Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
Хэргийн индекс | 168/2017/0228/Э |
Дугаар | 227 |
Огноо | 2017-12-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 227
2017 12 14 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 1721000000121 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 11 сарын 04-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 4-14 насны 3 хүүхдүүдийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хорооны 19-384 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 05 сарын 24-ний өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, бие эрүүл.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Ивээл хорооллын 21-9 тоотод оршин суух иргэн *******ын гэрээс бэлнээр 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 10 сарын 24-ний орой 19 цагийн орчимд гэртээ байж байхад ******* орж ирээд газар хэвтээд унтаад өгсөн. Тэгээд би хүүхдээ авах гээд гэрээсээ гарахдаа *******ас гарах уу гэж асуухад унтаж байя гэж хэлэхээр нь гэртээ үлдээгээд гаднаас нь цоожлоод гарсан. 1 цаг орчмын дараа гэртээ буцаад ирэхэд ******* байхгүй гэрийн жижиг өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд маргааш өглөө нь ширээн дээр байсан түрийвчнээсээ мөнгө авах гээд нээж үзэхэд 20000 төгрөг үлдсэн байсан. Миний түрийвчинд бэлэн 500000 төгрөг байсан юм. Манай гэрээр өөр хүн орж ирээгүй. ******* миний мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй, ******* өгөх мөнгөний өр байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/
-Шүүгдэгч яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/
-Хохирогч *******аас Цагдаагийн газарт бичгээр гаргасан: “...Надад учруулсан хохирлоо ******* бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 46/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Ивээл хорооллын 21-9 тоотод оршин суух хохирогч *******ын гэрээс бэлнээр 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн: “...Ширээн дээр тавиатай байсан түрүүвчийг нээж үзэхэд нэлээд тооны мөнгө байхаар нь 20000 төгрөг үлдээгээд үлдсэн мөнгийг нь аваад гэрийнх нь цонхоор гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* орж ирээд газар хэвтээд унтаад өгсөн. ...Маргааш нь ширээн дээр байсан түрийвчнээсээ мөнгө авах гээд нээж үзэхэд 20000 төгрөг үлдсэн байсан. Миний түрийвчинд бэлэн 500000 төгрөг байсан юм. Манай гэрээр өөр хүн орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нотлох баримтын талаар:
Шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг /хохирогчид 480,000 төгрөг төлсөн/ тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* овогт ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажилд орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******д хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 480,000 төгрөг төлсөн/ болохыг тус тус дурдсугай.
6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР