Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0248

 

2024 03 19 128/ШШ2024/0248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Том татвар төлөгчийн газар.

Нэхэмжлэлийн шаардлага: Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн .... дугаартай Битүүмжлэх акт-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1 Б ХХК нь ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 оноос хойш Том татвар төлөгчийн газарт 3.592.656.542,100 төгрөгийн татварын өр үүсжээ.

1.2 Том татвар төлөгчийн газраас дээрх татварын өрийг төлүүлэхээр 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус тус татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна./Х.х-ийн 115-123/

1.3 Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б ХХК-ийн харилцагч банкнуудад Битүүмжлэх мэдэгдэх хуудас-ыг мөн хүргүүлжээ. /Х.х-ийн 124-138/

1.4 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2023/01 дугаартай Урьдчилан нэхэмжлэх хуудас-ыг Б ХХК-д хүргүүлсэн. /Х.х-ийн 139-140/

1.5 Том татвар төлөгчийн газраас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/716 дугаар албан бичгээр Б ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар албан бичгийн хариуд ...татварын өрийг барагдуулахаар ....2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үл маргах журмаар гаргуулахаар харилцах данснуудыг битүүмжилсэн, мөн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр татварыг ажлын 3 өдөрт багтаан төлүүлэхээр урьдчилан нэхэмжлэх хуудас хүргүүлсэн, эрх бүхий албан тушаалтнуудтай удаа дараа уулзсан боловч өр бүрэн барагдаагүй байна ... Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журам-ын 3 дугаар заалтад тусгагдсан баримт бичгийг ирүүлэх нь зүйтэй... гэжээ. /Х.х-ийн 151/

1.6 Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалаар Б ХХК-ийн татварын өрөнд хөрөнгө битүүмжлэх ажлын хэсгийг баталж, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ. /Х.х-ийн 68/

1.7 Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст хандан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичгээр ... Татвар төлөгч эрхэлж байгаа үйл ажиллагаагаа зогсоосон нөхцөл байдал манай компанид үүссэн байх тул татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах хүсэлт гаргаж байна... гэх хүсэлт хүргүүлжээ. /Х.х-ийн 13-14/

1.8 Том татвар төлөгчийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар албан бичгээр Б ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхийг хүссэн албан бичгийн хариуд ...Танай компани нь Татварын албанд ирүүлсэн 2021 оны татварын тайланд 3,592,656,542.1 төгрөгийн, 2022 оны татварын тайланд 86.8 тэрбум төгрөгийн ...энэ оны 3-5 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 25.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан байх тул үйл ажиллагаа зогсоосон гэж үзэхээргүй ...татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй... гэжээ. /Х.х-ийн 153-154/

1.9 Б ХХК-иас, Том татвар төлөгчийн газарт хандан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичгээр ...манай компани Хан-Уул дүүргийн татварын хэлтэст 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар албан бичгээр татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтийг гаргасан..., Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс бидэнд 10 өдрийн дотор хариу ирүүлэх ёстой бөгөөд энэ хугацаанд танай газраас дээрх хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа явуулахгүй байхыг хүсье... гэжээ. /Х.х-ийн 15-16/

1.10 Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *** дугаар битүүмжлэх актаар Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. /Х.х-ийн 9-12, 36-67/

1.11 Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/797 дугаар албан бичгээр Б ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн , 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичгүүдийн хариуд ...нийт 3,689,886,156.57 төгрөгийн өрийг барагдуулахаар тус газраас Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу татварын өр барагдуулах тухай нэхэмжлэх хүргүүлэх, үл маргах журмаар гаргуулахаар харилцагч банкны дансыг битүүмжлэх, улмаар хөрөнгө битүүмжлэх татварын өр хураах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Татварын албанаас хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д заасны дагуу ....үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн болно ...Тус битүүмжилсэн хөрөнгүүдийг ....татварын өр барагдсан тохиолдолд битүүмжлэлийг цуцлах юм... гэжээ. /Х.х-ийн 155-157/

1.12 Б ХХК-иас Татварын ерөнхий газарт хандан 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичгээр ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсний улмаас манай компани Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах эрхгүй болсонд гомдолтой байна... иймд ... хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү... гэжээ. /Х.х-ийн 17-19/

