Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04154

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:, “ЖЖ” ХХК /

 

Хариуцагч: ОО

 

Нэхэмжлэлийн шаардлага: 18,192,404.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.

Хариуцагч ОО

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ООт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

ОО нь манай байгууллагад хандаж хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор 15,600,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 36 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэйгээр, 15,600,000 төгрөгийг №ЗГ0303220129 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү болон үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч эргэн төлөлт хийгээгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч ООтай 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №ЗГ0303220129 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 15,600,000 төгрөг, үндсэн хүү 2,562,560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,844.81 төгрөг буюу нийт 18,178,404.81 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг буюу нийт 18,192,404.81 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ОО миний бие 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “ЖЖ” ХХК-иас урьдчилгаа 10,400,000 төгрөгийг төлж приус 41 маркийн машин авсан. Уг машиныг Д.Сүхболд гэх хүн миний нэр дээр авахуулж цаашид өөрөө зээлээ төлөхөөр тохиролцсон боловч одоогоор төлбөр мөнгөө төлөөгүй ор сураггүй алга болсон. Одоогоор Д.С гэх хүнтэй би холбоогүй байгаа өмнө нь холбогдож байсан дугаарууд нь болохгүй байгаа. Би энэ хүнтэй өөрийн найзаараа дамжиж танилцсан. Би Д.С  машины зээл авч өгөөд шагналд нь 800,000 төгрөгийг л авсан, харин уг зээлээс нь өөр мөнгө аваагүй. Зээлийн тооцоолол болон зээлийг авсан, гэрээ байгуулсан талаар маргахгүй, гэхдээ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх4-6/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх8/, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ1009230419 дугаартай “Зээлийн гэрээ” /хх9-10/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх11/ Авто машины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл /хх12/, баталгаа /хх13/, зээлийн дансны хуулга /хх14/, “Монгол шуудан” ХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 18/407 тоот тодорхойлолт, хавсралт /хх28-29/.

 

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “ЖЖ” ХХК болон ОО нар ЗГ1009230419 тоот зээлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр “ЖЖ” ХХК нь ООт 15,600,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд харилцан тохирчээ. 

 

2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ. 

 

Хоёр.

 

1. 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч “ЖЖ” ХХК нь хариуцагч ООт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,600,000 төгрөг, зээлийн хүү 2,562,560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,844.81 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 18,192,404.81 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ. 

 

2. Тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ1009230419 тоот зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан хэдий ч нэхэмжлэгч тал 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийг шаардсан. 

 

3. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлын хамт  хариуцагчаас нэхэмжлэхдээ зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй, ...удаа дараа шаардсан боловч эргэн төлөлт хийгээгүй тул гэрээг цуцалж байгаа” талаар дурдсан. Үүнийг талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгч талаас цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

 

4. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

5. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

6. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ1009230419 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2 дахь хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

7. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй.

 

Ийм учир хариуцагч ООаас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ1009230419 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,600,000 төгрөг, үндсэн хүү 2,562,560 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,844.81 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.  

 

8. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь буюу нотариатын зардал гаргасан нь баримтаар тогтоогдож байх нотариатын зардалд төлсөн 14,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

 

Гурав.

   

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ООаас 320,313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЖЖ” ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч ООаас 18,192,404.81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЖЖ” ХХК-д олгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ООаас 320,313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЖЖ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