Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0233

 

2024 03 15

128/ШШ2024/0233

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Х

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 163,769,710 төгрөгөөс 104,400,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчаас тэтгэмжийн зөрүү 59,369,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч М.Х нь Нийслэлийн Иргэний хэргийн заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ... зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах үүссэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

2.2. Улмаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4... дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалаар Шүүхийн тухай хуулийн 47.9, 81.5 болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны ... дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч М.Хт 104,400,000 /нэг зуун дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.[1][2]

2.3. Гэтэл нэхэмжлэгч М.Х нэг удаагийн буцалтгүй тусламжийн бүрэн олгоогүй дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...  дугаар албан бичгээр Өргөдөлд дурдсан асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зарим нэр бүхий иргэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд та нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ үү хэмээн хариу өгчээ.

2.4. Нэхэмжлэгч М.Х ийнхүү тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие төрийн албанд 38 жил, үүнээс шүүхийн байгууллагад 27 жил ажилласнаас анхан шатны шүүхэд 24 жил шүүгчээр ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн ...тай зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрч Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Улмаар Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2022 оны 12 сарын 06-ны өдөр Хаан банк дахь дансанд тэтгэвэрт гарахад олгов гэсэн 104,500,000 төгрөг шилжин орж ирсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, мөн хуулийн 4... дугаар зүйлийн 47.9-т Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно,

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.1.1 Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ...  дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.4 дүгээр зүйлийн 1.4.1-т "үндсэн цалин" гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс, мөн журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-т сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж тус тус зааснаар нэхэмжлэгч М.Х нь 2022 оны 11 сарын 22-ны өдрийн ... Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж байх хугацаандаа шүүгчийн албан тушаалын цалин 2,900,000 төгрөг, шүүн таслах албан ажлын онцгой нөхцөлд 40%, төрийн алба хаасан хугацааны хувь 25%, нийт 65 хувийн буюу 1,885,000 төгрөгийн нэмэгдлээр нийт 4,785,000 төгрөгийн цалин хөлс авч байсан. Шүүхийн тухай хуулийн 47.9-т зааснаар ... авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр гэдэг нь М.Хын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн хэмжээгээр тодорхойлно.

Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар М.Х миний бие 2019 оны 11 сараас 2022 оны 10 сар хүртэл өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл сүүлийн 36 сарын дундаж цалин хөлс нь 4,549,158 төгрөг,

 

Шүүхийн тухай хуулийн 47.9-т зааснаар сарын дундаж цалингийн хэмжээ буюу 4,549,158х36=163,769,710 төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгох ёстой байсан боловч хариуцагч 59,369,710 төгрөгийг дутуу олгосон.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төсөвлөж олгосон тэтгэмж нь шүүгчийн албан тушаалын ТТАХ-н цалингийн сүлжээ дэх цалин болох 2,900,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийн хэм хэмжээг хэрэглэсэнд гомдолтой байна.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 251 дүгээр тушаал нь Засгийн газрын 2019 оны 0... дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус тухайд,

Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, мөн хуулийн 4... дугаар зүйлийн 47.9-т Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно,

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно,

Засгийн газрын 2019 оны 0... дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2 дахь заалтад нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээг зохицуулж өгсөн байна. Мөн журмын 2.1 нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно .... гэх заалтуудыг үндэслэж үндсэн цалин гэх 2,900,000 төгрөгөөс тооцож 104,500,000 төгрөгийг олгосон нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөрчсөн үйлдэл юм.

Учир нь, Засгийн газрын 2019 оны 0... дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2-т Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах ... тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ, 2.1-т нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно, 4.4-т хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж тус тус заасан.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 13.1 Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна, 13.1.1-т Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор гэж тус тус зааснаар Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ажилтай нь төрийн тусгай албан хаагч байсан тул дээрх дурдсан Төрийн албаны тухай хуулийн 60.1, Засгийн газрын 2019 оны 0... дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2 дахь заалтын нөхцөлд хамаарахгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тусгайлсан заалтын дагуу зохицуулагдах харилцаа байхад Шүүхийн ерөнхий зөвлөл маргаан бүхий 2022 оны 12 сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг гаргахдаа хууль, журам зөрчиж, нэхэмжлэгч М.Х миний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзвэл өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг үндсэн цалин болон сарын дундаж цалингаас тооцох талаар өөрөөр зохицуулсан бөгөөд шүүгчийн тухайд нарийвчлан зохицуулсан хууль нь Шүүхийн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй билээ. Иймд хариуцагч шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 163,769,710 төгрөгөөс 104,400,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчаас тэтгэмжийн зөрүү 59,369,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч М.Х миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд тэтгэмжийн зөрүү олгох тухай гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гаргасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн биеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гардан авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Иймд хариуцагч шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмж 163,769,710 төгрөгөөс 104,400,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчаас тэтгэмжийн зөрүү 59,369,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж өгнө үү гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн М.Хын тэтгэмжийн зөрүү гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4... дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4... дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4... дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.2. Нэхэмжлэгч М.Хаас Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4... дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо албан тушаалын цалинд онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулалгүй 59,369,710 төгрөгийг дутуу олгосон гэж маргаж байгаа бол, хариуцагчаас сарын дундаж цалин гэдэгт дээрх нэмэгдлүүд орохгүй гэж няцаан тайлбарлалаа.

4.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд дээр дурдсан сарын дундаж цалингийн хэмжээ гэдэгт эдгээр бүрдэл хэсгүүдийн нийлбэрийн дундаж байна.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

4.5. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн ...  дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1 ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1 нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээг тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох хууль болон журмын зохицуулалттай ажээ.

4.6. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4... дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхдээ сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

4.7. Хариуцагчаас нэхэмжлэгч М.Хын шүүгчээр ажиллаж байхдаа авч байсан ...албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацаанынэмэгдлийн дунджаар тооцон тэтгэмжийг олгохгүй, шийдвэрлэх боломжгүй хэмээн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...  тоот албан бичгээр хариу өгсөн нь хууль бус бөгөөд үүний улмаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан шүүгчээр ажиллаж байсан М.Хын нийгмийн баталгаа зөрчигдсөн байна.

4.8. Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Хын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээр түүний 2019 оны 11 сараас 2022 оны 10 сар хүртэл авсан дундаж цалингаас тооцон, 36 сарын нэг удаагийн тэтгэмжид 4,546,158х36=163,769,710 төгрөг олгохоос олгоогүй зөрүү 163,769,710-104,400,000=59,369,710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 4... дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 163,769,710 төгрөгөөс 104,400,000 төгрөг олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн 36 сарын тэтгэмжийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 59,369,710 төгрөг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4... дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Л.БАТБААТАР