Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/42

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд      

                                                          Прокурор Ч.Энхжаргал

                                                          Хохирогчийн өмгөөлөгч П.Өнөрболд

                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн

                                                          Шүүгдэгч *******

                                                          Нарийн бичгийн дарга Э.Энхболд нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 1926002860195 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 70.000 төгрөгөөр торгох ял, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн, Хоньчин овгийн*******, /РД:*******/

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн *******ыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх, Хоньчин овгийн*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар*******т Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдан, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан, ******* нь хохирогч *******т 200.000 төгрөг төлсөн, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хохирогч *******ын нэхэмжилсэн 4.000.000 төгрөгөөс 3.937.384 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандал 1 ширхгийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ял оногдуулж тэнсэхийн ялгааг гарган, хэрхэн ойлгож хэрэглэхийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхойлоогүй байна. ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өмнөх хэрэгт ял шийтгүүлснээс хойш буюу 09 сар 10 хоногийн хугацаа өнгөрсөн байхад шүүх дүгнэлт хийсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 3 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ч.Энхжаргал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: ...*******, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нараас гаргасан гомдол үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч ******* нь 2019/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэхээс өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан бөгөөд уг шийтгэх тогтоолд шүүгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9-д зааснаар ял оногдуулах талаар дурьдаж сануулсаар байтал хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нараас гаргасан гомдлыг гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******ын сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь маргах зүйл байхгүй. Харин өмнөх 6 сарын ялыг сэргээж эдлүүлж байгаа шийдвэртэй санал нийлэхгүй. ... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ял оногдуулж тэнсэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх хоёрын ялгааг заах ёстой байсан. Гэтэл тодорхой заагаагүй. ..Шүүн таслах ажлын практикт үүнийг яаж хэрэглэх талаар нэгдсэн ойлголт байхгүй байгаа учраас би үүнтэй маргаж байгаа. Шүүгдэгчийг өмнө нь ял оногдуулахгүйгээр тэнссэн. Шүүхээс оногдуулсан ялыг заавал биеэр эдлүүлнэ гэсэн заалт нь хаана байгаа вэ? Тийм заалт байхгүй гэж миний хувьд дүгнэсэн. ...анхан шатны шүүх нөгөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болдог юм уу. Энэ үйлдэл нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна. Тийм учраас дээрх саналыг гаргасан. Хэрэв ял оногдуулж тэнсэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх хоёрыг ялгаатай гэж үзвэл авто аваарын хэрэгт нь оногдуулж байгаа ялыг заавал биечлэн эдлүүлнэ гэсэн заалт нь ч байхгүй байгаа. Тийм учраас тухайн ялыг тэнсэж болно гэж бодож байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тав хүртэлх жилийн хорих ялыг тэнсэж болно гэж заасан. Миний үйлчлүүлэгч өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлчихээд биеэ зөв авч явж чадаагүй нь буруутай. Өөрийн алдаа дутагдалдаа хариуцлага хүлээх нь зүй ёсны зарчим. Харин хүнд ял шийтгэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудыг зөв хэрэглэх ёстой. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ийм ийм учраас ингэж үзэж байна гэж нарийвчилж заагаагүй нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 3 дугаар заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байгаа гэв.

 

Прокурор Ч.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн хоёр өөр ойлголт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн агуулга нь хорих ял оногдуулж тэнсэх гэсэн агуулгатай биш юм. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хорих ял оногдуулж тэнсдэг байсан хуучин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан агуулгыг бүхэлд нь байхгүй болгосон. Шинэ хуульд хорих ял оногдуулж тэнсэх гэсэн ойлголт агуулгаараа байхгүй болсон гэдгийг хууль хэрэглэж байгаа бид ойлгож байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар өмнө нь Өмнөговь аймагт шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулсан нь үндэслэлтэй. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.. гэж заасныг шүүх баримталсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийтгэл оногдуулах журмыг баримталж хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Шийтгэх тогтоол дээр шүүгч хууль зүйн дүгнэлтээ хийсэн байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлаж өмнө нь тэнссэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэсэн агуулга шийтгэх тогтоолд байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн нэг шатны шүүх ижил эрх хэмжээтэй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох практик байдаг юм уу? гэж асууж байсан. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд аль ч шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх эрхтэй. Тийм учраас Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг шууд агуулгаар нь ойлгож хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлгүй байна. ...Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Өнөрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулж хэлэх саналгүй байна. Хохирогч С.Ганбаатар нь гомдолгүй гэдгээ өмгөөлөгч надаар дамжуулж илэрхийлсэн. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлын баримтуудыг үнэлэхгүйгээр орхисон байдаг. Уг баримтуудыг нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

******* нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 31-02 тоотод иргэн *******ыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч *******, шүүгдэгч ******* нарын /хх-ийн 34-37, 55-56 хуу/ мэдүүлгүүд болон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлт, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн,  тухайн гэм бурууд торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлснээс хойш 09 сар 10 хоногийн хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүй ял оногдуулсан талаарх гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүх тухайн хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн хугацаандаа буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах санаатай гэмт хэргийг үйлдсэн байгаа учир анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож тухайн гэм бурууд хорих ял оногдуулан, шүүгдэгчид оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар *******ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.