1.13 Татварын ерөнхий газраас 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/1996 дугаар албан бичгээр ...үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн нь хуульд нийцсэн байна... гэх хариуг ирүүлжээ. /Х.х-ийн 22/

1.14 Улмаар Б ХХК-иас Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн .... дугаартай Битүүмжлэх акт-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргажээ.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: "Б" ХХК нь ашигт малтмалын олборлолт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 1,700 гаруй иргэнийг ажлын байраар хангадаг, улсад 53 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн, үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас үүссэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл доор онцгой нөхцөл, хол хорио, хилийн хязгаарлалт, эдийн засгийн уналтын улмаас санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсон юм. Энэхүү байдлын улмаас манай компанийн уурхай дахь олборлолтын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсож, ажиллах хүний нөөцөд их хэмжээний орон тооны цомхотгол хийгдсэн.

Гэтэл энэ хугацаанд компанид хөрөнгө борлуулалтын татварын өр үүссэн бөгөөд бидний зүгээс татварын өрийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай хүсэлтийг 2023 оны 06 сарын 09-ний өдрийн *** тоот албан бичгээр, татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтийг 2023 оны 06 сарын 29-ний өдрийн *** тоот албан бичгээр, өдрийн *** тоот албан бичгээр тус тус Том татвар төлөгчийн газарт хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийг ойшоож үзээгүй бөгөөд манай компанийн өмчлөлийн Ү-...., Y-..., Y-... бүртгэлийн дугаартай оффис, засварын цех, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг хүчээр албадан явуулж 2023 оны 07 сарын 03-ны өдөр *** дугаартай "Хөрөнгө битүүмжлэх акт"-ыг гаргасан. Ингэхдээ Том татварын газраас татварын хууль тогтоомж, холбогдох журмыг илтэд зөрчсөн бөгөөд хууль бус актын улмаас компанийн эрх, ашиг хохироод байгаа юм.

Үүнд:

1. "Б" ХХК-ийн зүгээс уул уурхайд ашигладаг техник хэрэгслийг татварын өрөнд битүүмжлүүлэх тухай саналыг Том татвар төлөгчийн газрын байцаагчид гаргасан байтал тус газар манай компанийн зөвхөн оффис болон засварын цехийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг онилж, улмаар эдгээр хөрөнгийг битүүмжлэх, худалдан борлуулах ажиллагааг албадан явуулж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаа бүрэн зогсох, цаашлаад компани дампуурах бодит нөхцөл байдлыг шууд үүсгэсэн.

Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд дээр тулгуурлан компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явагддаг бөгөөд уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд оврын машин механизм, техник хэрэгслүүд бүгд уг засварын цехээр дамжин засагдаж, ажилд гарахад бэлэн болсноор компанийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, цаашлаад орлого олох эх үүсвэр бүрддэг юм.

Энэхүү шалтгааны улмаас бид оффис болон засварын цехийг битүүмжлэхийг эрс татгалзсан бөгөөд харин татварын оронд дүйцэх үнийн дүн бүхий уурхайд ашигладаг, өндөр үнэлгээтэй том оврын машин механизм, тоног төхөөрөмжийг барьцаалах, эсхүл битүүмжлүүлэх саналыг гаргасан. Гэтэл Том татвар төлөгчийн газрын байцаагчид нь худалдан борлуулахад хялбар, өөрсдийнх нь ажилд амар хялбар байдлыг харгалзан зөвхөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг онцлон битүүмжлэн, худалдан борлуулах ажиллагаа явуулж байгаа нь манай компанийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, аж ахуйн нэгжийг дампууруулах үр дагаварт хүргэж байна.

Энэ нь төрийн эрх бүхий байгууллагаас аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль зэргийг зөрчиж байна.

