| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/02815/И |
| Дугаар | 102/ШШ2024/04350 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/04350
|
|
|
| ||||||
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, шүүгч А.Зүмбэрэл, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ММ
Хариуцагч: НН
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 5,975,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч ММ
Хариуцагч НН
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
/Талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч ННд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө 0 СББ машинтай явж байхад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр 0 УБЯ улсын дугаартай, приус 30 маркийн машин ирж мөргөн зам тээврийн осол гаргасан. Цагдаад дуудлага өгч хэмжилт хийлгүүлэхэд уг тээврийн хэрэгслийн жолооч НН буруутай нь тогтоогдсон.
Тухайн үед хариуцагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир цагдаагийн байгууллагаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Миний унаж явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээний байгууллага 5,975,000 төгрөгөөр тогтоосон. Гэвч хариуцагч нь учирсан хохирлыг барагдуулахгүй байгаа болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй замын хөдөлгөөнд оролцож миний эд хөрөнгөд хохирол учруулсан буруутай нь нотлогдсон иргэн ННгоос үнэлгээний 5,975,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. “Тоёота прадо” маркын 0 СББ улсын дугаартай автомашины өмчлөгч нь Н.Октябрь гэж хүн байгаа. Энэ хүн нь манай төрсөн ээж учир би нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: НН миний бие нь нэхэмжлэгч ММгийн нэхэмжлэлд дурдсан 5,975,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дээр гэм хорын хохирол нэхсэн байна. Уг хохирол нь эргэлзээтэй, бодит байдалд нийцээгүй гэж үзэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ нэгэнт хүний юм гэмтээсэн болохоор тал мөнгийг нь л төлөх хүсэлтэй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн №Зам тээврийн осол 307 дугаартай зөрчлийн материал /хх4-27/.
4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
Хариуцагч НН нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 216 дугаар постны уулзвараас баруун тийш 200м зайд Петровис ШТС-ын баруун замд “Тоёота приус” маркын 0 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.10-д “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөнөөс ММ жолоочтой, “Тоёота прадо” маркын 0 СББ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан материал” болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хоёр.
1. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ММ нь хариуцагч ННд холбогдуулж зам тээврийн ослоос шалтгаалж автомашинд учирсан хохиролд 5,975,000 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ.
2. Шүүх хуралдаанд хариуцагч “...учирсан хохирол нь эргэлзээтэй, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ нэгэнт хүний юм гэмтээсэн болохоор тал мөнгийг нь төлөх хүсэлтэй” гэсэн тайлбарыг гаргаснаас үзэхэд түүнийг дээр дурдсан зам тээврийн осол өөрөөс нь шалтгаалж гарсан буюу гэм буруугийн талаар маргаагүй гэж үзнэ. Харин тээврийн хэрэгсэлд учирсан бодит хохирлын талаар хариуцагч маргаж байна.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.
4. Хариуцагч НН өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх тал дээр маргаагүй учир өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг холбогдох этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шаардах эрхтэй.
5. Гэвч хариуцагч ННд холбогдох ММгийн нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь нэхэмжлэгч нь “...өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол”-ыг гэж нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Тоёота прадо” маркын 0 СББ улсын дугаартай автомашины өмчлөгч нь 0 байна.
6. Тодруулбал, “Тоёота прадо” маркын 45-54 СББ улсын дугаартай автомашины өмчлөгч нь О нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхээр шийдвэрлэсэн эсэх, улмаар нэхэмжлэгч ММд шаардах эрхийг шилжүүлсэн эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэм хорын хохирол гаргуулах тухай ММгийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болно.
Гурав.
1. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан талуудын хүсэлтээр, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 110,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ННд холбогдох гэм хорын хохиролд 5,975,00 төгрөг гаргуулах тухай ММгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 110,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧИД А.ЗҮМБЭРЭЛ
Х.ЭНХЗАЯА
|
|