| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03752/И |
| Дугаар | 102/ШШ2024/04004 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/04004
| 2024 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/04004 | УлаААатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, шүүгч А.Зүмбэрэл, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: РР
Хариуцагч: АА
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 3,191,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Хариуцагчийн төлөөлөгч Б.А
Хариуцагчийн өмгөөлөгч Г.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “АА” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн зүүн хойд талын Нөхөрлөл гудамж 1, “АА” ХХК-ийн эзэмшлийн газарт байрлалтай, манай байгууллагын хэрэглээний 10 кв-н буюу 88 тоот тулгуурын өндөр хүчдэлийн шугамаас буусан кабелийг “АА” ХХК-ийн захиалгаар газар шорооны ажил хийж байсан иргэн н.Э нь 67-33 УБ улсын дугаартай ковшоор гэмтээсэн.
Уг асуудлаас шалтгаалж манай байгууллагын хэвийн ажиллагааны горим алдагдсан төдийгүй тухайн өдрийн ажил бүхэлдээ зогсонги байдалд орсон тул үүсээд буй асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэх зорилгоор өөрийн зардлаар учирсан гэмтлийг “УБЦТС” ТӨХК-д хандан засуулсан.
Бидний хувьд цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний гэмтэлд “УБЦТС” ТӨХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн үнэ болох 3,191,760 төгрөгийг төлсөн, улмаар уг нэхэмжлэхийн дагуу дээрх ковшоор ажил гүйцэтгэсэн иргэн н.Э гэм хорын хохирлыг нэхэмжилсэн боловч тэрээр “цахилгааны утас тасалсан болохоо хүлээн зөвшөөрч, улмаар өөрийн зүгээс 1,000,000 төгрөгөөс илүү хохирол төлөх боломжгүй, тус ажлыг захиалагчаас авсан” гэх тайлбарыг гаргасан.
Гэтэл тухайн ажлыг хийлгүүлэхээр захиалга өгсөн гэх иргэн манай байгууллагад учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо удаа дараа утсаар илэрхийлсэн, мөн үүсээд буй нөхцөл байдлын талаар уулзаж ярилцах, хэлэлцэх саналаас татгалзсан, харин ч манай байгууллагын цахилгааны утсыг норм, нормативын шаардлагыг зохих журмын дагуу хангаагүй гэх агуулгаар буруутгаж буй энэ тохиолдолд уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр арга үгүй болно.
Цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг мөрдөх, товчхондоо өөрийн эзэмшлийн газарт байгаа цахилгаан шугам, тоноглол, тэдгээрт очих замыг чөлөөтэй байлгах, кабелийн хамгаалалтын зурваст газар шорооны болон бусад ажлыг хийхдээ “УБЦТС” ТӨХК-ийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж болохгүй тухай дээрх дүрэм болон цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд тус тус тодорхой заагдсан, түүнчлэн бидний хэрэглэж буй цахилгааны шугамыг “УБЦТС” ТӨХК-иас өөрсдөө тавьж байршуулсан бөгөөд үүнээс хойш ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй атал хариуцагч байгууллага чухам ямар шалтгааны улмаас энэ бүх үйлдлээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, учирсан хохирлыг төлөхөөс зайлсхийж буй нь ойлгомжгүй байна.
Цаг хугацааны хувьд энэхүү асуудлаар өмнө нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан хэдий ч уг хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэх харьяалалд хамаарахгүй гэх үндэслэлээр татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр “АА” ХХК-иас гэм хорын хохиролд 3,191,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үүнд:
1/ Гэм хорын хохиролд 3,191,760 төгрөгийг гаргуулахаар манай компанийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй, манай байгууллага нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учруулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заажээ. Иймээс “РР” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт манай компани нь хариуцагч биш юм.