2. Мөн түүнчлэн "Б" ХХК нь 2023 оны 06-р сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хандан Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтийг *** тоот албан бичгээр гаргасан бөгөөд ингэхдээ Татварын ерөнхий хуулийн 53.3.2-д барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө Засгийн газрын үнэт цаас байна гэж заасны дагуу компанийн блансад бүртгэлтэй дээрх Y-..., Y-..., Y-... бүртгэлийн дугаартай оффис, засварын цех, гражийн зориулалт бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах хүсэлтийг албан ёсоор бичгээр гаргасан юм.

Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс бидэнд Татварын ерөнхий хуулийн 53.9-д заасны дагуу ажлын 10 өдрийн дотор буюу 2023 оны 07 сарын 07-ны өдрийн дотор дээрх хүсэлтийг зөвшөөрсөн эсэх шийдвэрийг ирүүлэх хуулийн зохицуулалттай байтал Том татвар төлөгчийн газрын байцаагч нар 2023 оны 07 сарын 03-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан битүүмжилсэн нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх бидний боломжийг шууд хязгаарласан үйлдэл юм.

Учир нь аж ахуйн нэгж байгууллага татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах эрхийг хуулиар олгосон бөгөөд Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.3.1-д татвар төлөх хугацааны хөнгөлөлтөд хамаарах татварын өрд барьцаа хөрөнгийг шаардана гээд мөн хуулийн 53.3.2-д барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө, Засгийн газрын үнэт цаас байна гэж тус тус заасан байдаг.

Бид дээрх нөхцөл байдлыг Том татвар төлөгчийн газарт тайлбарлаж, бид хуульд зааснаар ажлын 10 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс зөвшөөрсөн эсэх шийдвэрийг авах эрхтэй ба хэрэв Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татвар төлөлтийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан тохиолдолд компанийн блансад бүртгэлтэй Ү-...., Y-..., Y-... бүртгэлийн дугаартай оффис, засварын цех, гражийн зориулалт бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах, харин өөр үл хөдлөх эд хөрөнгө манай компанийн өмчлөлд байхгүй талаар тодорхой тайлбарлаж, энэ хугацаанд манай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг хойшлуулах талаар 2023 оны 07 сарын 03-ны өдөр *** тоот албан бичгээр хүсэлт гаргасан.

Гэтэл Том татвар төлөгчийн газрын байцаагч нар манай хүсэлтийг үл ойшоож, бид л ажлаа хийж байвал танай эрх ашиг хамаагүй гэсэн байдлаар хандаж, улмаар 2023 оны 07 сарын 03-ны өдөр Ү-...., Y-..., Ү-.... бүртгэлийн дугаартай оффис, засварын цех, гражийн зориулалт бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулсан. Үүний улмаас "Б" ХХК нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах эрхгүй болж бидний хуулиар олгогдсон эрх ашиг ноцтой зөрчигдсөн.

3. Том татвар төлөгчийн газрын байцаагч нар 2023 оны 07 сарын 03-ны өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Б" ХХК-ийн өмчлөлийн оффис болон засварын цехийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагааг явуулсан бөгөөд ингэхдээ хууль тогтоомж, журам дүрмийг зөрчин байж хөрөнгө битүүмжлэх акт үйлдсэн юм.

Тодруулбал Том татвар төлөгчийн газрын байцаагч нар Сангийн сайдын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн ... тушаалаар баталсан "Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам"-ын 2.8-д татварын алба битүүмжлэх ажиллагааг эхлэх талаар мэдэгдлийг өртэй татвар төлөгчид ажлын 5-н өдрийн өмнө хүргүүлнэ гэж заасныг зөрчиж, "Б" ХХК-ийн засварын цехэд гэнэтийн байдлаар хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан бөгөөд мөн журмын 2.9.1- д хөрөнгө битүүмжлэхдээ өртэй татвар төлөгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулна гэж заасныг зөрчин битүүмжлэх ажиллагаа явуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл татварын байцаагч нар хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй бөгөөд ажиллагаа явуулж дууссаны дараагаар Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутагт орших Татварын ерөнхий газрын нэг давхрын зааланд ирсэн хойноо Б.М гэдэг хүнийг гуйж битүүмжлэх актад түүний гарын үсгийг нөхөж зуруулсан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Энэхүү байдлыг "Б" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч С.Н, хуульч Б.Ц нар дэргэдээс нь харсан бөгөөд энэхүү байдлыг гэрчлэх юм.

