Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0222

 

2024 03 12 128/ШШ2024/0222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын татвар, орлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б нарын хоорондын татвар ногдуулах актыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот Авто машины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай захиргааны актыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1 Иргэн Б.Б БНСУ-аас ... загварын тээврийн хэрэгсэл импортлон 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын ... гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна.

1.2 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...дугаартай гаалийн мэдүүлгээр … загварын тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн бөгөөд уг мэдүүлгийг бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч хянан үзээд автомашины техникийн паспорт дээр тус машиныг 2013 оны 12 дугаар 19-ний өдөр үйлдвэрлэсэн гэж тэмдэглэгдсэн байх тул ...10 буюу түүнээс дээш насжилттай.... гэж тооцон онцгой албан татвар ногдуулахаар болжээ.

1.3 Иргэн Б.Б үүнийг эс зөвшөөрөн Гаалийн ерөнхий газрын Бараа, ангилал үнэлгээний хэлтэс болон Гаалийн ерөнхий газрын даргад тус тус хандан ...өөрийн мэдлэг мэдээлэлгүй байдлаас шалтгаалан 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр мэдүүлснээс үүдэн татварын хэмжээ ялгаатай байгаа тул дээрх байдлыг харгалзан үзэж миний тээврийн хэрэгслийг олгож өгөхийг хүсье гэх өргөдөл, хүсэлтийг гаргажээ.

1.4 Харин Гаалийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний ... дугаартай албан бичгээр ...үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа 10 жил 1 өдөр болсон байна. Иймд гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр тухайн барааны үйлдвэрлэсэн оныг тооцож, гаалийн болон бусад татварыг ногдуулна... гэх хариуг өгчээ.

1.5 Улмаар иргэн Б.Б 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот Авто машины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бд холбогдуулан гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын үндэслэлээ: Батсүхийн Б нь БНСУ-с тус улсын ... загварын авто машин худалдан авч импортлон оруулж ирсэн.

2023 оны 12 сарын 20-ны өдөр уг тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэн, тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авто машины мэдүүлгийн программаар илгээхэд 7-9 жилийн насжилттай тодорхойлогдон мэдүүлэг илгээгдсэн. Гэвч гаалийн улсын байцаагч нь насжилтыг өдрөөр тооцон бараа материалын ангиллын программд гараар шивж оруулахыг шаардан мэдүүлгийг буцаасан. Гаалийн улсын байцаагч нь Онцгой албан татварын тухай хуулийн 6.3-т "Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна" гэсэн заалтыг үл харгалзан тухайн тээврийн хэрэгслийн насжилтыг тооцохдоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35.3 зүйлийн дагуу өдрөөр тооцон, бараа материалын мэдүүлгийн журмаар онцгой албан татвар ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс уг тээврийн хэрэгсэлд онцгой албан татвар тогтоохдоо Онцгой албан татварын тухай хуулийн 6.3-т заасан болон авто машин мэдүүлгийн журмын дагуу шийдвэрлүүлж, 2024 оны 1-р сарын 23-ний өдрийн ... тоот "Авто машины гаалийн болон бусад татвар ноогдуулах тухай" гэсэн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Б Бүгд найрамдах солонгос улсаас ... загварын тээврийн хэрэгсэл импортлон 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын ... гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна.

Иргэн Б.Б 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...дугаартай гаалийн мэдүүлгээр КIA Morning загварын тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн бөгөөд гаалийн мэдүүлэгт дараах бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:

1. Үнийн нэхэмжлэх

2. Техникийн паспорт

3. Наклад

4. Тээврийн нэхэмжлэх

Уг техникийн паспортод ... автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр үйлдвэрлэсэн гэсэн тул бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч мэдүүлсэн барааны дагалдах бичиг баримтыг хянахдаа автомашиныг үйлдвэрлэгдсэн он 10 буюу түүнээс дээш жил болсон байгаа тул гаалийн мэдүүлгийг "засварт буцаасан" байна.

Ийнхүү Монгол улсын хилээр нэвтэрсэн уг автомашин нь үйлдвэрлэгдсэн он буюу хугацаа 10 буюу түүнээс дээш жил болсон тохиолдолд Онцгой албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх заалтын дагуу онцгой албан татварын хувь хэмжээ өөрчлөгдсөн байна.

Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтэст иргэн Б.Б 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гаргасан өргөдөлдөө "Татварын мөнгөө бүрдүүлж байж гаальд мэдүүлэх ёстой гэсэн өөрийн мэдлэг, мэдээлэлгүй байдлаас шалтгаалан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлснээс үүдэн татварын хэмжээ ялгаатай байгаа тул харгалзан үзэхийг хүссэн тухай дурьдсан байна.

Тус өргөдлийг асуудал хариуцах чиг үүргийн дагуу Гаалийн Ерөнхий газрын Татвар, орлогын газрын гаалийн улсын байцаагч А.Нд шилжүүлсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Бийн ... дугаарт утсаар холбогдон дараах хариуг хүргүүлсэн.