2/ Бид нэр бүхий иргэнээр газар шорооны ажил биш харин газар дээрх овоолсон шороог тэгшлүүлэх л ажил хийсэн. Өөрөөр хэлбэл газрыг ухаагүй. Нөгөө талаар хэрэгт шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд “...нэхэмжлэгч нь кабель шугамыг холбогдох дүрэм, журмын дагуу газрын гүнд булаагүй” талаар тусгагдсан. Иймд ийм осол гарсан явдалд бид буруугүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Б.Т хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Энэ хэргээс харахад шинжээчийн дүгнэлт хууль зүйн талаас хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч тал хохирсон гэж үзэхгүй байна. Тиймээс хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Голомт банкны цахим гүйлгээний баримт /хх4/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх5-6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, зураг /хх8/, “РР” ХХК-ийн дүрэм /хх9-12/, Цахилгаан тоног төхөөрөмж, шугам сүлжээний гэмтэлд нөхөн төлбөр тооцсон акт /хх13/, “РР” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаар албан бичиг /хх14/, нэхэмжлэх /хх15/, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх16-23/, Аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар /хх24/, масштаб зураг /хх25-27/, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ГБМЗХ2019/24-004 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар /хх28-31/, Техникийн нөхцөл /хх32/, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №01107-2019/00985 дугаар “Гадаадын иргэн, аж ахуй нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ” /хх33-34/, техникийн нөхцөл /хх35-36/, Тоноглолын газардуулгын эсэргүүцэл хэмжсэн протокол /хх37-38/, Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг /хх39-40/, УлаААатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 3/2578 тоот албан бичиг /хх41/, “Тээвэрчний үрс” ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Цахилгаан шугам татах тухай гэрээ /хх42/, “Тээвэрчний үрс” ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлт /хх43/, “Титэм блок” ХХК-ийн 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №15/09 дугаар албан бичиг /хх44-45/, УлаААатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3/519 тоот албан бичиг /хх46-47/, “Арияа” ХХК-ийн 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/08-30 тоот албан бичиг /хх48-49/, Цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /50/, итгэмжлэл /хх63-64/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: УлаААатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Кабелийн ашиглалт, засварын төвийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 29/103 тоот тодорхойлолт, хавсралт /хх95-98/.
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: зураг /хх77-79, 114-115/.
7. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Шинжээч томилж ажиллуулсан /хх86-88/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. Хэрэгт цугларсан баримтаар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Э газар шорооны ажил хийж байх үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Нөхөрлөл гудамж 1 гудамжинд байх “РР” ХХК-ийн эзэмшлийн 10кВ-н буюу 88 тоот тулгуурын өндөр хүчдэлийн шугамаас буусан кабель шугамыг механикаар гэмтээсэн үйл баримт тогтоогджээ.
2. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч “РР” ХХК нь хариуцагч “АА” ХХК-д холбогдуулж гэм хорын хохиролд 3,191,760 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба уг шаардлагын үндэслэлээ “...хариуцагч компанийн захиалгаар ажил гүйцэтгэсэн иргэн ...кабелийн шугам тасалсан, ...шугам засуулсан төлбөрийг хариуцагчаас нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч “АА” ХХК-ийн зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Э газар шорооны ажил хийлгэсэн талаар маргаагүй. Харин “…кабель шугамыг гэмтээсэн явдалд хариуцагч компани буруугүй, …нэхэмжлэгч кабелийн шугамыг …холбогдох журмын дагуу зохих гүнд булаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.
Хоёр.
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж түүнээс тогтоосон хөдөлмөрийн хуваарь, дүрэм, журам, зааврын дагуу ажиллаж буй ажилтан, албан тушаалтан тийнхүү ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад хохирол учруулсан бол гэм хорыг ажил олгогч этгээд хариуцаж арилгана.
2. Гэвч хариуцагч “АА” ХХК болон Ц.Э нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
4. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 3.1.21-д “үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг” тус тус хэлэх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
6. “АА” ХХК нь өөрт ашигтай ажлыг иргэнээр гүйцэтгүүлж буй захиалагчийн хувьд үйлдвэрлэлийн орчны газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхэд ойр орчмын газар доорх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, кабель байгаа эсхийг шалгах, хэрэв байгаа тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ажлыг хариуцах үүрэгтэй.
7. Хэрэгт авагдсан баримтуудаар захиалагч буюу “АА” ХХК нь ажил хийж гүйцэтгэсэн иргэн Ц.Э аюулгүй ажиллагааны заавар өгсөн, урьдчилан сануулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, газар шорооны ажил явагдах ойр орчмын газар доорх инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, кабель байгаа эсэхийг шалгасан болох нь баримтаар нотлогдоогүй.
8. Иймд гэм хор учруулагчийн эс үйлдэхүй, түүнээс үүсэх гэм хорын хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог үндэслэн хариуцагч “АА” ХХК-ийг гэм буруутай гэж үзэхээр байна.
9. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч үүссэн гэмтлийг засварлах үүднээс холбогдох эрх бүхий байгууллагаар засвар үйлчилгээ хийлгэсэн, төлбөрт нь 3,191,760 төгрөг төлсөн нь нотлогдсон.
11. Иймд хариуцагч “АА” ХХК-иас 3,260,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “АА” ХХК-иас 3,191,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “РР” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 66,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “РР” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ
Ш.ОЮУНТУУЛ