Том татвар төлөгчийн газрын 2023 оны 07 сарын 03-ны өдрийн *** дугаартай "хөрөнгө битүүмжлэх акт" нь татварын хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж, "Б" ХХК-ийн эрх ашгийг хязгаарлаж эрх зүйн байдлыг дордуулсан тул энэхүү актыг хүчингүй болгуулах хүсэлтийг Том татвар төлөгчийн газарт 2023 оны 07 сарын 03-ны өдрийн *** тоот албан бичгээр хүсэлт гаргаж, улмаар дээд шатны байгууллага болох Татварын ерөнхий газарт 2023 оны 08 сарын 07-ны өдрийн *** тоот албан бичгээр гомдол гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Иймд "Б" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-..., Y-... дугаартай оффис, засварын цех, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хууль бус захиргааны акт болох 2023 оны 07 сарын 03-ны өдрийн *** дугаартай "Хөрөнгө битүүмжлэх акт"-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, өртэй татвар төлөгчийн өрийг барагдуулах ажлын хүрээнд татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ болох шат дараалсан процесс ажиллагааг авч хэрэгжүүлдэг.

Үүний дагуу "Б" ХХК-ийн өмчлөлийн Ү-...., Ү-...., Ү-.... бүртгэлийн дугаартай оффис, засварын цех, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хугацаандаа төлөөгүй 3,648,582,604.2 тэрбум төгрөгийн татварын өрийг битүүмжилсэн хөрөнгөөс гаргуулах зорилгоор Татварын ерөнхий хуулийн 60, 65 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны ... тушаалаар батлагдсан "Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам"-д заасныг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай "хөрөнгө битүүмжлэх акт"-ыг үйлдсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Уурхайд ашигладаг техник хэрэгслийг татварын оронд битүүмжлэх тухай саналыг Том татвар төлөгчийн газрын байцаагчид гаргасан байтал тус компанийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тухайд:

Татварын алба нь хугацаандаа төлөөгүй татварын өрийг хураан барагдуулахад Татварын ерөнхий хуулийн 59 дүгээр зүйл, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны ... дугаар тушаалаар батлагдсан "Татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах журам"-д заасны дагуу өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоож мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хэрэгжүүлдэг.

Сангийн сайдын 2019 оны ... тушаалаар батлагдсан "Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.4 "... Татварын өр хураах зардал, хөрөнгийн хөрвөх чадвар зэргийг харгалзан битүүмжлэх хөрөнгийг татварын алба тогтоох..." гэж заасны дагуу тус компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн.

2. Хан-Уул дүүргийн татварын хэлтэст Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлд заасан хөнгөлөлт эдлэх хүсэлт гаргасан байтал Том татвар төлөгчийн газрын байцаагч нар нь тус хөрөнгийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр битүүмжилсэн нь хууль зөрчсөн гэх тайлбарт:

Тус компани нь Том татвар төлөгчийн газартай Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр харилцдаг бөгөөд тус татварын төрлийн өр болох 3,6 тэрбум төгрөгийг хугацаандаа төлөөгүй татварын өр үүссэн байна. Иймд татварын улсын байцаагч нар нь татварын ерөнхий хуулийн 12 дугаар бүлэгт заасан шат дараалсан арга хэмжээг авч ажилласан болно.

3. Татварын улсын байцаагч нар нь Сангийн сайдын 2019 оны ... тушаалаар батлагдсан "Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.8, 2.9-д заасныг зөрчсөн тухайд:

Сангийн сайдын 2019 оны ... тушаалаар батлагдсан "Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам"-ын 2 дугаар зүйлийн 2.8 Татварын алба битүүмжлэх ажиллагааг эхлэх талаар мэдэгдлийг өртой татвар төлөгчид ажлын таван өдрийн өмнө биечлэн эсвэл шуудангаар, цахим хэлбэрээр хүргүүлнэ, гэж заасны дагуу татварын улсын байцаагч нь дээрх журамд заасны дагуу Том татвар төлөгчийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ...  тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Иймд татварын албанаас татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь Б ХХК-тйн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Б ХХК-иас, Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн .... дугаартай Битүүмжлэх акт-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

