Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04380

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04380

Улаанбаатар хот

 

2024 оны 09 сарын 17 өдөр

    Дугаар 102/ШШ2024/04380

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б 

Хариуцагч: Э.Э 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч С.М, хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Этэй 2002 онд танилцаж, 2006 оны 7 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд охин М 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. Бид 20 гаруй жил хамтдаа эв найрамдалтай амьдарсан.  Гэвч бид хувийн таарамжгүй харьцааны улмаас 2021 оны 11 дүгээр сараас хойш 2 жил гаруй тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Миний бие охин Мыгаа төрөхөд нь ажлаасаа жилийн чөлөө авч, өсгөн хүмүүжүүлж байсан ба одоо байнга уулзаж, ярьж, хэрэглээний зардал өгдөг, сургуульд нь хүргэн өгч, авдаг ба эцэг, эхийн хуралд нь сууж, дотно байдаг билээ. Миний бие охин Маа өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй ба түүндээ маш их хайртай, сурч хүмүүжих, өсөх насанд нь үргэлж хамтдаа байх хүсэлттэй байна. Мөн 1998 оноос эхлэн Улаанбаатар Төмөр замын газарт ажиллаж байгаад тэрхүү газраас надад нийтийн байранд амьдрах эрх өгч бид хамт амьдардаг байсан. Бид хамтран амьдарсан 20 жилийн хугацаандаа.....хашаа байшин, автомашинуудыг болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг бий болгож өмчилж ирсэн. Э.Э нь тусдаа амьдрахдаа надад "нэг өөр байр авч өгнө” гээд бүгдийг өөрийн нэр дээр болгож, эзэмшиж байгаа болно. Одоо миний бие төмөр замдаа ажиллаж байгаа ба байгууллагынхаа нийтийн байранд амьдарч байна. Э.Э-гийн авч өгнө гэсэн нэг өрөө байрыг олон жил хүлээлээ. Өөрийн залуу нас, хүч хөдөлмөрөө оруулсан дундын эд хөрөнгөнүүдээс өөрт ноогдох хэсгээ авах, шүүхээр гаргуулах хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин Мыг миний асрамжинд үлдээн өгч, хамтран амьдрах хугацаанд бий болсон ... байрны өөрт ноогдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. “ гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Гэрлэлт цуцлуулах үндсэн шаардлагыг дэмжиж байна. Харин охин Мыг ээж Э.Э би өөрийн асрамжиндаа үлдээх хүсэлтэй ба эцэг Б-с тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байх бөгөөд дундын эд хөрөнгийн ноогдох хэсгийг хуваарьлах асуудлыг хуулийн дагуу тайлбар нотлох баримтан дээр үндэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Бидний хамтран амьдарсан энэ хугацаанд Б-т нь өөрийн амин хувиа хичээж амьдралд нэмэр түшиг болдгүй ажилласан цалингаа амьдралдаа зарцуулдаггүй. 2004 онд анхны жирэмслэлтийг одоо хүүхэдтэй болох цаг нь биш гэж мэс ажилбараар таслуулж байсан ба 2021 оны 9 сард миний ээжийн минь бие муудан уулзаж амжилгүй бурхан болж байхад ажил явдалд нь ч оролцолгүй өчүүхэн ч сэтгэл хандуулаагүй. Энэ бүх байдлаас дүгнэхэд анхаарал халамж өрөвдөх хайрлах сэтгэлгүй хүнийг аргадаж энэ бүх амьдралыг өөрийн нуруун дээр үүрч өчүүхэн ч гомдолоогүй амьдарч иржээ. Бидний охин М нь 2020 оноос 2023 он хүртэл Онол дунд сургуульд нэг жилийн 2,000,000 төгрөгний төлбөр 3 жил төлсөн, 2024 оноос ... дунд сургуульд нэг жилийн 6,500,000 төгрөгний төлбөр, сар бүхэн хоолны мөнгө 100,000 төгрөг, давтлага 300,000 төгрөг тус бүр зарцуулж суралцаж байгаа бөгөөд энэ төлбөр мөнгөнөөс аав болох Б..т нэг удаа төлж шилжүүлсэн удаа байхгүй болно. Иймд Б...тын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул охин Маргадыг ээж Э.Э миний асрамжинд үлдээн эцэг Б..с тэтгэлэг гаргуулан төлүүлж, гэрлэлтийг цуцалж, эд хөрөнгийн маргааныг хуулийн дагуу шийдвэрлэн хурдан шуурхай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 5/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 6/, хүүхдийн сургуулийн болон өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх 7/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 8/, Л.Бын эд хөрөнгийн лавлагаа /хх 9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тэмдэглэл /хх 10/, хариуцагчаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 29-30/ тус тус шүүхэд гарган өгчээ.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 31/, шинжээчийн дүгнэлт /35-57/ гаргуулж, хүүхдийн санал /хх 60/ асуужээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Л.Б болон Э.Э нар 2006 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин М төржээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд хандахдаа “бид зан харьцаа болон бусад таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон” гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

5. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

6. Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Талууд гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

 

Шүүхээс 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Мын саналыг харгалзан, гэртээ ээжтэйгээ хамт байдгаас үзвэл хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдэд олгохоор шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцжээ.

 

9. Нэхэмжлэгч нь ... дугаартай орон суунаас оногдох хэсгээ гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрчээ.

 

10. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө;” гэж зааснаар зохигчид 2006 оны 7 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор дээрх үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Э.Э өмчилсөн үйл баримт тогтоогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт “гэрлэлт цуцалсан тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо хүүхдийн ашиг сонирхлыг харгалзах ба гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Мөн шүүх өөрөөр тогтоож болно” гэж зааснаар насанд хүрээгүй М, Э.Э, Л.Б нарт орон сууц адил тэнцүү ногдоно.

11. Орон сууны зах зээлийн ханшийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 189,777,000 төгрөгөөр тодорхойлсныг зохигч хэн аль нь хүсэлт гаргаж маргаагүй тул орон сууцны зах зээлийн дээрх ханшнаас тооцож, гэр бүлийн гурван гишүүнд ногдох хэсгийг хуваарилах нь зүйтэй.

Нэг хүнд 63,259,000 төгрөг ноогдох бөгөөд М, Э.Э нарт 126,518,000 төгрөг байхад Л.Бод 63,259,000 төгрөг ноогдож байна.

Орон сууцны дийлэнх хэсэг М, Э.Э нарт ногдож байх тул тэдний өмчлөлд орон сууцыг үлдээж, хариуцагчаас 63,259,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэл бүрджээ. 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.                                                     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хар. ... С... нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Мыг эх Э.Эийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Л.Боос гаргуулан хүүхдэд олгосугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дэх хэсэгт зааснаар ... орон сууцыг Э.Э, М нарт үлдээж, хариуцагч Э.Эээс 63,259,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бод олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ЗҮМБЭРЭЛ