"Иргэн Бтэй ... дугаараар холбогдон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Гаалийн болон бусад татварыг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тариф, валютын ханшаар тооцож төгрөгөөр ногдуулна гэсэн заалтыг тайлбарлан тухайн автомашин нь 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдөр үйлдвэрлэгдсэн бөгөөд барааг мэдүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 жил 1 өдөртэй болсон тул 10 буюу түүнээс дээш жилтэй автомашинд ногдуулах албан татварыг ногдуулна гэдгийг утсаар хариу өгсөн. Дагалдах бичиг баримтад тухайн автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 19-нд үйлдвэрлэгдсэн нь тодорхой байгаа талаар тайлбарлахад дагалдах бичиг баримтыг хавсаргахгүй дахин өргөдөл гаргахаа мэдэгдсэн"

Иргэн Б.Б дахин Гаалийн ерөнхий газрын дарга Р.О-д 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдөлдөө өмнөхийн адилаар "Татварын мөнгөө бүрдүүлж байж гаальд мэдүүлэх ёстой гэсэн өөрийн мэдлэг, мэдээлэлгүй байдлаас шалтгаалан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлснээс үүдэн татварын хэмжээ ялгаатай байгаа тул харгалзан үзэж тээврийн хэрэгслийг олгож өгөхийг хүссэн.

Тус өргөдлийн хариуг Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот албан бичгээр хүргүүлсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2008 оны 05 дугаар сарын сарын 20-ны өдөр батлагдсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зорилго нь 1.1.Энэ хуулийн зорилт нь гаалийн тариф, барааны үнэ, ангилал, гарал үүслийг тодорхойлох, гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Гаалийн болон бусад татварын барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тариф, валютын ханшаар тооцож төгрөгөөр ногдуулах ба хэрэв бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн өдрөөс гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүртэлх хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон тарифын хувь хэмжээнд өөрчлөлт орсон бол гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг баримтална.", Онцгой албан татварын тухай хуулийн 6.3-т Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35.3-т заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацааг тооцож татвар ногдуулдаг болно.

Иймд иргэн Б.Бийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ...дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн ... загварын тээврийн хэрэгсэл автомашины үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 10 жил 1 өдөр болсон байгаа тул барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр тухайн барааны үйлдвэрлэгдсэн оныг тооцож, гаалийн болон бусад татварыг ногдуулах үндэслэл болсон болно.

Хоёр. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйл Барааг гаалийн байгууллагад мэдүүлэх, 55.2.2-т "мэдээллийг сүлжээгээр... -д заасан байдаг.

Иргэн, аж ахуйн нэгж өөрөө болон гаалийн зуучлагч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны мэдээллийг Гаалийн мэдээллийн автоматжуулсан Кайс системд илгээж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийгддэг болно.

Иргэн Б.Бийн Бүгд Найрамдах Солонгос улсаас импортолсон … загварын суудлын автомашин Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ... гаалийн хяналтын талбайд бууж, гаалийн зуучлагч Д ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн /код: …/-ээр мэдүүлэхэд уг барааг дагалдан ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн гаальд мэдүүлсэн байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1. Иргэн Б.Бээс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот Авто машины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бд холбогдуулан гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Гаалийн болон бусад татварын барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тариф, валютын ханшаар тооцож төгрөгөөр ногдуулах ба хэрэв бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн өдрөөс гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүртэлх хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон тарифын хувь хэмжээнд өөрчлөлт орсон бол гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг баримтална.", Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна гэж тус тус заажээ.

3. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл суудлын автомашиныг импортолсон бол насжилтыг үйлдвэрлэсэн оноос, гаалийн байгууллагад мэдүүлсэн он хүртэл хугацаагаар тооцож татварын хувь хэмжээг ногдуулахаар байна.

4. Гэвч энэхүү маргааны ач холбогдол бүхий баримт болох … тоот Автомашины бүртгэлийн гэрчилгээнд ... загварын автомашины үйлдвэрлэсэн огноог 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тэмдэглэсэн байх хэдий ч уг машин үйлдвэрээс гарч бүртгэгдсэн огноог 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэмээн тэмдэглэсэн байна.

5. Энэ тохиолдолд шүүх үйлдвэрлэгдсэн автомашинд техникийн үзлэг, оношилгоо зэрэг стандартын шаардлага хангасны үндсэн дээр арлын дугаар олгогдож, улмаар үйлдвэрээс гарч буйг бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр маргаан бүхий автомашины үйлдвэрлэсэн огноог тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

6. Учир нь улсын бүртгэлд бүртгэж, улсын дугаар цохон, гэрчилгээ олгосноор ашиглах боломж үүсэх тул анх бүртгэсэн гэх огнооноос тээврийн хэрэгслийн насжилтыг тооцох нь зүйд нийцнэ.

7.Нөгөөтээгүүр шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах үед шатанд Гаалийн цахим үйлчилгээний CEPS системийн автомашины мэдүүлэг цонх руу нэвтэрч үзэхэд автомашины үйлдвэрлэсэн огноог зөвхөн он, сар-аар тооцдог байхад гаалийн улсын байцаагчаас нэхэмжлэгчийн автомашины мэдүүлгийн төлөвийг өөрчилж, барааны мэдүүлэг цонхонд байх бараа мэдүүлгийг горимоор гараар засвар хийж өөрчлөн онцгой албан татвар ногдуулсан үйл баримт тогтоогдсон.

8. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр гаалийн байгууллага нь импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гаалийн татварыг тооцохдоо дээрх Гаалийн цахим үйлчилгээний CEPS системийн автомашины гаалийн мэдүүлэх хэсэгт байх үйлдвэрлэсэн он, сараар нь тооцдог байх бөгөөд нэхэмжлэгчийн ... загварын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэснээс хойших хугацааг анх бүртгэсэн огнооноос тоолоход 9 жил 11 сар байна.

9.Иймд Гаалийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно гэж заасны дагуу иргэн Б.Бийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...дугаартай гаальд мэдүүлсэн мэдүүлгийн дагуу түүний … загварын тээврийн хэрэгслийг гаалийн татварыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

10.Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот Авто машины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул энэхүү маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг тус тус баримтлан Б.Бээс Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ... тоот Авто машины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.БАТБААТАР