            -уурхайд ашигладаг, өндөр үнэлгээтэй том оврын техник хэрэгслийг татварын өрөнд битүүмжлүүлэх саналыг хүргүүлсээр байтал зөвхөн оффис, засварын цех, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн,

            -үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилснээр Хан-Уул дүүргийн Татварын албанаас татвар төлөх хугацааны хөнгөлөлт авах эрхийг хязгаарласан,

            -хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй буюу Б.М гэх хүнээр гарын үсгийг нөхөж зуруулсан гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ:, 55.1.1-д татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй;, 55.1.2-д татвар төлөгч энэ хуулийн 54.2-т заасан урьдчилан нэхэмжлэх хуудас болон энэ хуулийн 53 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд татвараа бүрэн төлөөгүй;, 55.2-д Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ:, 55.2.1-д нэхэмжлэх хүргүүлэх;, 55.2.2-д татварын өрийг үл маргах журмаар гаргуулах;, 55.2.3-д бэлэн мөнгө хураах;, 55.2.4-д хөрөнгө болон авлага битүүмжлэх;, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-д Татварын алба татварын өр хураах зардал бага байх, хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийг түрүүлж битүүмжлэх замаар татварын өрийг хураана, Монгол улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам-ын 2.4-д Татварын өр хураах зардал, хөрөнгийн хөрвөх чадвар зэргийг харгалзан битүүмжлэх хөрөнгийг татварын алба тогтоох..., 2.9.1-д хөрөнгө битүүмжлэхдээ өртэй татвар төлөгч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулах гэж тус тус заажээ.

3.Дээрхээс үзвэл өртэй татвар төлөгч, татварын албанаас хүргүүлсэн нэхэмжлэх болон урьдчилан нэхэмжлэх хуудаст заагдсан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй тохиолдолд өр хураах ажиллагааг тодорхой дарааллын дагуу хэрэгжүүлдэг ба битүүмжлэх хөрөнгийг, өр хураах зардал бага байх болон хөрвөх чадварыг харгалзан татварын алба өөрөө тогтоохоор зохицуулсан байна.

4.Маргаан бүхий энэ тохиолдолд Б ХХК нь 2020 оноос хойш үүссэн татварын өрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба нэгэнт төлөөгүй татварын өрийг хуульд заасны дагуу албадан төлүүлэх нь зүй ёсны юм.

5.Татварын албанаас нэхэмжлэгчийн татварын өрийг барагдуулахаар хуульд заасан дарааллын дагуу нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх-ийг удаа дараа хүргүүлж, татварын өрийг үл маргаж журмаар гаргуулахаар харилцагч банкнуудад Битүүмжлэх мэдэгдэх хуудас-ыг хүргүүлсэн

6.Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэн хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа өөрт хуулиар олгосон эрхийн дагуу битүүмжлэх хөрөнгөөр өр хураах зардал, хөрвөх чадварыг харгалзан Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тогтоосон нь хуульд нийцжээ.

7.Нэхэмжлэгчээс хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа урьдчилан мэдэгдээгүй хэмээн маргадаг боловч Том татвар төлөгчийн газраас 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ...  дугаар албан бичгээр хөрөнгө битүүмжлэх болсныг тодорхой мэдэгдсэн байх тул тухайн тайлбар үндэслэлгүй.

8.Мөн хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, Б.М гэх хүнээр нөхөж гарын үсэг зуруулсан хэмээн маргах боловч уг үндэслэл нь маргаан бүхий хөрөнгө битүүмжлэх актыг хүчингүй болгох туйлын үндэслэл болохгүй юм.

9.Иймд хариуцагч Том татвар төлөгчийн газар нь дээрх хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагааг дээрх хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаартай Битүүмжлэх акт-ыг хүчингүй болгох үндэслэлгүй буюу Б ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 55 дугаар зүйлийн 55.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б ХХК-иас, Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан Том татвар төлөгчийн газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн .... дугаартай Битүүмжлэх акт-ыг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР