Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/03950

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/03950

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу гудамж, 00-0, Ренталон ХХК-ийн байр 0000000 тоот хаягт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 77 дугаар байр, 18 тоотод оршин суух, Ш овогт Л-гийн Б  /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 9 дүгээр байр 74 тоотод оршин суух, Ш овогт Л-ийн Н /РД:00000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 18,620,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Б, Л.Н нар нь манай байгууллагаас 2021 оноос буюу ковидын үед бараа авч тодорхой үнэ нэмж борлуулан барааны төлбөрийг тухай бүрдээ тооцоо хийж байхаар тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу манай байгууллагаас 1 жил орчмын хугацаанд бараа авч,хамтран ажилласан ба бага багаар итгэл олж байгаад сүүлдээ тооцоогоо хийхгүй болсон.

Л.Б, Л.Н нарын 2021 оны 9 сараас хойш авсан барааны төлөөгүй төлбөр 19,545,400 төгрөг байсан бөгөөд уг мөнгөнөөс 4 удаагийн үйлдлээр 924,800 төгрөгийг төлсөн бөгөөд одоогоор 18,620,600 төгрөгийг үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Манай байгууллагын зүгээс удаа дараа төлбөрөө шаардсан боловч хойшлуулан шалтаг тоочиж, зарим үед утсаа өөрчлөн холбогдохгүй байсаар өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Л.Б, Л.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар дараах баримтуудыг өгсөн. Үүнд: Э.э.г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-5-6/, бараа хүлээлгэн өгсөн тооцооны баримт /хх-7-8/ зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан байна.

 

4. Хариуцагч нар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.э.г ХХК нь хариуцагч Л.Б, Л.Н нарт холбогдуулан 18,620,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхээс хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Л.Бг, Л.Н нар нь манай байгууллагаас 2021 оноос хойш эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, цааш нь худалдахдаа тодорхой үнэ нэмж борлуулдаг байсан бөгөөд барааны төлбөрийг тухай бүрдээ тооцоо хийж байхаар тохиролцсон. Гэтэл 2021 оны 9 сараас хойш манай байгууллагаас худалдан авсан барааны үнийг төлөхгүй явсаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд 19,545,400 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд тооцоо нийлсэн акт үйлдэж, гарын үсэг зуруулсан.

2.2 Ийнхүү тооцоо нийлснээс хойш 4 удаагийн үйлдлээр нийт 924,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 18,620,600 төгрөгийг төлөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэлийг хариуцагч Л.Н-д 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, хариуцагч Л.Б-т 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус тус гардуулсан байх боловч хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх хариу тайлбараа ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байх ба шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, Н, Б-д өгсөн барааны тооцоо гэх баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Э.э.г ХХК нь эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд энэхүү үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд худалдан борлуулдаг эмнэлгийн хэрэгслийг хариуцагч нар нь худалдан авч, үнийг төлж байхаар талууд харилцан тохиролцсон байна.

4.2 Энэхүү тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарт эмнэлгийн хэрэгслийг худалдаж, улмаар түүнийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд хариуцагч нар нь уг худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэд 2022 он 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 19,545,400 төгрөгийг төлөөгүй болох хэрэгт авагдсан Н, Б-д өгсөн барааны тооцоо гэх баримтаар тогтоогдож байна.

 

4.3 Хариуцагч нар нь хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан байх бөгөөд хэрэгт авагдсан уг баримт үйлдэгдсэн эсэх, уг баримтад зурагдсан гарын үсэг өөрийнх нь мөн эсэх, уг баримтад тусгагдсан төлбөрийг төлж барагдуулсан талаар ямар нэгэн тайлбарыг ирүүлээгүй байна.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба худалдах-худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч Э.э.г ХХК нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нар нь худалдан авсан барааныхаа үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь ...хариуцагч нар тооцоо нийлснээс хойш 924,800 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан, хариуцагч нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,620,600 төгрөгийг шаардсан нь дээрх хуульд нийцэж байна.

 

6.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Л.Б, Л.Н нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,620,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.э.г ХХК-д олгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 251,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 251,053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б, Л.Н нараас 18,620,600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Э.э.г ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 251,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 251,053 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ЭНХЗАЯА