Х ах хэлсэн. Тэгснээ миний дүү яасан ахтайгаа шорон яримаар байна уу. Ах нь Ховдын шоронд 5 жил сууж байгаад гарч ирсэн хүн ахад нь алдах юм байхгүй гээд томроод байсан. Тэгэхэд манай найз ахаа та хоёртой дүү нь ярих юм алга гээд дуугүй сууж байтал Х ах манай найз залуу Тг гаръя гээд гарсан. Х ах Т хоёр гараад тамхилж зогсож байсан. Х ах Тг миний дүүтэй хуримаа хийхээр ах нь хамгийн түрүүнд очно гэж хэлээд тэврэлдээд зогсож байхад С ах гэрээс гарч ирээд дүү дээрэлхээд байна уу гэж хэлээд Х ахыг араас нь татаад тэр хоёр газарт унасан. Тэгээд тэр хоёр босоод ирэхээр нь би хүүхэд тэвэрсэн байсан тэр хоёрыг ор гээд гэр лүү оруулсан. Тэгээд гэрт ороод миний дүү архи хундагал гэж Тг хэлээд Т тэр хоёрт архийг нь хундагалж өгөөд тэр хоёр архиа уусан. Тэгээд тэр хоёр байж байгаад бие засна гэж хэлээд гэрээс гарах үедээ Х ах нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан тэгээд гэрийн зүүн талаар гарах гэж байгаад дөрвөлжинд хөл нь тээглэж хөлдөөгч мөргөж унасан, араас нь С нь явж байгаад хөлөнд тээглэж хаалга мөргөж унасан. Тэгээд тэр хоёр гарч нойл орчиход буцаж орж ирээд архинаас уугаад үлдсэн. Т, хүү бид гурав дэлгүүр яваад ирэхэд тэд тасраад унтсан бололтой унтаж байсан. Бид 3 дэлгүүр яваад 10-15 минут болсон, зодолдсон зүйл ажиглагдаагүй, гэрийн хойморт Х ах доошоо харсан. С ах гэрийн зүүн талын орон дээр хөлөө унжуулсан унтаж байсан. Х нь манай ээжийн төрсөн эгчийнх нь хүүхэд, С нь манай аавын төрсөн ахынх нь хүүхэд манай авга нагац хоёр байгаа юм. С ах манайд ирж байгаагүй. Х ах баяр ёслолын үеэр л манайд ирдэг. Х, С нар манайд ирэхэд манай ах З, найз Т, миний 1 настай хүү, бид дөрөв манайд байхад гаднаас тэр хоёр орж ирсэн. Х, С хоёр авч ирсэн 75 граммын 1 шил архи дэлгүүрээс авч ирсэн 1 литр архины ихэнх талыг нь уусан. Х, С 2 манайд ирэхэд ил харагдах шарх сорви анзаарч харагдаагүй. Х, С нар нь хүнтэй дээрэнгүй харьцдаг хүмүүс байгаа юм. Энэ хоёр нь хоорондоо нэгнийгээ баян ядуу гээд байсан...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 81-82 дугаар тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ХХ-ийн 4-6 дугаар тал),

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (ХХ-ийн 7-10 дугаар тал),

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.А-ын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай “...Н.Х тархины баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал. Хүзүүний урд баруун хэсэг, хүзүүний ар хэсэг, зүүн гарын долоовор хурууны арын хэсэгт эдгэрч буй тав тогтсон зулгаралт, баруун гуяны урд доод хэсэгт захаасаа бага зэрэг шаргалтсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь толгойн баруун хэсгээрээ эд зүйл мөргөсөн тохиолдолд болон унах үед үүсэх боломжтой. Талийгаачийн биед үүссэн тархины баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 31.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... талийгаач нь тархины баруун чамархай, зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл авсны улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна...” гэх дүгнэлт, (ХХ-ийн 101-105 дугаар тал),

 

Шинжээч эмч Т.А-ын “...Талийгаачийн биед баруун чамархай зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа аалзан бүрхүүл доор цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Согтуу үед хүн татаж толгойн баруун хэсгээр газарт савж унах үед үүсэх боломжтой. Яагаад гэвэл хүн согтуу үедээ биеийн жингээрээ газарт унадаг. Шинжилгээгээр толгойн ар хэсэгт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй ба толгойн ар хэсгээрээ унахад гэмтэл аваагүй. Талийгаач Н.Х биед учирсан гэмтэл тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба дээрх гэмтэл авснаас хойш орчинтой эрүүл хүн шиг харьцах нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж янз бүр байдаг. Жишээ нь Н.Х нь залуу хүн учир мөн архи ууцан байгаа нь өвдөлтийг мэдрэхгүйгээр явах боломжтой буюу хэдэн цаг ч эрүүл хүн шиг явах боломжтой...” гэх мэдүүлэг, (ХХ-ийн 135 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсхүл энэ талаар гаргасан саналыг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах боломжгүй тул дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч З.С-ын хувьд амь хохирогч Н.Х архи уусан согтуу үедээ бусдыг айлган сүрдүүлж дээрэлхэж байна гэж ойлгон уг үйлдлийг нь болиулахаар хувцаснаас нь татаж арагш унагасны улмаас амь хохирогч толгойгоороо газар савж унаж баруун чамархай зулай ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа аалзан бүрхүүл доор цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтэл авч нас барсан ба шүүгдэгчийн амь хохирогчийг татаж унагаасан үйлдэл, Н.Х нас барсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой боловч гэм буруугийн бодит хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн амь хохирогчийг татаж унагаасан үйлдэл нь хохирогчид хохирол хор уршиг учруулах зорилгоор хүсч хийсэн санаатай үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй буюу өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан шинжийг агуулж байна. Тиймээс шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэсэн прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. 

 

Давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шүүгдэгч З.С анхан шатны шүүхээс оногдуулсан нээлттэй хорих байгууллагад 4 жилийн хугацаагаар хорих ялыг, нээлтэй хорих байгууллагад 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.С-т холбогдох 2216000570094 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад “4 жилийн хугацаагаар” гэснийг “2 жил, 6 сарын хугацаагаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, 65 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.Ж

                                ШҮҮГЧИД                                  Ч.Э

                                                             Ш.Б